УИХ-ын ес дэх удаагийн ээлжит сонгууль болоход гуравхан сарын хугацаа үлдлээ. Сонгууль ойртох тусам улс төрийн уур амьсгал сүрхий идэвхжиж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд намууд тал, талд хуралдаад жигтэйхэн завгүй гүйлдэж байгаа харагдав.
Учир нь сонгуульд оролцох нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө хуулийн хугацаандаа амжиж өгөх гэж бужигнацгаасан нь энэ байх. Хуулиндаа гуравдугаар сарын 24-нд багтаж намууд мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлэх ёстой.
Аудит мөрийн хөтөлбөрийг хүлээж авснаас хойш 14 хоногийн дотор хариугаа өгнө. Энэ хугацаанд тухайн намын мөрийн хөтөлбөр хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг аудиторууд хянана гэсэн үг. Жишээлбэл, мөрийн хөтөлбөрт “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нийцээгүй заалт ороод ирсэн байвал шууд буцаагдана. Ийм мөрийн хөтөлбөрийг ажлын тав хоногт багтаан засварлаад дахин аудит руу хаяглаж болдог хуулийн зохицуулалттай. Өөрөөр хэлбэл, мөрийн хөтөлбөрт орсон зорилт, арга хэмжээ нь хөгжлийн бодлого, төлөвлөлтийн урт, дунд хугацааны баримт бичигт нийцэхээс гадна санхүүгийн эх үүсвэр, зардлын дүн нь хуульд нийцэж байх ёстой. Сануулбал, 2020 оны сонгуулиар 15 нам, дөрвөн эвслийн нийт 19 мөрийн хөтөлбөрийг аудит буцааж байв.
Мэдээж ард түмэн улс төрийн хоёр том хүчин болох АН, МАН-ын мөрийн хөтөлбөр дээр фокуслаж байгаа. Яагаад гэвэл тэдний хэрэгжүүлэх бодлого Монгол Улсын хувь заяаг залдаг. Тийм болохоор ард түмэн сонголтоо хийхийн тулд намуудын мөрийн хөтөлбөрийг луужин болгож ирсэн. Яагаад гэвэл ялах магадлалтай нам энэ хоёр л байна. Найман жил завсаргүй төрийн эрхийг барьсан МАН өнөө жил ард түмэнд юу амлаа бол.
Ямартаа ч эрх баригч нам бямба гаригт Бага хурлаараа мөрийн хөтөлбөрөө баталж, нэр дэвшүүлэх журмаа тодорхой болгосон юм шиг байна. Тэд амлалтуудаа зүгээр ч нэг ширээ тойрч суугаад зоочихоогүй байх. Өнгөрсөн намраас хойш 330 сумаар явж, иргэдээс ирүүлсэн 40 мянга гаруй саналыг мөрийн хөтөлбөртөө тусгасан гэж намын дарга нь хэлсэн. Одоо МАН ард түмэнд юу, юу амлах нь тодорхой. Авлига албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэж буй их үйл хэргээ үргэлжлүүлэх байх. Бүсчилсэн хөгжлийн загвараар улс орноо өөд нь татах ажлуудыг жагсаасан бололтой. Бас хөдөө аж ахуйн салбарыг шинэ түвшинд хөгжүүлэх, тэтгэврийн тогтолцоог шинэчлэх зэргээс гадна нийгэм эдийн засгийг тэлэхэд чиглэсэн олон ажлууд жагсаасан байна.
Ардчилсан намын хувьд бас л бямба гаригт Үндэсний бодлогын хороогоо хуралдуулж, намын мөрийн хөтөлбөрөө баталгаажуулсан. Сөрөг хүчин 2024 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө иргэд дэмжигчид, мэргэжлийн холбоодоос санал авсан гэсэн. “Бүтэн Ардчилал” хэмээх үндэсний хэмжээний аяныг өрнүүлэн Монгол орноо бүтэн гороолж, нийт 79 мянган гишүүнийхээ саналыг тусгасан мөрийн хөтөлбөр боловсруулж баталсан гэж байгаа.
Ардчилсан намын мөрийн хөтөлбөр бол “Амлалт биш, ажлын төлөвлөгөө” гэж намын дарга Л.Гантөмөр мэдэгдэнэ лээ. Сонсох нь ээ, бүх салбар дахь авлига, албан тушаал, төрийн чадамжгүй асуудалд онош тавихаар төлөвлөжээ. Хүний эрхийг хязгаарлаж, хүнд суртлыг өөгшүүлж буй хуулиудыг хүчингүй болгох талаар амлалт дэвшүүлсэн гэнэ. Ардчилсан нам бол барууны үзэлтэй нам. Тэр утгаараа төрийн өмчит компаниудыг олон нийтийн болгох санал оруулж ирсэн л байх. Бизнес дэх төрийн оролцоог хумьж, хувийн хэвшил шийдвэр гаргадаг байдал ардчилсан чөлөөт зах зээлийн амин сүнс. Тиймдээ ч АН бизнесийн орчныг сайжруулж хөрөнгө оруулалтыг урамшуулдаг чиглэл рүү багц хуулийн төсөл боловсруулах санал мөрийн хөтөлбөртөө тусгасан бололтой. Бас нэг чухал асуудал нь татварын багц хуулийг барьж авчээ. Эхний ээлжинд ААНОАТ-ыг 50 хувь бууруулах амлалт оруулж ирсэн гэв үү. Хэрэв энэ үнэн бол татварын орлого хумигдана гээд мөрийн хөтөлбөр буцаагдаж ч мэдэхээр байгаа биз. Үнэн хэрэгтээ энэ заалт биелэх боломжтой. Уул уурхай, банк санхүүгийн салбарын татварууд дээр онцгой албан татварыг хэвээр нь үлдээвэл хувийн хэвшлүүд томорч чадна гэсэн гаргалгааг эдийн засагчид хэлдэг. Мөрөөрөө бизнесээ хийгээд явж байгаа хувийн хэвшлийнхнийг татварын бодлогоор дэмжихгүй юм бол Монголын эдийн засаг олон тулгуурт болж хөгжиж чадахгүй нь хэнд ч ойлгомжтой. Дараагийн чухал асуудал нь эрчим хүчний салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгож хөгжүүлэх зорилт дэвшүүлжээ. Одоо байгаагаас 10 дахин том эрчим хүчний эх үүсвэр бий болгоод зогсохгүй экспорт руу чиглүүлэх гэнэ. Мөн байгалийн баялгаас орж ирдэг мөнгийг төсвөөр дамжуулж хуваарилахын оронд иргэдэд ногдол ашиг хэлбэрээр очдог байх асуудлуудыг ч мөрийн хөтөлбөртөө тусгажээ. Иймд намууд мөрийн хөтөлбөрөө дагуулаад Ерөнхий сайдуудаа зарлачих хэрэгтэй. Энэ цаг үед иргэд, сонгогчид үүнийг л хамгийн түрүүнд хүсч, хүлээж байгаа. Яагаад гэвэл энэ бүх амлалтуудыг хийж чадах хүн бол гүйцэтгэх засаглалын тэргүүн байдаг. Ерөнхий сайд ямар хүн байх вэ гэдгийг нь харж байгаад сонголтоо хийвэл ард түмэнд бүр ч амар. Хэн нь ямар хүн бэ, хэлсэн амандаа яаж хүрдэг вэ, улс орныхоо төлөө бодитой юу хийж чадав гэдгээр нь дүгнээд дугуйлбал хамгийн мэргэн сонголт болох юм биш үү. Улс орныг цааш нь авч явах гүйцэтгэх засаглалын тэргүүн хэн байх вэ гэдэг нэрийг нь дагаад сонголтоо хийвэл ард түмэндээ ч хэрэгтэй.
Дэвшүүлсэн амлалтууд нь биелэхэд ч дөхөмтэй. Мэдээж сонгуульд ялсан намын дарга Ерөнхий сайд болдог нь улс төрийн намуудын хувьд бичигдээгүй хууль. Тэгэхээр АН, МАН хоёр хэнийг Ерөнхий сайдаар томилохоо одооноос зарлаад явах нь зөв. Бусад намуудын хувьд ний нуугүй хэлэхэд, арай эртэдсэн явдал болох байх.
МАН Л.Оюун-Эрдэнийг үргэлжлүүлээд Ерөнхий сайд болгоно гэж үзэж байгаа бол одооноос зарлачих хэрэгтэй. Түүнийг Ерөнхий сайдаар улирч ажиллавал юу хийхийг нь улсууд бараг гадарлаж байгаа. Тэрбээр шударга үнэний талд аль хэдийнэ танигдсан улстөрч. Сонгуулийн дараа шинэ Засгийн газрын тэргүүнээр дахин ажиллахаар болбол энэ байгаа хугацаандаа эхлүүлсэн зорилтуудаа бүрэн хэрэгжүүлж чадна. Л.Оюун-Эрдэнийн зориглож барьж авсан тэмцэл бол төрийн том хулгай. Хөгжлийн банкны хэргийг ил болгосноор арван их наяд төгрөгийн өр төлөгдсөн. Нүүрсний хулгайчдыг зарласнаар Монгол Улсын эдийн засаг долоон хувиар өссөн. Ер нь Л.Оюун-Эрдэнийн авлигын эсрэг хэрэгжүүлсэн бодлогын үр дүнг улс орны эдийн засгийн сэргэлтээс шууд харж болно. Гэтэл нөгөө талд үнийн өсөлт хүн бүрийн толгойны өвчин болоод байгаа. АН-ын дарга Л.Гантөмөрийн хувьд ч ялгаагүй.
Ерөнхий сайд болбол юу хийх вэ гэдгээ одоо давхар зарлая. “Би Ерөнхий сайдад өрсөлдөж байгаа хүний хувьд ийм, ийм ажлуудыг хийнэ. Ийм бодлогыг хэрэгжүүлнэ” гээд мөрийн хөтөлбөртэйгөө зэрэгцээд нэрээ зарлачихвал ард түмэн сонголт хийхэд оновчтой байна. Намынхаа мөрийн хөтөлбөрт тусгасан төрийн өмчит томоохон үйлдвэрүүдийн хулгайг ил тод болгож, дахиулахгүй гэсэн амлалт өгч болж байна. Төрийн компаниудаа олон нийтийнх болгоё. Том аж ахуйн нэгжүүдээсээ ногдол ашиг хүртээнэ гэдэг ч юм уу. Л.Гантөмөр үнэхээр Ерөнхий сайд боллоо гэхэд Л.Оюун-Эрдэнийн эхлүүлсэн ажлыг хүний намынх гэлтгүйгээр хэрэгжүүлэхээ давхар зарлаад явах хэрэгтэй. Монгол түмний эрх ашгийн төлөө эсрэг намын ажил гэж ялгаж үгүйсгэхгүйгээр үргэлжлүүлнэ гэвэл оноо авч чадна даа.