Улстөр
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2024 11 сар 25
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо ба ирээдүй үеийн Монгол Улсын иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор Үндэсний баялгийн санг байгуулах, түүний төрөл, зориулалт, эх үүсвэрийг тодорхойлох, сангийн хөрөнгийн тогтвортой байдлыг хангах, үйл ажиллагааг тайлагнах болон хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулах зорилттойгоор баталсан.
Гэвч энэ хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг иргэд шүүмжилдэг. Тэгвэл ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Засгийн газрын 2024 оны есдүгээр сарын 25-ны хуралдааны дараа “…УИХ стратегийн ач холбогдол бүхий орд газруудын жагсаалтыг 2007 оны 27 дугаар тогтоолоор баталснаас хойш шинэчлээгүй 17 жил болж байгаа. Нийт 16 стратегийн орд дотроос долоо нь төрийн эзэмшилд байгаа. Харин ес нь хувийн эзэмшилд байна. Мөн стратегийн ач холбогдол бүхий 39 ордод хамааруулах ордын нөөц нь тогтоогдсон. Тиймээс стратегийн ач холбогдол бүхий ордод хамааруулах шийдвэрийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлэхийг Ц.Туваан сайдад даалгасан.
Стратегийн орд эзэмшигч 16 хуулийн этгээдээс сүүлийн 10 жилд улс, орон нутгийн төсөвт нийт 18.8 их наяд төгрөгийг төвлөрүүлснээс “Эрдэнэс Монгол” нэгдлийн долоон хуулийн этгээд 13.5 их наяд төгрөгийг буюу 72 хувийг төвлөрүүлсэн байгаа нь анхаарал татах үзүүлэлт. Гэтэл нөгөө талдаа “Эрдэнэс Монгол” нэгдлийн компаниуд нийт тогтоогдсон эрдэс баялгийн нөөцийн багахан хувийг буюу зэсийн нөөцийн 18 хувь, нүүрсний нөөцийн 25 хувийг эзэмшиж байгааг онцлон тэмдэглэх ёстой” гэж байсан юм.
Энэ хүрээнд хувийн хэвшлийн мэдэлд очсон стратегийн ордууд, тухайлбал Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авахаар болж байна. Одоогоор Цагаан суварга, Нарийнсухайт ордуудын лицензийг МАК компани, Тавантолгой ордын Ухаа худаг талбайн лицензийг “Энержи ресурс” компани эзэмшиж байна.
Эх сурвалж: www.polit.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.