Төрийн банк ЖДҮ эрхлэгчдэд зориулсан сургалт зохион байгууллаа

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2024 05 сар 27

Дундаж давхаргыг дэмжигч Төрийн банк экспорт, импортын бизнес эрхлэхээр зорьж буй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан гадаад худалдааны талаарх цогц сургалтыг 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр зохион байгууллаа.

“Гадаад худалдааг амжилттай эрхлэх туршлага, боломжууд” нэрийн дор хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус сургалтын үеэр салбарын мэргэжилтнүүд импортын барааны өртөг бууруулах боломж, худалдааны санхүүжилтийн үйлчилгээ, экспорт, импортын тээврийг зохион байгуулах  зэрэг гадаад худалдаа эрхлэхэд шаардлагатай бүх төрлийн мэдлэг, мэдээллийг олгож, туршлага солилцох боломжоор хангаж буйгаараа онцлогтой.

Төрийн банкнаас санаачлан хэрэгжүүлж буй тус хөтөлбөрийг Нийслэлийн 6 дүүргийн харьяа ЖДҮ-ийг дэмжих Инкубатор төв, Хаан Даатгал ХХК, Үндэсний Давхар Даатгал ХК болон Төв Азийн Зам ХХК-ууд хамтран зохион байгуулж жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд бизнесээ амжилттай бойжуулахад нь дэмжлэг үзүүлэн ажиллав. Хөтөлбөрт нийслэлийн 120 орчим бизнес эрхлэгчид хамрагдсан нь сургалт авч, бизнесээ өргөжүүлэх, мэргэжлийн баг хамт олноос зөвлөгөө авах хүсэлтэй харилцагчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгааг илтгэж байна. 

Өдөрлөгийн үеэр Хан-Уул дүүргийн ЖДҮ-ийг дэмжих “Инкубатор төв”-ийн дэргэдэх аж ахуй нэгжүүд үндэсний үйлдвэрлэлийн болон бусад бараа, бүтээгдэхүүнээр үзэсгэлэн гаргаж үйл ажиллагаагаа танилцуулсан аж.

Ажлын байрыг бий болгож, эдийн засгийг бүрдүүлэхэд голлох нөлөө үзүүлэн, техник, технологийн шийдлийг нэвтрүүлэхэд түүчээ болж байдаг жижиг, дунд бизнес эрхлэгчдийн экспорт, импортоор дамжуулан бизнесээ өргөжүүлэхэд нь туслах зорилгоор Төрийн банк нь Америкийн Нэгдсэн Улсын “Каргилл Файнаншл Сервисес Интернэйшнл” Олон Улсын байгууллага (Cargill Financial Services International Inc)-аас гадаад худалдааг дэмжих 25 сая.ам доллар буюу 87 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг өнгөрсөн онд татан төвлөрүүлсэн билээ.

Мөн “Бизнес инкубатор” төвөөрөө дамжуулан бизнес эрхлэгчдэд сургалт орж, байнгын уялдаа холбоотой ажиллан бизнесээ өргөжүүлэн бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон нийтэд таниулан сурталчлахад нь түлхэц болсоор байна.

Төрийн банк нийгмийн хариуцлагын хүрээнд дотоодын болон гадагшаа чиглэсэн үйл ажиллагаануудыг зохион байгуулахдаа хөгжлийн бэрхшээлтэй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бизнесийг сурталчлан, бүтээгдэхүүн үйлчилгээг нь ашигладаг бөгөөд энэ удаагийн арга хэмжээг зохион байгуулахдаа мөн хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх