Сүүлийн хоёр өдөр иргэдийн бухимдлыг төрүүлсэн үйл явдал сошиалд ид хүчээ авч яригдаж байна. Тодруулбал, Парисын олимпод оролцох Монголын баг тамирчдын ёслолын хувцасыг Монгол хэв маягийг шингээж урлаагүй урд зүгийн гаралтай харагдаж байна хэмээн ихээхэн шүүмжилж, иргэд өөр өөрсдийн санаагаа хэлсээр байна.
Монгол дээл хувцсаа бүрэн бүтэн өмссөн монголчууд сүр жавхлантай, ихэмсэг, бардам, цог золбоотой харагддаг билээ. Харин “Michel & Amazonka” брэндийн урласан дээл, хантааз нь сүр золбоогүй, өнгө зүс дорой хийгээд эртний нарийн утга учир агуулдаг дээлийн товч зангидах аргаар урлаагүй шууд бэлэн товч хадсан нь улам сүр сүлдгүй харагдуулж байна.
Энд товч зангидахын арга ухааныг цухас дурдвал, Товч (сампин) зангидах арга нь Монгол хүний ухаанаар бүтсэн гайхамшиг юм. Тиймдээ ч дэлхийд ганцхан монгол дээл хэмээгдэж ирсэн. Шилбэ зангидаж сампин хийх нь монголчуудын оёдол үйлийн соёлын нэг. Дээлийн товч шилбийг өмсөх эзнээс нь хамаатайгаар урт, богино, нарийхнаар хийж дээлэнд хадна.Товчны сампинг эр сампин, эм сампин гэж ангилдаг.
Дээлний уламжлагдаж ирсэн энэхүү товч зангидах аргыг хэт орчин үеийн загварлаг харагдуулах гэж монгол оёдлын гайхамшигт соёлыг ийн гутаав уу? Үндэсний олимпын хорооны удирдлагууд үүнийг хүлээн зөвшөөрсөн гэж үү?! Тэд урьдчилж загвартай танилцсан нь лавтай.
Энэхүү шүүмжлэлд өртөөд буй хувцасыг нийт 104 сая 420 мянган төгрөгөөр хийлгэжээ.
- Эрэгтэй, эмэгтэй туг баригчийн хувцас тус бүр 3,000,000 төгрөг
- Эрэгтэй тамирчдын хувцас тус бүр 2,070,000 төгрөг, нийт 12,420,000 төгрөг
- Эмэгтэй тамирчдын хувцас тус бүр 2,150,000 төгрөг, нийт 86,000,000 төгрөг буюу нийт 104,420,000 төгрөг
Дашрамд дуулгахад, Төр, засгийн зүгээс 2024 онд Парисын олимп, паралимпийг дэмжих үйл ажиллагаанд 2.2 тэрбум төгрөг зарцуулах болон баг, тамирчдын цалинд 5.6 тэрбум төгрөг төсөвлөж өгчээ.
Холбоотой мэдээлэл:
Парисын олимпод 2,2 тэрбумыг зарцуулсан ёслолын хувцас нь шүүмжлэлд өртөж, иргэдийн бухимдлыг төрүүлээд байна