Гишүүд ээ, тендерийн маргаан гарахад 14 хоногт шийддэг хуультай болоход л асуудал дуусах биш үү

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2024 08 сар 27 ・ 1

Засгийн газраас 2024 оны улсын төсвийг гурван их наяд төгрөгөөр тодотгох хуулийн төслийг УИХ-д яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн барихдаа хоёр гол хуулийн өөрчлөлтийг дагалдуулсан нь нэлээд том шүүмжлэлд өртлөө. Үүнээс үүдэж төсвийн тодотголыг хэлэлцэх хугацааг ч сунгахад хүрлээ.

Өөрчлөлтөөр оруулж ирсэн гол хууль бол тендерийн гэгддэг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль юм. Энэ хуулийн гол өөрчлөлт нь 40 тэрбум ам.долларын төсөл хөтөлбөрийг нээлттэй тендергүйгээр шууд сонгохоор заалт оруулж ирсэн нь УИХ-ын зарим гишүүдийн эсэргүүцэлтэй тулсан. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу “40 тэрбум ам.долларын төсөл хөтөлбөрийг нээлттэй тендергүйгээр УИХ-ын хяналтаас гадуур шийдвэрлэх гэж байна. Тендерийн хуулийн өөрчлөлтийг төсөв дагуулж хулгайн арга замаар бус тусдаа бие даасан байдлаар УИХ-д өргөн мэдүүлж хэлэлцүүлэх ёстой” гэж тайлбарлаж буй. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ч ийм байр суурьтай байгаагаа илэрхийлж УИХ-ын чуулган дээрээс ширүүн шүүмжлэлийг өрнүүлсэн.

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн тусгайлан хэвлэлийн бага хурал зарлаж сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн дагуу гадаад өр, үнэт цаас, хүүгийн зардал гэхчлэн бүгдийг нэг дор хянадаг бол өөрчлөлтөөр үүнийг байхгүй болгох гэж байна. Цаашлаад өнгөлөн далдлалтаар өөрсдийгөө хуурсан, гадаад өр зээлийг хязгаарлалтгүй нэмэх, хяналтгүй болгохоор байгаад нухацтай хандах ёстой” гэж байв. МАН-ын гишүүд дотроос ийнхүү эрх баригчдаа, Засгийн газрыг шүүмжилсэн нь гайхмаар зүйлийн нэг байлаа.

Нэг ёсондоо шинэ Засгийн газрын мөрийн хөтөлбөр, төсвийн тодотгол нэрийн дор энэ улсын төсвийн зарцуулалтын хамгийн чухал хэсэг болсон Тендерийн хуулийг өөрчилж, бүр дордуулж орж ирсэн явдал ил болов. Тендергүйгээр ажил үйлчилгээ явуулна гэдэг авлигын үүр уурхай болно, эрх баригчид шинэ 30 жилийн мөрийн хөтөлбөрөө авлигыг өдөөсөн өөрчлөлтөөр эхлүүлж байна гэсэн шүүмжлэл ч парламент дотроос дуулдлаа.

Нэг талаасаа Тендерийн хуулийг өөрчилж буй санаа нь нэг тендерийг зарладаг. Одоо мөрдөгдөж байгаа хуулиараа нэг компани шалгардаг. Гэтэл ялагдсан өөр нэг компани нь гомдол гаргаад шүүхэд өгчихдөг. Ингээд л тухайн төсөл гацдаг, жил дамнадаг. Бүр ажил хэрэг болдоггүй нь ч олон. Үүний тод жишээ гэхэд Тавантолгойн цахилгаан станцын төсөл шүү дээ. Төсөл анх 2013 онд эхэлсэн. Төслийг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын тендер зарлагдсан. Энэ тендер бараг 10 удаа зарлагдсан гэж яригддаг. Хугацааг нь хөөвөл ч тэгж л харагддаг. Аргаа барсан Засгийн газар тендерийн нөхцөлийг бууруулж, 300МВт+150МВт гэсэн хоёр үе шаттай болгон шийдвэрлэж 2023 оны зургадугаар сард дахин тендерээ зарласан. Тендерт Камбожийн “Mitime Int er­national” компани, БНХАУ-ын China Western Power Industrial компани, Beijing Beizhong Steam Turbine Genetator компани болон Монгол Улсын “Майнс Ап” ХХК-ийн түншлэл саналаа ирүүлснээс “Mitime Inter­national” нь шалгарсан. Гэтэл өрсөлдөгч нь гомдол гаргаснаар шүүхийн маргаан нь жил тойрон үргэлжилж эцэст нь тендерийг хүчингүй болгоод буй. 11 жилийн өмнө эхэлсэн Тавантолгойн цахилгаан станцын төсөл өнөөдөр хүртэл ажил хэрэг болоогүй байна. Ийм жишгээр цаг хугацаа эдийн засгийн боломжоо алдсан улс орны амин чухал олон тендерүүд шүүх хуулийн шатанд, яам тамгын газрынхны сейфэнд дараастай бий.

Гэхдээ энэ гажуудлыг засах шийдэл нь нээлттэй тендергүйгээр явуулах өөрчлөлт огтоосоо биш. Төрийн, төсөвтэй холбоотой ажил үйлчилгээ хаалттай явна гэдэг манайх шиг оронд авлигын нэг том уурхай шууд босоод ирнэ гэсэн үг. Тэгээд ч ардчилсан, парламентын засаглалтай, хөгжсөн улс оронд төрийн үйлчилгээ ил тод, ард түмний хяналтан дор явдаг тухай ойлголт манайдаа л шинэ, тогтож өгдөггүй систем.

Ерөөсөө энэ тендер гэгчид УИХ, Засгийн газрынхан хоёр талаасаа муйхарлаад дайраад байх огт шаардлагагүй. Тендерийн хуулийг л өөрчлөөд биччихэд болох асуудал. Асуудал үүсгээд байгаа сар, жилээр дамнаж шийдвэрлэгддэггүй гомдлын тухай тодорхой болгоод л биччихэд болно. Тендерийг нээлттэй явуулна. Шийдвэрийн талаарх маргаан гарвал 14 хоногт шийдвэрлэнэ. Гомдол гаргагч тал нь хууль бус явагдлаа гэсэн баримтаа өөрсдөө бүрдүүлж өгнө. Шүүх түүнийг нь хянаад баримт хангалттай гэж үзвэл хүлээж авна. Хуулийн 14 хоногийн хугацаанд шийдвэрлэнэ. Мэдээж шүүх тогтоолоо ажлын 24 цагт гаргаж өгөхгүй бол шүүхийн шийдвэр хүчингүй болж, тендерт шалгарсан компани ажлаа хийнэ. Хэрэв шүүхийн шийдвэрийг эсэргүүцвэл долоо хоногийн дотор давж заалдана. Давах хурал мөн адил долоо хоногоос хэтрэхгүй хуралдана. Хэтэрвэл мөн л уг ажиллагаа хүчингүй болж шалгарсан компани ажлаа хийнэ. Процес дахиж явагдахгүй. Ингээд явахад сар ч хүрэхгүй хугацаанд тендерийн маргаан шийдвэрлэгдэх боломжтой.

Үүнийг энэ олон жил бодож, бясалгаад шийдвэрлэж чадахгүй яваад байх асуудал огтоосоо биш юм. Ерөөс эрх баригчид шийдвэрлэхийг хүсдэггүй л юм шүү дээ. Жишээ нь, хавдрыг эмчлэх боломж хангалттай бий. Гэвч тийм эмчилгээг нэвтрүүлчихвэл дэлхийн эм, эмнэлгийн томоохон бизнесүүдэд ашиггүй гэж үздэгтэй холбоотой гэдэг шиг л манай улсын эрх баригчид ингэж л улс төр хийж ирсэн. Өнөөдөр ч тэр улс төрөө хийж байна.

Одоо ядуурсан зовсон ард түмнээ бодож амьдралд ойр шийдвэр гаргадаг болмоор байна. Энэ улсын ард түмний дундаас гарч ирсэн мөртлөө эрх баригчид амьдралаас тасарсан, үнэмшмээргүй шийдвэрүүд гаргадаг болсоор Монгол Улс үгүйрэн хоосорч, гадны өр зээлэнд баригдаж дуусч байгаа. Тиймээс эрх баригчид, МАН-ынхан ард түмнээ шулах, төсвөө тонодог концепцио одоо өөрчил өө. Улсаа боддог, ядуурал ажилгүйдэл, энэ үндэстэний эрүүл мэнд, боловсрол, нийгмийн асуудлыг шийдвэрлэдэг үзэл баримтлалыг шинээр бич. Үүний тулд өнөөдөр аминд тулаад байгаа Тендерийн хуулийн өөрчлөлтийг зөв бичихээс эхлэх ёстой. Яг л нөгөө хөшиг татаж байгаад хуваадаг арга барилаараа Засгийн газар хуулийн төслийг бариад ороод ирж байгаа нь харамсалтай. Эрх биш шинэ парламентын гишүүдээс зарим нь эсэргүүцэж байгаа нь сайшаалтай. Гэхдээ зөв шийдэлгүй эсэргүүцэл шантааж юм шиг сонсогдож байгааг нуух юун. Тендерийн маргааныг 14 хоногт шийддэг хувилбарыг л шинээр биччихэд шийдэгдэх боломжтой байна шүү дээ. Энэ бүх эрх мэдэл УИХ-ын гишүүдийн бүрэн мэдэлд байна.

Б.ЭНХЗАЯА


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2024 08 сар 27/

    Засгийн газрын тэргүүн ерөнхий сайд иймэрхүү авилгын эх уурхай болох бурууд нүд хурц байсан одоо харахаа болио юу эсвэл авилгыг дэмжиж бууж өгөө юу?

    Хариулах