Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2024 01 сар 03
Аливаа сонгуулийн хувь заяа улс төрийн хэчнээн нам, эвсэл өрсөлдөж байгаагаас ихээхэн хамаардаг. Одоогоор ил тодорхой зарласан улс төрийн эвслүүд алга. Гарч ирж мэднэ. Тийм нөхцөл бололцоо энэ сонгуульд урьд урьдынхаас илүү хангагдсан гэж болно. Ер нь бол тэдгээрийн тоог нэмдэг нэг хүчин зүйл нь том намуудын нэр дэвшигчид чихэлдэх, эсвэл намдаа шахагдсан нөлөө бүхий улстөрчид жижиг намуудаас нэр дэвших явдал гардаг.
Тэр нь тухайн намдаа халтай. Энэ жилийн сонгуулиар том намуудад ийм “илүү хуруу” олон бий. МАН-д л гэхэд 2017-2018 оны үеийн хагарлаар шахагдсан фракцынхан нь нэлээд олон нөлөө бүхий улстөрч байдаг. Хотын авлига, нүүрсний хулгай, Хөгжлийн банкны зээл хуйд холбогдож өнгөрсөн 2-3 жилд муугаа үзсэн хүмүүс бий. Зарим нь шүүхээс ял шийтгүүлчихсан.
Түүнийгээ аргалж, сонгуульд нэр дэвших эрхтэй болохоор ярьж хөөрч яваа хүмүүс ч байнө. Мөнгө дутах биш, бүтэх магадлал өндөр. Тэд энэ сонгуулиар улс төрд эргэж ирэхийг туйлын зорилгоо болгосон. 2023 оны зунаас ойр ойрхон уулзалдах болсон. МАН-ын одоогийн удирдлагууд тэдэнд тойрог өгч, жагсаалтад урихгүй нь бараг тодорхой.
Тиймээс аргаа бодоцгоож, Дээд шүүхэд дээгүүр бүртгэлтэй жижиг намуудтай хэдийнэ учраа олжээ. Лав л “…Ногоон нам ийм тохироонд орсон” гэх мэдээлэл улс төрийн хүрээнд яригдаж байна. Өөрөөр хэлбэл, одоогоор МАН-ын “жигүүр” Ногоон нам дээр ургах магадлалтай гэсэн үг.
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 3. ЛХАГВА ГАРАГ. № 1 (7245)
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.