Хичээлийн шинэ жил хэдхэн хоноод эхлэх гэж байна. Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд цуглаж байгаа энэ үед хэдүүлээ боловсролын салбараа эргэцүүлж харцгаая. Өнөөдөр Монгол Улсад боловсролын салбар хэрхэн үнэлэгдэж, хаана явааг бүгд мэднэ.
Эрх ашгийн эрэмбээр нь авч үзэхэд хойгуур жагсдаг. Энэ нь боловсролын салбар Монголд чухал бишид тооцогддог гэсэн үг. Үүний баталгаа нь багш нарын цалингийн хэмжээ байна. Ардын хүүхдүүдийг эрдэм номонд сургах гэж бүтэн саржингаа махаа зулгааж мачийчихаад ердөө 400 ам.доллар ч хүрэхгүй цалин авч байна, Монголын багш нар.
Тэд хэзээнээсээ хамгийн бага цалингаар бүсээ чангалан амьдарсаар ирсэн. Үүнээс болж багш, ажилтнуудын орон тооны хомсдол боловсролын салбарт нүүрлэлээ. Сургууль, цэцэрлэг нийлээд 8000 гаруй багш, ажилтны дутагдалтай. Дийлэнх нь мэдээж ерөнхий боловсролын сургууль байгаа. Жилээс жилд энэ салбар дахь ажиллах хүчний хоосон орон зай улам хүрээгээ тэлж байна. Өнөөдрийн байдлаар ерөнхий боловсролын сургуульд 4200 гаруй багш, ажилтны эрэлт үүссэн гэж байгаа. Хоёрхон жилийн дараа боловсролын салбар дахь орон тооны дутагдал 20 мянгад хүрэх тооцоолол гарсан байгаа юм.
Багш нар цалин цаваг багатайгаас гадна ажлын орчин нөхцөл нь хүнд. Байнга илүү цагаар ажиллана. Эрт гэрийн бараа харна гэж лав байхгүй. Дээрээс нь багш бэлддэг сургууль үнэгүй гэх зэргээс харахад хамгийн шоовдорлогдсон, сул дорой салбар гэдэг нь мэдэгдээд байдаг. Боловсролын салбар шоовдорлогдвол Монгол Улс дэлхийд шоовдорлогдоно гэдгийг ихэнх улсууд мэддэг байх гэж бодож байна. Энэ салбар үеийн үед, аль ч нам засгийн эрхэнд гарсан байлаа ингэж гадуурхагдаж ирсний учрыг хүмүүс тэр бүр нарийн мэддэггүй. Гэхдээ нийгэмд нэг аргацаасан яриа дэлгэрсэн нь бий. Тэр нь “Хүүхдүүд ямар сонгуульд санал өгдөг биш гээд энэ салбарыг хэн ч тоодоггүй” гэдэг. Энэ бол худлаа яриа. Боловсролын салбарын сул дорой, хүчгүй байгааг илэрхийлэх гэж оролдсон хамгийн энгийн ядмагхан тайлбар. Харин ч том зургаар нь харвал ямар нэгэн бодлогын нөлөө яалт ч үгүй энэ салбарыг сөхрүүлж буй мэт харагддаг. Өөрөөр хэлбэл, стратегийн бодлогын үүднээс Монгол Улсын боловсролын салбарыг ганд нь хаясны үр дүн өөдлөхгүй байгаа юм. Үүний цаана хэн нэгэн зориудаар чиглүүлж байхыг ч үгүйсгэх аргагүй.
Одоо боловсролын салбараа намаг балчигаас нь суга татаж гаргах хэрэгтэй байна. Хамгийн энгийн шийдэл нь багш нарынхаа цалинг л нэмчихмээр санагддаг. Тэгэхгүй бол Монголын багш нар Солонгос, Австрали зэрэг улс руу дүрвээд дууслаа. Бүтэн сарынхаа цалинг өндөр хөгжилтэй оронд очоод ганцхан өдөрт л ажиллаад олчихож байна шүү дээ.
Австралид цагийн ажил хийгээд өдөртөө 250-500 ам.доллар өлхөн олдог гэсэн. Гэтэл эх орондоо мэргэжлээрээ ажиллаад байгаа хэрнээ л шүлсийг цалин авч байна. Ийм цалинтай багш нар яаж орон байр, ахуй амьдралаа сайжруулах юм бэ. Өдөр хоногийг аргацаасан байдалтай л өнгөрүүлж байгаа. Тийм болохоор багш нар амьдрахын эрхэнд массаараа өөр салбар руу урваж байгаа, гадагшаа аяллын визээр явж хар ажилчин болж буй нь тэдний буруу биш.
Манайхан багш нарын цалинг ерөөсөө нэмдэггүй. Сонгууль болгоноор улс төрийн намууд багш, эмч нарын цалинг нэмнэ гэж амлалт өгч гарч ирдэг. Гэвч маргааш нь мартчихдаг. Боловсролын салбарын өмнөх сайдууд ч тэр. Одоогийн шинэ сайд нь хүртэл багш нарынхаа цалинг оцойтол нэмнэ гэж огт дуугарахгүй юм. Багш нарынхаа цалинг нэмэхгүй бол энэ салбарт ажиллах хүн үлдэхгүй гэдгийг сайн мэдэж байгаа хэрнээ хэрэгжүүлдэггүй нь их сонин. Тэгснээ үр дүнгийн урамшуулал, орон нутгийн нэмэгдэл гээд цонхны цаанаас чихэр долоолгохдоо сайн. Нийт багш нарт наалдахгүй ийм хачин шийдвэр дээр нэмээд анги даалт, дэвтэр засах, илүү цагийн урамшуулал гээд л элдэв аар саархан юмаар дүгнэж байгаа нэртэй аргалаад сурчихсан.
Уг нь үндсэн цалинг нь нэмчихэд л бүх асуудал шийдэгдчихнэ. Багш нарын үндсэн цалинг 1000 ам.доллар болгочиход л нэг хэсэгтээ дажгүй явна. Бас багш бэлддэг сургуулийн босгыг ахиулж, өндөр оноотой хүүхэд ордог болгох хэрэгтэй. Нягтлангуудын босго яагаад өндөр байдаг вэ гэхээр тэд сургуулиа төгсөөд баталгаатай өндөр цалин дээр очдог. Харин багшаар төгсөгчид баталгаатай ажлын байртай боловч цалин муу байгаа. Одоо багш бэлддэг сургууль төгсөгчдөдөө баталгаатай ажлын байр, өндөр цалинтай болчихвол тэр сургууль үнэ цэнэтэй болно. Багшаар төгсөгчид ажлын гараагаа хамгийн багадаа 1000 ам.долларын цалингаар эхлүүлдэг болчихвол энэ салбар сэвхийтэл өөдлөөд ирнэ.
Тэр хэрээр боловсролын чанар дээшилж, нэр хүнд нь өснө. Боловсролын салбарт аюулын харанга дэлдэхэд ойрхон болсон. Тогтвортой ажлын байраа хадгалж авч үлдэхийн тулд асуудлыг ингэж шийдмээр байна. Энэ бол шинээр байгуулагдсан парламентын хувьд боловсролын салбарт оруулах хамгийн том реформ болж чадна. Үүний үр дүнд тав, арван жилийн дараа Монгол Улс ямар болох нь хэнд ч мэдээжийн асуудал. Инноваци, орчин үеийн технологи эзэмшсэн, хүчирхэг, баян чинээлэг Монгол бий болно.
Элдэв шашин, хөдөлгөөн, намчирхал, улстөржилт гээд энэ бүхэн боловсролтой газраас аяндаа арилж, нийгэм эрүүл болно. Боловсролоо тэргүүнд тавьж чухалчилдаг орон хөгжлийн манлайд яаж хүрч болдгийг Сингапур, Финландын туршлага харуулж байна.
М.МӨНХЦЭЦЭГ