УИХ-ын ээлжит бус чуулганаар төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Төсвийн тодотголыг угтаа Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдсөнтэй холбоотойгоор хэлэлцэх эсэхийг нь шийдсэн.
Гэвч гол агуулгаасаа хальсан төсвийн тодотгол болж байгааг эдийн засагчид анхааруулан хэлсээр байна. Үүний нэг жишээ нь 200 тэрбум төгрөгөөр сумдуудад соёлын төв шинээр барихтай холбоотой санал юм. Энэхүү саналыг зарим гишүүд дэмжиж зарим нь эрс эсэргүүцэж байна. Улмаар нийгмийн хүрээнд маргаан, шүүмжлэл дагуулж байгаа гол сэдвийн нэг боллоо. Нийгмийн энэ маргаанаас харахад ард түмний ихэнх нь шинэ соёлын төв барихыг үгүйсгэж байгаа юм.
Харин нөгөө талдаа соёлын төв шинээр барьж сонгогдсон тойрогтоо ажил хийсэн хүн мэтээр харагдах гэсэн хэдэн улстөрчид энэхүү саналаа улс оронд тулгамдаад байгаа нэн тэргүүний ажил мэтээр олон нийтэд ойлгуулах гэж улайрсаар. Яах вэ, чухал газартаа, чухал хүмүүстээ шинэ соёлын төв хэрэгтэй л байх. Гэвч энэ нь улс орны өмнө тулгамдаад байгаа ард түмний аминд тулсан асуудал гэж үзэхгүй. Шинэ б арилга, байгууламж ус, агаар мэт дутагдаж байгаа салбар Монгол Улсад цөөнгүй бий. Тэр бол эрүүл мэндийн салбар. Ёстой ард түмний аминд тулчихаад шийдэлгүй олон жил болсон асуудал бол эмнэлгийн шинэ байр, өргөтгөл, шинэчлэлт. Жишээ нь ЭХЭМҮТ-ийн өглөөний оочер байна. Уйлсан, өвдсөн, шаналсан бяцхан хүүхдээ тэвэрсэн эцэг, эхчүүдийн бараан царайтай, хөл гишгэх зайгүй бүгчим энэ орчинд үнэхээр зай талбайтай орчин үеийн шинэ эмнэлэг хэрэгтэй байна. Ийм чихэлдсэн орчинд бага зэрэг бүлээрсэн хүүхдээ авч ороод өвчнийг нь бүр хүндрүүлэх тохиолдол ч их гардаг.
Өөрөөр хэлбэл, аюулгүй, халдваргүй орчин эмнэлгүүдэд байхгүй болсон гэсэн үг. Зай талбай бүхнээ өвчтөн хүлээн авах өрөө болгон ашиглаж байна. Зай болгондоо нэг ч гэсэн ор гаргаад өвчтөнөө хэвтүүлэн эмчилж байна. Эх, нялхсын эмнэлэгт хүүхдээ тэврээд очсон эцэг, эх болгоны толгойд “Монгол Улсын төр, засаг даан ч яав даа. Алгын чинээ хүүхдүүдийнхээ төлөө татвар төлөгч бидний мөнгөөр олигтой эмнэлэг бариад өгчихөж болдоггүй л юм байх даа. Ямар арчаагүй улс оронд бид амьдарч байна вэ” гэсэн ганцхан бодол орж ирдэг. Ийм бодол, тархи толгойнд орж ирдэггүй хүмүүс Монголд мөн олон байх шиг байна. Тэд нар нь магадгүй 200 тэрбумаар Соёлын төв барих гэсэн улстөрчид байх. Томчуудын хүүхдүүд өвдлөө гэхэд үнэтэй хувийн эмнэлгээр үйлчлүүлчихнэ. Хүндхэн өвдлөө гэхэд яаралтай гадагшаа аваад л нисчихэж байгаа. Ийм хүмүүс эгэл жирийн амьдралтай иргэдийн Монголын төрөөс хүсэж, шаардаж байгаа асуудлыг яаж ч ойлгох билээ. Учир нь тэд ард түмний зовлонг мэдрэхгүй, мэдэхгүй байна. Хавдрын эмнэлгийн үүдний өрөөнд болдог тэр зовсон, шаналсан хүмүүсийн эмнэлгийн үйлчилгээ авах гэсэн “алаан”-ыг энэ 126 гишүүн очиж үзэх хэрэгтэй. Хавдар судлалын үндэсний төв эмнэлгийн барилга 1982 онд ашиглалтад ороход стандартын дагуу тоноглосон хагалгааны хоёрхон өрөө төлөвлөсөн учраас 2000 оноос дөрөв болгон өргөтгөж байж. Өрөөний хүлээгдлээс болж тухайн өдөрт төлөвлөсөн мэс заслаа дуусгахын тулд эмч нар наанадаж 21:00, цаад тал нь шөнө “Төрийн дуулал” эгшиглэхтэй зэрэгцэн ажлаа дуусгадаг.
Одоо Хавдрын эмнэлгийн ачаалал 10 биш 20 дахин нэмэгдсэн. 1982 онд ЗХУ-ын тусламжаар ашиглалтад орсон Монгол Улсын цорын ганц хавдрын эмнэлгийн одоогийн байрыг шинэчлэх, өргөтгөх зайлшгүй шаардлагатай гэдгийг олон жил ярьсан. Одоог хүртэл барих эсэх нь шийдэгдээгүй л явж байна. Бүр социализмын үеэс хойш Монгол Улсад нарийн мэргэжлийн эмнэлэг огт баригдаагүй гэж бодохоор дэндүү эмгэнэлтэй биш гэж үү. Эмнэлэг барихынхаа оронд энд тэндхийн сумдад соёлын төв шинээр болон байнгын шинэчлэлт засварыг нь хийсээр өдийг хүрч. Одоо бүр 200 тэрбум төгрөгөөр сумдуудад соёлын төв барина гэнэ. Өдөрт хагалгааны ор олдохгүйгээс болж хэдэн арван хүн үхэж байна. Эмчийн ур чадвар, хүрэлцээ тааруугаас бус өвчтөн хэвтэх ор, эмнэлгийн орчин байхгүйгээс болоод иргэдээ алдсаар байгаа нь харамсалтай. Энэ асуудлаар хавдрын эмч “Бидний эмчилгээг голсондоо ард түмэн гадагшаа явдаггүй. Бас бид муудаа өвчтөнөө алддаггүй. Гол асуудал нь манайд тэр хөгжилтэй орнууд шиг аятай, тухтай үйлчилгээ үзүүлэх орчин алга. Энэ орчинг шинэ эмнэлэг барьж шийднэ” гэж сонинд ярилцлага өгч.
Ойрын 20-30 жилд Монгол Улсад хорт хавдрын өвчлөл, нас баралт нэмэгдэх тооцоололтой. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага ч “гурван эрэгтэй тутмын нэг нь, таван эмэгтэй тутмын нэг нь хорт хавдраар өвдөнө” гэдэг таамаглал дэвшүүлжээ. Тэгвэл өнөөгийн “алаан” болоод байгаа эмнэлгийн хүрэлцээ өдөр ирэх тусам л улам ширүүсч, нэмэгдэнэ гэсэн үг. Сэтгэлээ баясгах гэж соёлын төв ордог байж болно. Сэхээнд ортлоо өвдчихсөн байхад соёлын төв хэрэггүй л болов уу.
Хавдраар үхэж байгаа иргэдээ бодоцгоо. Ханиаданд дарлуулж, өвчнөө эмчлүүлэх гэж үүднээсээ хоймор хүртлээ чихэлдэх Эх, нялхсын эмнэлгээ нэг харцгаа. Хоёрхон эмнэлгийн үүдээр ороод гарахад л 200 тэрбум төгрөгөөр соёлын төв барих нь чухал уу гэдгээ ойлгох байлгүй, та бүхэн. Тэгэхээр гишүүд минь энэ хоёр эмнэлгээ нэг үзчих. Ний нуулгүй хэлэхэд соёлын төв гэдэг бол Монгол Улсад яг одоохондоо арай л хээнцэрдэж байна. Эцсийн бүлэгтээ соёлын төв бол комминустын үзэл суртлын л үлдэгдэл.
Тиймээс ардчилсан улс оронд хөгжлийн гараагаа соёлын төв барьж эхлүүлдэг биш худалдааны гудамж байгуулснаар эхэлдэг гэж олон улс хүлээн зөвшөөрдөг. Жишиг нь ч тийм. Монгол шиг соёлын төв барьж хөгжлийн шинэ гучин жилээ эхлүүлье гэдэг улс дэлхийд хаана ч байхгүй болов уу. Япон улс гэхэд томоохон байгалийн гамшгийн дараа соёлын төв гэхээс илүүтэйгээр худалдааны гудамжаа нэн тэргүүнд сэргээн босгодог. Худалдааны гудамжаа сэргээснээр ард түмэн төрийн царай харахгүйгээр өөрсдийнхөө амьдралыг дээшлүүлдэг гэж үздэг байна. Энэ хандлага жишгээрээ Япон улс өнөөдөр эдийн засаг, хөгжлөөрөө дэлхийн эхний аравт жагсаж байна. Биднээс бусад нь улс нийгэмдээ юу чухал вэ, ямар асуудлыг нэн тэргүүнд тавьж эрэмбэлэх вэ гэдгээ мэдээд байна. Бид үнэхээр хөгжье гэж бодож байвал иймэрхүү хандлагаа засах хэрэгтэй.
Тулгамдсан асуудлаа зөв эрэмбэлж сурах шаардлагатай. Эрх ашгийн эрэмбэ гэхээс илүү улсын төсөв, татвар төлөгчдийн мөнгийг юунд зарцуулах уу, ямар ажлыг тэргүүнд эрэмбэлэх үү гэдгээ тодорхой зөв гаргадаг болъё. Иргэнийхээ амь насыг аварч, өвчнөөс нь салгах орчинг бүрдүүлэх нь чухал уу, эсвэл энд тэндхийн хэсэг хүмүүсийн уулзах, цэнгэх байрыг бэлдэх нь чухал уу гэдгээ бодоцгоо.
Э.МӨНХТҮВШИН
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.