Бүх юм оройтсон... Хэро

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2023 11 сар 23 ・ 3
“Бурхан минь авьяасгүй хүнийг залхуу болгож өгөөч. Тэд дэндүү их хөдөлмөрлөх юм” гэж хаяа би цөхрөхөөрөө залбирдаг. Авьяасгүй юм байж арав, хорин ном бичээд гаргачихсан... бүр дахиад ч бичнэ гэж айлгах. Кино жүжиг хийнэ. Зарим нь бүр дуулна, концерт тавина. Хүмүүсээр түүнийгээ магтуулна... “Энэ чинь хүчирхийлэл “ гэж орилмоор. Гэтэл нөгөө талд нь авьяастай хүн. Чухам тэр өөрийнхөө авьяасыг юунд гаргахаа ч мэдэхгүй. Амжилтаа ч хүлхэж мэдэхгүй... атаа жөтөө хийрхэл дунд тийм л байх ёстой мэт бухимдаж суух. Оройгоор нь утаа суунаглан хэзээ нэг өдөр дэлбэрэхээ мэдэх галт уул мэт. Авьяасыг нуух боломжгүй... тийм учраас бултаараа давшиж гишгэж бүр алахыг ч завдана. Тиймээс л “Авьяастай хүнийг хайрла... авьяасгүй нь хоолоо олоод идчихдэг юм” гэж Ч.Лодойдамба гуай хэлсэн биз. Тийм нэг хайрлах ёстой хүн бол Б.Баатар Batulzii Hero найруулагч буюу манай Херо билээ. Учир нь тэр бол авьяастай хүн. Авьяастны тухай амьд байгаа үед нь бодол эмхэрдэнэ гэдэг аз хийгээд шударга үйлдэл юм. Үхэхийг нь хүлээж юугаа хийнэ, адтай одтой цалгиж яваа дээр нь ерөөгөөд авья.
Тиймээ, Баатар аа, чи бол энэ цагийн авьяастан, бас гайхалтай продюссер. Монголын драмын урлагийг, Монголын жүжгийн зохиолыг, Монголын бүжгийн урлагийг, хөгжмийг , үндэсний хувцасны соёлыг бүр Монгол улсаа тэртээ Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын зүрхэнд нь өрж.. дэглэж харуулна гэдэг хэн хүний чадах ажил биш ээ. Чи бол мөс зүсэгч Баатар аа . Ихэмсэг яравгар Лондонг монголоор талцуулж, монголоор амьсгалуулж чадна гэдэг гайхамшигтай соёлын довтолгоо. Тэд магтаж бас муулж байна гэнээ Монголын урлагийн тухай. Одоо Лондонг “Монголын тухай битгий ярь...Монголыг март... Тэр жүжгийг битгий үз” гэсэн ч нэгэнт оройтсон. Тэд үзэхээс өөр аргагүй, үзээд ярихаас өөр аргагүй... яриад бодохоос өөр аргагүй...бодол сэтгэлд нь Тамгагүй төр жүжиг “Май энэ бол Монгол” гээд тамгалчихаж байгаа нь тэр. Гүйцээ. Үүнийг манай Херо Баатар бүтээж чадлаа. Түүнд баяр хүргэ. Чадахгүй бол нулим...муул..хараа!!! Өөр юу чадах юм бэ та нар!!!
Лондонг Монгол жүжгээр эзлэн түрэмгийлэхийн өмнөхөн Хятадыг арвагануулаад хөөгдөөд ирсэн байсан. Гоё... Хятад руу мөлхөж мөргөж очоод “өмхий элэг өвөрлөн” ирэгсэд олширсоор байхад үндэстнийхээ агуу соёлоор уурыг нь хүргээд хөөгдөөд ирнэ гэдэг гарцаагүй Херо Баатарын л чадах зүйл. Ондоошил гэж энийг хэлдэг. Энэ бол дипломат урлаг юм. Энэ дипломат урлаг араасаа олон олон түүчээлэгчдийг дагуулах болтугай. Монгол улс минь улам ондооших болтугай. Монголын авьяастнууд үүн лугаа тодрон гарч эх хэлээ, эх орноо, эх соёлоороо дэлхийг түрэмгийлэн эзлэх болтугай....
Б.Баатарыг Ерөнхий сайдын ах болохоороо ингэж байна гэж гийнагсад бас байна аа. Авьяас дарангуйлдаг салбарт хааны ах ч байсан ингэж цойлохгүй... албан тушаалаар хэмжих боломжгүй. Б.Баатар Л.Оюун -Эрдэнийн ах болж төрсөндөө буруутай юу... эсвэл Б.Баатар авьяастай төрсөндөө уучлал гуйж амьдрах уу... Үгүй. Одоо Монголын төр энэ авьяастнуудаа ашиглах, тэднийг дэмжих бодлогоо энэ тэргүүнд барьж явтугай. Мэдрэж, авьяас хоёрын өмнө дэлхий мэхийх ёстой ...гэвч атаа жөтөө, хар хорон санаа авьяастнаа барьж иддэг, амьдаар нь зулгаадаг... сэтгэл мэдрэмжээр нь гутлаа арчдаг үйлийн орчлон учраас яая гэхэв. Өнөөдөр “Тамгагүй төр”-ийг Лондонд тоглолоо хэмээн зүхэгсэд мандтугай. Монголыг дэлхийд сурталчилсан Херог, Английг донсолгон гайхшируулж яваа монгол уран бүтээлчдийг зүхэгсэд жаргатугай...гэхдээ та нар үнэхээр оройтсон... Тэд хэдийнэ чадсан, хэдийнэ байлдан дагуулалтаа хийчихсэн !!!
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2023 11 сар 26/

    Авьяас уу, жирийн нэг "идэвхтэй" люмпэн үү? Бичсэн М нь л лав авьяас гэхээр юмгүй, харин санаа нь "собака".

    Хариулах
  • Zyyn erhem!!!!Lhagbasyrengeer dyyssan yy?...... / 2023 11 сар 25/

    Negee ZYYN ERHEM yasan be?....ard tymen enyyniig dahin dabtan hiimeer baina gedeg suu....Baatar bol abaystai bolood ter dygaaryydiig hiisen ni saltgaan bolno.....

    Хариулах
  • Эх / 2023 11 сар 23/

    Баяр хүргэе! Үнэхээр гайхамшигтай аааааааааяа! Бахадмаар сайхан.

    1
    Хариулах