МУУГЗ Б.Алтанхуяг: Тухайн бүтээлүүдээс авч буй мэдрэмж бол хүүхдийг сайн, сайхан, сэтгэл зөөлөнтэй хүн болоход нь нөлөөлдөг

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2024 03 сар 31

Өчигдөр Хүүхдийн Урлан Бүтээх төвийг зорин “THE CINEMATO” Movie & Anime orchestra концертын танилцуулга тоглолтыг шимтэн үзэж нүд, чихээ баясгаж, тархиа амраан оюуны ядаргаагаа тайлав.

 

Энэхүү концерт нь сурагчдын амралтад зориулан "Хөгжим-Хүүхдийн боловсролд" хөтөлбөрийн хүрээнд дөрөвдүгээр сарын 6,7-нд 14:00, 17:00 цагуудаас ердөө 4-хөн удаа тус төвийн тайзнаа эгшиглэх юм. 

Anir Mongolian Pop Orchestra-ийн удирдаач, хөгжмийн зохиолч, МУУГЗ Б.Алтанхуягтай цөөн хором ярилцсанаа хүргэе.

-Хүүхдийн хөгжмийн боловсролд анхааран гайхалтай тоглолтыг орчин үеийн дэвшилтэд технологийг ашиглан тавьж байгаа танай хамт олонд баярлалаа. 

-Баярлалаа. Өнгөрсөн жилээс эхлэн бид "Хөгжим-Хүүхдийн боловсролд" хөтөлбөр анх удаагаа хэрэгжүүлж эхлүүлсэн. Энэ жил өргөжүүлээд сурагчдын амралтад зориулаад дөрөвдүгээр сарын 06,07-ны өдрүүдэд 4 удаа тоглохоор товоо гаргаад өнөөдөр танилцуулга тоглолтоо хийлээ. 

-Үзэгч хүүхдүүд тоглолтыг их л эмоцитой, дуу алдан хүлээн авч байгаа нь ажиглагдлаа. Найруулагч таны хүүхдэд өгөх гэсэн санаа юу байв?

-Ямар ч байсан бид нар хүүхдүүдийнхээ ирээдүйг бодохгүй бол сошиалаар дандаа хар бараан мэдээллээр бөмбөгдөж байна. Хүүхдүүд их сайхан хүлээж авна гэсэн итгэл дүүрэн байгаа. Яагаад гэвэл өнгөрсөн жил туршчихсан учраас илүү сайжруулалт хийсэн. Видеог илүү мэдрэх хэрэгтэй гэдэг дээр анхаарч 3D бас холограм зэргийг ашигласан юм. Зардал асар өндөр гардаг юм байна. Гэхдээ манай 3D, холограм залуус маань адилхан л эцэг, эхчүүд болохоороо ойлгоод хамтарч ажиллаж байгаад их баярлаж байна. 

Хүүхдийн боловсролд хөгжим ямар хэрэгтэй байдаг вэ? гэхээр амьд оркестртой, яг театрын орчинд нь үзээд юм ойлгоод гарч байгаа хүүхдүүдийн оюун санаанаас нь энэ дурсамж нь хэзээ ч арчигдахгүй. Тухайн бүтээлүүдээс авч буй мэдрэмж бол хүүхдийг сайн, сайхан, сэтгэл зөөлөнтэй хүн болоход нь нөлөөлдөг. Хүүхдийг хөгжимд дуртай болгож байнга л сэдлийг хөдөлгөж байх хэрэгтэй. Эндээс сонсож гараад хүүхэд цаашаа өөр хөгжмийг сонсохоор эрэлхийлэн, youtube-ээс хайж олох гээд татагдаж эхэлнэ. Дараа нь энэ чинь юуны тухай өгүүлсэн, ямар гоё тоглосон юм бэ гээд хөтлөгдөөд цааш явдаг.

Ялангуяа хүүхдүүдэд өөрсдөд нь ойрхон юмнаас эхлэх нь зөв байсан учраас аниме болон холливудын шилдэг хүүхэлдэйн кино, хүүхдүүдийн дунд трэнд болоод байгаа шилдэг киноны хөгжимнүүд 100 хувьд амьд тоглож мэдрүүлэхийг л зорилгоо болголоо.

Дараагийн удаа монгол хөгжим рүү орно. Тэгэхгүй шууд монгол хөгжим тавьбал хүлээж авахгүй. Сэтгэлзүйч хүмүүс хүүхэдтэйгээ ярихдаа дуртай зүйлийг нь ярилц. Дараа нь цаашаа өөрийнхөө бодож, болохгүй байгааг нь ярилц гэдэг. Үүнтэй адилхан.  Эхлээд дуртай хөгжмөөр нь дараа нь монгол хөгжмүүдээ ойлгуулж сонсгоход дөхөмтэй.

-Миний хувьд хөгжим бол аливаа уран бүтээлийн амин сүнс юм байна гэдгийг илүү ихээр мэдэрлээ.

-Хөгжимгүй кино гэж байхгүй. Хөгжимгүй бол өнгө будаг байхгүй хар цагаан л байна. Хөгжим сэтгэлийн илэрхийлэл учраас доторх сэтгэлийн хөдөлгөөнийг илэрхийлдэг. Хөгжимгүй юмс байхгүй ээ. Их хүнд прагром үнэнийг хэлэхэд, сая тоглолтын дараа үлээвэр хөгжимчид их ядарч гарч ирлээ гэлээ. Жүжгэн дээр ядраагүйгээрээ ядарч байна гэнэ. Яагаад гэвэл тоглодог юм нь их хүчтэй байгаа. Дуучдын хоолой ядардаг шиг үлээврийн хөгжимчдийн уруул их ядардаг юм. 

 

-"Хөгжим-Хүүхдийн боловсролд" хөтөлбөрийн хүрээнд хийгдэх дараагийн ажлууд?

-Энэ жил энэ тоглолтоо тоглоно. Ирэх жил үүнийгээ улам боловсруулж хүртээмжийг хэрхэн нэмэгдүүлэх үү, ямар зохиолыг тоглох уу? гээд ярилцаад төлөвлөгөө гаргаж байна. Уг нь ганцхан хувийн байгууллага хийгээд байх ажил биш. Улс бол ажиллаж л байна, гэхдээ хангалтгүй байгаа юм.

Хүүхдийн юм гэхээр л халтар юм хийдгээ болиод илүү санаачлагатай ажил хиймээр байгаа юм л даа. Одоо 3D, холограм гэдгийг чинь баян мөнгөтэй хамтлагууд ч үнийг нь дийлдэггүй юм шүү дээ. Тэгэхээр сэтгэл л гаргах хэрэгтэй гэж бодож явдаг. 

-Өсвөр насныханыг сүүлийн үед гэмт хэрэгт холбогдох нь нэмэгдээд байна гэдэг. Улсын байгууллагаас танайхтай хамтарч ажиллах хөгжмөөр хүүхдүүдэд хүмүүжил олгох тал дээр яаж ажиллавал болох вэ, таны бодлоор?

-Миний хувьд одоогийн цагдаагийн газар гэдэг нэр надад таалагддаггүй. Хуучин Сэргийлэх гэж байсан. Энэ бол нэр нь зөв гоё. Аливаа юмыг болохоос нь өмнө ярьж сэргийлж байна ш дээ. Сошиал дээр түрүүн миний хэлснээр тавигдаж байгаа мэдээллийн хэдэн хувь нь хар бараан байна. Үүнээс ямар нэгэн байдлаар өөрийгөө аваад гарах чадвартай болгох хэрэгтэй.

Одоо бид нар яг одоо болж буйгаа яриад байж болохгүй. Ирээдүйд ямар байх уу? тийшээ чиглэсэн чиглэл жимээр явахгүй бол жоохон хүүхдүүдийг болоогүй гэж бодож болохгүй. Ирээдүйдээ одоо л бид нар хөдлөхгүй бол нэг хэцүү үе гарчихаад дийлдэхгүй болчихвол яана аа.  Нэг л мэдэхэд л гараад ирнэ. Тэгэхээр бид нар ирээдүйдээ одоо л анхаарал тавьж эхлэхгүй бол хожимдох вий гэж сэтгэл зовж явдаг.

Би гурван хүүхэдтэй, бүгдийн хөгжимтэй ойр байлгахыг хичээсээр ирсэн. Зөв сэтгэлтэй, зөөлхөн, зөв талаас нь юмыг хардаг болчихдог юм байна лээ. Хажууд нь хов, хар бараан юм яриад байвал яг л түүнийг нь хүүхэд даган дуурайж ярина. Харин сайхан хөгжим сонсоод түүнийгээ яривал нандин юмыг нь ажиглаж харна, цаашаа хөтлөгдөнө. Өсвөр насны хүүхдүүдийг эцэг эхчүүд хөтлөх хэрэгтэй. Хүүхдээ хаашаа хөтлөх нь эцэг эхээс л шалтгаална. Гэмт хэрэгт холбогдож байгаа нь олон талтай, ямар ч байсан хөгжим дутагдсан гэдэг нь тодорхой. 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх