Хүүхдийг сургуулиас гадуур гэрт нь яаж урамшуулах вэ?

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2024 04 сар 17

Хүүхдийг сургуулиас гадуур, гэрт нь урамшуулах нь хичээлдээ амжилттай суралцах боломжийг нэмэгдүүлдэг. Яаж урамшуулах вэ?

Тэдний оюун ухааныг унших боломжоор дүүргэх. Хүүхдэдээ ном уншиж өгөх нь маш чухал. Унших нь зөвхөн оюуны ашиг тустай төдийгүй гэр бүлд, нийгэмд тустай. Бие биедээ ээлжлэн уншиж өгөх, гэр бүлийн гишүүн бүрийн хувийн сонирхолд нийцэх олон төрлийн номоор гэрийн номын сангаа дүүргээрэй!

Хүүхэд танд юу бодож байгаагаа илэрхийлж, ярьж буйг нь урамшуул. Хүүхдүүдэд хэлэх зүйл их байдгийг бид бүгд мэднэ. Тэдэнд санал бодлоо илэрхийлэх эсвэл шийдвэр гаргахад тань туслах нь тэдний бодож байгаа зүйлийг томчууд үнэлдэг гэдгийг харуулдаг.

Тэдний юунд дуртайг, юу сонирхож байгаагаа хар. Хүү тань бөхөд дуртай бол бөхийн барилдаан очиж үзэхийг санал болго. Охин тань балетад дуртай бол бүжгэн жүжиг хамт үз! Тоглолтын дараа түүнийг харсан, үзсэн зүйлийнхээ талаар товч дүгнэлт бичихийг хүсээрэй! Иймэрхүү үйл ажиллагаагаар хүүхдээ дэмжин хамт байх нь тэдний дуртай зүйлийг эцэг эх нь сонирхож байдаг гэдгийг батлан харуулдаг.

Хүүхдийнхээ амжилтыг тэмдэглэ. Амжилтыг том зүйлээс хайх хэрэггүй. (Сэрүүлгийн эхний дуунаар сэрж чаддаггүй байсан хүүхэд эхний дуугаар сэрж чадсан бол тухайн хүүхдийн хувьд тэр нь амжилт)

Амжилт бол залхуурахгүй тасралтгүй хийж буй бүхий л хичээл, зүтгэл, оролдлогын дараа гарч буй эерэг үр дүн юм. Магадгүй хүүхэд тань таныг гэртээ харихаас өмнө гэрийн даалгавраа хийж дуусгасан ч юм уу, өрөөгөө санаачлагаараа цэмбийтэл цэвэрлэсэн байвал та хүүхдийнхээ энэ үйлдлийг сайхан үгээр магтан урамшуулаарай. Энэ нь хүүхдийг үргэлжлүүлэн хийх хүслийг төрүүлэх эерэг бататгал болдог.

Үргэлж сөрөг зүйлд анхаарлаа төвлөрүүлж болохгүй. Хүүхдүүд өөр, өөр давуу болон сул талуудтай байдаг. Хүүхэд бүр хичээл, спорт, урлагийн үзлэгт сайн байж чаддаггүй. Магадгүй таны хүүхэд монгол хэлний эсвэл түүхийн шалгалтаас С авсан ч математикийн шалгалтандаа А авсан байж болно.

Хүүхдэдээ дараагийн удаа С авсан хичээлд нь туслаарай, гэхдээ Математикийн шалгалтын үр дүнд нь үгээр дамжуулан урамшуулна эсвэл эерэг бататгал өг. "Гайхалтай ажил!" "Чи сургуульдаа үнэхээр сайжирч байна, би чамаар бахархаж байна!" гэх мэт... Хүүхдүүдэд ангиас гадуур гэр бүл дотроо урам зориг өгөх нь тэдний суралцах ур чадварыг ангид нь сайжруулдаг шүү.

 

Хүүхдийн зохиолч, Сэтгэл судлаач А.Найгалмаа


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх