Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2015 01 сар 21
Шинэ засгийн газрын дэвшүүлсэн уриа бол нэгдүгээрт эдийн засаг, хоёрдугаарт эдийн засаг, гуравдугаарт эдийн засаг билээ.
Засгийн бүтэц бүрэлдэхүүн томилогдох гэж сандал ширээний төлөөх тэмцлээ одоо хүртэл дуусгаж чадахгүй мунгинаж байна. Энэ хооронд нь улсын орны эдийн засаг, ард иргэдийн амьдрал минут, секунтээр доройтсоор л. Яг үнэндээ өнөөдрийн нөхцөл байдал нөгөө муугаар хэлүүлдэг өмнөх засгийн үеэс ч дордчихов. Хотын төвийн томоохон хүнсний дэлгүүр, захуудаар явахад байдал арай өөр ажиглагдаж байгаа боловч гэр хорооллын гэгддэг дэлгүүрүүдэд тэс ондоо дүр зураг угтана. Гэр хорооллын иргэдийн амьдрал үнэхээр хэцүү байна. Энд иргэдийн цалин цагтаа буухгүй, буусан ч хаанаа ч хүрдэггүй байдлаас болж хоногийн хоолоо авахын тулд өр зээлд баригдаж гүйцлээ. Өнөөдрийн онцлох сэдвээр уг асуудлыг хөндсөн юм.
Одонтой ээжүүд, хүүхдийн мөнгө нийгэмд ямар их хэрэгтэй нь нотлогдов
Энэ засгийн газар өөрсдийн тансаглалын мөнгөнөөс хасахын оронд хөөрхий ээжүүдийн одонгийн мөнгө, хоосон хонох дээрээ тулаад буй хүүхэд багачуудын мөнгийг танах, хасах гэж зүтгэсэн. Иргэдийн нуруун дээр ямар хүнд ачаа байгааг мэдсэн хэрнээ хөрөнгийн татвараас авахуулан элдэв төрлийн татвар шинээр нэмж, одоо байгаа татварын хэмжээг нэмэх талаар ярьж байна. Хямралаас татвар нэмж, цалинг багасгаж, цомхтгол хийж хэзээ ч гардаггүй. Хэрэв асуудлыг ингэж шийдвэл иргэдийн нуруун дээрх ачаа улам л даагдахаа болино. Төсвийн тодотголтой холбоотойгоор төрийн байгууллага болон бусад олон байгууллагууд цалин цавуугаа өгөхгүй, халамжийн мөнгөний санхүүжилт ч орохгүй өдийг хүрлээ. Энэ хооронд иргэд хоногийн хоол, хоёр зүсэм талхаа ч авч чадахаа болилоо. Хамаг өнгөтэй, өөдтэй, үнэ хүрэх бүхнээ ломбардсаар байгаад барьцаанд тавих эд хөрөнгө ч үгүй болов. Аргаа барсан ард түмэн иргэний үнэмлэх, бичиг баримтаа барьцаалан хоногийн хоол олох “аян”-д морджээ.
Атга мах, хоёр аяга будааны төлөө бичиг баримтаа барьцаалж байна
Иргэд будаагаа аягаар нь махаа атгаар, төмсөө ширхэгээр нь бүр цаашлаад нарийн ногоо, үнэтэй зүйлийг бол авна гэж мөрөөдөж ч чадахгүй байна. Энэ тухай анхандаа хэн ч сонссон итгэхгүй биз. Тэгвэл нэдэр дээрээ захын гэр хорооллын найман нэрийн барааны дэлгүүрүүдээр явахад байдал ямар байгааг нүдээр харж, биеэр үзэж болно. Миний хувьд Баянзүрх дүүргийн хамгийн захын хорооллын зарим дэлгүүрээр ороход энэ бүх дүр зураг буусан юм. Дээрх дэлгүүрүүдээр ороход лангууны шилээр дүүрэн барьцаанд үлдээсэн бичиг баримт. “Хар данс”-нд орсон иргэдийн тоо өдрөөс өдөрт л нэмэгдсээр байгаа аж. Тэгвэл тус дэлгүүрээр үйлчлүүлдэг иргэд хагас кг мах, хагас кг цагаан будаа, нэг кг гурил, нэг ширхэг хэрчиж бэлтгэсэн гурил гэх мэт зүйлийг л авах болжээ. Захын хорооллын иргэдийн ихэнх хувь нь таван төмс, гурван лууван, ганц сонгино, алга дарам махаар үдшийг үднэ. Энэ бол цөөн ам бүлтэй айлын нэг оройны хоол ундны л хэрэгцээ. Дээрээс нэмээд хахир хүйтэн өвлийн улиралд түлээ нүүрс, тог цахилгааны мөнгөнөөс авахуулаад өч төчнөөн дарамт үүснэ. Хэрвээ таваас дээш ам бүлтэй айл байвал байдал улам л хүндэрнэ.
Уг асуудлыг сурвалжлахаар Баянзүрх дүүргийн гэр хорооллын захдуу хэсэг болох Улиастай, Шархад, Да Хүрээ зах зэрэг газрын зарим дэлгүүрүүдийн эздээс тодруулсан юм.
Шархаданд байрлах “Тосон арвижих буян” дэлгүүрийн эзэн Ц.Цэцэгтэй уулзаж ярилцсан юм.
-Сайн байна уу та. 24цаг.мн сайтаас явна. Танаас зарим зүйлийг тодруулах гэсэн юм?
-За, юу асуух гэсэн юм. Асууж болно.
-Сүүлийн үед гэр хороололын дэлгүүрүүдээр иргэд үйлчлүүлэхдээ бичиг баримтаа барьцаалан зээл авч байгаа гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу. Танай дэлгүүр ийм хэлбэрээр зээл олгодог уу?
-Таньдаг мэддэг хүн орж ирчихээд гуйгаад байхаар өгөхгүй яах вэ дээ. Гэхдээ зарим нь арай л ядаргаатай. Бараг өдөр болгон зээл авах гээд байдаг юм. Ер нь хүмүүсийн нэг ч төгрөг байхгүй болчихсон юм биш үү. Тийм ч хүүхдийн мөнгө, ийм ч тэтгэврийн мөнгө тавихаар өгье гээд зээл авдаг. Шулуухандаа шинэ он гарсанаас хойш бидний наймаа тааруухан л байна. Хөөрхийдөө хүүхдээ уйлуулаал ороод ирэхээр хатуурхаж чадахгүй л юм.
үргэлжлэлийг энд дарж уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.