Насандаа баймгүй ухаалаг, хэрсүү, сэргэлэн хүү Д.Аргабилэгтэй ярилцлаа. Тэрээр англи хэлнээс гадна орос, япон, хятад хэлийг бие даан судалж байгаагаа хэлсэн юм.
Аав, ээж нь түүнийг төрөлхийн хичээнгүй, тэвчээртэй зантай учраас хийх дуртай зүйлийг нь дэмжиж, үеийнхээ хүүхдүүдэд сурсан мэдсэнээ зааж, мөн аппликэйшн хөгжүүлэлт хийж байгаагаа хуваалцсан юм. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Хэдэн настайдаа хэл сурч эхэлсэн бэ. Шинэ хэл сурахын хамгийн гоё нь юу байдаг вэ?
-Англи хэлний үндсэн мэдлэгээ зургаан настайгаасаа сурч эхлээд найман настайгаасаа сайн шамдаж эхэлсэн. Хоёр жилийн өмнөөс орос, хятад хэлийг бие дааж судалж эхлээд энэ жилээс япон хэл сурч эхэлж байна. Манай хоёр ихэр дүү маань япон хэл сурч байгаа. Бараг надаас илүү япон хэлдээ сайн. Англи хэлийг сурчихвал бусад зүйлийг сурахад амархан болчихдог. Жишээ нь IT, анимейшн, өөр хэл сурахад хүртэл хэцүү биш байдаг. Тэр нь англи хэл сурахын хамгийн гоё нь гэж бодож байна.
-Хүүхдүүдэд англи хэл заах санааг анх хэн гаргасан бэ?
-Анх хүүхдүүдэд хичээл заах санааг аавтайгаа хамт гаргаж байсан. Долоон настай байхдаа зуны амралтаараа би ном орчуулаад тэндээсээ нэлээд үгнүүд сурсан.
Тэр үед аав маань надад номнууд уншуулж сургасан учраас англи хэл маань маш хурдан сайжирсан гэж бодож байна.
-Хамгийн анх ямар ном уншиж байсан бэ?
-Аав маань анх “Дүрсгүй хүүхдийн өдрийн тэмдэглэл” г ээд номыг уншихыг зөвлөсөн. Унших үед буруу дуудлага, ойлгохгүй байгаа үгнүүдийг аав маань шууд хэлээд засаад уншуулдаг байсан. Тэгээд нэг сарын дотор би 600 гаруй үг шинээр сурсан байсан. Тэрнээс хойш эргэн тойрныхоо хүмүүстэй өөртөө итгэлтэйгээр маш сайн ярьдаг болсон. Сүүлийн хоёр жилийн хугацаанд би аудио хэлбэрээр мянга орчим англи ном сонссон. Би ихэвчлэн адал явдалтай ном унших дуртай.
-Онлайнаар хичээлээ заагаад хэр удаж байна вэ. Одоогоор хэдэн шавьтай болсон бэ?
-Онлайн ангиар 7-12 насны хүүхдүүдэд хичээл заагаад хоёр жил болж байна. Одоогоор 500 орчим хүүхдэд хичээл заасан байна. Цахимаар хичээл заахын давуу тал нь бүх хичээлээ нөхөж үзэх боломжтой байдаг. Гадаадаас маш олон хүүхдүүд сурдаг, мөн сүүлийн үед хөдөө орон нутгаас хүүхдүүд суралцаж байгаа. Англи хэлийг монголоор тайлбарладаг болохоор хүүхдүүдэд маш том давуу талыг бий болгодог.
-Онлайнаар хичээл заахаас гадна сонирхолтой аппликэйшн бүтээсэн гэж сонссон. Яагаад энэ бүтээл чинь хүүхдүүдэд хэрэгтэй гэж бодож байна?
-Хүүхдүүд шууд буюу энгийн арга барилаар сурахаар маш их уйддаг. Харин манай аппликэйшн бол тоглоомын аргаар шууд харьцаж болдог, дасгалуудтай, анимейшнтэй учраас хүүхдүүдэд сонирхолтой байх болно. Мөн хичээлүүд хийгээд байвал, бэлэг өгдөг. Дүрүүдтэй учраас уйдахгүйгээр сурах боломжтой гэсэн үг. Тэгээд ганцхан англи хэлээс гадна өөр найман цэстэй. Энэ дотроо тоо, монгол хэл, монгол бичиг, IT, түүх, шинжлэх ухаан, эрүүл амьдрал, дижитал урлаг гэсэн хэсгүүдтэй. Хүүхэд өөрийнхөө сонголтоор монгол, англи аль ч хэлбэрээр сонгоод үзэх боломжтой. Нэг төлбөрөөрөө гурван утсаар нэвтэрч болдог учраас дүү, ах, эгч нартайгаа хамт хичээлээ үзэх боломж үүсдэг. Төлбөрийн хувьд тийм ч их биш учраас хүүхдүүд маань бүртгүүлээд үзэх боломжтой. Аав ээжийн цэс гэж бас байгаа. Тэрнээс хүүхэд нь ямар хичээлийг хэдэн цаг хийж байгаа гэдгийг харж болдог, цагтай, хяналт тавьж болдог.
-Чиний хүсэл, мөрөөдөл, сонирхлыг дэмжиж байгаа аавдаа хандаж юу гэж хэлмээр байна. Чиний цаашдын зорилго юу вэ?
-Аавдаа намайг дэмжсэнд гялайлаа л гэж хэлье. Би ирээдүйд улам их эрдэм мэдлэг, ур чадвартай болж, эх орондоо хэрэгтэй хүн болоод улсаа хөгжүүлье гэж бодож байгаа.
Ингээд түүний аав А.Даваажаргалтай мөн цөөн хором ярилцсан юм.
-Хүүд тань насандаа баймгүй хэрсүү, тууштай, хариуцлагатай зан чанар анзаарагдлаа. Энэ бүхний суурь үндсийг юу гэж харж байна вэ?
-Орчин үед англи хэл маш чухал болж байна. Хүүдээ би юу гэж хэлдэг вэ гэхээр бидний сурах, сурахгүй гэсэн сонголт биш. Заавал сурах ёстой нэг зүйл нь англи хэл гээд би шууд хэлсэн. Дэлхий дээр хамгийн сайн сурах аргачлал нь ойлгосон юмаа хүнд заах байдаг. Тэр үндсэн дээр хүүгээ хөгжүүлэх үүднээс хоёулаа англи хэл зааж эхэлье гэсэн шийдвэр гаргасан. Би өөрөө Англид 10 жил амьдарсан. Тэгээд хүүдээ санал тавиад, эхлээд бид хоёр хамтдаа суугаад хичээлээ заадаг байсан. Нэг удаа “Аав нь үнэхээр ажилтай байна миний хүү өөрөө заачих” гэхэд хүү маань зөвшөөрөөд заасан. Хичээлээ дараа нь бичлэгээр харж болдог, тэгээд харсан чинь хүү маань ямар ч асуудалгүй зааж байсан. Тэрийг анзаараад түүнээс хойш өөрөө зааж эхэлсэн. Тэгэхээр хүү маань төрөлхийн хичээнгүй, гүргэр, шантардаггүй зан чанартай байгаа нь амжилтад хүргэж буй гол шалтгаан нь байх.
-Аппликэйшн бүтээх санааг анх яаж гаргасан бэ. Энэ үед та хоёрт шантрах үе байв уу?
-5-12 насны хүүхдүүд дунд англи хэлний мэдлэг байхгүй маш олон хүүхэд байгаа. Монголд нэг ангид 50-60 хүүхэд сурч байна. Энэ олон хүүхдэд нэг багш хүрч ажиллах ямар ч боломжгүй. Эдийн засаг, цаг хугацааны хувьд асуудал үүсдэг. Энэ болгоныг харж үзээд хүү бид хоёр хүүхдүүд гэрээсээ суралцах боломжтой гэдгийг харсан. Яавал хүүхдүүдэд хямд аргаар, өөрийнхөө бүх мэдлэгийг шингээсэн зүйлийг яаж хүргэх талаар бодоод энэ аппликэйшнийхээ санааг гаргасан. Монголд ямар аппликэйшн байна г ээд харсан чинь үг цээжлүүлдэг энгийн ганц хоёр л аппликэйшн байсан. Тэгээд яагаад анимейшнтэй, гоёмсог, хүүхдэд сонирхолтой байхуйц бүтээж болохгүй гэж бодоод энэ мэдлэгээ анимейшн болгож хувиргаад хүүхдүүдэд мэдлэг олгох боломж байна гэдгийг харсан. Бид контент, видио, студи, IT, Sound гэсэн таван том баг бүрдүүлээд эхэлсэн. Энэ үед санхүү, эдийн засгийн хувьд маш асуудал үүссэн ч бид хоёр энэ бүтээсэн зүйл маань хүүхдүүдийн ирээдүйд хэрэг болох учраас маш их зүйлийг тэвчиж, тэр чигээрээ зүтгэсэн. Алсдаа өгөөж нь нийт Монголын хүүхдүүдэд хүрэх учраас л тэр. Тэгээд хүүгээ оролдоод үз гээд хоолой, ихэнх зүйлийг нь уншуулаад эхэлсэн. Хүү маань хоёр, гурав уншилтын дараа мэргэжлийн болж хувираад аппликэйшнийхээ ихэнх хоолойг өөрөө уншсан.
-Энэ их хичээл зүтгэлийг нь хараад хүүдээ юу гэж хэлмээр байна?
-Хүү маань маш их хичээж байгаа. Насанд хүрсэн том баг ажиллаж байгаа юм шиг хичээж байгаа. Хичээл зүтгэл үргэлж хүнийг шагнадаг гэж аав нь хэлдэг. Хүүхэд хичээл зааж байгаа адилхан жишээ гэхээр Монголд бол байхгүй, дэлхийд цөөхөн байдаг. Д.Аргабилэгийн хамгийн том онцлог нь хүүхэд хүүхдэдээ заадаг гэдэг нь. Үеийнх нь хүүхдүүд найзаасаа маш их үлгэр дуурайл авч байгаа учраас дагаад сайжирдаг нь хамгийн бахархам зүйлсийнх нь нэг. Би өөрөө маш эх оронч хүн учраас хүүхдүүдээ эх орноо гэсэн сэтгэлтэй хүн болгож өсгөхийг зорьдог.
Г.Балгармаа
ӨДРИЙН СОНИН
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.