Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2024 11 сар 14
Дэлхийн олон орны хувьд түгжрэл яалт ч үгүй улс оронд тулгамдсан, шийдвэрлэх ёстой чухал асуудал болоод байна. Япон, Лондон, Сингапур эзрэг улсын түгжрэлийг шийдсэн туршлагаас харахад бүгд л автомашин буюу тээврийн хэрэгслийн тоонд хязгаар тогтоох болон хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хорт хий ялгаруулдаг, олон жилийн насжилттай зэргээр нь тээврийн хэрэгслийг ангилж, үнэлгээ тогтоох арга хэмжээнүүдийг тууштай хэрэгжүүлж байжээ.
Улмаар автомашины давхар замуудыг шийдсэнээр түгжрэлийг ихээхэн хэмжээгээр бууруулж чаджээ.
Монгол Улсын хувьд ч мөн адил нийслэл Улаанбаатар хотдоо хүн амын талаас илүү хувь нь амьдардаг хэдий ч зөвхөн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл гэхэд 780 мянга орчим байдаг. Энэ бол нэг өрхөд 1-2 автомашин ногддог гэсэн үг.
Мөн бүртгэлтэй тээврийн хэрэгслийн 75.2 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай. Импортоор орж ирдэг тээврийн хэрэгсэлд ямар нэг хязгаарлалт одоог хүртэл хэрэгжиж байсангүй. Тиймээс Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор энэ сарын 8-наас шалгуур хангаагүй автомашинуудад хотын дугаар олгохгүй байх шийдвэр хэрэгжиж эхэлсэн. Зөвхөн дараах найман шалгуурыг хангасан автомашинд улсын бүртгэлийн дугаарыг дарааллын дагуу олгох юм. Тодруулбал, тээврийн хэрэгслийн өмчлөгч нь Улаанбаатар хотын иргэн байх, жолоочийн зөрчил, торгуулиа барагдуулсан байх, жолоочийн даатгалд хамрагдсан байх, тээврийн хэрэгслийн хөдөлгүүр нь эко байх, сүүлийн 10 жил дотроо үйлдвэрлэгдсэн автомашин байх, экспортын өмнөх техникийн хяналтын үзлэгт хамрагдсан байх зэрэг 8 шалгуурыг хангасан тээврийн хэрэгсэлд улсын бүртгэлийн дугаар олгоно. Эдгээр шалгуур нь шинээр худалдан авч байгаа тээврийн хэрэгсэлд байвал зохих энгийн л шалгуурууд. Түүнээс автомашины дугаарыг огт олгохгүй болж байгаа хэрэг биш юм.
Энэ жилжин бидний эргэн тойронд замын ажлууд өрнөж, энд тэндгүй л зам хаалаа гэж дуулдах болсон. Тэгвэл нийслэлд 2025 оноос давхар замын төслүүд хэрэгжинэ. Үүнээс урьтаж дан замууд буюу одоогийн нийслэлийн гол гудамж, замуудын шаардлагатай хэсгүүдийг шинэчилж байгаа.
Тухайлбал, энэ онд нийслэлийн хэмжээнд 87 байршилд 162.3 км авто замыг шинэчилж буй. Энэ нь сүүлийн 10 жилд шинэчилсэн авто замын дундажтай харьцуулахад 10 дахин урт замыг энэ онд шинэчлэн барьж байгаа гэсэн үг. Тэгэхээр нийслэлчүүдийн хувьд зорчих авто замууд нэмэгдэж, мөн авто замууд, нийтийн тээвэр төрөлжих нь ээ. Ойрын нэг жишээ гэвэл, Улаанбаатар хот метротой болох төслийг БНСУ-ын "Dohwa Engineering" компанитай хамтран амжилттай хэрэгжүүлж байна. Google-тэй хамтарч ухаалаг гэрлэн дохионы системтэй болох, автомашины тоо, чанарт анхаарах зэргээр түгжрэлийн эсрэг цогц арга хэмжээнүүд хэрэгжүүлж буй аж.
Олон ажлууд хэрэгжсэний эцэст Улаанбаатар хотын түгжрэл багасна, бүр цаашлаад улаанбаатарчууд түгжрэлгүй замаар зорчдог болно гэсэн итгэл найдварын оч төрж байна. Түгжрэлийн эсрэг ажиллах нь бүү хэл, түгжрэлийг ярихаас ч эмээдэг өмнөх жилүүд рүүгээ ухрахгүй, урагшлаад л байх сан.
У.Анударь
сонин.мн
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.