Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2024 03 сар 22
・ 1
Энэ удаагийн "Хууль эрх зүй" буландаа “Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн худалдсан зөрчилд шийтгэл оногдуулсан” кейсийг хүргэж байна.
Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч нь “С” бөөний төвд хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн худалдсан, хадгалсан” зөрчилд таван сая төгрөгийн торгох шийтгэл оногдуулжээ.
Улсын байцаагч нь иргэний гаргасан гомдол, мэдээллийн дагуу Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрших “С” бөөний төвд хяналт шалгалт хийхэд 152 нэр төрлийн, 5371 ширхэг, 11.5 кг буюу нийт 12.592.430 төгрөгийн үнэ бүхий хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүнийг худалдаж байсан зөрчлийг илрүүлж, тогтоосон байна.
“С” бөөний төв нь хадгалах хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн бөөний төвийн лангуун дээр тавигдан, худалдаалагдаж байсан зөрчил илэрчээ. Дэлгүүрийн зааланд буюу лангуун дээр худалдаалагдаж байсан бол тухайн хүнсний бүтээгдэхүүнийг зарагдаж байсан гэж үзжээ. Тусдаа агуулах, буцаалтын хөргүүр, хөлдөөгчид байсан бол тухайн бараа бүтээгдэхүүнийг буцаах гэж байна гэж үзэхээс биш дэлгүүрийн лангуун дээр зарагдаж байсан, иргэдэд худалдаж байсан хүнсний бүтээгдэхүүнийг бид нар буцаах гэж байсан гэх тайлбарыг өгөөд зогсох боломжгүй. Харин буцаах гэж байсан бол нотлох баримтаар баталгаажуулаад Улсын байцаагчид тухайн үед нь мэдэгдээд манайх худалдан борлуулаагүй гэдэг нотлох баримтуудаа гаргаж өгөх байсан. Гурван гэрчийн мэдүүлэг дээр тодорхой байдаг. Хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүнийг худалдан борлуулж, зөвхөн ашиг олохын тулд хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болох нөхцөл байдал, эрсдэлийг тооцоолдоггүй, нийтийн эрх ашгийг тэргүүн эгнээнд тавьдаггүй, хуулиа сахин биелүүлж ажилладаггүй нь баримтаар бүрэн баталгаажсан байна. Тухайн хүнсний бүтээгдэхүүн хэзээ ирээд, хэднийг хүртэл зарагдсан, хугацаа нь дуусаад хэдий хугацаа өнгөрсөн нь огт тодорхойгүй, бүртгэл, хөтөлгөө, ирсэн падаан, буцаалтын бичиг баримт байдаггүй. Энэ нь дэлгүүрийн маш том зөрчил болсон байна.
Холбогдох хууль, журам, стандартад зааснаар хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь хугацаа нь хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүнийг лангуунаас буцаан авч тусгай өрөө, агуулахад огноог тэмдэглэж битүүмжлэн түр хадгалах, улмаар устгалд оруулах үүрэгтэй юм.
Улсын байцаагч нь “С” бөөний төвийн худалдааны зааланд лангуу, тавиур дээрх худалдан борлуулж байсан хүнсний бүтээгдэхүүнд хяналт шалгалтыг хийсэн байх ба харин хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүнийг түр хадгалах зориулалтын агуулах, өрөө тасалгаа байгаагүйн зэрэгцээ агуулахад өөр бусад хүнсний бүтээгдэхүүн байгаагүй тул үзлэг хийгдээгүй байна.
Тиймээс “С” бөөний төвд хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн нийт 12.592.430 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн худалдаж байсан зөрчилд таван сая төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан улсын байцаагчийн шийдвэр үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн байна.
Энэхүү зөрчилд холбогдох хуульд зааснаар “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн наймдугаар зүйлийн 8.1-д “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээ хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй гэж үзвэл тэдгээрийг хүнсний сүлжээнээс буцаан авна”, мөн Засгийн газрын 2013 оны 172 дугаар тогтоолоор баталсан “Хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг татан авах, устгах, дахин боловсруулах журам”-д зааснаар хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн тухайн хүнсний бүтээгдэхүүнийг хүнсний сүлжээнээс буцаан авч тусгай өрөө, агуулахад тусад нь тавиур, лангуу, хөргүүрт хаяг, шошго нааж, огноог тэмдэглэн тусгаарлан битүүмжлэн түр хадгалах үүрэгтэй байтал дээрх хууль, журмын дагуу хадгалаагүй бөгөөд бусдад худалдаж байсан нь ноцтой зөрчил” гэж заажээ.
Б.Алтангэрэл
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.