Ноён уулаа аврах уу, алдах уу?

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2015 01 сар 19 ・ 6

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дахь Ноён уулын Сүжигт, Гацууртын аманд газар дээр нь очиж ажилласан сурвалжлагаа үргэлжлүүлэн хүргэж байна.

Бидний эхлээд буусан газар бол Ноён уулын Сүжигтийн ам билээ. Энд Хүннүгийн үеийн язгууртны 212 булш бий. Харин одоо түүх, соёлын хосгүй үнэт дурсгал бүхий талбайд алтны компаниуд ашиглалтын 43 тусгай зөвшөөрөл авсан нь иргэд, эрдэмтдийн сэтгэлийг ихэд зовоож байгаа юм.

Уг нь ном ёс, хууль дүрэм яривал их зүйл бий. Наанадаж л уул уурхайн ажил эхлэхийн өмнө авран хамгаалах ажил хийх  ёстой ч манай улсад ийм жишиг үгүй гэхэд хилсдүүлсэн болохгүй. Уул уурхайн компаниуд тусгай зөвшөөрөл авангуутаа палентеологи, археологи, угсаатан зүйн судалгааг хийлгэдэггүй. Шууд талбайгаа аваад хайгуулаа эхэлж оруулдаг. Энд тэнд өрөмдөөд эхлэхээр нь хүмүүс гомдол гаргадаг тул энэ ажлыг хагас дутуу хийлгэсэн болдог. Эсвэл нөөцөө тогтоочихоод ашиглаж болно гэнгүүт хуулийнхаа дагуу явъя гээд зүтгэчихдэг. Өөрөөр хэлбэл, баахан газар өрөмдөж үзчихээд ингэж ярьдаг юм.

Албан ёсоор 50 мянган тонн, албан бусаар 75 мянган тонн алтны нєєцтэй Гацууртын ордод эртний булш, бунхан байхгїй тул олборлолт хийж болно хэмээн “Сентерра гоулд”-ынхан тайлбарлаж байлаа.

 ИХ ХААДЫНХАА БУНХАНЫГ ЗОХИХ ЁСООР НЬ ИЛ ГАРГАХ ЦАГ ИРНЭ

 Авран хамгаалах ажлыг уул уурхайн компаниудын ажлын төлөвлөгөөнд баригдаж хийдэг. “Энэ нь манай улсад хамгийн аюултай. Манай ажил болохоо болилоо. Та нар үүнийг нэг жилийн дотор хий гэж яаруулдаг. Ноён ууланд ингэж хандвал тонуулчидтай адилхан л ажиллана гэсэн үг. 10 институт зэрэгцээд орсон ч Ноён уулын булшийг аврах хэцүү. Тиймээс бид түүх соёлын өвөө устгуулмааргүй байна” гэдгийг эрдэмтэд  хэлж байна. Хуулиараа алтыг нь авах гэж байгаа газар авран хамгаалах зардлыг гаргах ёстой. Гэхдээ 212 булш аврах зардал өгөх үү, үгүй юу гэдэг ч асуултын тэмдэгтэй үлдэж байгаа юм.

Нэг булшин дээр 100 орчим хүн ажилладаг юм байна. Тэдний хоол хүнс, цалинг хэн өгөх вэ. Зуны гурван сарын хэдэн өдөр нь бороотой билээ. Тэгээд ч Монголын зун богинохон. Гэтэл малтах талбай, дурсгал нь их. Энэ хэрээр зардал өсөх нь тодорхой. Малтлага хийгээд гаргаад ирлээ гэхэд олдворуудыг сэргээн засварлах хөрөнгө, хадгалах байр сав хэрэгтэй. Тэр нь хаана байна. Тиймээс малтахгүй байсан нь дээр гэдэг хувилбарыг эрдэмтэд сонгож байгаа юм. Тэд “Бид дандаа ийм ядуу байхгүй. Египет ядуу байж, хамаг юмаа алдсан. Гэтэл өнөөдөр тэд хүчтэй болж дурсгалуудаа буцааж авч байна. Пирамидаа судлуулж, үзүүлээд амьдарч болж байна шүү дээ. Бидэнд ч тийм цаг ирнэ шүү дээ. Аугаа их хаадынхаа булш бунханыг зохих ёсоор нь ил гаргаж, судлуулж, жуулчдад үзүүлээд мөнгө босгох боломжтой. Бид тэр цагийг үзэхгүй ч хойч үе маань бий шүү дээ. Бид 2220 гаруй жил угсаа залгаад ирсэн. Биднээс хойш хэдэн мянган жил хүн амьдрахыг хэлж мэдэхгүй шүү дээ” гэж учирлаж байгаа юм.

Археологич, доктор Д.Эрдэнэбаатар “Хоорондоо 10 метр хүрэхгүй зайтай орших олон булш Сүжигтийн аманд байгааг бид нүдээр үзлээ шүү дээ. Гэтэл энд “Гүнбилэгт” хэмээх компани хайгуулын тусгай зөвшөөрөлтэй байж байгаад ашиглалтынх болгожээ. Тэд булшнуудын хойгуур зааглан хашаа татсан байна. Өөрөөр хэлбэл, алт олборлох ашиглалтын талбайд Хүннүгийн үеийн дурсгал хадгалагдаж байгаа юм. Тухайлбал, П.К.Козловын илрүүлсэн зургадугаар ноёны булш доошоо таван давхар барилгатай эн тэнцэхүйц байгууламж байдаг” гэв.

 НОЁН УУЛЫГ 1, 2 ГЭЖ ХУВААЖЭЭ 

 Ноён ууланд Сүжигтийн амнаас Гацууртын ам хүртэл цувруулаад ашиглалтын талбайн 43 тусгай зөвшөөрөл авсан байх юм. Бид Богдхан уулыг маш сайн мэднэ. Газар зүйн нөхцөл, газрын гадаргын хувьд Богдхан уул зүүнээс баруун тийш чиглэсэн их нуруу болон түүний салбар уулсаас бүрддэг. Нүдэн баримжаагаар Ноён уул үүнтэй ойролцоо бүтэцтэй юм.

Гэтэл үргэлжилсэн их нуруунаас тогтсон нэг уулыг Ноён уул 1, 2 гэж хуваан нэрлэжээ. Үүнд нь гайхсан хүмүүс “Энэ чинь нэг уул биз дээ” гэж асуухаар “Тийм” гэж хариулцгаана. “Тэгээд яагаад Ноён уул 1, 2 гээд нэрлэчихсэн юм бэ. Энэ нэрийг хэн өгөв” гэхээр хэн ч үл хариулна. Харин Гацууртын орд байгаа нь Ноён уул 1, тэнд булш бунхан байхгүй тул алтыг нь олборлож болно. Нутгийн иргэдийн тахиж шүтдэг, Хүннүгийн үеийн булш бунхантай Ноён уул 2 нь энэ Сүжигтийн ам байгаа уулыг хэлдэг гэж тайлбарлах нь инээдтэй гэхээсээ илүү эмгэнэлтэй байлаа. Бид хэзээ ч Богдхан уул 1, 2 гэж ярьдаггүй сэн.

УУЯ-ны ХШҮДАГ-ын дарга Д.Жавхланболд “Агаарын шугамаар буюу газрын зураг дээр шулуун татахад хоёр Ноён уул хоорондоо ойролцоогоор 5.8 км. Гацууртын аманд булш бунхан байхгүй. Тэнд тэсэлгээ хийхэд нөгөө ууландаа нөлөөлөхгүй. Монгол Улсын хамгийн том уурхай “Эрдэнэт”-ээс Эрдэнэт хот агаарын шугам татахад ойролцоогоор нэг км гаруй зайтай оршдог. Гэтэл уурхайд хийсэн тэсэлгээний чичирхийлэл хотын төвд мэдрэгддэггүй. Уурхайд хүчтэй тэсэлгээ хийвэл  ашигт малтмалаа буцаагаад цацчихдаг. Тиймээс чичирхийллийг тэрүүхэн тэнд нь өгөхөөр хийдгээрээ уурхайн тэсэлгээ онцлогтой” гэж тайлбарлаж байлаа.

Ингээд бид Сүжигтийн амнаас албан мэдээгээр 50 мянган тонн, албан бусаар 75 мянган тонн алтны нөөцтэй Гацууртын амыг зорилоо. 

 “СЕНТЕРРА ГОУЛД” 2300 ГА ТАЛБАЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ

 “Сентерра гоулд” компани 421, 372 гэдэг ашиглалтын талбайн тусгай зөвшөөрлийг “Гацуурт” компаниас шилжүүлэн авчээ. Тэд тусгай зөвшөөрлүүдээ шороон ордын хайгуул нь хийгдээд олборлолт дууссан тэр үед нь шилжүүлж авсан гэж тайлбарлаж байв. “Сентерра гоулд Монголиа” компанийн техникийн асуудал хариуцсан захирал Ж.Бүрэнтөгс “Сүжигтийн ам Гацууртын амнаас харагддаггүй. Шулуунаараа 7-8 км байгаа. Бороогийн ордыг ашиглаж байхад Дархан, Сэлэнгийн хар зам 500 метрийн алсад байсан. Тэгэхэд тэнд ямар нэгэн нөлөө үзүүлээгүй. Тиймээс хэдэн км-ийн алсад байгаа газарт манай тэсэлгээ нөлөөлнө гэж би хувьдаа бодохгүй байна. 5.8 км гэдэг бол ашиглалтын талбайн гадна талын өнцөг нь. Түүнээс дотогш бас хэдэн км байгаа” гэв. Тиймээс одоо УИХ-аар “урт” нэртэй хуулийг хэлэлцэж, “Сентерра гоулд”-ад алт ухах зөвшөөрөл өгвөл дээрх тусгай зөвшөөрөлтэй хоёр талбайдаа буюу нийт 303 га талбайд олборлолт хийх юм байна. Үүнээс одоогоор 146 га нь өмнөх шороон ордын нөхөн сэргээгдээгүй орхигдсон талбай болж хувирчээ. Өөрөөр хэлбэл, бүхэл бүтэн уулыг нурааж, усыг нь эргүүлээд орхичихсон байлаа. Үүнийг тэд өмнөх компанийн хийсэн ажил.  Бид шороон ордынхоо овоолгыг нөхөн сэргээнэ гэж тайлбарлав.

“Бороо гоулд” уурхайн дарга Д.Пүрэвраш “Газрын зураг дээр агаарын шугам татахад 10 орчим км боловч модтой уул даваад өгсч уруудаад явахад 20 орчим км зам туулдаг. Дээр нь Зурамтай, Сүжигтийн эх гээд өвөр тал нь Төв аймгийн Борнуур сумын нутагт харьяалагддаг. Яг манай хайгуулын талбай дээр ямар нэгэн археологийн олдвор байхгүй” хэмээн “гүрийсэн” юм. Харин эрдэмтэд “Одоо цас дарчихсан байгаа болохоор зарим зүйл тод харагдахгүй байгаа юм. Түүнээс биш Ноён уул бүхэлдээ хаад язгууртныг онголж тавьсан газар шүү дээ. Энэ шороон ордын овоолгыг хараад хэд хэчнээн хэмжээний чухам юу сүйдсэнийг одоо хэлэх боломжгүй. Монголчууд эрт дээр үедээ нар тусдаг уулын ээвэр газрыг ар, өвөр гэж ялгалгүй хүнээ тавьдаг байсан юм” хэмээн тайлбарлаж байлаа. Мөн Ноён уул, Сүжигтийн ам гэх мэтээр нэрлэсэн нь ч их учиртай аж. Тухайлбал, эртний түрэг хэлний тай нь уул. Сутай, Утай гэвэл төвдөөр су нь ус, у нь тав, тай нь уул. Үүнийг монголчилбол устай уул, таван уул гэсэн үг. Ингээд бүтэц тогтоцыг нь ажиглаад үзэхэд нээрээ л тойроод таван уул эсвэл уулаа тойроод ус гол элбэг байх жишээний байдаг.   

“Сентерра гоулд”-д бас 5082, 10810 гэсэн ашиглалтын тусгай зөвшөөрөл бий юм байна. Ингээд нийтдээ 2300 га талбайн тусгай зөвшөөрөлтэй нь тодорхой болов. Тэд зөвхөн 421, 372 гэсэн ашиглалтын 303 га талбайдаа олборлолт хийнэ гэж одоохондоо ярьж байна. Харин нөгөө хоёр тусгай зөвшөөрлөө яах гэж авсан болж таарах вэ.

 

Г.Ганчимэг

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

6 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • 999 / 2015 01 сар 20/

    uhuulahgui l gej bga bol buh tusgai zovshuurliig ni huchingui bolguulahiin tuluu tuushtai temtseech haraagiihaan chadahgui shtei hagarsan butarsan ev negdel bhgui hoorondoo alaltsaj bga humuus chadahguil dee nogoon tseepildorj har hor hiij yvahiinhaa orond noyn uuliin talaar duugarch bga ym uu nymda

    Хариулах
  • Зочин / 2015 01 сар 20/

    Өвөг дээдсийг маань амгалан тайван нойрсуулахгүй алтыг нь ухаж авах гэж шунахайрч байгаа хүн бүр гадаад, монгол хэн ч байсан ялгаагүй удахгүй Мөнх Тэнгэрийн зарлиг доор гэсгээгдэн дуусах болно. Тун удахгүй шүү!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

    Хариулах
  • Зочин / 2015 01 сар 20/

    Өвөг дээдсийг маань амгалан тайван нойрсуулахгүй алтыг нь ухаж авах гэж шунахайрч байгаа хүн бүр гадаад, монгол хэн ч байсан ялгаагүй удахгүй Мөнх Тэнгэрийн зарлиг доор гэсгээгдэн дуусах болно. Тун удахгүй шүү!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

    Хариулах
  • Зочин / 2015 01 сар 20/

    Өвөг дээдсийг маань амгалан тайван нойрсуулахгүй алтыг нь ухаж авах гэж шунахайрч байгаа хүн бүр гадаад, монгол хэн ч байсан ялгаагүй удахгүй Мөнх Тэнгэрийн зарлиг доор гэсгээгдэн дуусах болно. Тун удахгүй шүү!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

    Хариулах
  • Зочин / 2015 01 сар 20/

    Өвөг дээдсийг маань амгалан тайван нойрсуулахгүй алтыг нь ухаж авах гэж шунахайрч байгаа хүн бүр гадаад, монгол хэн ч байсан ялгаагүй удахгүй Мөнх Тэнгэрийн зарлиг доор гэсгээгдэн дуусах болно. Тун удахгүй шүү!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

    Хариулах
  • Зочин / 2015 01 сар 20/

    noen uuliig uxuulaxiig esergvvtsej bn

    1
    Хариулах