Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2024 02 сар 06
Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн зурхайч Ч.Очирбат: Нялхаст сайн, залууст ширүүвтэр, хөгшдөд ширүүн жил гарна
-“Хилэнт эх” хэмээх модон луу жилийн хувьд улс орон амгалан, тариа төмс дэлгэрч, амуу тариа арвин байна. Гэхдээ “Хилэнт эх” хэмээх ёгт нэртэй модон луу жилийн нэрийг утгачилхад өлсгөлөн болох, мэсний аюул дэлгэрнэ гэжээ. Үүнийг шууд утгаар нь ойлгож болохгүй. Хадлан тариалан, идэш нөөцөө сайн базаахыг сануулж байгаа. Хутга мэсний аюул их гарч болзошгүй тул төрийн цаазандаа захь хэмээжээ. Жилийн эхээр салхи шуурга дэгдэх төлөвтэй байгаа. Зун, намрын эхэн саруудад газрын гарц сайн гарна. Өндөрлөг газар болон голын эх адаг, голын хөндий, хавцал, газраар өвс ургамал, тариалангийн ургац илүү, сааль сүү арвин, залуу хүний ажил үйлс дэлгэрнэ. Шороон үхрийн зурлагаар ард иргэдийн байр байдлыг шинжихэд луу жилд нялхаст сайн, залууст ширүүвтэр, хөгшдөд ширүүн жил гарна. Жилийн онцлох засалтай 13, 25, 37, 49, 61, 73, 85, 97, 109 настай луу жилтэй хүмүүс засал хийлгэх хэрэгтэй. Жил орсны заслыг ихэвчлэн эрэгтэй хүмүүс 12 сарын 22-ноос хойш шинийн 15 хүртэл хийлгэх нь зохистой. Харин эмэгтэй хүний хувьд жилээ дагадаг учраас өнгөрсөн жилийнхээ заслын номнуудтай хамт луу жилийн заслаа хийлгэх нь өлзийтэй. Энэ жил могой жилтэй хүмүүс цагаан жил орсны засалтай. Цагаан жил тохиосноор сэтгэл санаа хямрах, бие тавгүйтэх гэм их гардаг учир засал чухал. Мөн бич, хулгана жилтэй хүмүүс ивээл жилийн заслаа хийлгэх нь зөв. Учир нь ивээл жил тохиох нь хийморь лундаа хэлбэлзэлтэй болж үйлс бүтэмж тааруу болох талтай. Луу жилийн харш хонь, үхэр жилтэй хүмүүс харшийн заслаа хийлгэх хэрэгтэй. Мөн нохой жилтэй хүмүүс их харш засал хийлгэнэ. Харш жил тохиох нь ажил үйлсэд саад тотгор учирдаг.
Нийтийн дунд зурхай ухааны хар зурхай ёс нь илүү дэлгэрч ирсэн байдаг. Өмнө нь дурьдсанчлан энэхүү хар зурхайн ухаан нь амьдын, үхэгсдийн болон бэрийн зурхай хэмээн салбарлан хөгжиж ирсэн бөгөөд амьдын зурхайд гараг эрхэсийн нөлөөгөөр хүнд учирч болох эрсдэл, нөлөөллийг тооцоолон судалснаар харш жил, ивээл жил, суудлын харш болон суудал өнцөгтөх зэрэг заслуудыг номын ёсоор засна. Бэрийн зурхайд хоёр хүн нэг гэр бүл үүсгэн амьдрахад махбод болон төрсөн гарагийн нөлөөлөл талаасаа зохилдлого таарамж зэргийг судалдаг. Харин үхэгсдийн зурхай гэдэг нь хүнийг таалал барснаас хойш алтан сав нээх зан бүхий зурхайг зурж ард үлдсэн хүмүүсээр буян хойчийг нь чиглүүлж өгдөг зурхайн ухаан юм. Ингээд дүгнэхэд зурхайн ухаан гэдэг нь хүний амьдралын төрөхөөс үхэх хүртэлх од гаригсын нөлөөлөл, хамтын амьдралын зохицол зэргийг судалж түүнийг номын ёсоор засдаг ухаан юм.
Түвдэнпэлжээлин хийдийн хамба, зурхайч, гэвш лам Ж.Гончигсүрэн: Ард иргэд засаг төрөө эсэргүүцэх нь их
-Улиран одож буй хөхөгчин туулай жил үеийн үед дурсагдах түүхтэй жил байлаа. Монгол оронд минь “Хилэн эх” хөх луу жил залран ирлээ. Шороон үхрийн зурлага гаргасан. Шороон үхрийн байцыг махбодын зурхайд дулдуйдан дүрсэлбэл үхэр нь шар биетэй, ногоон толгойтой, эвэр, чих, сүүл болон дөрвөн шийр нь шар, ногоон омруутай. Мөн улаан ходоодтой, амаа ангайсан, мяндсан бурантагтай, сүүлээ зүүн тийш шарвасан байдалтай үхэр байна. Харин үхэр хариулаач нь шар бие, царайтай. Ногоон дээлэн дээр цагаан бүс бүсэлжээ. Гэзгээ хоёр чихнийхээ араар унжуулсан, баруун гутлаа өмсөж, зүүн гутлаа баруун ташаандаа зүүсэн байна. Мяндсан шилбүүр барьсан өсгөлүүн хүүхэд үхрээ хөтлөөд өмнө нь яаравчлан гүйж явна. Тиймээс жилийн ерөнхий байдлыг дүгнэвэл цэцэг жимс, үр тариа дэлгэрэх, авч цагмийн өвчин бага сага гарна. Нялхаст сайн, өвгөд хөгшдөд ширүүн, залууст маш ширүүн. Ард иргэд засаг төрөө эсэргүүцэх нь их. Хүн ардад тэр дундаа эрчүүдэд тааруу, харин эмэгтэйчүүдэд ээлтэй сайн. Мал аж ахуйд эерэг сайн. Үхрийн тоо олон тул газар шимтэй сайн, лууны тоо цөөн тул хур бороо чухаг байна. Монгол түмэн минь амандаа маани мэгзэмтэй, сэтгэлдээ амьтныг хайрлах бодолтой явахыг ерөөе.
Монголын бурхан шашны төв-Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Идгаачойнзинлин дацангийн Гавж Э.Гүндсампил: Хүний засах ёстой зүйлийн нэг сэтгэл
-Засал ном нь амьдралд шаардлагатай зүйлийн нэг мөн. Тухайлбал, Бурхны шашны үзлээр бол хүмүүс бид амьдрахдаа нүдэнд харагдах болон үл үзэгдэх олон амьтай, амьгүй зүйлсээс зөвшөөрөлгүйгээр их зүйл салган авч амьдралаа залгуулдагийн дээр тэрэндээ бас хайр гамгүй хандаж сэтгэлийн гэм хийх нь их байдаг. Тиймээс олон засал гүрэмд авсны хариуд зөрүүлэн орлуулж төлж буй болон сэтгэлийн гэмээ цайлгадаг зан үйл мөн их байгаа.
Ер нь Бурхны шашинтан хүн амьдралд чухал алив хэрэг бүтээхдээ юун түрүүнд Гурван эрдэнэдээ залбирч үйлсээ даатгах хэрэгтэй. Хүний зайлшгүй засах ёстой зүйл нь сэтгэл юм. Хүн өөрөөсөө бусад юмсыг өөрийн хүслээрээ байлгах гэж тохируулан засаж өөрчлөх боломжгүй. Хүслээрээ байлгах боломж, гарц гаргалгаа ихтэй, бүх зүйлд нэн чухал нь сэтгэл. Амьдралд тохиолдож байгаа бүхэн бидний бодол сэтгэлтэй холбоотой учраас хураасан үйлийн үрээр хүний зовлон жаргал хэмжигдэнэ. Тиймээс өөрийн мэдэлтэй оршиж үйлээ хянан, дотоод сэтгэлээ удирдаж чадвал амар амгалан байна. Зурхайн нөлөө нь хүний дотоод сэтгэлийн энэ чадвартай нэн холбоо. Хүнийг хүн гэж харж, ялгаварлан гадуурхахгүй байх хэрэгтэй. Бүх зүйл харилцан шүтэлцэн барилдлагатай оршино. Үйлийн үрийн барилдлагаар аливааг харваас талархах хэвшилд суралцана. Өөрт ирж буй сайн сайхан зүйлийн ач тусыг бодох хэрэгтэй. Буддын шашинд бусдын зовлонг өөрийн амар амгалангаар солихгүй бол бурхны хутгийг олох бус орчлонд амар амгалан амьдарч чадахгүй. Бусдын сайн сайхны төлөө өөрийн хувийн ашиг сонирхлыг хойш тавих сэтгэлийг зөв гэдэг.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.