Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2023 12 сар 27
・ 2
УИХ-ын Хянан шалгах түр хорооноос зохион байгуулсан нүүрсний сонсгол өндөрлөв. Нүүрсний сонсголыг хоёр үе шаттай зохион байгуулсан бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” ХК тойрсон асуудлыг өнгөрсөн долоо хэлэлцсэн. Сонсголыг тоймлон хүргэж байна.
Нүүрсний хулгай хулгай биш болчихов уу
2023.12.18: Нүүрсний сонсголын эхний өдөр нүүрсний хулгайгаас алдагдсан боломжийн талаар хэлэлцсэн. Хянан шалгагчийн алдагдсан боломжийн дүгнэлтэд, сүүлийн 10 жилийн дундаж үнийг тооцвол чулуун нүүрс 90 ам.доллар, хүрэн нүүрс 31 ам.доллар байна. Харин энэ хоёр нүүрсийг нэг үнээр тооцож, 40 их наядыг гаргасан нь үндэслэлгүй юм. Үндэсний аудитын байгууллагаас 2018-2022 оныг хамарсан тайланд, 2018 онд Монголоос Хятад руу экспортолсон, Хятад Монголоос импортолсон нүүрсний биет хэмжээнд 800 мянган тооны зөрүү үүсээгүйг дурдсан байна. Өмнөх үнийн зөрүүнд оффтейк гэрээнүүд орсон байхад дахин тусад нь оффтейк гэрээнүүдийг тооцсон тооцооллын дүнг өсгөж, давхардуулсан байх магадлалтай. Есөн оффтейк гэрээний дөрөв нь борлуулалтын гэрээ юм. Гэтэл 40 их наядын тооцоолол дээр эдгээр есөн гэрээг 37 сая тонноор таамагласан байна. Дээрх борлуулалтын дөрвөн оффтейк гэрээний алдагдсан боломжийг индексжүүлсэн дундаж үнийн аргачлалаар тооцоход 330.5 сая ам.доллар гэж гаргасан гэлээ. Ийнхүү нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд хянан шалгагчийн зүгээс алдагдсан боломжийн зардлыг 330 сая ам.доллар гэж танилцуулав. Түр хорооны дарга, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр 2022 оны арванхоёрдугаар сард 40 их наядын хулгай болсон гэсэн тооцооллыг УИХ-ын гишүүн Т.Доржханд танилцуулсан. Та бүхэн гэрчээр оролцож, тайлбар өгөх ёстой гэв.
УИХ-ын гишүүн Т.Доржханд “Шинжээчийн зүгээс 40 их наядын хулгайг бараг нэг их наяд болчихов уу. Тоонуудаа сайн харсан байлгүй дээ. Бараг нүүрсний хулгай гэж байхгүй, жаахан л юм байгаа шүү гэсэн байдлыг бид хүлээн зөвшөөрөхгүй. Та нар үндэслэлээ гаргаж ир. Оффтэйк гэрээг УИХ-ын гишүүд, асуудал хариуцсан сайд нар нь мэдэхгүй нууц байсан шүү дээ. Одоо хоригдоод байгаа Б.Ганхуягаас асуухаар "Мэдэхгүй байна, мэддэг хүнээ явуулъя" гэхэд Удаанжаргал гэдэг хүн хоёр том тор барьчихсан ирсэн.
Түүнийгээ 20 орчим минутын дотор надад үзүүлээд "Энэ нууцлалтай, та гарын үсэг зурчих. Үүнийг ил болгож болохгүй. Болговол та шоронд орно шүү" гээд явсан. 2019-2021 онуудад нэг тонн коксжих нүүрсний дундаж үнэ 195 ам.доллар байсан. Оффтэйк гэрээнд нүүрсийг 50 ам.доллароор авсан байсан шүү” гэлээ. Ийнхүү шинжээчийн дүгнэлт, аудитын тайлан, Т.Доржханд гишүүний тайлбар тооцоолол зөрж, нүүрснээс хулгайлсан мөнгийг тооцох аргагүйд хүрсэн гэдгийг сонсгол ойлгуулав.
“Цагаан хад”-ыг эзэмшдэг Баян нуурын бүлэглэл үнэхээр хүчтэй”
2023.12.19: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн борлуулалтын үйл ажиллагаатай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалж, 51 гэрчийг дуудсан. Шинжээч “Эрдэнэс Тавантолгой” компанийн 2011 оноос хойш нүүрсний борлуулалтын гэрээний үнийг хэрхэн тогтоож Тавантолгойн уурхайгаас Цагаан хад дахь талбай хүртэл 230 км газарт нүүрсийг тээвэрлэхэд нэг тонн тутамд 10-14.2 ам.долларын тээврийн зардал гардаг. Харин Цагаан хад дахь талбайгаас Гашуунсухайт боомт хүртэл 20 км газарт нүүрсийг тээвэрлэхэд нэг тонн тутамд 28-121.8 ам.долларын тээврийн зардалтай. Нийт нүүрсний борлуулалтын гэрээний сарын дундаж үнийг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн тухай бүр мөрдөгдөж байсан үнэ тогтоох аргачлалын үнэтэй харьцуулан нийт гэрээний үнийн зөрүүг тооцоход ойролцоогоор 826.4 сая ам.долларын гарахаар байна. Энэ бол алдагдсан боломж гэдгийг хэлсэн.
Түр хорооны дарга, Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр “2015 он хүртэл Ганц модны үнэ 60-100 орчим ам.доллар байсан байна. Эрдэнэс Тавантолгойн гэрээний үнэ 30-50 ам.долларт хэлбэлзэж байсан байна. Яагаад ийм бага үнээр явж байсан бэ. Энэ үнийг яаж тогтоож байсан бэ гэхэд “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал асан Я.Батсуурь “Цагаан хадны ачиж буулгадаг талбай нь Баяннуурынхны юм.
Ханбогд сумаас газар авчихсан Хятадын компаниуд байдаг. Тэд Цагаан хаднаас ашиг олдог. Тиймээс маргаан үүсгэж, "Чалко"-той яриад Цагаан хадыг Засгийн газрын шийдвэрээр хаалгасан. Удахгүй Баяннуурын бүлэглэл жагсаал цуглаан үүсгэж, нүүрсний экспортыг хааснаар Цагаан хадыг дахин нээлгүүлсэн. Цагаан хадны ард талын эзэд нь хэн гэдгийг мэдэхгүй. Баяннуурын голчилсон бүлэглэл үнэхээр хүчтэй. Түүнийг нь хаасны дараа хүн шатсан, жагссан гэх мэт асуудлууд их байгаа” гэлээ. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ариунболд “Намайг ажил авахад Цагаан хадыг зогсоочихсон байсан. Уурхайн амнаас нүүрс аваад уртын тээвэр хийснээр Ганц мод боомт дээр очдог байлаа. Энэ бол хамгийн зөв хэлбэр. Уурхайн амнаас гарсан нүүрсийг дунд нь Цагаан хад дээр буулгаад зардал гаргах нь илүү зүйл. Гэтэл Цагаан хад дээр жагсаал цуглаан болсноор дахин нээсэн. Цагаан хад гэдэг зүйлийг нээснээр бид нүүрсний зах зээлийн үнээ барих боломжоо алдсан” гэлээ.
“Тавантолгой түлш”-ийн худалдан авалтыг нууцад авч, ТУЗ-ийн гишүүддээ 1.1 тэрбум төгрөгийг "тараажээ"
2023.12.20: Сонсголоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн охин компаниудад оруулсан хөрөнгө оруулалт болон бусад санхүүжилттэй холбоотой нотлох баримтыг хэлэлцлээ. Шинжээчийн дүгнэлтэд, “Тавантолгой түлш” ХХК-ийн 51 хувийг Эрдэнэс Тавантолгой, 39 хувийг Эрчим хүчний яам, 10 хувийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар эзэмшдэг. “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас 15 гэрээний хүрээнд 1.1 их наяд төгрөгийн санхүүжилтийг “Тавантолгой түлш” ХХК-д олгоод байна. “Тавантолгой түлш” ХХК ТУЗ-ийн гишүүд нь их хэмжээний алдагдалтай ажиллаж байгаа компаниас цалин болон бусад зардал их хэмжээний урамшуулал авдаг байсан. ТУЗ-ийн үйл ажиллагаанд 1.1 тэрбум төгрөгийн зардал гаргасан байна. “Тавантолгой түлш” ХХК-аас "Зсрован" компанид найман удаагийн гүйлгээгээр 57.6 сая төгрөг шилжүүлсэн байна гэдгийг танилцуулсан юм.
"Нууцад авсан цорын ганц шалтгаан нь шууд гэрээ байгуулах эрх үүсдэгт байгаа юм”
2023.12.21: Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөлтэй холбоотой 26 гэрчийг дууджээ. Шинжээчийн дүгнэлтэд 2018 оны Засгийн газрын 242 дугаар тогтоолоор “Тавантолгой төмөр зам” ХХК-ийг байгуулсан байна. Тавантолгой төмөр зам компанид “Эрдэнэс Тавантолгой”-оос 15 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт олгохоор шийдвэрлэсэн. Уг санхүүжилтийг төмөр замын бүтээн байгуулалт, суурь бүтцийг барихад зарцуулна гэж гэрээнд заажээ. Гэтэл үйл ажиллагааны зардалд зарцуулсан нь гэрээнд заасанд зориулалттай нийцэхгүй байна.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ТЭЗҮ-д Энержи Ресурс ХХК-ийн захиалгаар 2013 онд нэг тэрбум 68.6 сая ам.доллароор барихаар тусгасан байна. Монголын төмөр зам компани шинэ төмөр зам төслийн хүрээнд Хөгжлийн банк, улсын төсвөөс 276.4 сая ам.долларын ажил гүйцэтгүүлсэн. ТЕГ-ын 2019.09.02-ны албан бичгээр Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам нь төрийн нууцад хамрах тухай бичгээр ирүүлжээ.
“Бодь Интернэшнл” компани мөн өдөр дээрх төслийн барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр орох сонирхолоо илэрхийлж, холбогдох бичгийг Тавантолгой төмөр зам компанид хүргүүлж байжээ. Бодь Интернэшнл ХХК гаднаас хөрөнгө босгож санхүүжүүлсэн эсэх нь тодорхойгүй байх бөгөөд Тавантолгой төмөр замаас санхүүжүүлсэн 286.3 тэрбум төгрөгийн урьдчилгаа болон нүүрс борлуулатын орлогоос тус төслийг санхүүжүүлсэн байх магадлалтай байна гэж үзсэн юм. Түр хорооны дарга, Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр “Гашуунсухайтын төмөр зам дээр 204 сая ам.долларын хөнгөлөлттэй үнээр буюу 18 хувийн хөнгөлөлттэй үнээр Бодь Интернэшнл ХХК-тай байгуулсан байна. Энэ төслийг хэрэгжүүлэхдээ Бодь Интернэшнл ХХК хэдэн төгрөгийн хөрөнгө хаанаас татсан бэ” Бодь Интернэшнл ХХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан “Энэ бол Монголын эдийн засагт сүүлийн 30 жилд хэрэгжсэн хамгийн том төслүүдийн нэг. Цаашдаа ч их үр өгөөж авчрах төсөл. Манайх нүүрс борлуулдаг компани биш. Биднийг хөнгөлөлттэй нүүрс худалдаж аваад цаашаа зах зээлийн үнээр зараад дундаас нь ашиг олдог гэж бодож байх шиг байна. Бид “Эрдэнэс Тавантолгой”-оос нүүрс аваад өдөрт нь нэрлэсэн худалдан авагчдад өгчихдөг. Тэр мөнгө нь төмөр замын бүтээн байгуулалтад ороод “Эрдэнэс Тавантолгой”-оос Тавантолгой төмөр замд оруулсан дуусаагүй үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалтад бүртгэгдээд дууссаны дараа дууссан бүртгэл гэж бүртгэгдээд явдаг” Түр хорооны дарга, Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр “Та Ерөнхийлөгч асан Х.Баттулга Баян-Исгрийт гэдэг компани байгуулсан. Тэгэхээр нэгдмэл сонирхолтой этгээд гэж байгаа юм” Бодь Интернэшнл ХХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан “ Энэ компани Тавантолгойн төмөр замын төсөлд оролцоогүй. Хаа байсан 20-иод жилийн өмнө хөрөнгө татах гээд байгуулж байсан, татан буугдчихсан” гэлээ. УИХ-ын гишүүн Т.Доржханд “Таван жил овоолсон шороог хийсэн хүн тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулга. Танд санал тавьсан гэсэн мэдээлэлтэй байгаа. Үр дүнд нь 187.6 сая ам.долларын ажил та хүлээж аваад нөгөө талдаа Хөгжлийн банкин дээр 219.8 сая ам.доллароор өр авлага болчихсон. Тийм ч болохоороо нууцалсан юм байна.
Та онцгой эрх эдэлж, онцгой байдлаар гэрээний нэг тал болсон. Хэн танд санал тавьсан юм бэ. Засгийн газар юм уу, Ерөнхийлөгч юм уу. 219.8 сая ам.доллароор Хөгжлийн банкны өр юм. Энэ өрөө Бодь Интернэшнл төлсөн үү” гэлээ. “Бодь Интернэшнл” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан “Энэ саналыг бидэнд Засгийн газар тавьсан. Та нар Х.Баттулга гэж Ерөнхийлөгчтэй холбох гээд байх шиг байна. Тэр хүн Гашуунсухайтын төмөр зам гэж ярихаасаа жийрхдэг болсон байсан.
Өөртэй нь л дандаа холбогдоно. Тийм ч учраас Зүүнбаянг эхлүүлсэн байх гэж би боддог. Тиймээс Засгийн газар энэ төмөр замыг эхлүүлэх шийдвэр гаргасан. Нууцад аваад төсвийг нь хэд дахин нэмээд, санхүүжилт гэж баахан мөнгө дундаас нь аваад нуучихсан гэж ойлгоод байдаг. Нууцад авсан цорын ганц шалтгаан нь шууд гэрээ байгуулах эрх үүсдэг. 2013 оны батлагдсан төсвөөр энэ төслийг дуусга гэдэг үүргийг Засгийн газрын тэргүүн өгсөн. Тухайн үед Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд нь Ч.Хүрэлбаатар, ЗГХЭГ-ын дарга нь Л.Оюун-Эрдэнэ байсан. УИХ-ын гишүүн Т.Доржханд “Одоо таны бахархаад байгаа төмөр зам мухар байна шүү дээ. Цаашаа яаж холбогдох нь уу гэхэд “Бодь Интернэшнл” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан “Биднийг төмөр зам барьж эхлэхэд Хятадын талын ямар ч хүн итгээгүй. “Та нар энэ төмөр замыг барина гэж 10 гаруй жил ярьсан. Барьсны дараа холболтоо ярина” гэдэг байсан гэлээ.
“МТАС” түншлэлд давуу эрх үүсгэж Бортээгийн нүүрсийг борлуулах эрхийг олгожээ
2023.12.22: Түр хорооны тав дахь өдрийн сонсголоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Тавантолгой ордын Бортээгийн уурхайн асуудлыг хэлэлцсэн. Шинжээч “Тавантолгой ордын Бортээгийн уурхайн гэрээт олборлогчийг сонгох 715.9 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр баталсан байна. Тендерийг цахим хэлбэрээр гурван удаа зохион байгуулсан. Энэ хугацаанд тендерийн шалгаруулалтад хэд хэдэн удаа өөрчлөлт оруулсан. Гурав дахь тендер шалгаруулалтад цорын ганц оролцогч болох “Монголиан контракт майнинг сейрвис” ХХК, “Таван хур” ХХК, “Админерал” ХХК, “Спэйшлмайнинг сервес” ХХК-уудын түншлэл “МТАС” түншэлэл 715.9 тэрбум төгрөгийн үнийн санал ирүүлсэн байсан. Уг тендерийг тухайлсан аж ахуй нэгжид зориулан хуулийн хүрээнд явагдсан гэж харагдуулах зорилгоор “Эрдэнэс Тавантолгой” ХХК 2021 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгаж, тендер шалгаруулсан байж болзошгүй байна. Эхний тендерийг тодорхой үндэслэлгүй цуцалж, хоёр дахь тендерийг хуулийн хүрээнд зохион байгуулсан үнэлгээний хороог өөрчилсөн. “МТАС” түншлэлийн гишүүн “Админерал” ХХК болон “Таван хур” ХХК-д давуу байдал үүсгэх зорилготой гэж үзэхээр байна гэлээ.
Түр хорооны дарга, Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр “Энэ өнгөн дээрээ “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрс баяжуулах үйлдвэрийн тендер мэт харагдаж байгаа ч 2.3 тэрбум тонн нөөцтэй Бортээгийн нүүрсийг баяжуулах борлуулах тендер болж хувирсан” гэлээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн Геологи уул уурхай, төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Уужимсанаа “Бортээгийн ордыг ашиглах санал ТУЗ-д танилцуулагдаад чиглэл авсан. Энэ ордоос нэмэлт орлого олъё гэдэг шийдвэр ТУЗ, гүйцэтгэх удирдлагын шийдвэр” гэлээ. УИХ-ын гишүүн Г.Ганболд “715 тэрбумын төлбөртөө хэзээ нүүрсээр дуусгах гэрээ байсан бэ. Өнөөдрийн байдлаар нэг ч төгрөг өгөөгүй, нэг тонн ч нүүрс гаргаагүй гэж байна. Эсвэл өөр аргаар авчихаад байгаа юм уу”, “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн Геологи уул уурхай, төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Уужимсанаа “Анхны ажлын даалгавар нь хуурай аргаар баяжуулах гэж явж байсан. Нүүрс баяжуулах үйлдвэрийн үзүүлэлтийг үнэлгээний хороо бууруулсан. Тухайн компанийн “Эрдэнэс Тавантолгой”-н гадаа баяжуулах үйлдвэрээ баръя гэсэн. Тиймээс өөрийнхөө газраас газар түр ашиглах зөвшөөрөл олгосон” гэлээ. Түр хорооны дарга, Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр: Танд хэн энэ тендерийг зогсоо гэдэг чиглэл өгсөн бэ” гэхэд Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга О.Бат-Амгалан “Намайг нарийн бичгээр томилсон өдөр Бортээгийн уурхайн тендерийн бичиг баримтыг бүрдүүлж, яаралтай батал гэж үүрэг өгсөн. Маргааш нь тендерийг зарласан. Тендерийг зарлаад нэг хоноод Худалдан авах ажиллагааны дарга Бат-Эрдэнээс үүрэг өгч зарласан тендерээ яаралтай буцаа гэсэн. Холбогдох эрх бүхий байгууллагаас үүрэг өгсөн гэж тендерийг түр зогсоосон. Гэтэл тендерийн бүх баримт бичгийг дотроос нь устга, тендерийг цуцаллаа гэсэн” гэлээ.
Төмөрбаатарын БАТСАЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.