Д.ҮҮРИЙНТУЯАГИЙН ДАРААГИЙН ЗОГСООЛ ЮУ БАЙХ ВЭ

     “Ирж яваа галт тэрэгний хөдөлгөөнөөс болгоомжлоорой”. Цагаан хоолойгоор ийн зарлахыг сонсохлоор 30 жилийн өмнөх өртөө буудал, аян наймааны хүмүүс, ээжтэйгээ ханьсан алхсан танил зам гэрэлтэх шиг санагдана. Галт тэрэг ирэх дохиогоор охиноо хөтлөөд вокзалын хүлээлгийн танхимаас гарч угтагчдын дундуур сүлжихэд охин хэзээний том хүүхэд шиг гараас мултраад, өөрийнхөө торонд ижийнхтэйгээ яг адилхан хуваан үүрсэн  20 бууз, хоёр сав сүүтэй цайгаа борлуулахаар зүтгэнэ. Хагас бүтэн сайн, улирлын амралтаараа ээждээ туслан вокзал дээр бууз зарж, өрхийн төсөв бүрдүүлэлцсэн таван жил өнгөрөхөд тэр аль хэдийн том хүн шиг хэрсүүжиж амжжээ. Гэрт болдог яриа хөөрөө айлын бага хүүхдийн чихэн дээр өрнөж,таван ах эгчийн ажил амьдралын сургамж ч нүдэн дээр хөвөрнө. Бүгдийнх нь отгон дүү байтлаа үр хүүхэд бүрийнхээ төлөө санаж сарвайх эцэг эхийнхээ адил бүхэнд хүрэлцдэг, бүгдийг зохицуулах гэж оролцдог хүртээлтэй хүүхэд болжээ.

 

     “Миний аав ээж хоёр насаараа цэргийн газар ажиллаж, тэтгэвэрт их эрт гарсан. Зах зээлд шилжээд хүн бүхэн наймаа арилжаа хийж эхлэхэд хурааж хуримтлуулсан хөрөнгөгүй, насны хувьд идэр нас нь хэвийсэн улс хэрхэн мэгдэн сандарсан билээ дээ. Зургаан хүүхдийнх нь ууган нь бүл тусгаарлаж, удаах айлыг нь нэг өрөөндөө суулгаж, гэрээрээ хоол цай хийж галт тэрэг тосон борлуулж, болохгүйгээс болох хүртэл хамжиж дэмжээд амьдарцгаасан даа. Миний дээд талын ах тэгэхэд дөнгөж л есдүгээр ангийн хүү байлаа. Зэс гууль цуглуулах санаа гаргаж, бид хоёр томчуудтай зэрэгцэн нэг зунжин зах дээр зогссонсон. Ээж аав хоёр буузаа хийгээд л, зараад л. Ах нар маань мотор боож сураад орон нутагтаа л инженер механик маягийн эрэлттэй улс болчихсон, би ч их сургуулийн шалгалтад тэнцчихсэн 1999 оны хавар бол миний амьдралын жинхэнэ хавар байсан юм”.

ЛИДЕР СУРАГЧ Д.ҮҮРИЙНТУЯА СЭТГҮҮЛЧ, ЭМЧ БОЛОХЫГ МӨРӨӨДДӨГ БАЙЖЭЭ 

      Улаанбаатарт ХААИС-д эдийн засагчаар сурах хуваарь авлаа. Түүний төлөвлөгөөнд эдийн засаг санхүүгийн мэргэжил эзэмших тухай төсөөлөл байгаагүй. Сэтгүүлч, эмч, хуульч гээд л өдөр өдрөөр гоё мэргэжил сольж мөрөөддөг, алийг нь ч сонгосон чадахаар онц сурдаг, ирээдүйд мундаг хүн болно гээд өөртөө бат итгэчихсэн тэрүүхэндээ л лидер сурагч явав. Хажуугаар нь нийгмийн бөөн идэвх. Ямар сайндаа аймгийнхаа сурагчдыг төлөөлөн Улаанбаатарт чуулганд сууж хариад аймгийн телевизийн сэтгүүлчийн асуултад хариулахдаа “Хүүхдүүд бид Засгийн газрын шийдвэрт нөлөөлөх лобби бүлэг байгуулан ажиллана” гэх вэ дээ. “Би тэр бичлэгээ үзээд “үхтлээ” инээсэн. Гэхдээ би тухайн үед үнэхээр л өөрт юу санагдсан, юу бодсоноо тэр чигээр нь хэлээд тавьж байгаа нь л тэр шүү дээ. Би ер нь гэрт гадаагүй хүртээлтэй, юмнаас хойш суудаггүй хэнхэгтэй хүүхэд байсан” гэж “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын Захиргаа, удирдлага, санхүүгийн газрын захирал Д.Үүрийнтуяа ярьж байна. 

       -Миний аавын ах яам тамгад хариуцлагатай алба хашдаг, ураг удам дотроо хамгийн өндөр боловсролтой, ах дүүгийнхээ ахуй амьдралд зөвлөж суудаг настай хүн байлаа. “Яг энэ цагийн мэргэжил” гэж ятгаснаар би математик суурьтай шалгалтад орж ирээдүйн мэргэжлээ сонгосон. Намайг сургуульд ороо ч үгүй, тоолж ч сураагүй жаахан байхад энэ ах маань манайхаар айлчилж ирэхдээ надад 20 төгрөгийн дэвсгэрт бэлэг болгож өгч л дээ. Ээж намайг унтсан хойгуур өнөөхийг хоёрширхэг нэг төгрөг болгоод тавьж. Босож ирээд миний мөнгө биш байна гэж түнтийчхээд айхтар шалсныг ээж аав хоёр өхөөрдөж их ярьдаг юм. “Үгүй энэ хар даа, нэг биш хоёр болчихож” гэж аргалах гэхэд нь би “Дугуй нь дутуу байна” гэж баараггүй нэхсэн гэдэг. Тэгэхээр би хар багын л хяналтын, санхүүгийн хүн болох ирээдүйгээрээ мэтгэлцээд байсан нь тэр биш үү(инээв). 

        ХААИС-ийн дотуур байранд суух боллоо. Бүтэн сайнд хонгилд байх зурагтаар кино үзнэ. Тэнд мөн теннисийн ширээ байх бөгөөд хөл муутай нэг залуу тоглохыг ажиглав. “Хөөрхий дөө, доголон мөртлөө яасан сүрхий тоглодог юм” гэж өрөвдөн бодоод сэм хараад л байж. Д.Үүрийнтуяагийн тасгийн таван охин ээлжээр хоолоо хийх бөгөөд түүний ээлжин дээр плитка гацахад 214-ийн Б тасгийн хөвгүүдээс тусламж гуйхаар ортол өнөө хөл муутай залуу гуталтай хөлөө хажуугийн сандал дээр тавьчихсан ганцаараа унтаж байв. Хартал нэг талын гутал нь өсгийгүй, нөгөө нь өсгийтэй аж. “Догонцохоо багасгах гээд нэгийг нь бүр аваад хаячихдаг л юм байж дээ, хөөрхий” гэсхийн бодоод л өнгөрч. Хэсэг хугацааны дараа мөнөөх залуугийн хөл зүгээр болчихсон гүйж явав. Хожим дотно танилцсан хойноо мэдэхэд Тамир гутлынхаа нэг өсгийг унагачихаад олохгүй шинэ гутал авах хүртлээ долоо хоног хэртэй хазганаж явах зуурт Үүрийнтуяа өрөвдөн ажигласан нь тэр байлаа.

“Аавынх нь гутлын өсгий унасны хүчинд л ээж нь өрөвдсөндөө дурлачихсан байхгүй юү” гэж тэр хоёр гурван хүүхдэдээ хошигнон дурсдаг ийм нэгэн түүхтэй. Үнэндээ ч өөрөөс нь нэг курсээр ах Сэлэнгийн оюутан хархүүгийн хээгүй гүдэст татагдсан байлаа. “Айл болон амьдрахад яг л над шиг эгэл гэр бүлээс гаралтай, ажил төрөлдөө хичээнгүй зан чанар нь залуухан бидний гэр бүл эвтэй найртай, элдэв зөрчилгүй нэгдэн уусахад их дөхөмтэй байсан болов уу” хэмээн гэргий Үүрийнтуяа дурсана. 

Тэд сургуулиа төгсөөд Говьсүмбэр аймагт төвхнөж, хоёул мэргэжлийнхээ ажлыг хийн төрийн албан хаагчид болсон. Бас 28 настайдаа гурван хүүхдийн ээж аав болцгоожээ. 

Д.Үүрийнтуяа яаж ГОК-ийн орлогч захирал болсныг олон нийт их сонирхдог. Хэн болоод ийм карьерт хүрснийг хардах, магадгүй эгдүүцэх нь ч цөөнгүй байсан. Энэ нь ч аргагүй юм. Өөрөөс нь асуусан хүмүүст тэр тайлбарладаг. Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” бол хэзээнээсээ Монгол Улсын төсвийг тэжээдэг “саалийн ганц үнээ” хэмээн алдаршсан газар. Ийм том айлын мөнгө санхүүг удирдах алба гэхээр хэмжээлшгүй эрх мэдэл мэт уншигдаж байгаа биз? “Алтан сандал дээр алтан ширээ тохойлдон суудаг гэнэ шүү”. 

     Энэ мэт “гэнэ ээ, гэнэ ээ” ам дамжин онилсон ч бодит байдлыг нэг л онолгүй найман жил улирчээ. Энэ найман жилийн турш “Эрдэнэт үйлдвэр”-ийн санхүүгийн захирал, түүний удирдсан газруудын тайлан тооцоо, баримт бичгүүдээс авлигын шинжтэй эсэх, зориулалт бусаар шамшигдуулсан байх магадлал бүрийг удаа дараа төрийн хууль хяналтын байгууллагууд шалган нягталсаар ирсэн. Түүнийг баараггүй санхүүч гэдэг. Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээс түүний ажил үүрэгтэй холбоотой асуудлаар хандвал нээлттэй хариулдаг, ерөөс тухай бүрд хэвлэлийн хурал зарлахаас хойш сууж байгаагүй аж. “Ингэхэд жирийн нэг санхүүч яаж яваад..?”.

     -Эдийн засагчийн дипломоо өвөртлөөд галт тэргээр харьж явахдаа төрийн албан хаагчийн шалгалтад бэлдэж явлаа. Говьсүмбэр аймгийн Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Зандаръяагаас шалгалтын хариугаа авахаар очиход би тэнцсэн байв. “Мэргэжлийн хяналтын газар яваад оч, тэнд чиний мэргэжлийн орон тоо нэг гарсан шүү” гэхэд нь ёстой л магнайгаа хагартал баярласан. Ингэж би 2003 онд санхүүгийн байцаагчаар ажлын гараагаа эхэлсэн. Эндээ тасралтгүй 10 жил ажиллахдаа хамт олноосоо ихийг сурч мэдэж, төрийн хяналт шалгалтын тогтолцоонд мэргэшин, Говьсүмбэр аймгийн МХГ-ынхаа даргаар томилогдон ажиллаж байлаа. 27-хон настайдаа байгууллага удирдах бас их сонин. Анх ажилд орохдоо хамт ажилладаг хүн бүрийнхээ дүү нь, найз нь байсан хүн чинь хэлтсийн дарга, дарга болоод тусдаа өрөөнд ороод суучихаар эхэндээ их эвгүй, за даа бараг таагүй. Бүгд нэг л холдоод, дөлөөд ирдэг. Гэвч хамт олон л бол хамт олон шүү дээ. Нэг дээвэр дор, нэг зорилготой, нэг хариуцлагатай байж ажилладаг юм хойно. Залуу гэж гоочлуулахгүй, гологдохгүй юм шүү гэж идэвх чармайлттай ч ажилласан даа. Ингээд гурван жил шахам болж байтал 2013 онд улс төрийн шахалтаар ажлаа өгөхөд хүрсэн. Намайг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт томилсноор Улаанбаатарт шилжин ирэхэд гэр орон, нөхрийн ажил төрөл, хүүхдүүдийн сургууль цэцэрлэг гээд дассан сурсан газраасаа нүүж шинэ газар ахуй амьдрал төвхнүүлэхэд арай дөнгүүр цалинтай ажил олж хийхгүй л бол зардлын ая даахааргүй байлаа. Мэргэжлээрээ хийчих ажил хайлаа. Улаанбаатарт ирснийх томоохон хувийн хэвшилд орж үзмээр. Нэг өдөр “Сод Монгол” компани ажлын ярилцлагад дуудав. Тэр үед надаас төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед Засгийн газарт насаараа эдийн засагчаар ажилласан Дашаа гэж мундаг эдийн засагч эмэгтэй мэргэжлийн шалгалт авсан юм. Би тэнцчихсэн. 

     Гэтэл надад энэ компани санаанд оромгүй санал тавьсан нь Эрдэнэт дэх салбарынхаа захирлаар сарын 1.5 сая төгрөгийн цалинтай ажиллуулах, тэнд орон сууцаар хангах, гэр бүлийн хүнийг маань ч мэргэжлийнх нь ажилд зуучлах гэнэ. Нөхөр бид хоёрт маш их таалагдаж, гэр бүлээрээ Эрдэнэт хот руу нүүлээ дээ. Манайх 2014 онд Эрдэнэтийн айл болсон юм. Эрдэнэтэд өвөлжсөн анхны жил бага хүү гурван настай их цас үзчихээд “Энэ юу вэ” гэж гайхан хөөрцөглөж байлаа. Говиос ирсэн бидэнд Эрдэнэт үнэхээр олон юмаараа цоо шинэ байсан. 

     Би “Сод Монгол”-д яг гурван жил ажиллаад гарсан, гарахдаа “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирлаар томилогдож ирсэн Х.Бадамсүрэн захирлын саналыг хүлээн авч, ерөнхий захирлын дэргэдэх зөвлөхүүдийн багт орж ажилласан юм. Ингэж би 2017 онд “Эрдэнэт үйлдвэр” хэмээх их айлын үүдээр анхлан алхсан билээ. Одоо “Чи яаж Эрдэнэт үйлдвэрийн захирал Бадамсүрэнг таньдаг байсан юм” гэх дараагийн асуулт ирэх нь ойлгомжтой. 2008 оны эхээр юм, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайн лицензтэй холбоотой маргааны асуудлаар Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Үйлдвэр худалдааны яам мэдээлэл авах шаардлагатай болоход би уурхайг шалгасан тайлангаа танилцуулахаар Х.Бадамсүрэн гуайн удирдаж байсан Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн газарт очиж ажиллаж байсан юм. Тэр маргааны хууль шүүхийн үйл явц нэлээд сунжирсан, одоо ч эцэслээгүй л дуулддаг. Би МХГ-ын дарга болчихоод манай байгууллага энэ асуудалд хамаарч байсан хэрээр Бадамсүрэн гуайгаас асуух, мэргэжлийн зөвлөгөө авч нэлээд хэдэн жил холбоотой ажилласан улс л даа. Хожим 2016 оны зунХ.Бадамсүрэн гуай Уул уурхай, хүнүйлдвэрийн дэд сайдаар томилогдоод байхдаа Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн асуудлаар “Эрдэнэт үйлдвэр”-т ажлаар ирсэн үед нь олон жилийн дараа таарсан. Би Бадамсүрэн гуайтай уулзахдаа докторт сурч байгаагаа, Эрдэнэтийн хүн болсных уул уурхайн үйлдвэрлэлд түшиглэсэн эдийн засгийн судалгаа хийх бодолтой яваагаа дуулгахад ихэд ойшоон сонсож, техникийн шинжлэх ухааны доктор хамгаалсан сэдвийнхээ тухай ярьж өгч билээ. Хэдэн сарын дараа “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирлаар ирээд намайг дуудлаа. “За чи төрийн хяналт хэрэгжүүлж байсан хүн, үйлдвэрт явуулах шалгалтын ажлын төлөвлөгөө гаргаад орхи” гэсэн. Хоёр хоног суугаад төлөвлөгөө гаргаад өгтөл хүлээж аваад  сэтгэлд нь их нийцсэн бололтой, бичиг баримт боловсруулах ажилдаа хэсэг хугацаанд туслуулж байгаад  зөвлөх багтаа албан ёсоор ажиллуулахаар болсон юм.

     Хэдийгээр би санхүүчийнхээ мэдлэг туршлага, мэргэжлийн ур чадвартаа эргэлзэж байгаагүй ч “зөвлөх” гэдэг үгээс нь цочирдож байснаа нуух юун. Х.Бадамсүрэн захирал их чамбай, нягт, ер нь “чанга” хүн шүү дээ. Тэгээд ийм хүнд миний зөвлөх ч гэж  юу байх вэ гэж өөрийгөө голсхийж л явсан. Зөвлөхүүдийн багт надаас гадна уурхайгаар мэргэшсэн, маш туршлагатай таван мэргэжилтнийг сонгожээ.  “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирлын дэргэдэх зөвлөхүүдийн багт хоёр жил ажиллах хугацаандаа Х.Бадамсүрэн захирлын даалгасан тооцоо судалгаа, хяналт шалгалтын ажилд оролцож, дүн шинжилгээ, бичиг баримт боловсруулахад зэгсэн сайжирсан. Хүмүүс тэр бүр мэдэхгүй байх, Бадамсүрэн захирал зөвхөн үйлдвэрийнхээ хүрээнд биш, улс орны эдийн засаг, уул уурхайн салбарын хэмжээнд ажилладаг учраас би зөвлөхөөр нь ажиллах хугацаандаа дахин нэг их сургууль төгссөн дайны ихийг суралцсан. “Эрдэнэт үйлдвэр”-т гэхэд л Бадамсүрэн захирлын бэлтгэсэн лавтай зуун мэргэжилтэн бий. Түүний итгэсэн, дэргэдээ ажиллуулан өндийлгөж чадавхжуулсан, ажлыг нь улаан цоохор болгон засаж сайжруулсаар ачаа даах мэргэжилтэн, ажил удирдах манлайлагч болтол уул уурхайн салбарт бэлтгэсэн хэдэн арван гарын шавь байдгийн нэг нь л би юм. 

     Эмэгтэй удирдагчийг сул амьтан л байж таарна, юу л чадав гэж, хэн нэгний л амраг биз гэх нийгмийн хандлага намайг ч бас тойроогүй. Гэхдээ би ач холбогдол өгөөгүй. Миний нэр орсон гүтгэлгийн, хов живийн мэдээлэл цацагдсан өдрийн орой гэртээ ороход манай нөхөр “Утсаа битгий хараарай. Хэрэгт дурламаар оргиод байвал надад өгчих” гэдэг юм. Эрдэнэт үйлдвэртөрийн өмчит үйлдвэрийн газрын статустай болсон 2019 онд намайг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогчоор томилсон нь өөрт минь ч гэнэтийн явдал болсон. 37 настай эмэгтэй анх удаа ГОК-ын санхүүгийн захирал боллоо гэж шуугилдаж, намайг зүгээр л азтай хүн юм гэлцэж байхад би ямар мэргэжилтэн, ямар менежер болохоо харуулахаас өөр зорилгогүй болж орхисон. Ингээд л ажилдаа ханцуй шамласан. Монгол-Оросын хамтарсан үйлдвэрээс Монголын хувийн хэвшлийн өмчлөлд шилжээд байсан статусаас Төрийн өмчид 100 хувь шилжих түүхэн хариуцлагатай үйл явцад санхүү мөнгөний бодлого шийдвэрийн гүйцэтгэлийг гардан удирдсан он жилүүд байлаа. Өмчлөл шилжсэнтэй холбогдож хууль эрх зүйн бүх баримт бичгүүд өөрчлөгдсөн орчинд санхүүгийн хяналт шалгалт явуулах, эдийн засгийн төлөвлөгөө боловсруулах, санхүүгийн тайлан гаргах, үйлдвэрийн санхүү мөнгөтэй холбоотой бүх мэдээллийн урсгалыг нэг голдиролд оруулж нэг хавтгай дээр эмхлэх гээд том үйлдвэрийн шилжилт хөдөлгөөн өөрөө нүсэр хөдөлмөр, нүсэр шинэчлэлийг дагуулдаг юм билээ. Бид багаараа үүнийг хийж чадсан. Санхүүгийн тайлагналын олон улсын шинэ стандартуудыг нэвтрүүлж,  санхүү бүртгэл болон үйлдвэрлэл, санхүү эдийн засаг, худалдан авалт, хүний нөөц, албан хэрэг хөтлөлт, дотоод хяналт мониторинг гээд бизнесийн процессыг иж бүрэн дижитал болгосон. Эргээд харахад ковидын анхны өвөл 2021 оны ачаалал хамгийн цочир үеийг бидэнд тулгасан. 

     “Эрдэнэт үйлдвэр” улсын төсөвт 650 тэрбум төгрөг даруй төвлөрүүлэх үүрэг хүлээлгэхэд энэ мөнгийг босгох төлөвлөгөөг хэдхэн хоногийн дотор бэлэн болгож байлаа. 2016 онд “Эрдэнэт үйлдвэр” төсөвт 184 тэрбумын орлого төвлөрүүлж байсан гэхээр 650 тэрбум хэр том сонсогдохыг төсөөлөх биз. Одоо манай үйлдвэр жилд хоёр их наяд төгрөгөөр Монгол Улсын төсвөө зузаатгадаг болсон. Төрийн өмчит компани хамгийн бага зардлаар, дээд зэргийн үр ашигтай ажиллахад санхүүгийн сайн бодлого төлөвлөлт, мөнгөний сахилга бат жин дарах нөлөөтэй байдаг. Үйлдвэр 100 хувь төрийн өмчит үйлдвэрийн газар болсноос хойш 2 жил хүрэхгүй хугацаанд өр зээлээсээ бүрэн салж, өртөг зардлаа бууруулж, хэмнэлтийн горимоор сайн ажилласны үр дүнд Ерөнхийлөгчийн зарлигаар “Монгол Улсын Баатар” цол хүртсэн билээ.  

     Д.Үүрийнтуяа “Уул уурхайн үйлдвэрлэлийн бүтээмж ба үр ашгийн тооцоолол” сэдвээр бизнесийн удирдлагын докторын зэрэг хамгаалжээ. Анх сэдвээ авснаас хойш долоон жил сунжирсан судалгааны ажил нь баараггүй чамбай болсонд уул уурхайн эдийн засагчид олзуурхаж байна. Түүний эл нүсэр бүтээл ширээний нүдэнд биш, эргэлтэд орж эхэлсэнд доктор өөрөө ч тун баяртай. “Эрдэнэт үйлдвэрийнхээ бүх цехэд түшиглэж судалгаагаа хийсэн учраас уул уурхайн үйлдвэрлэл явуулдаг төрийн өмчит болон хувийн хэвшлийн компаниудын үйл ажиллагаанд хэрэглэх боломжтой судалгаа юм. Эрдэнэт үйлдвэрт маань  үйлдвэрийн болон нийгмийн цех гээд харилцан адилгүй чиг үүрэгтэй нэгжүүд байдаг учраас тэдгээрт бүтээмжийн болон үр ашгийн эдийн засгийн тооцооллыг харилцан адилгүй аргачлалаар хийсэн”. 

АРД ТҮМНИЙ БАЯЛГИЙГ ҮРЖҮҮЛЭГЧ Д.ҮҮРИЙНТУЯА

     Докторын ажил цол хамгаалсны маргаашаас эхэлдэг гэх үг үнэн ажээ. Д.Үүрийнтуяад шинэ ажил ундарсан нь энэхүү судалгааныхаа ажлыг түшиглэн программ бүтээж ,уул уурхайн үйлдвэрүүд шууд хэрэглэх боломжийг бий болгохоор зорьж буй. “Өгөгдлүүдээ хиймэгц нэг товч дараад л үр ашиг, бүтээмжийг нь тооцчихдог тийм программ болох юм” гэж Д.Үүрийнтуяа тайлбарласан. Манай улсын шинжлэх ухааны салбарт бүтээмж болон үр ашгийг дан дангаар нь тооцоолсон судалгааны ажил олон байдаг боловч үйлдвэрлэлийн бүтээмж үр ашгийн харилцан хамаарлыг судалсан анхны судалгаа болсноороо миний хийсэн судалгаанд зөвлөх баг маань их ач холбогдол өгсөн. “Нэг л зүйлийн хоёр тал” гэж үзэх шүүмж мөн гарсан ч олон хэлэлцүүлэг өрнөсний дүнд би ажлаа хамгаалж чадсан”.

    Аян зам, ажил амьдралын өртөө, учран золгох хүмүүс, танил зам гэрэлтэнэ. Эрдэнэтийн маршрут шинэ томилгоо, шинэ чиглэлээр сэлбэгдлээ. Тэрээр одоо МАН-аас УИХ-ын сонгуулийн хангайн бүсэд өрсөлдөж буй. Төр түмний баялгийг үржүүлэгчийн суудал парламентад заавал байх ёстой гэж МАН түүнд итгэж илгээжээ. Д.Үүрийнтуяа Төв аймгийн Лүн суманд төрж, түүнийг нялх багад аав ээж хоёр нь цэргийн томилолт өвөртлөн гэр бүлээрээ Чойрт ажиллахаар очсон бол охин нь ч бас ажил амьдралын томилолт өвөртлөн шинэ газрыг зорьж Монгол Улсын зууны манлай үйлдвэрийг амжилттай удирдан ажилласан түүх оршвой. Энэ бол зүгээр л нэг азтай нэгний зам биш, ажил мэргэжлээ гартаа оруулсан тууштай хүний туулж үзүүлсэн цадиг юм. Дараагийн буудал Эрдэнэт-Булган-Хөвсгөл. Д.Үүрийнтуяа угтах замдаа гарсаан...

 

 

 

 

 

Сэтгүүлч Б.ЭНХЦЭЦЭГ

Эх сурвалж: www.Ergelt.mn