Халуун тогооны “харгислал”

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 01 сар 19

Халуун усанд хурууныхаа үзүүрийг түлэхэд нэг хэсэгтээ л хорсоод, эвгүй байдаг биз. Тэгвэл том хүн та бөгсөн биеэ, гараа, хөлөө тэр чигээр нь буцалж байгаа халуун усанд түлвэл яах бол.

Тэр их өвдөлт, хорсолтыг даван туулахад ямар хэцүү байхыг төсөөлж байна уу. Таны хэнэггүй, хайнга, болгоомжгүй байдлаас болж биднээс хэд дахин нимгэн арьстай жаахан хүүхдүүд хамаг биеэ шалзлуулчихаад уйлж хэвтэнэ.

Тэд уйлахаас өөрөөр өвдөж байгаагаа илэрхийлж чадахгүй тийм л жаахан. Аав, ээж, ах, эгч, эмээ, өвөө нарт сэрэмжлүүлэг болгох үүднээс энэхүү нийтлэлийг бэлтгэлээ. Айл болгонд шахуу байдаг Хятадаас орж ирсэн цахилгаанаар ажилладаг халуун тогоо гээч зүйл бяцхан жаалуудад ямар аюул тарьж байгааг энэ нийтлэлээр харуулахыг зорьсон юм. Зөвхөн Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн Түлэнхийн тасагт өдөрт 10-15 хүүхэд яг ийм шалтгаанаар осолдон очиж байна. Тэнд хэвтэн эмчлүүлж байгаа зургаан сартайгаас гурван нас хүртэлх хүүхдүүд халуун тогоо, ус буцалгагч, халуун сав зэргийг татсан, дээр нь унаснаас болж түлэгдсэн байх ба дийлэнх буюу 80 орчим хувийг нь халуун тогоо  эзэлж байгаа гэсэн харамсалтай тоо энд байна. Бүр тодруулбал, цахилгаан халуун тогооны залгуур нь богино гэсэн шалтгаанаар газарт тавьж хоол, цай буцалгаж байх үед бага насны хүүхэд дээрээс нь унасан, өөр лүүгээ татсан гэх тохиолдлууд дийлэнх нь байна.

 

Жишээ 1

Ой зургаан сартай хүү Б. Хэвтэн эмчлүүлээд найм хонож байгаа. Ээж нь газар тавьсан халуун тогоонд цай чанаж байх зуур газар буусан ууран дээр халтирч тогоон дотор бөгсөн биеэрээ унасан. Хүүгийн бөгсөн бие, бэлэг эрхтэн түлэгдэж, биеийн 30-40 хувьд нь гэмтэл авчээ. Хүүгийн ээж давс авахаар эргэх хооронд л ийм юм болчихсон гээд хоолой нь зангирч байлаа. Халуун тогоогоо газар тавилгүйгээр, хүүхдийн гар хүрэхгүй газарт тавьж хэрэглэж болоогүй юм уу гэж асуухад “Өндөрт тавихаар залгуураас нь татаад толгой дээрээсээ унагачих вий гэж болгоомжилсон юм” гэж хариулав. Хүү уйлагнаад зовиур ихтэй байгаа бололтой. Мэс засалд орохгүйгээр 1-3 жилдээ байнгын эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж эмч хэлжээ. Яваандаа арьс нь татагдан эдгэж магадгүй. Хэрэв тэгвэл хүүгийн хөлөнд нөлөөлж, явж чадахгүй ч болж мэднэ гэсэн байна. Тиймээс ямар ч аргаар хамаагүй эмчилгээг нь тасалдуулалгүй хийлгэнэ гэж ээж нь ярьсан юм. Тэрээр хүүхдээ өөрөө хардаг. Уг нь өөрөө хувийн цэцэрлэгийн багш юм байна. Тэр өдөр амралтын өдөр байсан тул гэртээ байж байгаад ийм осол болжээ. 

 

Жишээ 2

Гэмтлийн эмнэлгийн Түлэнхийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа есөн сартай охин Т. Ээж нь мөн л газар тавьсан халуун тогоондоо бантан буцалгаж байхад нь мөлхөж очоод өөр лүүгээ татаад асгачихсан. Охины цээж, гэдэс, гар, гуя түлэгдсэн. Хэвтэж эмчлүүлээд найм хонож байгаа бөгөөд сэхээнээс гараад удаагүй байгаа гэнэ. Эндээс гараад Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвд хэвтэж эмчлүүлэхээр болжээ. Учир нь охины зүрхэнд өөрчлөлт орсон гэнэ. Охины аав, ээж залуу хүмүүс байна. Одоогоор өөрийн гэсэн орон гэргүй, нийтийн байранд амьдардаг. Цахилгааны төлбөрөө бага гаргахын тулд хурдан, амархан буцалдагаар нь халуун тогоо ашигладаг гэлээ. Нийтийн байрны нэг өрөөний зай талбай ямар билээ дээ. Тэр дунд газар тавьсан халуун тогоо хүүхдийнх нь эрүүл мэндийг ийнхүү хохироосон хэрэг.

 

Жишээ 3

Дээр нь суугаад үсэрдэг, резинэн тоглоомоор тоглож байгаад буцалж байсан халуун тогоотой цай руу орчихсон хоёр настай охин С мөн энэ тасагт ээжтэйгээ хэвтэн эмчлүүлж байна. Тэд Дархан-Уул аймгаас уржигдар энд иржээ. Өвөө, эмээтэйгээ хамт байх үед нь ийм харамсалтай явдал болжээ. Уг нь өвөөгийнх нь байшинд амьдардаг. Өвөлдөө гал түлээд хоол, цайгаа хийчихдэг, хааяа  яарсан үедээ л халуун тогоо ашигладаг гэнэ. Тухайн үед мөн л тогоогоо газарт тавьчихсан байж. Охины баруун гар суганаасаа доош нэлэнхүйдээ түлэгджээ. Арьс нь үхжилттэй гэж оношлогдсон тул арьс нөхөх мэс засал хийлгэхээр хүлээж байгаа гэлээ. Охин их тэвчээртэй бололтой. Байнга уйлж ээжийгээ зовоохгүй байгаа гэсэн. Дээшээ хараад чимээгүйхэн хэвтэж байсан юм. Гарных нь зургийг авах үед ээж нь “Миний охины зургийг авна гэнэ ээ” гэж хэлэхэд над руу томоотой гэгч нь хараад инээмсэглэхэд нь өр өвдөж байлаа.

 

Жишээ 4

Төгсөх курсын оюутан бүсгүй хүүхдээ эгчдээ харуулахаар орхисон. Эгч нь өөрийн хоёр, дүүгийнхээ нэг хүүхдийг харж байжээ. Гурван хүүхдэд талхан дээр варень түрхэж өгчихөөд эргээд харах хооронд газар тавьсан халуун тогоонд бараг буцлах шахсан шөлтэй хоол руу дүүгийнх нь хүү болох ой найман сартай Г ухарч яваад бөгсөөрөө суучихаж. Тухайн үед хүүе гэж орилоод шууд буцаагаад татаж авсан ч бяцхан хүүгийн нуруу, бөгсөн бие тэр чигээрээ түлэгджээ. Хүү ээжтэйгээ Гэмтлийн эмнэлэгт долоо дахь хоногтоо эмчлүүлж байгаа юм. Шээс нь гарахгүй байнга халуураад дусал хийлгэж байж шээлгэжээ. Мөн хүндрэхгүй долоо хоноод клизм тавьж гаргажээ. Бөгсөн бие нь түлэгдсэн болохоор хөөрхий хүүд хүндрэхэд хүртэл хэцүү байгаа бололтой. Шөнөдөө хоёр цаг орчим л унтдаг, байнга уйлагнаад зовиур ихтэй байгаа гэнэ. Нурууны хэсгийн түлэгдэлт гүн учраас арьс нөхөх мэс засалд орохоор хуваариа хүлээж байгаа юм байна. Хүүгээ төлбөртэй цэцэрлэгт өгье гэж бодсон ч оюутан учраас санхүүгийн боломж болохгүй байсныг ээж нь учирлаж байлаа. Хэрэв жижигхэн гэрийн голд буцлам халуун шөлтэй тогоог газар тавьж ашиглаагүй байсан бол ийм явдал болохгүй л байсан байх.

 

Цахилгаан халуун тогоо нь 4-12 литрийн багтаамжтай байх ба никель, ширэм, түрхэцтэй гэсэн сонголтууд байдаг. Үнийн хувьд 30-75 мянган төгрөгийн хооронд. Бүгд Хятад улсаас орж ирдэг бөгөөд жигнүүртэй, жигнүүргүй гэдгээс эхлээд төрлийн хувьд олон бий. Багтаамж ихтэй, мөн хурдан хугацаанд халдаг зэрэг онцлогтой тул айл, өрх, цайны газрууд өргөнөөр хэрэглэж байна. Гэхдээ никель доторлогоо, түрхэц зэрэг нь буцалгаж байгаа зүйлтэйгээ химийн урвалд орохоороо сөрөг нөлөө үзүүлж болох тул сонголтондоо анхаарах, айл өрхийн хэмжээнд болж өгвөл энэхүү халуун тогооноос татгалзахыг мэргэжилтнүүд зөвлөж байлаа.

 

БИД ХҮҮХДҮҮДЭЭ ТҮЛЭХГҮЙ БАЙЖ ЧАДНА

 

Энэхүү нийтлэлийг сэрэмжлүүлэх зорилгоор хүргэж байгаа гэдгийг энд дахин бичье. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Түлэнхийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүд бүгд шахуу цахилгаанаар ажилладаг халуун тогоонд түлэгдсэн байгаа юм. Дээрээс нь ус буцалгагч, халуун сав гэсэн шалтгаанууд нэмэгдэнэ. Хамгийн гол нь багахан зай талбайтай хэрнээ халуун тогоогоо газарт тавьж ашиглаж байгаа нь хэлд, хөлд гүйцэд ороогүй бяцхан жаалуудыг түлээд байгаа юм. Зөвхөн Гэмтлийн эмнэлэгт өдөрт 10-15 хүүхэд ийм шалтгаанаар очиж байгааг дээр хэлсэн. Тэднээс амь насаа алдах тохиолдол ч олон байна. Тэгвэл нийслэлийн зургаан дүүргийн эмнэлэг, орон нутгийн эмнэлгүүдэд хэдэн хүүхэд ийм шалтгаанаар түлэгдэж очиж байгааг бид мэдэхгүй. Уг нь бид хүүхдүүдээ түлэхгүй байж чадна.

Хятадаас импортолдог цахилгаан халуун тогоог айлууд ихэвчлэн тог хэмнэх зорилгоор ашиглаж байна. Хурдан буцалдаг, зай багтаамж ихтэй гээд эдийн засгийн хувьд ашигтай ч хүүхдээ насан туршид нь тахир дутуу болгох, цаашлаад амь насаар нь дэнчин тавих шаардлага ер нь байна уу. Хэдийгээр хэн нь юугаа хэрэглэхийг хорьж, цагдах ёсгүй ч бяцхан хүүхдүүдийг “харгислаад” байгаа энэ зүйлийг хэрэглэхээ больчихвол ер нь яасан юм. Ядаж л газарт битгий тавиач, хүүхдүүд очоод татчихааргүй орон зайг нь олоод хэрэглэж болохгүй гэж үү.

Жилээс жилд хүүхдийн түлэгдэлт нэмэгдэж байгааг эмч нар хэлж байна. Ялангуяа сургууль, цэцэрлэг амарсан үед бүр ч ихэсдэг гэнэ. Түлэгдэлтийн бараг бүх тохиолдол гэртээ болж байгаа нь эцэг, эхчүүдийн хараа хяналт ямар сул байгааг харуулж байгаа хэрэг.  Хүүхдийн гэмтэл, ослын шалтгаан нь цаанаа нийгмийн олон учир шалтгаантай. Хоёр сая хүн амтай байсан 1990 онд баригдсан сургууль, цэцэрлэг нь өнөөдөр гурван сая хүн амтай болчихоод байхад нэмэгдэж шалиагүй гээд яривал шалтгаан олон бий. Гэхдээ эцэг эхчүүд, асран хамгаалагчид бид бяцхан үрсээ ядаж л халуун тогоонд шалзлахгүй байж чадна шүү дээ.

 

Баримт:

-Зөвхөн ГССҮТ-д өдөрт 10-15 бага насны хүүхэд халуун тогоотой буцлам зүйлд түлэгдэн очиж байна.

-ГССҮТ-ийн Түлэгдэл, нөхөн сэргээх мэс заслын тасгийн 80 орны 50 хувьд 6 сартайгаас 3 нас хүртэлх хүүхдүүд хэвтэн эмчлүүлж байна. Тэд халуун тогоо, ус буцалгагч, халуун савнаас болж түлэгдсэн байх ба 80 орчим хувийг нь халуун тогооны осол эзэлж байгаа юм.

-Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж буй бүх хүүхэд яг ийм шалтгаанаар түлэгджээ.

-Хурдан буцалдаг, амархан халдаг онцлогтой тул халуун тогоонд түлэгдсэн хүүхдүүдийн ихэнх нь 40-өөс дээш хувийн түлэгдэлт авч байна.

-Сүүлийн таван жилийн дунджаар хүүхдийн осол, гэмтлийн тохиолдлын 11.8 хувийг түлэгдэлт эзэлжээ.

 

Э.Галбадрах: ХАЛУУН ТОГОО ХАМГИЙН ХОРУУ ЧАНАРТАЙ ШАЛТГААНЫ НЭГ БОЛЧИХООД БАЙНА

/ГССҮТ-ийн Түлэгдэл, нөхөн сэргээх мэс заслын тасгийн эрхлэгч/

-Хятад халуун тогоонд түлэгдэж ирэх тохиолдол сүүлийн үед ихэсч байна. Гэр хорооллын айлууд ихэвчлэн цахилгаан халуун тогоог хэрэглэж байгаа. Мэдээж хүний хэрэглээ хойно цай, хоолоо хийж идэж болно. Хамгийн гол нь хүүхэд дотор нь ороод уначихаар, өөр лүүгээ татчихаар нам дор газар байрлуулдаг. Ихэнх нь шууд газар тавьчихдаг. Мэдээж хэрэглэхийг нь хориглоно гэж байхгүй. Гол нь бага насны хүүхэдтэй бол гар хүрэхээргүй газарт байрлуулах хэрэгтэй байна. Халуун тогоо нь өөрөө багтаамж ихтэй байдаг. Тиймээс бага насны хүүхэд дотор нь унавал биеийн 40-өөс дээш хувь түлэгдэнэ. Энэ тохиолдолд нас барах эрсдэл нэмэгдэнэ гэсэн үг. Эдгээд гарлаа гэж бодоход эд эрхтнүүд нь тахир дутуу болох, сорвитой үлддэг. Хамгийн хоруу чанартай шалтгааны нэг нь болчихоод байна. Сэхээнд хэвтэх, хүндрэх, цаашлаад амиа алдаж байгаа хүүхдүүдийн дийлэнх нь халуун тогооноос болж байна.

 

Т.Сэлэнгэ:  АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ЗААВРЫГ МӨРДӨӨРЭЙ

/НЭМҮТ-ийн осол, гэмтэл хариуцсан мэргэжилтэн/

-Хүүхдийн осол гэмтлийн сүүлийн таван жилийн дунджийг харахад бүх төрлийн уналтаас үүдэлтэй осол гэмтэл 43.2 хувь, зам тээврийн осол 13.7 хувь, түлэгдэлт 11.8 хувийг эзэлж байна. Түлэгдэлт өндөр байгаагийн нэг шалтгаан нь яах аргагүй цахилгаан халуун тогоо болж байна. Эцэг, эх асран хамгаалагчид аюулгүй ажиллагааных нь зааврыг мөрдөж, хүүхдийнхээ гар хүрэхгүй газарт тавьж хэрэглэмээр байна. Олон улсын судалгаанаас харахад хүүхдийн осолт гэмтлийн 90 хувь нь эцэг, эх асран хамгаалагчийн хараа хяналтгүй байдлаас болж байна.

 

С.Ариунболд: ТҮЛЭГДЭЛТ ХОЖИМ ХОР УРШИГ ИХТЭЙ

/Нийслэлийн түргэн тусламжийн төвийн орлогч дарга/

-Түргэн тусламжийн утсанд өдөрт хүүхэд түлэгдлээ гэсэн дуудлага 10-15 ирдэг. Гэхдээ зөвхөн манайхаар дамжсан тоо шүү дээ. Өөрсдөө машинаараа эмнэлэгт очиж байгаа, хөнгөн түлэгдэлтийг гэртээ эмчилж байгаа гээд үүний цаана дахиад тоо бий. Дийлэнх нь эцэг эхийн хариуцлагагүй байдлаас үүдэлтэй байна. Халуун тогоогоо газар тавьж хоол хийдэг, разетка утас нь ил байдаг, индүүгээ асаагаад гарчихдаг гэх мэт. Түлэгдэлт хүүхдийн амь насанд хүрч байна, маш их сорви үлдээж байна. Хэдэн жилийн дараа хүүхэд томрохын хэрээр сорви нь татах, явж чадахаа болих, бичиж чадахгүй болох гээд хор уршиг ихтэй. Дээрээс нь хар яриагаар түлэгдэнгүүт нь элсэн чихэр түрхэх гэх мэт буруу зүйл хийж үрэвсүүлчихдэг. Түлэгдэж байгаа тохиолдлын 80 хувь нь хүүхэд байна. Хүйтрэхийн хэрээр энэ төрлийн дуудлага нэмэгддэг. 

 

Б.Солонго

 

Эх сурвалж: www.zuuniimedee.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх