Улаанбаатар театрын гоцлол уртын дуучин, СТА Т.Баянжаргал нэгдүгээр сарын 21-нд Монгол бөхийн өргөөнөө "МОНГОЛ ДОНЖ" анхны бие даасан тоглолтоо толилуулах гэж байгаа билээ. Түүнтэй тоглолтынх нь талаар цөөн хором хөөрөлдсөнөө хүргэе.
-Анх урлагтай амьдралын замналаа холбосон яриагаар ярилцлагаа эхлүүлье?
-Би 2008 оны сонгуулийн жилд арван жилийн сургуулиа төгсөөд мэргэжил сонголтоо хийх ажилтай байлаа. Тухайн үед сонгуулийн ажлаар маш олон урлаг соёлын одууд манай нутагт ирсэн. Тэдний дотор залуу Гавьяат Т.Баясгалан, Гавьяат Чаминчулуун, Галсантогтох Гавьяат, "Шинэ үе" продакшн гээд ирсэн. Ингээд тайзан дээр хамт дуулах санал авсан юм. Би Т.Баясгалан гавьяаттай хамт тайзнаа дуулсан. Тэгэхэд намайг "Чи их сайхан дуулж байна. Дуучин болох их нигууртай хүүхэд байна" гэсэн. Тэгээд надтай холбогдож СУИС-д яаж элсэн орох талаар мэдээлэл аваарай гээд Т.Баясгалан гавьяат, Монгол улсын Ардын багш Л.Чаминчулуун гавьяат нар мэдээлэл өгсөн. Ингээд л би үүний дагуу эрдэмтэн багш нартай холбогдож урлагийн хүн болох гараагаа анх тавьсан юм.
-Таны удамд урлагийн хүн бий юу, яагаад уртын дуучин болов?
-Би арван жилд суралцаж байхдаа ардын дуу их дуулдаг байсан. Миний өвөө, эмээ, аав маш сайхан дуулдаг голын түмэн олноо дуу хуураараа их хөгжөөдөг хүмүүс байсан л даа. Багадаа дандаа ардын дуу дуулж уралдаан, тэмцээнд оролцдог. Намайг байнга л уралдаан, тэмцээнд дагуулж явж оролцуулдаг дуу хөгжмийн Энхтуяа багш маань "Чи ер нь ардын дуугаа хөөвөл их ашигтай. Чиний хоолойд ч их тохиромжтой" надад зөвлөдөг байсан юм. Дараа нь ч Т.Баясгалан гавьяат, Ардын багш Л.Чаминчулуун гавьяат нарын зөвлөгөөг аваад СУИС-д МУГЖ Дэлгэр багш дээрээ ирж хамгийн анхны А үсгээ тавиулж урлагт хөл тавьсан даа.
-Өсөж торнисон нутгийнхаа талаар хуучилвал?
-Би Баянхонгор аймгийн Жаргалант суманд төрж Байдрагийн голд өссөн. Хүүхэд ахуй нас маань тэнд хурдан морины дэлэн дээр гийнгоо марзай татаж, дуулж хуурдаж өссөн дөө.
-Ахмадын яриагаар морин дэл дээр өссөн хүүхдүүдийн хоолойны өнгө илүү задарсан байдаг гэж ярьдаг. Та үүнтэй санал нийлэх үү?
-Монголын радиог сонсож байхад дуучдын түүх ярихаар ихэнхи дуучид хөдөөгийн хүүхдүүд байдаг. Мал ахуй, монгол ахуйтайгаа ойр өссөн хүүхдүүд дуучин болсон байдаг. Би яг л бусдын адил замналаар явсан. Надад хурдан морины гийнгоо марзай, өвгөдийн сайхан дуулалт маш их нөлөөлсөн гэж боддог. Тэр тусмаа манай буурал аав Аймгийн алдарт уяач хүн. Морьдоо ёслоод шон тойроод гийнгоолоод явахад л хоолой их задардаг.
-Оюутан насны дурсамжаасаа хуваалцана уу?
-Оюутан байхдаа СУИС -ийн шилдэг оюутан байлаа. Орсон цагаасаа авхуулаад л мэргэжилдээ дурлаж, зөвхөн үүнийгээ эзэмшихийн төлөө л хөдөлмөрлөж явсан. Хажуугаар нь оюутны лигт волейбол их тоглодог. Таван жил суралцахдаа дөрвөн удаа "Шилдэг оюутан" болсон байдаг юм. Мэргэжлээсээ гадна их спортлог оюутан байсан даа. МУАЖ Нэргүй багшийнхаа удирдлаган дор таван жил суралцаж дүүргэсэн. Миний багш одоогоороо багшилж олон сайхан авьяастай шавь нараараа хүрээлүүлээд байж байна.
-СУИС-ийн ангийн нөхдөөсөө дурдвал?
-Манай ангиас сүүлийн үед Жавхлант дуугаараа алдаршсан Энхцэцэг, Ардын, уртын дуучин Батцэцэглэн, Дэмбээ дуугаар алдаршсан Билгүүнээ, Цогсогмаа, Чулуунчимэг, Болд, Мөнгөнцэцэг, Гүрбадам, Нямзагд, Хандмаа гээд манай яг үед төгссөн залуучууд байна.
-Таны анхны тайз, ямар уран бүтээл дуулж байв?
-Яг мэргэжлийн дуучин болоод анхны тайз гэвэл СУИС-ийн оюутны тайз гэж хэлнэ. Дэлхийн хамгийн анхны тайз гэвэл Солонгос улсын Сөүл хотод хөлбөмбөгийн нээлтэд дуулж байсан.
-Хэрхэн Солонгос улсад хөлбөмбөгийн тоглолтын нээлтэд дуулах шаанс гарав?
-Би 2013 онд СУИС-ийг төгсөх жилээ Намъянжү хот Монгол улсын гэрээний дагуу үндэсний урлагаа сурталчлахаар бүтэн найман сарын хийж явсан юм. Тэнд найман сарын гэрээний дагуу дуулж явахдаа Өмнөд, Хойд Солонгос хоёрын хоорондох Хөлбөмбөгийн нөхөрсөг тэмцээн болсон. Энэ тоглолтын нээлт дээр дуулах завшаан гараад анх дуулж байсан юм.
-Анхны бие даасан тоглолтоо хийх гэж байна. Тоглолтодоо "Монгол донж" гэх содон нэрийг хэрхэн хайрлах болсон талаараа хуваалцвал?
-Би анхны цомгоо Донж гэж нэрлэсэн. Энэ нэрийг ард түмэн надад өгсөн. Та их донжтой харагдаж байна. Донжтой харагдах юм аа. Донжийг нь олжээ гэх урмын үгийг их хайрладаг юм. Тэгээд анхны цомгоо юу гэж нэрлэх вэ гэж бодож байгаад ард түмнийхээ надад өгсөн "Донж" нэрийдлээр нь цомгоо нэрлэсэн. Энэ тоглолтоо монгол улсынхаа хэмжээнд хийх гэж байгаа юм чинь МОНГОЛ ДОНЖ гэж нэрлэе гэж нэрээ өгсөн.
-"Монгол донж" тоглолтынхоо онцлогоос хуваалцана уу?
-Миний тоглолтыг МУГЖ,Төрийн соёрхолт Д.Сосорбарам ах найруулж тавина. Энэ бол хамгийн том онцлог. 100 хувь амьд тоглолт болно. Тоглолт дээр олон олон гэнэтийн бэлэг барина. Хамтран уран бүтээлээ туурвидаг дуучидтайгаа сайхан дууг хүргэхээр бэлтгэлээ хийж байна.
Тоглолт гурван хэсгээс бүрдэнэ. Эхлээд амьд оркестртой дуулна. Мөн дан найрал буюу цөөхүүл хөгжимтэй, гитар, шанз гээд хөгжимтэй хавсарсан дуулалт, ямар ч хөгжимгүй бас дуулна. Гурав дахь хэсэгтээ поп, орчин үеийн хэмнэлтэй уран бүтээлээ хүргэнэ. 2024 он гараад хамгийн эхний томоохон тоглолт болох гэж буйгаараа онцлог байна. Монгол бөхийн өргөөнд ойрд том тоглолт болоогүй юм байна. 2024 оны хамгийн анхны салхийг хагалсан том тоглолт болох гээд хичээнгүйлэн ажиллаж байна даа.
-Тоглолтод уригдан ирж ая дуугаа өргөх дуучдын бүрдэл их өвөрмөц санагдлаа. Энэ талаараа ярина уу?
-Манай Алтанжаргал ах маань ард түмэндээ ардын дуучин гэдгээрээ алдаршсан. Бид хоёрын хамтран дуулсан хэн ч сонсоогүй шинэ уран бүтээл маань тоглолтод эгшиглэнэ. Уртын дуучин Б.Батцэцэглэн манай ангийн охин. Э.Дашням дүү маань поп урсгалаар дуулдаг гэхдээ мэргэжлийн уртын дуучин. Поп дуучин Үүрээ бид хоёр хамтарч ардын дууны контент хийсэн. Бид хоёр уг контент дээр хамт ардын дууны сайхан дуунууд хамтарч дуулсан. Энэ дуугаа хамтарч дуулна. Авьяаслаг Монголчууд шоуны алтан баззер авсан хоёр сайхан авьяаслаг хоёр дүүтэйгээ Г.Бат-Өлзий, Б.Батжаргал монгол хүний сэтгэлд хоногшсон сайхан уран бүтээлийг тоглолт дээрээ дуулна. Миний тоглолтод Улаанбаатар театрын уран бүтээлчид, Хангарди найрал оролцоно. Мөн "Тал нутаг минь" дууг коверлон дуулж түмэн олондоо хүргээд амжилттай сайхан явж байна.
-Удахгүй пянз гаргана гэж сонссон. Энэ талаараа?
-Миний "Донж" цомог маань зөвхөн ардын дуунаас бүрдсэн. Одоо уртын дууны сонсголын пянз гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Уртын дуу сонсдог түмэндээ зориулж маш гоё тансаг пянз гаргахаар зорьж явна.
-Үндэсний өв соёлоо дэлгэрүүлж яваа таны алсын харааг сонирхвол?
-Уртын болон ардын дуугаа Монгол улсдаа түгээн дэлгэрүүлж сурталчлан Дэлхийн тайзнаа эгшиглүүлэхийг хүсдэг. Энэ мөрөөдлийнхөө төлөө алхам алхмаар урагшилж яваа. 2019 онд Азийн Ардын урлагийн наадмын Гран-при шагналыг авсан. Дэлхийд өрсөлдөх эрх нь надад бий. Хэзээ нэгэн цагт мөрөөдлийнхөө төлөө өрсөлдөнө.
-Урлагийн хүний цаг наргүй ажлыг ойлгож, ард нь дэмжиж байдаг гэр бүлээ танилцана уу?
-Миний гэр бүлийн хань миний нутгийн бүсгүй байдаг. Ар ажлыг минь маш сайхан дааж бүх зүйл дээр минь хамт байж үнэхээр шилдэг нь байдаг. Гэр бүлдээ хайртай шүү.
-Уртын дуучин болохоор суралцаж яваа оюутан дүү нартаа юуг захиж хэлмээр байна?
-Энэ мэргэжилдээ эхнээс л дурлах л хэрэгтэй. Тэгэхгүй албаар явж байгаа бол эртхэн больсон нь дээр. Зориод дурласан цагт л амтанд нь орно.
-Та өөрийгөө хэзээ нь яг дуучин болж чадах юм байна гэдэг урам зоригийг авч байв?
-Мэргэжлийн театр чуулгад орж ажиллаад л мэдэрсэн дээ. Тэрнээс өмнө туршлага байхгүй бөөн зориг л байлаа.
-Тоглолтын бэлтгэлээ хийгээд завгүй үедээ цаг гарган ярилцсанд баярлалаа. Монгол Донж тоглолтод амжилт хүсье.
-Баярлалаа. Монгол донж тоглолтдоо түмэн олноо хүрэлцэн ирэхийг урьж байна.