Бейсболын цохиур шиг улс төрийн зодуур-1

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2024 09 сар 03

Хүн зоддог, биеэ хамгаалдаг нэг хэрэгсэл бол бейсболын цохиур. Өндөр хөгжилтэй, энэ спорт хөгжсөн улсад машины тээшинд явдаг эд. Үзвэр шийнээс үүнийг бүгд үзсэн. Алдартай жүжигчин Марк Уолберг залуудаа хөгшин вьетнам эрийг бейсболын цохиураар зодсоноос нэр нь сэвтсэн тухай дэлхийн хэвлэлүүд бичдэг. Японы сүмод 2000-аад оны эхээр 17 настай сүмоч залууг ахмад бөхчүүд нь шар айрагны шил, бейсболын цохиураар зодсоноос болж энэ спортын нэр хүнд нэлээд ганхаж байсан удаатай.

Бейсболын цохиурыг зодоонд ашигладаг явдал Монголд ч “нутагшчихаад” байгаа юм. Гурван жилийн өмнө “МИАТ” ТӨХК-ийн Зорчигч үйлчилгээний хэлтсийн дарга нь ажилтнаа бейсболын төмөр цохиураар зодож буй бичлэг цахим орчинд тарсан. Түүнийг албан ажлаас нь чөлөөлж, цагдаагийнхан шалгаснаар асуудал төгсөж байв. Энэ мэт зодоон нүдээнд бейсболын цохиур ашиглаж, хүн гэмтээж, хөнөөсөн хэрэг шүүхийн шийдвэрийн санд бишгүй нэг байна.

Тэгвэл яг ингэж бейсболын цохиур шиг хэн нэгнийг гөвдөг хэдэн хэрэг асуудал Монголд бий боллоо. Ерөнхийдөө гэмт хэргийн шинжтэй тэдгээр асуудал хууль хяналтын байгууллагаар шалгагддаг ч эцэслэн шийдэгддэггүй. “…Яваад л байв, яваад л байв” гэдэг шиг цагдаа, прокурор, шүүх дамжиж хэдэн жил болно. Хэвлэлийнхэн бид “…Ингэлээ, тэглээ” гээд мэдээллийг нь дамжуулна. Ингэж хэдэн жил болоод сураг алдардаг. Сүүлдээ ийм хэргүүдийн талаарх мэдээлэл гэнэт хэн нэгэн төрийн түшээ, албан тушаалтны амнаас гэнэт гарч, хэвлэл, цахим сүлжээгээр сүрхий шуугиад намдчихдаг боллоо. Бас л хэрхсэн нь тодорхойгүй, хэн нэгэн огт ярьж хөндөөгүй мэт дахиад сураг алдарна.

Хагас сар хуралдаад өнгөрсөн баасан гаригт завсарласан ээлжит бус чуулганы сүүлийн өдрүүдэд тийм хэргүүдийн зарим нь сөхөгдлөө.

Нэгдүгээрт, “Чингис хаан банк”. Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэлийг ээлжит бус чуулган завсарлахын өмнөх өдөр УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед Сангийн яамны Төрийн сангийн газрынхан “…НДС-гийн 94.9 тэрбум төгрөг, ЭМДС-гийн 30.8 тэрбум төгрөгийг “Чингис хаан” банкнаас авч чадаагүй байна. НДС-гийн нэр дээр “Чингис хаан” банкинд 2011 онд нээсэн дансанд 89 орчим тэрбум төгрөг, 2013 онд нээсэн дансанд 1.4 тэрбум төгрөг, 2016 онд нээсэн дансанд дөрвөн тэрбум төгрөг байна. ЭМДС-гийн 30.9 тэрбум төгрөг 2018 оны нэгдүгээр сарын 19-нд нээсэн дансанд байгаа. “Чингис хаан” банк 2019 оны аравдугаар сараас эрүүл мэнд, нийгмийн даатгалын төлбөр тооцоог гүйцэтгэж чадахгүй болсон. НДЕГ 2020 оны есдүгээр сард нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус шүүх “Чингис хаан” банкнаас 101.7 тэрбум төгрөг гаргуулж, НДЕГ-т олгохоор 2020 оны аравдугаар сард шийдвэрлэсэн. Үүнээс 2023 оны тавдугаар сарын 25-ны байдлаар нийтдээ 6.57 тэрбум төгрөгийг тус банк төлж, 95.2 тэрбум төгрөг үлджээ. Түүнээс хойшх жилийн хугацаанд 300 сая төгрөг барагдуулж, одоо 94.9 тэрбум төгрөг төлөх үлдээд байна” гэж мэдээлсэн. Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн “…Энэ “Чингис хаан” банк гэж дампуурчихсан мөртлөө дампуурлыг нь зарладаггүй нэг банк байна аа” гэж дуу алдана лээ.

Мөн “Чингис хаан” банктай холбоотой аудитын дүгнэлтийн талаар УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Монголбанкны ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир нарын “харилцан яриа” анхаарал татахаар байв.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг “…“Чингис хаан” банктай холбоотой олон асуудал байна. Муу авлага, зээл нь 100 тэрбум, эрсдэлд орж болзошгүй 200 тэрбум төгрөг одоогоор байршиж байна. Хэн гэж хүний, ямар банк болоод Төв банк хууль хэрэгжүүлэхгүй байгаа юм бэ. Өөр арилжааны банк байсан бол та нар БЭТ томилоод учрыг нь олчихдог. Гэтэл яагаад “Чингис хаан” банк дээр очоод хуулиа хэрэгжүүлэхээ больчихдог юм бэ. "Бэрэн групп" ХХК-д 239 тэрбум төгрөгийн зээлийг хэн гэж сайд олгосон бэ. Сангийн болон БХБ-ын сайдын тушаалаар зээл олгосон боловч одоо мөнгөө авч чадахгүй байна” гэхэд Монголбанкны ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир “…“Чингис хаан” банканд НДС-гийн 96.5 тэрбум, ЭМДС-гийн 30.9 тэрбум төгрөг төлөгдөөгүй үлдэгдэлтэй байгаа. “Чингис хаан” банкны зохистой харилцааны шалгуур үзүүлэлтүүд сүүлийн гурван жил зөрчигдөөд явж байгаа. Гэхдээ энэ банк шинэ хувьцаа эзэмшигчидтэй болно гэх мэдээллийг Төв банканд ирүүлдэг. Зарим тохиолдолд шинэ хувьцаа эзэмшигчийн уулзалт хийх, эх үүсвэр шалгуулах зэргээр Монголбанканд ханддаг. Энэ тохиолдолд шинэ хувьцаа эзэмшигчидтэй болж, өөрийн хөрөнгө нь сайжирч, үйл ажиллагаа хэвийн болсон тохиолдолд татан буулгахгүй байх дүрэм журамтай” гэж хариулав.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг дахиад “…Танд хүргүүлсэн аудитын дүгнэлтэд яг одоо 200 тэрбум төгрөг байршиж байна гэж орсон. Хөгжлийн банкнаас 50 тэрбум төгрөг авсан гэдгийг олон нийт мэдэж байгаа. Та зөвхөн Эрүүл мэнд болон Нийгмийн даатгалын сангийн мэдээллийг ярьж байна. Өөр төрийн өмчит компаниудаас хэдэн төгрөг байршиж байгаа вэ. “Чингис хаан” банкны асуудал ярихаар та нар хүмүүсийг төөрөгдүүлсэн буруу зөрүү мэдээлэл өгөөд байгаа юм. Банкуудын харилцах дансны дээд хүүг гурван хувиар тогтоосон асуудал байгаа юу Ган-Очир оо. 200 тэрбум төгрөг байршуулаад энэ банкийг аврах үйл ажиллагаа явуулаад байгаа юм уу” гэсэнд Монголбанкны ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир “Аудитын газрын дүгнэлтээр гарч буй дүнг хүлээн зөвшөөрч байна” гэв.

Мөн УИХ-ын гишүүн Х.Ганхуяг “…2011 онд 94 тэрбум төгрөг байршуулж муу зээлийн ангилалд орсон. 2014, 2015, 2016 онд дахиж зээл олгосон. Өмнөх зээлүүдээ авч чадахгүй, муу ангилалд орчихсон, дээр нь төрийн өмчит компаниудын 200 тэрбум төгрөг байршуулчихсан байна. Яагаад “Чингис хаан” банк дээр ирэхээр хууль нь хэрэгжихгүй больчихдог юм бэ. Яг тодорхой хариулна шүү Ган-Очир оо” гэхэд Монголбанкны ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир “Байршуулалтай холбоотой асуудал бол төрийн байгууллагын үйл ажиллагаа юм. Монголбанкны хувьд тухайн банкны хэвийн үйл ажиллагаа, харилцагчийн эрх ашгийг хамгаалахын тулд дүрэм журмыг мөрдүүлдэг” гэв.

Хоёрдугаарт, шахмал түлшний “Тавантолгой түлш” компани. ҮАГ-аас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2023 оны санхүү тайлангийн болон 2023 оны төсвийн гүйцэтгэлд аудит хийжээ. Ээлжит бус чуулганаар 2023 оны төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэх үеэр “Эрдэнэс Тавантолгой” ХК нь “Тавантолгой түлш” ТӨХК-д 15 гэрээг үндэслэн 1.1 их наяд төгрөгийн санхүүжилт олгосон. Гэтэл энэ эх үүсвэр нь эргэн төлөлтгүй авлагад бүртгэсэн талаар мэдээллийг Ерөнхий аудитор Д.Загджав өгсөн. Тодруулбал, 2024 оны наймдугаар сарын 29-ний Төсвийн байнгын хорооны хуралдаан дээр УИХ-ын гишүүн Г.Дамдинням "…Өвлийн утаа эхэллээ. Шахмал түлшний үйлдвэрт хийсэн хөрөнгө оруулалт байхгүй болсон. Аудитаас ажилласан юм уу" гэж асуув. Үүнд Ерөнхий аудитор Д.Загджав "…Шахмал түлшний үйлдвэрээс гэмт хэргийн шинжтэй 1.1 их наядын зөрчил илрүүлж, прокурорт шилжүүлсэн" гэж хариулсан юм. Энэ үеэр Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн “…Чи юу яриад байгаа юм бэ. Тэр үед У.Хүрэлсүх Ерөнхий сайд байсан. Ерөнхийлөгчийгөө буруу юм хийсэн гээд сууж байх юм” гэсэн нь олон нийтийн чихийг дэлдийлгээд авсан. Дараа нь, Д.Загджав яагаад ингэж хэлсэн талаар Ерөнхий аудиторын орлогч Я.Самбууням “…“Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 2023 оны санхүүгийн тайланд аудит хийхэд тус компанийн авлага дансанд 1.1 их наяд төгрөг бүртгэлтэй байсан. Тус компани “Тавантолгой түлш” ТӨХК-д 15 гэрээг үндэслэн 1.1 их наяд төгрөгийг олгосон байсан. Энэ нь зээл биш, татаас ч биш. Зөвхөн 15 гэрээг үндэслэж олгосон санхүүжилт байсан. Эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүжилт юм. Энэ санхүүжилтийн үр дүнг “Тавантолгой түлш” компани дээр хянаж үзэхэд тус компанийн удирдлагууд уг санхүүжилтийг зориулалтын бусаар зарцуулсан, ТЭЗҮ нь батлагдсанаас өөр арга хэмжээнд зарцуулсан, мөн удирдах албан тушаалтнууд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу эрх олгосон байх магадлалтай гэж үзээд Төрийн аудитын тухай хуулийн 35.1 дэх хэсэгт заасны дагуу Ерөнхий аудитор Ерөнхий прокурорт хүсэлт тавьсан. Энэ асуудлын гэмт хэргийн чанартай хэсгийг магадлаж өгөхийг хүссэн. Үүний хариуд Ерөнхий прокуророос хэрэг бүртгэлтийн үйл ажиллагаа явуулж байгааг мэдэгдсэн. Засгийн газрын буруутай шийдвэр гэхээс илүүтэй “Тавантолгой түлш” компанийн удирдлагуудын санхүүгийн сахилга бат алдагдсан учраас хариуцлага тооцох хууль эрх зүйн үндэс гарсан байна хууль хяналтын байгууллагад хандсан. Тухайлбал, Эргэн төлөгдөх урт хугацаатай санхүүжилтийг Барилгын тухай хууль, барилгын норм дүрэм стандартын шаардлага хангаагүй төсөл арга хэмжээнд, зарим эх үүсвэрийг зориулалт бусаар олгох шийдвэр гарган, албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол үүсгэсэн байж болзошгүй гэж прокурорт хандсан” гэж дэлгэрүүлэн, бас залруулан тайлбарласан юм.

Гуравдугаарт, алдарт “Авлигал хороолол. УИХ-ын гишүүн Г.Дамдинням энэ “сэдэв”-ийг сөхсөн. Тэрбээр ээлжит бус чуулганыг хаадаг өдөр “…Монгол улсад хууль дүрэм, шүүх байдаг бол энэхүү үйлдлийг таслан зогсоох ёстой. Өнөөдөр миний бие энэ газрын талаар ярихаас гадна юу хийсэн бэ гэхээр, тухайн газартай холбоотой бүхий л мэдээ мэдээлэл баримт нотолгоог цуглуулсан юм. Өнгөрсөн онд Ерөнхий сайдад асуулга өгч хариуг нь тавдугаар сард авсан баримт бичиг ч мөн адил байна. Өнөөдрөөс эхлэн хуулийн байгууллагын хүрээнд олон нийтэд түгээх боломжтой мэдээллийг задалж эхэлнэ. Үүн дээр олон нийтийн дэмжлэгийг хүсэж байна. “Авлигал” хорооллын газартай холбоотой асуудал 2007 оны долдугаар сарын 4-нд НИТХ-ын хүрээнд 40 мянган айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд “Эм Энд Жи констракшн” ХХК-д төмөр замын дуу чимээнээс тусгаарлах хана босгох, автозамын холболт хийх, үерийн далан барих гэх мэтээр газар ашиглуулах зөвшөөрлийг анх өгсөн байдаг юм.

2008 оны есдүгээр сард нийслэлийн засаг дарга Т.Билигт дунд голын салаа урсгалд урсдаг 11.8 га газрыг "Эм Эн Жи" ХХК-д орон сууцны чиглэлээр ашиглах зөвшөөрөл өгсөн. Өөрөөр хэлбэл, энэхүү зөвшөөрөл нь голын салаад оройн сууц барихаар өгсөн нь хууль зөрчиж байгаа хэрэг юм. Тэгэхээр анхнаасаа энэ газрыг хууль зөрчиж олгосон байна.

Үүний дараа 2011 онд нийслэлийн засаг дарга Г.Мөнхбаяр нь тухайн барилгын компанийн ашиглах эрхийн зөвшөөрлийг эзэмших эрх болгож өгсөн. 2013 онд нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл тухайн газрыг ногоон байгууламж байгуулахаар өөрчилсөн. Үүний дараа 2018 онд нийслэлийн засаг дарга С.Батболд өмнөх захирамжийг өөрчлөн 11.8 га газрыг гурав хувааж, тус бүр газрын гэрчилгээ олгосон. Газрын зориулалтыг худалдаа үйлчилгээнийх болгон өөрчилсөн. 2020 онд нийслэлийн засаг даргын ажлыг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан Эм Эн Жи компанийн газрын гэрчилгээг хүчингүй болгон цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж болгох тушаал гаргасан. Харин 2022 онд нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар газрын гэрчилгээг сэргээн, худалдаа үйлчилгээ, орон сууцны зориулалттайгаар “Эм Эн Жи” ХХК-д дахин олгосон. Мөн техникийн нөхцөлүүд 2022 онд олгогдож эхэлсэн. Миний хувьд прокурорын ерөнхий газар болон АТГ-т шалгах хүсэлтийг өгсөн. Шалгаж байгаа гэх хариу мэдээлэл ирсэн. Мөн Ерөнхий сайд тухайн газарт очихдоо “Авлигал” хорооллыг нураана гэдгээ мэдэгдсэн. Үүнээс хойш энэхүү барилгын цахилгаан болон усыг тасалсан боловч та бүхний харж байгаачлан фасадаа хийгээд дууссан байна” гэсэн мэдэгдлийг хийв.

Харин УИХ-ын нэгдсэн чуулганы ээлжит бус хуралдаан дээр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “…Засгийн газар, хотын удирдлагууд очихоороо олон нийтэд зориулан "Авлигал" хорооллыг нураана гэсэн попорсон мэдээллийг өгдөг. Тэгсэн мөртлөө Г.Дамдинням гишүүний хөндөж байгаа асуудлыг логикийн хувьд бодоод үзээрэй. Хоёр жилийн өмнө Ерөнхий сайд очиж ажиллаад, голын голдирол өөрчилсөн байна, олон нийт үерийн эрсдэлтэй байх нөхцөлийг үүсгэсэн байна, нураана гэж мэдэгдсэн. Тэрнээс хойш зөвшөөрөл өгсөн байдлыг шалга гэдгийг УИХ-ын гишүүн Г.Дамдинням шаардаад байгаа юм. Энэ асуудалд Засгийн газрын гишүүд, хотын удирдлага бодитой ажил хийснээ УИХ-д долоо хоногийн дотор мэдээлэл ирүүлэх хэрэгтэй. Шаардлагатай гэж үзвэл УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулж, энэ үйл явцыг шалгах ёстой. Ингэснээр нийгэмд шударга ёс гэж байдаг юм уу гэдгийг нотлох зүйл учраас үүнд онцгой анхаарч ажиллана. Түүнээс ямар нэгэн байдлаар УИХ-ын гишүүн асуулт асууж, тухайн цагт янз бүрээр тайлбар хэлж, хариулсан болдгийг таслан зогсоох учиртай. Г.Дамдинням гишүүн энэ асуудалд анхаарч, салбарын сайд, хотын удирдлагууд бодитой ажлаа хий. Ерөнхий сайд ажилласан өдрөөс хойш олгосон зөвшөөрлийг хэн, ямар эрх ашгаар өгсөн бэ гэдгийг тодорхой болгож, шаардлагатай бол хууль хяналтын байгууллагад шилжүүлэх ёстой. Төрийн хууль гурав хоног хэрэгждэг гэх яриа бий. Албан тушаалтнууд хууль бол хууль гэж ажиллах ёстой. Журмын зохицуулалтыг хязгаарлахаар ажиллаж байна. Журмаар зохицуулж байгаа нь албан тушаалтан эрхээ хэрэгжүүлэх үү, үгүй юу гэдгийг шийдэж байгаа учраас цөөлнө” гэв. Энэ талаар ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл “…ХЗДХЯ-ны хувьд ШШГЕГ харьяалж ажиллаж байна. Захиргааны хэргийн шүүх дээр энэ хороололтой холбоотой захирамж гарч, асуудал гацсан байдаг. Процессыг нь харахаар аль хэдийнэ шийдвэрлээд дууссан байх ёстой ч огт шийдвэрлээгүй байдаг. Шүүхийн шийдвэр гартал шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх захирамж гарсан. Захирамжийг яаж ч чадахгүй бодит үнэн. Бид одоо захиргааны хэргийн шүүхийн хяналтад Засгийн газрын холбогдох албан тушаалтны шийдвэр байх ёстой гэж би хуульчийнхаа хувьд үздэг. Цаашид энэ хороолол шиг том бүтээн байгуулалтын асуудал захиргааны хэргийн шүүх дээр гацаж байгаа. Захиргааны процессын хуулийн хугацаанд шийдэгдэхгүй байгаа. Ард түмний анхааралд өртсөн хэргүүд шийдэгдэхгүй байгаа учраас зохих судалгааг хийж байна. УИХ-ын даргын хэлсний дагуу хуулийн байгууллага АТГ-тай хамтран УИХ-ын ажлын хэсэг гаргаж, дэмжлэг үзүүлээд хамтран ажиллана” гэсэн юм.

Ээлжит бус чуулган хуралдсан 15 хоногт ийм гурван бугшсан хэрэг, ужгирсан сэдэв яригдав. “Чингис хаан” банк, “Авлигал” хороолол, “Тавантолгой түлш” компани гэхээр “…Ард нь ямар нэг асуудал бий” гэдгийг бүгд ойлгодог болчихсон. Хэдэн жил яригдаж байгаа хэрэг түвгийн шинжтэй явдлууд шүү дээ.

Гэвч ээлжит бус чуулганы үеэр ийм байдлаар сөхөгдөв. Баахан шуугиуллаа. Тэгж байгаад л таг болов. Чуулган хаагдлаа, маргааш нь чимээгүй болж байна. Тэгэхээр үүний ард хэн нь хэнтэйгээ хэлцэл тохироо хийгээд байна вэ. Аль эсвэл, үнэхээр хүч нь дутаад, дуу хооллой нь хүрэлгүй таг болов уу: Аль нь юм, бүү мэд.  Ямартай ч “…Энэ мэтийн сэдвүүдийг ингэж сэвээд бейсболын цохиур шиг улс төрийн зодуур болгож ашигладаг юм биш байгаа даа” гэсэн хардлага нийгэмд дагаж гарч ирж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх