Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2024 04 сар 22
Улсын Ерөнхий прокурорын хүсэлтийн дагуу УИХ-аар хэлэлцэж Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлээд жил гаруй хугацаа өнгөрлөө. Тэднийг “нүүрсний” гэх тодотголтой хэргээр шалгаж эхэлснийг АТГ-аас 2022 оны 12 дугаар сард зарлаж, 2023 оны 3 дугаар сард УИХ-ын тогтоолоор бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн.
Одоогоор Т.Аюурсайханыг шүхээс гэм буруутай гэж үзэж, гурван жил хорих ял оноогоод буй. Харин “Ажнай” Д.Бат-Эрдэнийн хувьд гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн ч хэргийг эцэслэн шийдвэрлэлгүй сонгуультай золгов. Өмнөговь аймгаас УИХ-д гурван удаа сонгогдсон Д.Бат-Эрдэнийн хувьд нүүрсний сонсголоор багагүй булхай нь илэрсэн атал өнөөдрийг хүртэл ямар ч хариуцлага үүрээгүй явна. Тухайлбал, түүнийг “Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргаар томилохдоо хууль зөрчсөн, тухайн үеийн бүх баримт устсан, хоёр тендер тутмын нэг нь зөрчилтэй, хөрс хуулалтын ажлын дүнг нягтлах боломжгүй, нэгдмэл сонирхолтой компаниуд оролцсон, өөрийн хамаатан саданг ТУЗ-д томилуулсан, ТУЗ-ийн гишүүд болох Д.Бат-Эрдэнэ, Р.Сэддорж нарын хүмүүст урамшуулал олгосон гэх мэтээр яригдсан. Нүүрсний сонсголыг даргалагч УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр энэ бүх баримтыг хууль хяналтын газарт шилжүүллээ хэмээн зарласан.
Анх УИХ-ын гишүүн асан Л.Энхболд “Орон нутгийн 51 хувийн эзэмшилтэй Тавантолгой ХК-аас 379 мянган тонн нүүрс зувчуулсан буюу “мөргөцөг алга болсон” гэх хэрэгт холбоотой гэсэн мэдээлэл өгч байсан юм.
АТГ-аас Д.Бат-Эрдэнийг 2012-2016 онд УИХ-ын гишүүн байхдаа “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Түвшинбаяр /үеэл нь/, гүйцэтгэх захирал Р.Сэддорж / туслах нь байсан/ нарт нөлөөлж, 323900 тонн нүүрсийг өр төлбөрт авсан мэт баримт бүрдүүлж, "Тавантолгой" ХК-д 18.4 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэгт яллагдагчаар татан шалгаж эхэлсэн байдаг.
Ямартай ч АТГ-аас түүний хэргийг шалгаад шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн гэдгээ мэдэгдээд бас л багагүй хугацаа өнгөрлөө. Гэвч өнөөдрийг хүртэл хэргийн явцын талаар мэдээлэл өгсөн тал алга. "Ажнай" Д.Бат-Эрдэнийн гэх хэргийн хавтас нээлттэй хэвээр байна. Тэр хавтсанд хавчуулагдсан Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж УИХ-д нэр дэвших бэлтгэл хангаж дуусаад байгаа талаар эх сурвалжууд мэдээлсээр удлаа.
Өөрөөр хэлбэл, Засгийн газрын сүржин зарлаж, эхлүүлсэн “нүүрсний” гэх тодотголтой хэрэг Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нараар ингэсгээд замхрах тийшээ хандлаа гэж харагдаж байна.
Харин Д.Бат-Эрдэнийн хувьд гишүүний бүрэн эрхээ түдгэлзүүлээд жил гаруй болчихсон учраас сонгогчдод тайлан бэлтгэж гүйх шаардлага алга. Аль аль талдаа хариуцлага үүрэхгүй амар боллоо гэх шиг шүд чигчилж суух болов. Нэгэнт “баруун гар”-аа УИХ-д оруулахаар даамай сайн бэлтгэл базаачихсан учраас түүнд гишүүний бүрэн эрх түдгэлзсэн эсвэл сэргээсэн эсэх огт падгүй болж. Олны анхаарлыг татсан энэ хэрэг сонгуулийн сургаар хэсэг шуугиан нь дарагдсан учраас аятайхан мултарчих арга чаргаа ч олчихсон.
Зарим эх сурвалжийн мэдээллээр түүнийг хариуцлагаас ийн бултахад “номер 1” ч оролцоотой гэх. Учир нь, тэд 1985-1989 онд Цэргийн нэгдсэн сургуульд багш шавийн барилдлагатай байсан эртний танилууд. Шавьд багшийг хэргээс мултлах төдийлэн асуудалтай зүйл биш бол багшид шавийн хүслийг гүйцээх ч асуудалгүй. Сүхбаатар аймагт багшийн хишиг очсон сураг ч бий.
Гэвч ард иргэд “нүүрсний” гэх хэргийн араас нэхэл хатуутай байгааг сануулах нь зүй. 4 их наяд байна уу, 40 их наяд байна уу төрийн өмчийг хулгайлсан л бол хулгайч, албан тушаалаа урвуулсан, авлига хээл хахуульд автсан төрийн албан хаагч, төрийн түшээг хүлээн зөвшөөрөх ёс зүй хэнбугайд ч байх ёсгүй. Төр буруутай гэж үзсэн бол хариуцлагаа тооц эсвэл эндүүрснээ албан ёсоор тайлбарлах нь зүй.
Эх сурвалж: www.toim.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.