Л.Эрдэнэтуул: АН дотоод зөрчлөөсөө болж МАН-д идүүлчихлээ

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 01 сар 18 ・ 2

“Улстөр, стратеги судлалын төв”-ийн тэргүүн, улстөр судлаач Л.Эрдэнэтуултай ярилцлаа.

-Та ойрд  хэвлэлээр  ярьсангүй. Гэхдээ улстөрийн үйл явдлуудад  дүгнэлттэй байгаа байх. Тухайлбал,  манайд аль ч улсын практикт ховор тохиолддог юм  болж,  парламентад олон суудал авсан гурван нам засагт эвсч сөрөг хүчингүй болголоо.  Дээр нь нам, бүлэглэлүүдийн хуйвалдаан газар авлаа. Энэ бүхнийг юу гэж үзэж байна?

-Нэгдүгээрт, яагаад  өмнөх Засгийн газар унаж, “Шийдлийн” гэх засгийг ийм  сонин байдалтайгаар бүрдүүлэв  гэдэг асуудал чухал. Үүнд хамгийн их нөлөөлсөн  хүчин зүйл нь АН-ын дотоод зөрчил. УИХ-д суудалтай гишүүд нь дотроо хагаралдсан, намынхаа шийдвэрийг дагаагүй. Уг нь намынх нь удирдах дээд байгууллагын шийдвэр гарчихсан байсан. Гэтэл Их хурлын гишүүд нь тэрийг биелүүлээгүйгээр АН-д олон жил ужгирсан дотоод хагарал нь засаг, төрийн хямралд хүргэлээ. Тодруулбал, АН-ын 34 суудлыг хоёр хуваалаа гэж үзэхэд  УИХ, Засгийн газраас гаргаж буй томоохон асуудалд үндсэндээ 13-15 суудалтай болчихоод байсан шүү дээ, сүүлийн үед. Гэтэл АН-аас цөөн суудал авсан МАН бодит байдалд  олонх болсон дүр зураг харагдаад байна. Өөрөөр хэлбэл, 2012 оны сонгуулийн дүн орвонгоороо эргэчихсэн. Өнгөрсөн сонгуулиар сонгогчид АН-д олонхийн саналаа өгсөн. Тэгвэл 2-3 жилийн дараагаас байдал яаж эргэв гэвэл, үнэн хэрэгтээ Монголын парламент буюу хууль тогтоох байгууллагын  эрх сөрөг хүчин байх ёстой Ардын намын  гарт орчихож байгаа юм. Үүний балаг цаашид улам их гарна. Хэрэв Ардчилсан намын УИХ дахь  34 кноп/санал/ бүхлээрээ байж чадсан бол “Шударга ёс” эвслийн 11 суудалтай нийлээд тогтвортой олонхио барих, цаашид ч  тогтвортой явах  боломжтой байсан. Нөгөө талаас Ардын нам  маш хүчтэй, нөлөө бүхий сөрөг хүчний байр суурьт үлдэж дөрвөн жил явах ёстой байтал АН дахь хагарлаас үүдэж одоогийн нөхцөл байдалд хүрлээ. АН хагарснаар ямар лай дагуулсан бэ гэвэл энэ. Яваандаа Монголд намуудын дахин хуваарилалт бий болох нөхцлийн суурийг тавилаа. Өөрөөр хэлбэл, эрт орой аль нэг нам нь олонхийн эрхийг аваагүй бол ийм байдлаар нийлэх, эвсэх үндсийг бий болголоо. Үнэнийг хэлэхэд, хүмүүс тэр бол­гон хэлэхгүй байгаа болохоос, МАХН-ын дарга Н.Энхбаярыг есөн шидээр муу хэлэхийн оронд нэг зүйлийг анзаарвал, түүний АН-ын дарга асан Н.Алтанхуягтай  байгуулсан хоёр намын хамтын ажиллагааны гэ­рээ­гээр Ардчилсан намыг ч, парламентыг ч олонх, цөөнхийн харилцааг тогт­вортой байлгахыг хичээсэн. Гэтэл бусад нам, улстөрчид тэр гэрээгээр далим хийсэн. АН дахь өрсөлдөгч фракц нь Н.Алтанхуягаа унагахад ашигласан. Түүнээс биш  нам хоорондын гэрээ маш зөв алхам.

-Ер нь аль ч нам хоорондын гэрээ улстөрд байх ёстой зөв алхам гэж үү. Эсвэл... -МАН байна уу, АН болоод бусад намын хооронд гэрээ байгуулна уу хамаагүй, тогтвортой байдлын, удаан жилийн нам хоорондын хамтын ажиллагааны гэрээ гэдэг засаг, төрийг тогтвортой авч явах баталгаа.

-Тэгвэл аль нэг на­мын дотоод зөрчил тө­рийг хямралтай мэт хараг­дуулдаг гажуудлыг засах гарцын тухайд та юу хэлэх вэ?

-Үндсэн хууль болон бусад хууль тогтоомж үнэхээр үйлчилдэг, хуулиа хэрэгжүүлдэг бол улстөрийн нам дотроо яаж ч хямарч, бас тохирч болно. Хамгийн гол нь Монголын төр тогтвортой, ямар ч гацаа­гүйгээр ажиллаж байх ёстой. Харамсалтай нь энэ горим алдагдаад удлаа. Сүүлийн 2-3 жилд гарсан юм биш, өмнө нь ч байсан. Засах гэж олон жил оролдсон, Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийе гэж хэсэг, бүлэг хүн сөрөг хүчний байр сууриас хандсан. Гагцхүү манайхан үүнийгээ  мартаад байдаг. Уг нь бол  Улстөрийн намын болон Сонгуулийн тухай зэрэг холбогдох хууль тогтоомжуудаа илүү чамбайруулж, ингэхдээ дараачийн сонгууль, өөрсдөдөө болон нам­даа тохируулах бус түрүү­чийн хэлсэнчлэн яавал парламентын дотоод харьцааг хадгалж, тогтвортой байлгах вэ гэдэг тал руугаа хариуц­лагыг ногдуулж байх ёстой. Намуудын дотоод хариуцлага, ялангуяа Их хурлын гишүүдийн бүрэн эрхийн асуудал гарцаагүй хөндөгдөх учиртай. Ичих ч үгүй намын жагсаалтаар Их хуралд орж ирчихээд намынхаа шийдвэрийн эсрэг кноп дараад сууж байгаа нөхдүүд зөндөө байна шүү дээ. Учир нь хариуцлага тооцох асуудал нь орхигдсон хуулийн цоорхойг ашиглаад байна. Ядаж тэр нөхдүүддээ нам нь хариуцлага тооцдог байх ёстой. Аль ч намд ийм зүйл байгаа.

-Ийм байгаа уч­раас Монголын төр муухай харагдаж байна. Сонгогчдын саналыг ч яахав, хар машинаараа луйвардчихдаг юм байгаа биз. Гадаад ертөнц бидэнд яаж итгэх юм бэ?

-Дэлхий нийтэд доог, шоог болж байгаа нь үнэн. Монголын төр хэлсэндээ хүрч чаддаггүй. Засгийн газар нь үзэглэсэн гэрээгээ цуцладаг. Нэг сайд гарч ирэхээрээ өмнөх сайдынхаа ярьсан, хэлснийг орвонгоор нь эргүүлдэг. Төрийн залгамж чанар гэж юм байхгүй болчихсон. Ийм нөхцөлд ерөөс гадаадын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа гэж ярих хэрэг байна уу. 

Үргэлжлэлийг эндээс

Эх сурвалж:www.hunnu.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: