“...Улс төрийн сөрөг хүчин байхгүй болсон” гэдгийг Орон нутгийн сонгууль харууллаа

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2024 10 сар 15

Орон нутгийн сонгуульд МАН яллаа. Хот болоод хөдөөгийн 14 аймагт ялалт байгуулав. АН ч хуучин сууриараа ялангуяа хөдөөд ахиу санал авч, долоон аймагт ялав.

Гэхдээ аливаа сонгуулийн өнгийг хотынхны санал тодорхойлдог. Тэгвэл энэ удаагийн хотын Орон нутгийн сонгуульд МАН үнэмлэхүй яллаа. Тэд НИТХ-ын 45 суудлын 40-ийг авав. Харин АН таван суудал авч нам тавиуллаа. Урьд нь НИТХ-ын нэг дуу хоолой болж байсан ХҮН нам сураг алдрав. Нэг ч суудал авч чадсангүй.

 

Эдгээр нь олны анхаарлыг татаж, улс төрийн хийгээд нийгмийн талын дүгнэлтийг хөврүүлж байна.

 

Эндээс нийтлэгийг нь хэлэхэд, ямар ч сонгуульд хотод ахиу суудал авдаг, адаглаад бүлэгтэйгээ үлддэг АН, ХҮН намуудын ялагдлын шалтгааныг олон нийт ч, өөрсдөө ч хэлж байна. Дээрх намууд УИХ-ын сонгуулийн дараа засагт орсон нь тэдний ялагдлын гол шалтгаан болов. Тиймээс МАН ингэж үнэмлэхүй ялсан. Товчхондоо, “...Улс төрийн сөрөг хүчин байхгүй болсон” гэдгийг Орон нутгийн сонгуулийн дүн харууллаа.

Уг нь ийм дүгнэлт УИХ-ын сонгуулийн дараа гарсан. Орон нутгийн сонгуулийн дүн үүнийг нотлов.

Мэдээж, энэ ялалт, ялагдалд дагалдах шалтгаанууд бий.

Ингэхдээ Орон нутгийн сонгуулийг хот ба хөдөө гэж ялгах хэрэгтэй.

 

Хотын сонгуульд МАН сайндаа ч ялсан биш, дээр хэлсэнчлэн өрсөлдөгчид нь олиггүй байсан. Тиймээс энэ удаагийн Орон нутгийн хот дахь сонгуульд ялсан. Гэхдээ Хотын МАН-ын дарга, Хотын дарга Х.Нямбаатарын “стратеги” бас санал татах шалтгаан болсон. Хотын дарга нар голдуу аядуу тайван хүмүүс байж ирсэн. Харин Х.Нямбаатар тийм биш, их ч явж сууна, их ч хэрүүл уруул хийнэ. Ерөнхийдөө түүний илэн далангүй, ил цагаан ажиллаад байгаа нь Хотын МАН-ын ялалтын хөшүүрэг болсон. Яг үнэндээ Хотын хороод бас МАН-ын ялалтад маш чухал нэмэр тустай ажилласан.

 

Бас МАН-ыг хотод ялахад гарцаагүй тус болсон хүн бол Х.Баттулга юм. Тэрбээр энэ сонгуулиар АН-ыг төлөөлж гарч ирсэн. Түүний хийсэн PR-ыг Орон нутгийн сонгуулийнх гэж хэлэхэд хэцүү. “...Төсөл нь ч яригдаж эхлээгүй “Хүүхэд хөгжлийн дэвтэр” ярьж байна. Энэ нь Орон нутгийн сонгууль бус ирэх Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл хийж байгаатай холбоотой” гээд байсан нь ортой л дуулдсан. Дээрээс нь тэр Хотын АН-ын сонгуулийг ерөнхийд нь удирдсан боловч яг АН-ыг төлөөлж оролцоогүй юм. Учир нь НИТХ-д нэр дэвшигчдийг АН-ын биш Х.Баттулгын цензурээр тодруулсан нь нөлөөлсөн. Түүний нэр дэвшүүлсэн жагсаалтад АН-ынхан бус өөрийнх нь хүмүүс багтсан. Сонгууль эхлэхэд л энэ талаар яригдсан. АН-ынхан бөөн гомдол байсан. Сонгуулийн дүн гарсны маргаашаас АН-ынхан яаж хөдөлгөөнд орж байгаагаас үүнийг харж болно. Ерөнхийдөө УИХ-ын сонгуулиас өмнө АН-ын дотоод сонгуулиар хотыг мэдэлдээ авсан Х.Баттулга энэ Орон нутгийн сонгуульд өөрийнхөөрөө тоглолоо. Х.Баттулга Хотын АН-ыг бараг хувьчлаад авчихсан гэдгээ саяын сонгуулиар харуулав.

 

Уг нь АН бол итгэл үнэмшлээрээ нэгдсэн улс төрийн байгууллага шүү дээ. Хамтын шийдвэр гаргах ёстой.

Одоо Хотын АН-аас Х.Баттулга буюу Т.Батцогтыг огцруулах тухай яриа АН-д хүчтэй гарч байна. Харамсалтай нь дараагийн кандидатаар нөгөө л Э.Бат-Үүлийн нэр зарлагдаж байна. Залуус нь таг. Ядаж АН-ын “далаад оныхон” ч сураг алга. Уг нь Монголын улс төрийн намуудаас хамгийн боловсон хүчин сайтай хоёр намын нэг нь АН гэдэг шүү дээ. Гэтэл 30 жилийн өмнөх лидерүүд нь өнөөдөр намаа атгасан хэвээр л байна. Гэхдээ энэ нам эв зүйндээ орж байвал хэнээрээ удирдуулах нь тэдний л хэрэг.

 

ХҮН намын өмнөх амжилт энэ сонгуулиар “тэглэсэн” гэхэд болно. Тэдний “...Ялагдлын шалтгаан” гэж яриад байгаачлан ХҮН нам хамтарсан засагт орсон нь нөлөөлсөн. Гэхдээ нэг зүйл бий.

УИХ-ын сонгууль холимог буюу пропорциональ хувилбар бүхий тогтолцоогоор явагддаг. 2023 оны зун “...УИХ-ын сонгуулийг сонгуулийн холимог тогтолцоогоор явуулна. УИХ-ын далан найман гишүүнийг олныг төлөөлөх, дөчин найман гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно” гэсэн өөрчлөлтийг УИХ холбогдох хуулиудад хийсэн. Тэгвэл Орон нутгийн сонгууль нь 2020 оны нэгдүгээр сарын 30-нд баталсан хуульдаа “…Орон нутгийн Хурлын сонгууль олонхын /мажоритар/ тогтолцоотой байна” гээд заачихсан. Хоёр өөр тогтолцоогоор явагддаг.

 

Энэ дээр судлаачид, экспертүүд сүүлийн үед зарим нэг санал санаачилга яриад байдаг болсон.

 

Нэгдүгээрт, тогтолцоо талаасаа Орон нутгийн Хурлуудад УИХ шиг олон намын төлөөлөл орох боломжгүй. Яагаад гэхээр УИХ пропорциональ бүхий холимог, Орон нутаг мажоритар системээр явдаг. Үүгээрээ асар зөрүүтэй. Тэгэхээр жижиг намууд “…Бид ялж чадсангүй. Ингэчихлээ, тэгчихлээ” гээд байх нь “…Унасан бөхөд шалтаг мундахгүй” гэдэг шиг л сонсогдож байна. ХҮН намын өмнөх жилүүдэд хотод суудал авдаг байсан нь намдаа, улстөрчиддөө биш, дэмжигчиддээ байсан юм. Гадаадад байгаа монголчууд ХҮН намыг маш их дэмждэг. Үндсэндээ ХҮН намын санал гаднаас их ирдэг. Өмнөх НИТХ-аас гадна, өнгөрсөн зуны УИХ-ын сонгуулиар ч хамаг саналаа гаднаас, хотоос л авсан. Гэвч засагт орсноор тэр санал татагдсан. Ийм л юм.

 

Хоёрдугаарт, УИХ сонгууль, Орон нутгийн сонгууль хоёр цаг хугацааны хувьд хол зохион байгуулах нь санхүүгийн зардлаас гадна, улс төр, нийгмийн олон садаа учруулдаг. Мөн УИХ-ын сонгуульд унасан хүмүүс Орон нутгийн сонгуульд “гулсаж” нэр дэвших зэргээр улс төрийн ёс зүйн зөрчлүүдийг ч үүсгэх нөхцөлийг бий болгодог. Сая л гэхэд МАН-аас ч, АН-аас ч УИХ-ын сонгуульд өрсөлдөөд унасан хүмүүс орон нутагт дахиж нэр дэвшиж байгаа үзэгдэл байж л байна. Зарим нь сонгогдоод л гарч ирж байна.

 

За, ийм асуудлуудыг яриад байгаа юм.

 

Тэгвэл МАН, ХҮН намын дарга нар л лав саяын Орон нутгийн сонгуулиар санал өгөх үеэрээ хэвлэлийнхэнд ярихдаа энэ талаар хөндсөн байна.

Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “…Цаашдаа орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай хамт явуулах нь зөв гэж бодож байна. Үүнийг бусад намтай зөвшилцөж ярилцана. Сонгуулийн циклээс шалтгаалж Засгийн газар дорвитой шийдвэр гаргаж чадахгүй байна” гэсэн бол Шадар сайд, ХҮН намын дарга Т.Доржханд “…Бид УИХ-ын түвшинд сонгуулийн шинэчлэлийг сайн хийж чадсан. Харин Орон нутгийн сонгуулийн тогтолцоогоо өөрчилж амжаагүй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд сонгууль болохоос нэг жилийн өмнө ямар нэгэн өөрчлөлт хийхгүй гээд заачихсан. Харамсалтай нь бид Орон нутгийн сонгууль болохоос нэг жилийн өмнө буюу өнгөрсөн онд сонгуулийн дүрмээ өөрчилж чадаагүй. Үр дүнд нь өнөөдөр сонгуулийн мажоритар тогтолцоогоор буюу хуучин дүрмээрээ яг одоо саналаа авч байна. Тиймээс улс төрийн намуудын удирдлагын түвшинд цаашид Орон нутгийн сонгуулийн тогтолцоог холимог хэлбэрээр явуулдаг болоход ойлголцоод явж байгаа” гэсэн юм.

 

Энэ нь, намууд ч УИХ-ын сонгууль, Орон нутгийн сонгуулийн зөрүүг олж харсан гэсэн үг.

УИХ-д суудалтай “Үндэсний эвсэл” энэ удаагийн Орон нутгийн сонгуульд оролцсон. Хотод бол суудал авчихаар л орон зай үүсээд байв. Гурван нам засагт хамтарсан нь Орон нутгийн сонгуулиар дөрөв дэх хүчинд хэрэг болохоор суурь тавигдаад байсан. Гэсэн ч “Үндэсний эвсэл”-ийнхэн сонгуулийн нээлтээ хогийн цэг дээр хийгээд л сонгуулиа эхнээс нь унагачихсан. Монголын хүний сэтгэл зүй…, хогийн цэг… Нийцэхгүй л дээ. Ямартай ч энэ нь “…Заавал НИТХ-д суудалтай болно” гэсэн Н.Номтойбаярын сонгууль бол биш байв. Тэгээд ч, сураг ч гарсангүй.

 

Хөдөөд бол Орон нутгийн сонгуулийн зарчим өөр байлаа. Сонгуулийн тогтолцоо нь хуучнаараа буюу мажоритар, үүнтэй холбоотойгоор орон нутгийн сонгогчид намыг нь гэхээсээ хүнийг нь харж саналаа өгөх шиг болно лээ. Яг ингээд “…Хүнийг нь харж санал өгнө” гэсэн нөхцөлд хөдөөгийн боловсон хүчнүүд МАН, АН-д л хуваагдсан байдаг. Түүгээрээ л сонгогчид санал өгч, сонгуулийн дүн гарсан хэрэг.

Түүнчлэн, МАН-аас нэр дэвшиж сонгогдсон Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарын нутаг Сүхбаатар, Говь-Алтай, Хэнтий аймагт АН ялалт байгуулав. “...Энэ юу гэсэн үг вэ” гээд ярьцгааж байна. “...Улс төрийн сөрөг хүчин бол байхгүй болсон” гэж дээр хэлсэн. Тэгэхээр, сонгогчид ингэж саналаа өгсөн нь чухам юу гэсэн үг вэ?!

 

Б.ДАМДИН-ОЧИР

 

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх