Баригдах гэж таван жилийн нүүрийг үзсэн 62-р сургуулийн шинэ барилга "балгас" боллоо Л.Энх-Амгалан сайд аа!!!

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2024 02 сар 06

 

Уншигч таны харж буй барилгын суурь цутгасан зураг одоогоос таван жилийн өмнө буюу 2018 онд 62-р сургуулийн өргөтгөл баригдахаар ийнхүү ажил нь эхэлж байсан үеийнх юм. Тэгвэл тус сургуулийн өргөтгөл өнөөдрийг хүртэл баригдаж дуусаагүй байна. 

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургууль 4300 орчим сурагчтай. Хичээлийн хоёр байртай. Гурав дахь байр буюу өргөтгөлийн 640 суудалтай сургуулийн барилгын ажил 2018 онд эхэлсэн ч өнөөдрийг хүртэл ашиглалтад орсонгүй ээ. Одоогоор хүүхдүүд хичээлийн байргүй гурван ээлжээр хичээллэж байгаа нь давхар сурах эрх нь маш ноцтойгоор зөрчигдөж байгаа юм.

Гуравдугаар ээлжинд бага ангийнхан нь өдрийн 15:00 хичээл нь ороод 19:00 цагт тардаг аж. Хүүхдийн сурч боловсрох идэвхтэй цагт нь бус өдрийн тэн хагаст хичээл эхэлж, амарч байх цагт нь тардаг нь сурлага цаашлаад эрүүл мэндэд нь муугаар нөлөөлж байгааг эцэг эхчүүдийн төлөөлөл хэллээ.

 

2021 оноос хойш бүтээн байгуулалтын ажил зогсонги байдалд орж барилга цоожтой хэвээр 2023 оны хичээлийн жилтэй золгосон байдаг. Гэрээний дагуу 62-р сургуулийн өргөтгөлийн барилгыг 2022 онд ашиглалтад оруулах үүрэгтэй байжээ. Гэвч үүргээ биелүүлээгүй Ганзосон компанитай байгуулсан гэрээг БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан цуцалсан байна.

Өргөтгөлийн барилга 85 хувийн гүйцэтгэлтэй явж байхад гүйцэтгэгч компаниас санхүүжилт нь дууссан учраас нэмэлтээр 2.3 тэрбум төгрөг авах хүсэлтээ илэрхийлжээ. Гэхдээ Боловсролын яамнаас санхүүжилтийг нэмэх боломжгүй учраас гэрээ цуцлах процесс хийгдсэн байна. Энэ талаар, тухайн үед нь Гэрээг цуцалчихвал үлдсэн гүйцэтгэлийг одоогийн ханшаар бодож мөнгө төсөвлөж өөр компаниар барилгыг дуусгуулахаар төлөвлөж байгаа гэдгийг боловсролын яамны мэргэжилтэн хэлж байсан удаатай.

 

Өнөөдрийн байдлаар сургуулийн өргөтгөлийн барилга  гадна тал нь бүрэн дууссан болохыг гэрэл зургаас тод харагдаж байна. Гэтэл дотоод заслаа хийх төсвийн асуудал шийдэгдээгүй учир ийнхүү сургуулийн шинэ өргөтгөл "балгас" болох дээрээ тулжээ. Эхнээсээ цонхны шил хагарч, гадна фасадны будаг өнгө төрхөө алдаад эхэлжээ. 

Угтаа бол Л.Энх-Амгалан сайд 2023/08/03-нд 62-р сургуулийн барилгыг гүйцэтгэж буй “Ганзосон“ компанийн гэрээг цуцалж, хар жагсаалтад оруулаад цааш ажлыг хурдан шуурхай барих талаар ярьсан байдаг. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл барилгын ажилд ахиц гарсангүй.

Сурагчид давчуу анги танхимд чихэлдэн сурахын төлөө зүтгэж явсаар шөнө дөлөөр харьж байна. Тэдэнд бие бялдартаа анхаараад хичээллэх спорт заал олдохгүй байгаагаа учирлав. Арай хийж хичээллэх анги танхим олдож байна. Хэзээ энэ сургуулийн барилга дуусаж ашиглалтад орж хоёр ээлжээр хичээллэдэг болох уу, сайд аа!!!

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх