Баяжуулсан коксжих нүүрсний цахим арилжаа эхэллээ

Эдийн засаг ・Нийтэлсэн: Отгонхүү 2024 10 сар 28

ТҮҮХИЙН ШИНЭ ХУУДАС

“Эрдэнэс тавантолгой” ХК баяжуулсан нүүрсний анхны арилжааг амжилттай хийлээ. Тус компани “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”, “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль”-ийн  хүрээнд өнгөрсөн оны хоёрдугаар сараас Монголын Хөрөнгийн биржийн нээлттэй цахим арилжаагаар нүүрсээ борлуулж эхэлсэн юм.

Баяжуулсан коксжих нүүрсний энэ өдрийн арилжаанд хоёр худалдан авагч оролцож 163.5 ам.долларт хэлцэл хийгдсэнээр “Эрдэнэс Тавантолгой” хоёр багц 12.8 мянган тонн баяжуулсан коксжих нүүрсийг 2.1 сая ам.доллароор арилжсан байна.

Нүүрс баяжуулах үйлдвэр бүрэн ашиглалтад орсноор “Эрдэнэс Тавантолгой” ХК жилд дунджаар 24 орчим сая тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулах боломж бүрдэнэ. Энэхүү борлуулалтаас 1.9 тэрбум ам.долларын орлого олж, 197.3 сая ам.долларын цэвэр ашигтай ажиллах тооцоог мэргэжилтнүүд гаргасан байдаг. Мэдээж энэ хэрээр улс болон орон нутгийн төсөвт татвар, төлбөр хэлбэрээр нийт 185.8 сая ам.долларыг төвлөрүүлнэ гэж тооцож буй юм.

Мөн төсөл хэрэгжсэнээр улс орны болон бүс нутгийн нийгэм эдийн засгийн өсөлтийг дэмжиж 472-928 шууд ажлын байрыг шинээр бий болгоно. Жилд дунджаар 185.8 сая ам.долларыг улс орон нутгийн төсөвт оруулна. Улмаар ордын нөөцийг хаягдал багатай, иж бүрэн ашиглах, экспортыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний чанарт тавигдах шаардлагыг оновчтой байдлаар хангах, экологийн сөрөг нөлөөллийг бууруулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ, үр ашиг ихээхэн нэмэгдэх зэрэг олон эерэг давуу тал бий болно хэмээн үйлдвэрийн нээлтэд оролцсон төлөөлөгчид хоорондоо хэлэлцэж байсан юм.

 

НҮҮРС БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ӨГӨӨЖ

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК стратегийн ач холбогдол бүхий томоохон 10 төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж буй бөгөөд үүний нэг нь Нүүрс баяжуулах үйлдвэр байгуулах төсөл. 2022 онд бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлж өнгөрсөн зургаадугаар сард төслийн эхний шатыг ашиглалтад оруулсан. Ингэснээр тус компани жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэртэй болсон хэрэг.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэр олон улсын стандартын шаардлагад нийцсэн хоёр төрлийн баяжмал үйлдвэрлэж буй аж. Үндсэн бүтээгдэхүүн буюу коксжих нүүрсний чанарын хувьд үнслэг нь 10.5-аас доош, барьцалдах чадвар нь 80-аас дээш, 7000-аас дээш илчлэгтэй нүүрс үйлдвэрлэхээс гадна үнслэг нь 22-оос доош, 6000-аас дээш илчлэгтэй, 23-аас доош дэгдэмхийтэй, хүхрийн агууламж 1-ээс доош үзүүлэлттэй эрчим хүчний нүүрс үйлдвэрлэж байгаа тухай компанийнхан ярьж байна.

Уул уурхайн салбарыг хөгжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг бий болгох нь энэ салбарт ажиллаж буй хүн бүрийн хүсэл гэвэл буруудахгүй байх. Тиймдээ ч “Эрдэнэс тавантолгой” ХК-ийг баяжуулах үйлдвэрээ ашиглалтад оруулахад салбарынхан хамгийн ихээр алга ташсан. Учир нь эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоол шийдвэрээр Тавантолгойн ордыг түшиглэн жилд 30 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай Нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлсэн.

Төслийн нийт санхүүжилт нэг тэрбум ам.доллар бөгөөд одоогоор 300 орчим сая ам.долларын санхүүжилт хийгээд байна. Нүүрс баяжуулах үйлдвэр нь Ази номхон далайн бүсэд үйлдвэрлэл, технологиороо тэргүүлэгч брэндүүдийн техник, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд байгаль орчинд ээлтэй, үр ашигтай технологитой гэдгээрээ онцлог. Төслийн Ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Норинко Дади” түншлэл “Дади Инженеринг Девелопмент Групп” компаниуд оролцож УУХҮЯ, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн инженерүүд хяналт тавьж ажилласан байдаг.

 

ДЭЛХИЙН БРЭНДЭЭР ТОНОГЛОСОН НҮҮРС БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭР

 

Баяжуулах үйлдвэрт Австрали улсын McLanachan брэндийн бутлуур, Aury брэндийн усгүйжүүлэх центрифуги, шигшүүр, Eriez брэндийн соронзон сепаратор, Haiwang брэндийн шламгүйжүүлэх циклон, хүнд орчны циклон, нягтаар тунаах машин, SGB брэндийн насос зэрэг дэлхийд тэргүүлэгч тоног төхөөрөмжийг суурилуулсан.

Технологийн хувьд хоёр шатны хүнд орчны циклон, нягтаар тунаах машин TBS, хөвүүлэн баяжуулалт флотмашин, усгүйжүүлэх төхөөрөмж центрифуги, фильтер пресс зэрэг дэлхийн жишигт нийцсэн хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдийг сонгон суурилуулсан бөгөөд технологийн хувьд тавдугаар үеийн шинэ үйлдвэр ажээ.

Үйлдвэрийн нэгдсэн удирдлагын төвөөс 1100 гаруй тоног төхөөрөмжийг 24 цагийн хугацаанд хянаж, асаах, унтраах, процессын тохиргоо хийж 250 камераар үйлдвэрлэлийн процессыг бүрэн хянах боломжтой автомат үйлдвэр юм. Тиймээс олон улсын хэрэглэгчийн чанарын шаардлага хангасан нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүнийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Нүүрс баяжуулах үйлдвэр үйлдвэрлэж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх