Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 01 сар 16
Монгол улсад болж өрнөсөн онцлох үйл явдлын тоймыг хүргэж байна.
Иргэний хөдөлгөөнүүдийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид илгээсэн шаардлагыг хүргэж байна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ
Ц.ЭЛБЭГДОРЖ ТАНАА
2015 оны 01 дүгээр сар 14 Улаанбаатар хот
Шаардлага
Улс орны амьдрал туйлдан доройтож, нийгэм, эдийн засагт үүсээд байгаа өнөөгийн ноцтой нөхцөл байдал улс орны дампуурлыг зарлахад тулсныг Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг нэгэнт зарлалаа.
Тэгвэл энэ бүхний буруутан, 24 жилийн турш “буруу замаар будаа тээж”, одоо бүр өөрсдөө хүлээн зөвшөөрөөд байгаа ч алдаа дутагдлаа эрүүл ухаанаар засаж залруулах чадваргүйгээ нэгэнт нотлон харуулж, гажуудал доройтлыг улам даамжруулахад чиглэсэн алхмуудыг хийсээр байгаа, хууль бус өнөөгийн УИХ, Засгийн газрыг Монголын олон нийт улам бүр зэвүүцэн эсэргүүцэх боллоо.
Гэхдээ энэ нь зөвхөн ард иргэд зэвүүцэн эсэргүүцэх төдий хэрэг биш бөгөөд Ерөнхийлөгч та 2015 оны 01 дүгээр сарын 09-нд УИХ-ын чуулганы танхимд “Ялангуяа улс орны хувь заяанд нөлөөлөхүйц шийдвэр гаргах эрхтэй, хариуцлага үүрсэн, үүрэг хүлээсэн хүмүүс ийм буруу хандлагад, явцгүй ёс зүйд донтож, автаж болохгүй. Ийм байдлыг харсан ч хараагүй юм шиг өөгшүүлж болохгүй. Надаас холуур юм гэж хойш суух эрх бидэнд байхгүй. Учир нь ийм байдлаас Монгол улс хохирдог юм. Тэр хохирлын төлбөрийг Монгол хүн бүр төлдөг юм.”... “Бидэнд хариуцлага дутсанаас ийм байгаа юм. Улс нийгэм өөрчлөгдөж байна, өөрчилж байна гэж хорин хэдэн жил Та бид “хонины найр” шиг явлаа. Хариуцлага, ёс зүйг хаялаа. Бүр үүндээ дасал боллоо. ... Одоо зогсоё.” гэж хэлсэнчилэн Монгол Улсын Төрийн тэргүүнийхээ үүргийг биелүүлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 11-д заасан “Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж өөрөө тарах шийдвэр гаргахыг Улсын Их Хуралд санал болгох тухайгаа зөвшилцөхөөр Улсын Их Хурлын даргад албан ёсоор мэдэгдэнэ.” гэж, мөн 12-ын 15-д заасан “Улсын Их Хурлаас тодорхойлсон Монгол Улсын дотоод, гадаад бодлогод нийцээгүй үйл ажиллагаа явуулсан болон үйл ажиллагааныхаа хөтөлбөрийг хэрэгжүүлэхгүй байгаа, түүнчлэн Засгийн газарт чиглэл өгөх тухай Ерөнхийлөгчийн зарлигийг Засгийн газар хэрэгжүүлээгүй нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд саад болсон гэж үзвэл Засгийн газрыг огцруулах саналыг Улсын Их Хуралд оруулна” гэсэн заалтуудын дагуу дараахи үндэслэлүүдээр ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛАХ, УИХ-ЫГ ТАРААХ саналыг УИХ-д оруулахыг ШААРДАЖ байна.
1. Ерөхнийлөгч та хэлсэн үгэндээ дүгнэн тодосгож мэдэгдсэнчлэн “Өр чинь таазаа цоолчихлоо. .... Өнгөрөгч 2 жил гаруйн хугацаанд Монгол Улсыг 8-н их наяд гаруй төгрөгийн хохиролд унагалаа.” Дэндүү их хохирол шүү!
Харин энэ дампуурал ард түмнээс болоогүй гэдгийг, “малчид мал сүргийнхээ тоог анх удаа хоёр нугалж өсгөлөө. Тариаланчид, ногоочид маань бахдам сайхан амжилт гаргалаа. Сүүлийн 17 жилд байгаагүй арвин ургац хурааж авлаа. Манай улсын худалдааны тэнцэл эерэг гарлаа” гэж Ерөнхийлөгч таны хэлсэн үг ч батлаж байгаа.
Гэтэл асар их өр зээл авч, Монгол Улсын түүхэнд байгаагүй их мөнгийг төсвийн болон төсвийн бусаар захиран зарцуулсан хэр нь улс орон, ард иргэдээ улам их үгүйрүүлэн доройтуулсан өмнөх Засгийн газрын үргүй шамшигдуулсан, хааш нь зувчуулсан нь үл мэдэгдэх их хөрөнгийг буцаан олж авах, улсыг хохиролгүй болгон төлүүлэх, хариуцлага тооцохын оронд харин ч гэмт хэргийнх нь ул мөрийг арилган бүрхэгдүүлэх, хариуцлагаас чөлөөлөх, тэр их хөрөнгийг шамшигдуулсны ял шийтгэлийг Монголын ард түмэнд үүрүүлэн, ядарсан иргэдийнхээ халааснаас сүүлчийн зоосыг нь ч шавхан цөлмөхөөр “Эхийн одонгийн”, “Хүүхдийн”, “Оюутны”, “Жирэмсэн эмэгтэйн” гэх мэтээр төрөөс зайлшгүй тэтгэх ёстой мөнгө, амь зогоох бүхнийг нь танаж хасаж байгаа нь цагаандаа гарсан дээрмийн ажиллагаа мөн.
2. Ард иргэд улам их ядуурч “Олон хүн өнөөдөр балга тос, атга гурил, хэрчим мах, тал талх, ширхэг эмний төлөө өдөр шөнө, ажил амралтаа ялгахгүй зүтгэж байна.”
Гэвч эрх баригчид энэ бүхнийг үл тоомсорлов. Алдаагаа засахыг бодсонгүй.
Монгол Улсын Ерөнхийлөгч таны удаа дараа дэвшүүлсэн “Том төрөөс ухаалаг төрд шилжих”, “Давхар дээлээ тайлах”, “Хариуцлага тооцдог байх”, “Цомхон бүтэцтэй байх” санал санаачлагуудыг, түүнийг хэрэгжүүлэх зарлиг шийдвэрүүдийг, ажлын чиглэл зөвлөмжүүдийг үл хэрэгсэж нөгөө л хуйвалдаан тохиролцоогоор “бялуу хуваах” зарчмаараа олон нийтэд нэр муутай, хууль биелүүлдэггүй, хулгайч, зугаа цэнгэл мөнгө бодсон салбараа мэдэхгүй, мэргэжлийн бус, ажлаа хийж чадахгүй байгаа этгээдүүдээр Засгийн газрыг бүрдүүлж, Ерөнхийлөгч таны хэлсэнчлэн “... албан тушаалын цоорхой хаана гарч байна, хаана мөнгө хувааж байна, тэнд л манай сонгогдсон хүмүүс тамираа барагдтал үзэлцэж байна. Өөрт нь албан тушаал өгсөнгүй, нам, бүлэг фракцад нь сайд ноогдсонгүй, бүр сүүлдээ дэд сайд, төрийн нарийн гэж хэрэлдээд бүхэл бүтэн Улсын Их Хурлын хуралдааныг хэдэн цаг, өдрөөр зогсоож байна. Гэтэл хариуцлагын ширээ өнчин, ардын зовлон хөсөр хаягдсан хэвээр л байна.”
3. Өрийн дарамтанд оруулан Монгол улсын тусгаар тогтнолыг үгүй хийж, оюуны ундаргыг нь таслан ширгээж, хогоор булж дарах гэж яарахдаа өрийн таазыг нэмэгдүүлэхийг улайран зүтгэж, хогон дээр хог нэмэн ард иргэдийн татварын мөнгөөр зориуд хогны уут үйлдвэрлэхэд хэдэн тэрбумыг зарцуулж, харин хогны уутанд зарцуулж байгаагаасаа ч бага мөнгө хэмнэхийн тулд ШУА, хүрээлэнгүүдийг үгүй хийх гэж байгааг Монголын ард түмэн хүлээн зөвшөөрч чадахгүй.
Энэ бол Монгол Улсын ШУА-ийг хог болсон хогны уутнаас дорд үзэж, Монголын ард түмнийг дэндүү гутаан доромжилж байгаа үйлдэл юм.
Ийм Засгийн газрыг, ийм УИХ-ыг цаашид байлгаад байж болно гэж үү?!
Үнэхээр ч “хорин хэдэн жил “хонины найр” шиг явна” гэдэг дэндүү их хугацаа шүү!
Ерөнхийлөгч та хамгийн сайн мэдсээр байж “Ийм байдлыг харсан ч хараагүй юм шиг өөгшүүлж...” ирсэн. Тийм учраас Монголын ард түмэн өнөөдөр танд шаардах эрхтэй. Алийн болгон УИХ-ын индэр дээрээс яслийн хүүхдийг яриулж сургах гэж байгаа цэцэрлэгийн багш шиг “Чадах уу? Чадна гэж хэл дээ!” хэмээн тэдэнтэй маазарч, сүмийн номлогч шиг сургааль айлдсаар суух вэ! Ард түмний “алтан цаг, боломж,”-ийг ингэж алдагдуулах хэрэггүй ээ!
Одоо болно. Ерөнхийлөгч өө! Монголд үгүйлэгдэж байгаа хариуцлага тооцох үг яриагаа үйл хэрэг болгон хэрэгжүүл!
Шаардлагын хариуг 02 дугаар сарын 01-ний дотор авах болно!
Эх сурвалж: www.sonin.mn
-Жагсаалт "өлгийтэй хүүхэд" биш тоглоом оролцсон-
Шийдлийн Засгийн газар "хэмнэлт" хийх уриалга гаргасан ч иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа билээ. Хэмнэлтийг УИХ-ын гишүүд өөрсдөөсөө эхлээгүй иргэдээсээ эхэлсэн нь дутагдал болсон. Сүүлийн хэдэн өдрийн турш яригдаж, иргэдийн дургүйцлийг хүргэсэн асуудал бол малын хөлийн татвар, автомашин татварыг нэмэгдүүлэх, эхчүүдийн одонгийн мөнгө, хүүхдийн мөнгө зэргийг хасч таналт хийхээр хэлэлцэж эхэлсэн нь ийнхүү иргэдийг бухимдуулж эхэлсэн.
Энэ сарын 15-ны өдөр "Чингисийн талбайд" өлгийтэй хүүхдүүд жагслаа. Нийт есөн хүүхэд жагсаалд оролцсон бөгөөд тэд УИХ-ын гишүүдээс өсөн асуулт асуусан юм.
Жагсаалыг зохион байгуулагч Ц.Чойжамц "Шинэ Засгийн газар гараад хэмнэлт хийхээр ярилцаж эхэлсэн. Хэмнэлт хийх нь зөв шийдвэр байна гээд харж байтал дарга сайд нарын унаад явдаг машин, тансаг хангамжаас нь танаагүй. Харин хамгийн бага орлогттой ядуу иргэдийн хоногийн хоолоо болгож яваа хүүхдийн мөнгөнөөс хасч эхэллээ. Үүнийг хасна гэсэн шийдвэр гарааагүй байгаа ч АН-ын бүлгийн хурал дээр дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. Гэхдээ намын бүлгийн шийдвэр бол төрийн шийдвэр биш шүү дээ" хэмээн өөрийн үзэл бодлоо илэрхийллээ.
Мөн уг жагсаалыг зохион байгуулагч Х.Ганбаатар: "Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Солонгосын иргэд алт, мөнгөө бөгжөө өгсөн талаар уриалга гаргасан. Тэгэхэд их дургүйцэж авсан. Харин одоо энэ төсвийн тодотголтой холбоотой хэмнэлт хийх нь зөв. Гэхдээ яагаад заавал эх, хүүхдийн мөнгөнөөс хасах ёстой гэж. Өөрсдийнхөө зардлыг хасаагүй байж. Би зүйн бол үнэхээр зардал мөнгөний хувьд улс хэцүү байгаа бол илүү зардал болох тансаг унаагаа зарчихвал хүүхдийн мөнгөө өгөх боломжтой гэж үзэж байгаа юм. Гэтэл нөхдүүд өөрсдийн жийпээс татгалзахгүй хоногийн хоолны мөнгөө яая даа гэж байгаа хүмүүсийн халаас руу гараа дүрээд эхлэж байгаад дургүйцэж байна. Хоёрдугаарт татвар нэмэгдэж байгаа асуудал. Машины татвар нэмэгдсэн. Хүмүүс приусын татвар нэмэгдлээ гээд шуугиад эхлэхээр приусын болилоо гэчихдэг. Гэтэл цаана нь байгаа бусад машин нь яах юм? Өнөөдөр эксель, аксент унаж хоолоо залгуулж, амьдралаа авч яваа олон хүн байгаа. Тэд нар яах юм? Тэгэхээр энэ төсвийн хэмнэлтийн бодлого нь буруу байна. Хэлэх үгээ зүрхэнд нь хүргье гэсэн зорилготой энэ жагсаалыг хийлээ. Би өнөөдөр хэвлэлийн бага хурал хийхэд хэн ч ирж сонсохгүй, дээр нь энэ хурлыг хийхэд ямар зардал ордог билээ. Өлгийтэй хүүхэд хүмүүст их эмзэг туссан" гэлээ.
Энэхүү жагсаалыг зохион байгуулагчид хэлэхдээ "энэ үзэл бодлыг дэмжиж байгаа маш олон иргэн бий. Хүрч ирээд биднийг дэмжээд үзэл бодлоо хэллээ. Харин арга барилын хувьд өөр гэдгээ онцолсон юм.
Зөөлөн хэлбэрээр тайван жагсаал хүүхдүүдийг нялхаас нь улстөржүүллээ гэх шүүмжлэлийг дагуулсан. Тэгвэл энэхүү жагсаалд нярай хүүхэд оролцуулаагүй, тоглоом өлгийдөж хүүхдийн уйлж буй чимээг хөгжмөөр өгчээ. Үүнээс нь үүдэн зарим иргэд эхчүүдийг өлгийтэй хүүхдүүдээ авчирэн жагслаа гэсэн ойлголт төрсөн байна.
Жагсагчид УИХ-ын гишүүдээс дараах асуултыг асуусан юм.
1. Ч.Сайханбилэг ахаа та бидний сүүний мөнгийг хасахаасаа өмнө дарга ах нарын тансаг зардлаас танахгүй юм уу?
2. Сангийн сайд Ж.Эрдэнэбат ахаа манай гэрийн багахан орлогоос хасчихаад олон дахин нэмэгдсэн машины татвараа авч чадах уу?
3. Ч.Сайханбилэг ахаа төлдөг татвар нь нэмэгдэж, орлого нь багассан хүмүүс хүн шиг амьдарч чадах уу?
4. Ч.Сайханбилэг ахаа анхны ажил чинь нялх балчир бидний хоолыг хасч, бүсийг чангалах харгислал байх байсан юм уу? таны ЗГ харгис шийдлийн ЗГ боллоо.
5. Ч.Сайханбилэг ахаа та намынхаа улс шиг хөгжье уриаг мартчихсан юм уу?
6. С.Эрдэнэ ахаа бид даарч байна. Гурван давхар дээлтэй та яаж байна?
7. З.Энхболд ахаа ард олон бид нар хэдий хүртэл танай намынхантай дүүжин даажин тоглох юм бэ?
8. Сангийн сайд Ж.Эрдэнэбат ахаа бидэнд өрнөөс өөр юу өвлөгдөж ирэх вэ?
9. Аав, ээж намайг айлд өргүүлнэ гэсэн Ц.Элбэгдорж ах та намайг өргөөд авч чадах уу? гэсэн есөн асуултыг асуужээ.
Монгол улсын эдийн засаг хүндэрчихсэн. Эл хүндрэлээс гарах арга замыг Шийдлийн Засгийн газар хайж байгаа гэдгээ мэдэгдсэн. Гэвч тэд шийдэх гээд байна уу эс шийдэлцэх нь үү гэдэг нь тун эргэлзээтэй.
Эргэлзээтэй байгаагийн учиг нь иргэддээ хамаг ачааг үүрүүлэх гээд байна уу гэлтэй хуулийн төслүүдийг хэлэлцэж суух боллоо. Тухайлбал, Хөрөнгийн албан татварын тухай хуульд орон сууцны татвар, авто машины татвар, бууны татвар, малын хөлийн татварыг багтаажээ.
Энэхүү татварт “Приус” маркийн машины татварыг гурав дахин нэмэгдүүлэх шийдвэр нь иргэдийг хамгийн ихээр бухимдуулж байна. Зарим хэсэг нь Монгол приус машинаар дүүрлээ гээд ад үзээд байгаа бололтой. Тэгвэл иргэд энэхүү машиныг чинь шатахуун бага зарцуулдаг өөрсдийн эдийн засагт хэмнэлттэй учраас олноор сонгосон. Мөн хорт утаа бага ялгаруулдаг эко машиныг гэдгийг манай эрхэм төрийн түшээдүүд мэддэггүй бололтой.
Засагт багтсан УИХ-ын гишүүд та бүхнийг хэлэлцэх суух хойгуур мөнөөх доллар өссөөр байна. Өнөөдрийн байдлаар төв банкнаас зарласан ханшаар 1933.44 төгрөг. Харин арилжааны банкын ханш 1942 төгрөгтэй тэнцэж байна. Долларын ханш нэмэгдэхээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ дагаж өсчихдөг бичигдээгүй хуультай улс. Хонины мах болон хүнсний ногооны үнэ нэмэгдсэн байх жишээтэй.
Хүчээр ханшийг чангаруулах , барих нь хөрөнгө оруулагчдын итгэлийг бууруулж , эдийн засгийг маш эмзэг болгодог гэдэг. Н.Алтанхуяг сайдын үед "Үнэ тогтворжуулах хөтөлбөр", "Валютын ханш" барина хэмээх хөтөлбөрүүд үндсэндээ эдийн засгийн хямралын үндэсийг тавьсан уу? гэх асуудал ч гарч ирж байна.
Нэгэнт хямралыг хэн эхлүүлсэнийг яриад яахав өнгөрсөн цаг. Гэтэл ирээдүй цаг дээр Шийдлийн Засгийн газрын бодлого зөв үү, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг сайныг дагуулах нь нуу, үгүй юу гэдгийг харж л сууя.
Зөрчил гаргасан жолооч нарыг баримтжуулан Фэйсбүүкийн “Paparazzi+Traffic Mongolia” хуудсанд байршуулдаг билээ. Тэгвэл энэ группт өнөөдөр өглөө замын цагдаа 20 орчим минут нэг машины замыг таглан зогссон тухай бичлэг тавигдсан бөгөөд энэ нь ихээхэн шүүмжлэл дагуулж байна.
Ингээд уг бичлэгийг хүргэе.
Энэхүү бичлэгийг Венз G-500 маркийн автомашины жолооч эмэгтэй Б.Н хийсэн бөгөөд дүрэм зөрчсөн энэ үйлдлээ өөрийн цахим хуудаснаа байршуулсан байсан.
Замын цагдаа яагаад замын хөдөлгөөнд оролцсон хүнийг 20 минут хааж зогссон талаар Улаанбаатар хотын цагдаагийн мэргэжилтэн, ахлах дэслэгч Э.Энхболдоос тодруулахад: 0164 УБҮ улсын дугаартай Венз G-500 маркийн автомашины жолооч эмэгтэй нь 2015-1-15 ны өдөр 17:20 орчим skytel-ийн гарцнаас дугаарын хязгаарлалтай өдөр Нийслэлийн засаг даргын захирамж зөрчиж явах үед нь цагдаагийн алба хаагч шалгахаар зогсоох үед зохицуулагчийн дохиог зөрчин зугтсан. Улмаар дараагийн постонд зогсооход шаардлага биелүүлж бичиг баримтаа шалгуулахгүй цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй болохоор зам хааж зогссон. Тус жолоочийн гаргасан зөрчилтэй холбоотой видео дүрс бичлэг хийгдсэн бөгөөд тухайн жолооч дээр хуулийн дагуу арга хэмжээг авч эргэн мэдээллэх болно. Одоогоор бичиг баримтийг хураан авч зөрчлийг шалгаж байна гэж мэдэгдлээ.
Тэгвэл дээрх зөрчил гаргасан жолооч нь Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль болон дүрмүүдийг зөрчсөн байх юм. Тодруулбал
- Замын хөдөлгөөний 2.3. /Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: и/ цагдаагийн алба хаагч, замын цагдаагийн туслах ажилтан, авто тээврийн буюу байгаль орчны хяналтын улсын байцаагчийн дохиогоор зогсож энэ дүрмийн 2.1-д заасан баримт бичгийг шалгуулах;/,
- Замын хөдөлгөөний 5.11. / Зохицуулагч дохиураа тээврийн хэрэгсэл рүү чиглүүлэн зааж дохих буюу чанга яригч хэрэгслээр шаардвал уг тээврийн хэрэгслийн жолооч заасан газарт зогсох үүрэгтэй/ гэснийг зөрчсөн байгаа юм.
- Мөн Нийслэлийн Засаг даргын дугаарын хязгаарлалт тогтоосон захирамжийг зөрчин пүрэв гарагт 4-р төгссөн улсын дугаартай машин явах хориотой заалтыг тус тус зөрчсөн байгаа.
Нэгэнт дүрэм, журмийг зөрчсөн болохоор хуулийн дагуу хариуцлага хүлээх юм. Тодруулбал иргэн Б.Н нь
- Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25.5 / Жолооч болон тээврийн байгууллагын ажилтан хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 1000-10000 төгрөгөөр торгох, эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасах шийтгэл ногдуулна/,
- 32.1 / Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргаас харьяа нутаг дэвсгэртээ бүх нийтээр дагаж мөрдүүлэхээр хууль тогтоомжийн дагуу гаргасан шийдвэрийг зөрчсөн бол 1500-8000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна./,
- 302.1 / Цагдаагийн алба хаагч, туслах ажилтны хууль ёсны шаардлагыг зориуд үл биелүүлсэн, биелүүлэхгүй байхыг уриалсан, эсэргүүцсэн, албан үүргээ биелүүлэхэд нь санаатайгаар саад учруулсан, албан үүрэгтэй нь холбогдуулан цагдаагийн алба хаагч, түүний гэр бүлийн гишүүн болон чөлөөнд гарсан цагдаагийн ажилтныг доромжилсон, гүтгэсэн, заналхийлсэн, хүч хэрэглэсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 5000-20000 төгрөгөөр торгох, эсхүл 7-14 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулна/,-ийг үндэслэн торгууль эсвэл шийтгүүлэх ажээ.
Их хотын соёлт иргэн, залуухан эмэгтэй дүрэм журмаа зөрчихөөр бусад нь яах вэ? Уг нь сайн машин хөлөглөсөн хүн замын хөдөлгөөний дүрмийг сайн л барих ёстой баймаар... Их хотын иргэн ийм байж болох уу? Бодох л асуудал
MCS групп нь “Mobicom” корпорацийн 40 хувийг эзэмшдэг “Newcom” компаниас хувийг нь худалдаж авчээ. “Newcom” компани нь 1996 оны 3 сарын 18-нд Японы “Sumimoto”, “KDDI” корпорациудтай хамтран Монгол Улсад анх удаа үүрэн телефон холбооны оператор “Mobicom” корпорацийг байгуулсан юм.
Монгол Улсын үүрэн телефон хэрэглэгчдийн 39.5 хувь нь “Mobicom”, 35.5 хувь нь “Unitel”-ийн хэрэглэгч байдаг. MCS групп нь хоёр дахь том оператор компани “Unitel”-ийг эзэмшдэг бөгөөд “Mobicom”-ийг худалдаж авснаар үүрэн телефон холбооны зах зээлд монополь компани болж байна. Гадаадын улс орнуудын шударга өрсөлдөөний хуульд тухайн салбартаа нэг, хоёрт бичигдэх хэмжээний тэргүүлэгч компаниуд бие биеэ худалдаж авах ажиллагаа явагддаггүй байна. Өөрөөр хэлбэл, энэ нь зах зээлд монополь үүсэхээс сэргийлдэг.
Эх сурвалж: www.agshin.mn
Ёстой л толгой эргүүлсэн учир нь олдохгүй зүйл УИХ дээр яригдаж эхэллээ. Монгол Улсын өрийн хэмжээг нуун дарагдуулж УИХ-ын гишүүдэд буруу, худлаа мэдээлэл өгч байсан нь илэрлээ. Хэн гээч “бүдүүн зүрх”-тэй нь ингэснийг бүү мэд.
Ямар ч гэсэн өр нуусан тухай яриад л байцгаана. Н.Алтанхуягийн тэргүүлсэн Шинэчлэлийн Засгийн газрын үед болсон үйл явдал юм уу. МАХН-ын Ч.Улаанаас МАН-ын Ж.Эрдэнэбат Сангийн яамыг хүлээж авснаар илэрсэн нь үнэн. УИХ-ын гишүүд “өглөө босоход л , өр нэмэгдээд” гэсэн хайку зохиохдоо туллаа. Төсвийн байнгын хорооны дарга нь өр нэмэгдсэн тухай “үнэр” аваагүй байхыг бодоход ихэд нууцаар тавьсан өр бололтой. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Монгол Улсын өрийн нэгдсэн мэдээллийг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын хүсэлтээр ирүүлсэн. Засгийн газрын өр 2.5 их наяд, дотоод өр нь 1.2 их наяд, гадаад баталгаа 2.2 их наяд, компаниудын өр 888 тэрбум гэх мэтээр 9.9 их наяд төгрөгийн өртэй байна гэсэн. УИХ-ын гишүүдийн асуултад ийм л хариулт өгсөн шүү дээ. Гэтэл Сангийн сайд Ж.Эрдэнэбат 14 их наяд төгрөгийн өртэй гээд байх юм. Таван их наяд төгрөг буюу 2.7 тэрбум төгрөгийн өр нэмэгдээд гараад ирлээ. УИХ-ын гишүүдэд худлаа яриад байсан юм уу” гэж гайхжээ. Шинэчлэлийн Засгийн газрын үед Төсвийн байнгын хорооны дарга байсан хүн шүү дээ. Өрийн хэмжээг янз бүрээр хэлсээр байгаад УИХ-ын гишүүдийг будилуулж орхисон нь үнэн. Ямар сайндаа УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн “ “Улсын өр ДНБ-ийн 55.2 хувьтай тэнцэж байгаа гэсэн. Одоо болохоор өр ДНБ-ийн 58.3 хувь” гэх. Ойлгохоо байлаа” гэж дуу алдах билээ. Таван их наяд төгрөгийн өрийг яагаад нуусан бэ. Хэн бэ гэдэг асуулт гарч ирж байна. УИХ-аас ажлын хэсэг гарч Чингис бондын зарцуулалтыг шалгахаар болсон. Асуудал ч ундрах бололтой. Энэ үеэр дөрвөн их наяд төгрөгийн өрийг хэн хаанаас аваад, яагаад нуусны учир шалтгаан тодорхой болж ч магадгүй юм. Үүний буруутанг УИХ, Засгийн газар дотроосоо хайх нь тодорхой.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Өнөөдөр өр ДНБ-ийн 58.3 хувьд хүрчихсэн байна. Өрийн хэмжээг хууль бусаар нэмсэн этгээдэд хариуцлага ярих ёстой. Ер нь Н.Алтанхуягийн Засгийн газар худал ярьдаг байсан. Ч.Сайханбилэгийн Засгийн газар түүнийг нь засах гээд явж байна” гэсэн нь голоор нь хэлсэн үг байв. Худал ярьж, өр тавьсан эзэнтэй хариуцлага тооцвол Ц.Нямдорж гишүүний хэлсэнээр таван жилийн ялтай юм билээ. Гурван сая дахь иргэнээ өлгийднө гээд хөөрцөглөөд байдаг. Төрсөн иргэн бүр нь дааж давшгүй өртэй болоод байдаг. Монгол минь хаашаа яваад байна вэ?
Эх сурвалж: www.times.mn
Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт байрлах Нарангийн-Энгэр оршуулгын газарт энэ сарын 8-9-нд шилжих шөнө гурван булш тоногдсон байна. Булшнуудийн цээжин хэсгийг ухаж сэндийчсэн байсан бөгөөд шарилын толгой дэрлүүлсэн цай, хайрцаганд нь хийсэн ганц шил архи, чихэр жимс зэргийг тоносон байжээ.
“Нарангийн энгэр”-ийн оршуулгын газарт 2008 онд 26, 2009 онд 29, 2010 онд 15 гэх мэт жилдээ л 20 орчим шарил ухагдсан тоо байна. Булшийг гол төлөв өвлийн улиралд тонодог байна. Шинэ тавьсан булшний тавгийн идээг, хуучин булшний хайрцаг савыг түлэхээр тонодог ажээ. Булш тоногчид голчлон шинэ болон 10 хонож байгаа шинэ булшуудыг ухдаг бөгөөд ингэхдээ зөвхөн цээжин хэсгийг ухаж хэрэгцээт зүйлээ авдаг байна.
Булш ухагдсан тохиолдолд цагдаагийн байгууллагад мэдэгддэг ч ар гэрийнхэнд нь тэр бүр мэдэгдэггүй байна. Учир нь дотны хүнээ алдаад удаагүй байхад нь ийм мэдээ дуулгаж сэтгэл санааг нь үймүүлэхийг буяны компанийнхан хүсдэггүй ажээ. Тиймээс тоногдсон булшийг харуул нь эргэж хэвэнд нь оруулдаг байна.
“УБ Буян” ХХК үйлчилгээ харицусан захирал Д. Мөнхнасангаас нийслэлд байгаа оршуулгын газруудын талаар тодруулахад “Нийслэл хотын хэмжээнд зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй 20 шахам оршуулгын газар байдаг буюу төвийн 6 дүүргийн 4 дүүрэгт нь хуучин оршуулгын газрууд байдаг байна. Эдгээр оршуулгыг газруудын хамгийн том нь болох Нарангийн энгэрийн оршуулгын газар нь СХД-ийн нутаг дэвсгэрт нийтдээ 300 га орчим талбайг эзлэн оршиж байна.2014 оны байдлаар нийслэл хотын хэмжээнд 6535 хүн нас барсаны 40 хувь нь чандарлах зан үйлээр, 60 хувь нь газарт оршуулсан байна.Энэхүү газарт оршуулсан 3900 гаруй талийгаачын 50 хувь нь буюу 2000 нь зөвхөн Нарангийн-Энгэрийн оршуулгын газарт нутаглуулсан байгааг, нэг талийгаачыг оршуулахад зарцуулагдаж буй 15 метр квадрат газраар тооцож үзвэл Нарангийн Энгэрийн оршуулгын газар ганцхан жилд 30 га газраар тэлсээр байна.” гэдгийг хэлсэн.
Монголчууд эрт дээр үеэсээ нас барсан хүний эд зүйлийг хулгайлсан хүнд ноогддог хариуцлага хүлээлгэдэг байсан. Мөн аль ч шашинд талийгаачдаа хүндэтгэлтэй хандах ёстой талаар тусгасан байдаг. Цэрэн бөөгөөс булш тонох нь ямар үр дагавартайг тодруулахад: “Тухайн булшийг тойроод элдэв албин тийрэн хөлхөлдөж байдаг. Мөн булшны эзэн байдаг. Тэдгээр албин тийрэн булш тонож байгаа хүний биед наалддаг. Наалдана гэдэг нь тэр хүнтэйгээ цуг амьдарна гэсэн үг. Ямар юм наалдсанаас болж янз бүрийн зүйл тохиолдоно” гэдгийг хэлсэн. Булш ухагчдын хувьд шашин талаасаа ч тэр хууль эрх зүйн талаасаа ч хариуцлага үүрдэг байна. Тодруулбал Эрүүгийн хуулийн 129-д 129.1.Булш сүйтгэсэн буюу түүнд байсан эд зүйлийг авсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс гурван зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ гэж заасан байдаг. Тэгэхээр булш тононо гэдэг нь тухайн хүний ухамсарын асуудал болж байгаа юм.
Оршуулгын газрууд тэлж, иргэдийн суурьшилын бүстэй ойртох тусам эдгээрээс үүдэлтэй шарил ухаж тонох, хур хогын цэгүүд үүсэх, шарлыг ил задгай тавих, зөвшөөрөлгүй газруудад дур мэдэн оршуулга хийх зэрэг үзэгдлүүд гарсаар байдаг ажээ. Уг манай улсад хүчин төгөлдр мөрдгдж байгаа хуулиар бол оршуулгын газраас 300м-ийн зайд амьдрах учиртай. Нөгөө талаас манай улсын оршуулгын газрын өнөөгийн төрх дэлхийн улс орнуудын оршуулгын газруудаас даруй 100 жилээр хоцроод байгаа бөгөөд таагүй ч гэсэн энэ байдлыг зохицуулах цаг болсон юм.
Тоймыг бэлтгэсэн: Х.Даваа
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.