Төрийн банк эхэлж НОГООРНО

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2024 11 сар 14

Ногоон хөгжлийг дэмжигч Төрийн банк орон даяарх 4000 ажилтнуудынхаа дунд “Ногоон оффис-Зохистой дадал” аяныг өрнүүлж эхэллээ.

Сүүлийн жилүүдэд компаниуд оффисын орчинд ажилтнуудынхаа эрүүл мэнд, сэтгэл зүйд эергээр нөлөөлөх, хүрээлэн буй орчиндоо ээлтэй байдлыг эрхэмлэхэд анхаарлаа хандуулдаг болоод байгаа билээ.

Энэ нь Тогтвортой  хөгжлийн хэд хэдэн зорилтыг хангах, ажилтан бүр эрүүл амьдралын хэвшилтэй болж, эрүүл мэндээ дэмжих хамгийн том алхам болох юм.

Тэгвэл ногоон хөгжилд түүчээлэх зорилт тавин ажиллаж буй Төрийн банкны хамт олон банк, санхүүгийн салбартаа манлайлан нийт ажилтнуудынхаа дунд тогтвортой хөгжлийг дэмжихэд чиглэсэн дараах цогц ажлуудыг хэрэгжүүлж эхлээд байна. 

1. Автомашингүй Баасан гараг

Түгжрэлийг шийдвэрлэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад чиглэн олон нийтийг уриалах зорилгоор долоо хоног тутмын Баасан гарагийг хувийн автомашингүй өдөр болгон зарлаад байна. Ингэснээр банкны ажилтнууд баасан гарагт хувийн автомашингүйгэээр буюу нийтийн тээврээр эсвэл унадаг дугуй, скүүтэр, алхах гэх мэт байгальд ээлтэй шийдлүүдийг ашиглан ажилдаа ирж, очих дадалтай болж байгаа аж.

2. Хог хаягдлыг бууруулах

Ажилтнууд өдрийн идэвхтэй цагийнхаа дийлэнхийг оффис орчинд өнгөрүүлдэг тул  өдрийн турш гарч буй хог хаягдлыг ухаалгаар шийдвэрлэх нь нэн чухал билээ. Ялангуяа цаасны хэрэглээг багасгах, аюултай хог хаягдлыг зориулалтын дагуу устгахаар шинэ санал санаачилгуудыг хэрэгжүүлэн батарей цуглуулах цэг, цаасыг дахин боловсруулж ашиглах зэрэг ажлуудыг хэрэгжүүлжээ.

3. Эрчим хүчээ хэмнэе!

Цахилгаан шат ашиглахаас зайлсхийх, компьютер, хэвлэгч машин зэрэг төхөөрөмжийг ашиглаагүй үедээ унтрааж хэвших нь оффис орчинд цахилгааны хэмнэлт хийх хамгийн тохиромжтой шийдэл бөгөөд нийт ажилтнуудын дунд эрчим хүчээ хэмнэх нөлөөллийн ажлыг зохион байгуулж банкны хэмжээн дэх цахилгааны хэрэглээгээ бууруулаад байна.

4. Модыг мод(а) болгоё

Төрийн банк  “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэн,  “Модыг мод(а) болгоё” уриан дор “Ажилтан бүр нэг мод” зорилтот аяныг 2021 онд эхлүүлснээс хойш жил бүр хавар, намрын улиралд орон даяар мод тарих ажлыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэхүү зорилтот аяныхаа цар хүрээг энэ жилээс өргөжүүлэн банкны төвийн газар, хэлтэс бүр өөрийн нэр дээрх бяцхан төглүүдийг бий болгож, цаашдын усалгаа, арчилгааг хариуцан хийдэг боллоо.

5. Эрүүл зохистой хооллолт

Зохистой хооллолтыг дэмжих нь нэг удаагийн хуванцар болон цаасан хаягдлыг эрс бууруулах, ажилтны эрүүл мэндийг дэмжихэд хамгийн үр дүнтэй арга бөгөөд ажилтнууд гэрээсээ бэлтгэн ирсэн, эрүүл, зохистой хооллолтыг дадал болгож эхлээд байна.

Ажилтан бүр Тогтвортой хөгжлийн ойлголттой болж түүнийгээ өдөр тутмын амьдралдаа хэвшүүлэх нь ногоон ирээдүйг цогцлоох зорилготой юм. Монгол Улсын Засгийн газраас Төрийн банкийг ногоон банк болгон зарласан билээ.  

Итгэл төгс ногоон ирээдүй

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх