Эрт цагийн ийм нэгэн шог яриа байдаг даа. Манай өнөөгийн Засгийн мөрийн хөтөлбөр үүн лугаа л байх шиг байна. Сонгуулийн үр дүнгээр МАН олонх болсон ч АН болон ХҮН намыг урьж, гурван нам хамтарсан Засгийн газар байгуулсан. Улмаар намын дарга нар нь хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан.
Харин одоо бол УИХ-ын ээлжит бус чуулганаар энэхүү хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэж буй. Ээлжит бус чуулган энэ сарын 27-ны өдрийг хүртэл хуралдаж, төсвийн тодотгол болоод дээрх асуудлыг эцэслэн шийдэх ёстой. Гэтэл гурван намаараа нийлж, өчнөөн хоног бодож боловсруулсан энэхүү үйл ажиллагааны хөтөлбөртэй холбоотой шүүмжлэлүүд гараад эхэлсэн байна. Тэр дундаа уг хөтөлбөрийг гоё сайхан гарчиг тавьснаас өөр олигтой зүйл огт алга гэх нь элбэг байгаа юм.
Засгийн газраас нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж буй. Харин ингэж эдийн засгаа тэлэхийн тулд хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг барьж дуусгах, Тавантолгойн 450 мегаваттын дулааны цахилгаан станцыг барих, Эгийн голын 310 мегаваттын усан цахилгаан станцын төслийг эхлүүлэх, говийн бүсэд зайлшгүй шаардлагатай гэх Хэрлэн-Тооно, Орхон-Онги ус дамжуулах шугам, Хэрлэн-Тооно усан цогцолборыг барих, Франц улстай хамтран уран, атомын цахилгаан станцын ажлыг эхлүүлэх, зэс боловсруулах цогцолбор болон гангийн үйлдвэр, газрын тос боловсруулах цогцолборыг барьж байгуулах, Оюу толгой компанийг түшиглэсэн алт цэвэршүүлэх үйлдвэрийн төслийг хэрэгжүүлэх зэрэг 14 мега төсөл байгаа гэдгээ чуулганы хуралдаанд танилцуулсан. Ер нь энэ удаагийн Засгийн газраас ирэх дөрвөн жилийн хугацаанд дөрвөн бүлэг, дөрвөн үндсэн чиглэл, дөрвөн зорилготой, нийт 577 багц үйл ажиллагаатай хөтөлбөрийг танилцуулж байгаа бөгөөд уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нийтдээ 120 орчим их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын эс үүсвэр шаардлагатай гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганы нэгдсэн хуралдааны үеэр онцолсон. Энэ жилийн манай улсын төсвийг 27 их наяд төгрөгөөр баталж байв. Одоо тодотгол хийгээд төсөв 30 орчим их наяд болох төлөвтэй байгаа гэж үзвэл дээрх төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд манай улсын дөрвөн жилийн нийт төсөвтэй тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай аж. Үүн дээр нэмээд мөн Улаанбаатар хотын төвөөс Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал хүрэх ган татлагат гүүрэн байгууламж, Богд уулыг нүхэлж тунель байгуулах, Засгийн газрын үйл ажиллагаа, үйлчилгээг нэг дор төвлөрүүлсэн нэг цэгийн цогцолбор, Туул голыг дагасан хурдны авто зам зэрэг ч багтсан. Нэр шошгийг нь харваас үнэхээр сайхан бүтээн байгуулалтууд мөн үү гэвэл мөн. Нийслэлчүүд төдийгүй монголчууд бидэнд иймэрхүү зүйлс хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Харамсалтай нь уран үгсийн цуглуулга болсон олон сайхан гарчиг цаасан дээр л үлдэж, дарга нарын ширээний шургуулганд мартагдсан. Тийм болохоор л ард түмний итгэл иймэрхүү зүйл дээр алдарчихаад байгаа хэрэг.
Дээрээс нь эдгээр бүтээн байгуулалтуудын дийлэнх нь ямар ч техник эдийн засгийн үндэслэлгүй, мэргэжилтэн, инженер, судлаачдын тооцоолол байхгүй юм гэсэн. Үүнийгээ намуудын бүлгийн хуралдаан дээр холбогдох албаныхан ч хэлсэн тухай зарим УИХ-ын гишүүд дурдаж байсан. Нэг ёсондоо тооцоо судалгаа муутай, эдийн засгийн үр өгөөж багатай, зүгээр нэг гарчиг байна гэсэн шүүмжлэл энэ бүхнээс эхлэлтэй. Бид бүхэн дээрх нэрсийг мэддэг болоод олон жил болж байгаа. Даанч заримынх нь ажил эхлээд таг зогсдог. Нөгөө хэсэг нь цаасан дээрээ үлддэг байдал байх л ёстой зүйл шиг болсон.
Нэг нь гарч ирээд өнөөхөө ярьдаг. Гэтэл нөгөөх нь түүн шиг хэрэггүй, төсвийн мөнгийг үрэн таран хийсэн зүйл байхгүй гэх мэтээр алаглан эрээлжилсээр өнөөг хүрэв. Ганц байгаа төмөр замынхаа доогуур нүхэн гарц нэмж барих гэж л хэдэн жил болж, хэдэн зуны үер усны асуудалтай нүүр тулж байгаа билээ дээ.Тийм болохоор одоо ард түмний итгэл, хүсэл зоригийг бадраахын тулд энэ Засгийн газар эдгээрийг эхлүүлэх, болж өгвөл бүрэн дуусгах хэрэгтэй. Хөтөлбөрт туссан бүх төслүүдийнхээ ард нь эхлэх болоод дуусах хугацааг нь давхар оруулж өгье. Мөн хэн гэдэг дарга толгойлж, аль яам нь хариуцах юм. Хэдий хэр хэмжээний төсөв мөнгөөр босох вэ. Түүнийг нь хаа, хаанаас хэрхэн бүрдүүлэх юм гэдгээ ил тод болгоё. Ингэж байж хариуцлага яригдана. Төсвийн баахан хөрөнгөөр цаас үйлдвэрлэж, хэсэг ажил эхлүүлсэн болоод алга болдог асуудал арилна. Төсөл нэрээр дарга нар мөнгө шамшигдуулдаг гэсэн хардлага, шүүмжлэл тасарна.
Мөн үндэсний хэмжээний эдгээр том төслүүдийнхээ дэргэд Авлигатай тэмцэх газраастөлөөний хүн ажиллуулж, хэвлэл мэдээлэл, олон түмний хяналтыг сайжруулах хэрэгтэй байгаа юм.
Хэдийгээр улс төр, эдийн засгийн огт өөр үзэл баримтлалтай улс төрийн гурван нам нэгдсэн ч гэсэн хяналтын тогтолцоогоо сайжруулаад эхлүүлсэн ажлуудаа дуусгах л хэрэгтэй. “Монголын за-Андагаар буй заа!” гэсэн өвгөд хөгшид, эртний мэргэдийн үг ч бий. Тийм болохоор нэгэнт л ард түмний итгэлийг хүлээж, төрийн эрх барьж буй бол хэлсэн, амласнаа биелүүлэх ёстой. Иргэд, сонгогчид чинь та бүхэнд байж болох бүхий л эрх мэдлийг нэгэнт өгсөн. Хэдий болтол өнөө, маргаашаа аргацаасан хэлбэрээр богино зайн улс төр хийж явах юм. Дээрээ суудлаа олоод олигтойхон байвал ард түмэн гүйдлээ олоод байж дөнгөнө.