Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2024 12 сар 18
・ 2
Ард түмнээ тонон дээрэмддэг технологи улам л төгсөрч байгаагийн нэг жишээ тээврийн хэрэгсэлд “Улаанбаатар хотын серитэй шинэ дугаар олгохгүй” гэсэн шийдвэр юм.
Арваннэгдүгээр сарын 8-наас импортоор оруулж ирсэн автомашинд Улаанбаатар хотын серитэй дугаар олгохгүй гэснийг Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр батлуулж, Хотын захирагч Х.Нямбаатар уухайлж, нэгдүгээр орлогч Т.Даваадалай нь танилцуулсан мөчөөс эхлэн төр дэх авлигын шинэ дэд бүтэц бас нэгээр нэмэгдэв. Өнөөдөр хотын серитэй дугаар гаргаж өгдөг шинэ пэйж хүртэл нээгдсэнийг бид харж, үйлчлүүлж байна. Энгийн дугаарыг 500 мянгаар гаргаж өгч байна. Содон дугаар байрны үнэд хүрчээ. Ганган ашигтай авлига. Эдгээр пэйж хийгээд дэд бүтцүүдийн ард Нийслэлд болон Зам тээврийн яаманд ажилладаг дарга нар байгааг эх сурвалжууд ярьсаар байна. Тус шийдвэр гарсан мөчөөс эхлэн дэд бүтцийг хотын иргэдэд үйлчилдэг АТҮТ-ийн 20 салбар авч явсан. Тэгээд Нийслэлийн харьяаны Замын хөдөлгөөний удирдлагын төвд шилжиж очсоноор далдуур өнөөдрийг хүртэл хамтран эзэмшиж байна. Тэднээр үйлчлүүлэгчид бол үнэхээр арвин их. Тус дэд бүтцийн зах зээл хангалттай төдийгүй хоног хоногоор өргөжин тэлж байгаа том зах зээл юм
“Улаанбаатар хотын серитэй шинэ дугаар олгохгүй” гэсэн шийдвэр гарахаас өмнө өдөрт дунджаар 300-400 тээврийн хэрэгсэл бүртгэж, шинэ дугаар олгодог байжээ. Харин шийдвэр гарсны маргаашаас эхлээд энэ тоо 35-40 хувиар нэмэгдэж өдөрт дунджаар 1300-1700 импортыг бүртгэж, шинэ дугаар олгож эхэлжээ. Гэхдээ энэ тоо бол 10 өдрийн өмнөх үзүүлэлт. Тэрнээс хойш хэд дахин нэмэгдсэнийг мэдэхгүй. Тодруулахыг ч хүссэнгүй, дургүй хүрээд. Энгийн сери нь 500 мянгын хахуулиар, гоё дугаарууд нь орон сууцны үнэтэй гэхээр өдөрт хэдэн тэрбумын авлига эргэлдүүлээд байгаа новшнууд вэ…
Энэ жилээс иргэдийн худалдан авах чадвар үнэхээр муудаж байгаа. Басчиг өмнө нь болоод л байсан. Одоо бол юмны үнэ хоногоор өсч байна. Үнийн өсөлт бол энэ төр засгийн хувьд айж байгаа ганц сэдэв нь. Бүх хүн шинэ машин худалдаж авч байна гэж ойлгож болохгүй. Авлигын дугаарт оочерлож байгаа хүмүүсийн дийлэнх нь машины ченжүүд. Тэдэнд зарагдаагүй олон мянган машин байна. Тэдгээртээ дугаар авахгүй бол зарагдахгүй. Иймээс арга буюу улсын дугаар авахаар өдөр шөнөгүй авлигын дугаарт оочерлож байна. Ийм шийдвэр төр засгаас гаргах гэж байгаа бол эрт мэдэгдэж, хугацаа өгөх хэрэгтэй байсныг тэдгээр машины худалдаачид ярьсаар байгаа. Тэд иргэдийн амьжиргаа, орлого, эрэлтэд тааруулан хямд үнэтэй машин оруулж ирдэг. Он залуу, үнэтэй машин оруулаад ирэхээр авч чадах хүн ховор. Гэтэл гэнэт ийм шийдвэр гаргаж 10 жилээс удаан насжилттай машинд дугаар олгохгүй гэж мэдэгдсэн. Тиймээс улсын дугаар авахаас өөр сонголтгүй.Төр дэх авлигын асар ашигтай нэгэн шинэ дэд бүтэц буй болсон нь энэ. Ард түмнээ тонон дээрэмдэх үйл явц ийнхүү 34 дэх жилдээ Монголд үргэлжилж байна. Том зургаараа эх орноо тонон дээрэмдэх үйлдэл гэж судлаачид үзэж байгаа юм. Эхэнд бичсэн “Ард түмнээ тонон дээрэмддэг технологи улам төгсөрчээ” гэдэг нь энэ. Энэхүү авлигын шийдвэрээ нуусан нүүр царай, албан мэдээлэл нь их гоё. Үнэхээр хүмүүсийн эмзэг асуудлыг шийдэх гэж байгаа хэлбэртэй. Тухайлбал, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Улаанбаатар хотын түгжрэл, агаарын бохирдол, зам тээврийн ослын тоог бууруулах зорилгоор…” гэж. Тэгээд тэр түгжрэл буурч эхэлсэн нь хаана байна. Шийдвэр бол хэрэгжээд эхэлсэн. Үр дүн нийгэмд мэдрэгдэх ёстой… Хаана байна.
Шийдвэр гаргагчдын зүгээс “Улаанбаатар хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байхаар тусгасан. Энэ бол замын түгжрэлийн олон улсыг индексүүдэд үндэслэн баталгаажсан тоо. Гэвч 2024 оны аравдугаар сарын 22-ны байдлаар Улаанбаатар хотод 785 мянган тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн байна. Түгжрэлийг барих ёстой тооцоолол өнөөдөр 55 мянгаар хэтэрсэн байна” гэж ярьж байгаа. Ер нь бол энэ тоонд л их учир байгаа юм. Энэ тээврийн хэрэгслийн ихэнх нь япон, солонгос машинууд. Буруу рультэй, насжилт өндөр, бас бензин, дизель хөдөлгүүртэй. Тэгвэл нийслэл хотод тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгоход дараахь найман шалгуур үзүүлэлтийг гол болгож байгаа. Дотор нь Авто замын тухай хуулийн тэдийн тэдэд… гэж баахан заалт бас бий. Том эрх ашиг ард нь нуугдаж буй хуулийн үйлчлэл. Тухайлбал, …Тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн экологийн ангилал нь “евро-4”, эсвэл түүнтэй дүйцэхүйц буюу түүнээс дээш байх. …сүүлийн 10 жилийн дотор үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгсэл байх. /2025 оны зургадугаар сарын 1-ний өдрөөс/… гэхчлэн. Хүсэлт гаргасан цаг хугацааны дарааллаар сери дугаар олгоно гэж байгаа. Тэр нь …Цахилгаан, устөрөгчийн болон эдгээрийн хосолсон тээврийн хэрэгслийг бензин болон дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн өмнө нь байна. Тээврийн хэрэгслийн үйлдвэрлэгдсэн огноогоор нь буюу үйлдвэрлэгдээд удаагүй тээврийн хэрэгсэл өмнө нь байна. Зүүн гар талдаа жолооны хүрдтэй бол баруун гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн өмнө нь байна… гэхчлэн. Үүнд эсэргүүцэл тавьж АН-аас томилогдсон Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл “Улаанбаатарын автомашинд улсын дугаар олгохыг хязгаарласан журам нь хүний эрх зөрчсөн, ялгараварлан гадуурхсан байна…” хэмээн хотын дарга Х.Нямбаатарт журмаа хүчингүй болгох албан бичиг хүргүүлсэн. Гэвч сайдын “бяр” ч хүрсэнгүй бололтой. Угтаа бол ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл наанаа хүний эрх ярьж байгаа ч цаанаа “Төр дэх авлигын дэд бүтэц бас нэгээр нэмэгдлээ” гэж эсэргүүцсэн хэрэг. Гэвч тоосонгүй, авлигын дэд бүтэц дээрх галт тэрэг нэгэнт зам дээрээ гарчээ.
Одоо хамгийн том хардалтыг хэлье. Та бүхэн энэ талаас нь харж, судалж, хяналтдаа аваарай. Энэ бүх шийдвэрийн эцсийн зорилго бол хятад машинуудад зах зээл, орон зай гаргаж өгч байгаа хотын хоёр том даргын лобби. Тэдний гаргасан шийдвэрт нийцэх, болзлыг нь ханган “Улаанбаатар хотын серитэй шинэ дугаар авах” тээврийн хэрэгслүүд бол урд хөршид үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгслүүд юм. Хятад машинууд зөв рультэй, эко, үйлдвэрээс шинээр гарсан… гээд. Нийслэлээс гаргасан дүрэм, журамтай тулгаж хар даа. Зөвхөн хятад машинууд л нийцнэ. Ер нь бол гадна талаасаа зөв л дөө, утаагүй, аваар ослоос сэргийлсэн, зөв жолоодлоготой, он залуу… гээд. Гэвч эдэлгээний хувьд хятад машин, хятад мотоцикл хоёр адилхан. Хавар авсан хятад мотоцикл намар нь төмрийн сэг болон намаржаан дээр үлддэг юм. Дахиад шинийг авцгаадаг. Зах зээлийн мундаг эргэлт. Хятадын үйлдвэрлэгчид-Монголын малчид хоорондын эдийн засгийн хамгийн сайн цусны эргэлт. Ийм ашигтай наймаа Монгол-Хятадын хооронд байхгүй. Үүн шиг хятад машин нэг жилийн дараа монголчуудын гаражид төмөр болж үлдэнэ. Бээжин 69 гэдэг шиг. Тэгээд шинийг авна. Энэ нь супер эдийн засгийн эргэлт юм даа.
Ер нь бол луйварчид өгсөж барилдаж байгаа юм байна. Мотоциклиос машин руу оржээ. Ингэхийн тулд нүүрэн дээрээ өнөөдрийн монголчуудын хамгийн эмзэг сэдэв утаа, түгжрэл, аваар ослыг наасан байна. Монголчууд уухайлаад л дэмжинэ. Утаа, түгжрэл, аваар… өөр яах юм. Бид энэ гурвын эсрэг тэмцэнэ. Тэд дагуулаад тонгорно. Технологи төгсөрч байна гэдэг энэ…
ӨДРИЙН СОНИН
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.