Улс төр, бизнесийнхэн утаагаар дамжуулан ашиг хонжоо олж байгаа нь маргашгүй үнэн. Харамсалтай нь энэ боломжийг ард түмэн бид өөрсдөө бий болгож өгсөн юм. Олдсон сайхан боломжийг хэн ч зүгээр өнгөрөөхийг бодохгүй. Тийм ч учраас өнгөрсөн хугацаанд улс төрийнхөн маань өөрсдийнхөө бүхий л бололцоогоороо утаанаас ашиг хонжоо олсон.
Утааг бууруулж, үндэсний хэмжээний баатар болж, түүхийн хуудсанд алтан үсгээр бичигдэхийн тулд тэд уралдсан. Улсын Их хурлын гишүүн асан нэг эмэгтэй Зайсангийн аманд утаа үнэртсэнийг анх хэлж байж ард түмэндээ танигдаж байлаа шүү дээ. Үүнээс гадна иргэдтэйгээ хамт талбай дээр жагсаж, тэднийхээ төлөө чөмгөө дундартал зүтгэхээ хүртэл амлаж байв. Мөн өнгөрсөн хугацаанд улстөрчид маань утааг бууруулж, бүр алга болгохын тулд чамгүй хэмжээний мөнгө төсөвлөсөн. Бүр тодруулбал, 2012-2015 онд утааг бууруулахын тулд 137 тэрбум төгрөг зарцуулж байсан бол 2017-2023 онуудад энэ тоо огцом нэмэгдэж 3.5 их наяд төгрөг болсон байдаг. Зарцуулсан энэ бүх мөнгөнүүд чамин нэртэй элдэв сан, төрийн бус байгууллагуудаар дамжин дарга нарын халаасанд орсныг өнөөдөр бид мэднэ. Нэг ёсондоо төсөвлөсөн бүх мөнгөө салхинд хийсгэж орхисон гэсэн үг.
Асуудал ингээд дуусахгүй. Утаагаар далимдуулан бизнесийн салбарынхан ч ашиг олсон. Нэг жилийнх нь цэвэр ашиг хэдэн зуун тэрбумаар яригдах хэмжээний ашигтай бизнес ганцхан утаа болж хувирсан. Утааг бууруулахад төр засгийн шийдвэртэй арга хэмжээ хэрэгтэй гэж үзсэн учраас айлуудыг түүхий нүүрс түлэхийг нь хориглосон. Улмаар “Утаагүй түлш” бий болгож, “Тавантолгой түлш” компаниар дамжуулан айлуудын хэрэгцээнд нэвтрүүлж эхэлсэн. Эндээс л бизнесийнхний ашигт ажиллагаа эхэлсэн гэж болно. Учир нь утаагүй түлшийг үйлдвэрлэхийн тулд барьцалдуулагч гэдэг зүйл хэрэгтэй болсон. Үүнийгээ дагаад элдэв техник хэрэгслүүд, нүүрсээ хийх шуудай ч хэрэг болов. Мэдээж энэ бүхнийг дотоодын үйлдвэрлэгчдээсээ авна гэдэг сайхан үгээр хийнэ. Гэвч өнөөдүүл маань урд хөршөөс хамгийн хямдыг нь оруулж ирээд, дундаас нь үлэмж хэмжээний нугалаа гаргана. Ингээд зогсохгүй айлуудад утаа мэдрэгч, ажилчдад нэгдсэн хувцас, ажлын бээлий гээд юу эс хэрэгтэй болох билээ дээ. Энэ бүхний ард дандаа л мөнгө, төсөв санхүү хэрэгтэй болно. Түүнийг ч хангалттай гаргасаар ирсэн. Утаа маань арилчихаагүй учраас өдгөө ч үргэлжлүүлэн гаргасаар л байна. Хотын нэг дарга нь 28 орчим тэрбум төгрөгөөр айлуудын зуухыг сольж өгөх талаар ярьж байна билээ. Мөн утаа мэдрэгчээ айлууд хадганд ороож хураагаад байна ч гэж нэг дарга нь ярьсан. Тийм болохоор удахгүй хадганд ороож болдоггүй утаа мэдрэгч тараахыг ч үгүйсгэхгүй. Энэ бүхний эцэст улс төр, бизнесийнхэн буруутай юм шиг санагдаж магадгүй юм. Гэвч тэдэнд ямар ч буруу байхгүй гэдгийг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Учир нь буруу байгаа бол бидэнд ч бас бий. Бид л зөвхөн тэдэнд ийм хэмжээний боломж олгосон. Өөрсдөө гал түлэхдээ утаа ихэсч, утаа май болж байгаа болов уу гэж ганц ч удаа бодож байгаагүй. Хүний төлөө амьдарч, хүний хотыг утаж байгаа юм шиг л авирлацгаасан. Гагцхүү тэд энэ боломжийг л ашигласан төдий юм.
Өнөөдөр Улаанбаатар хотын агаарт үүсч байгаа утааны 30 хувь нь автомашинаас үүсэлтэй гэсэн судалгааг гаргасан байна лээ. Энэ ч гэсэн бидний л буруу. Учир нь бид унаж явсан машиныхаа нүүрсэн янданг сая төгрөгөөр зарчихсан. Гэтэл тэр нь эргээд утааны хамгийн хүнд хортой элемент үүсэх нөхцөлийг бий болгодог гэдгийг бид тооцоогүй. Үүний хажууд нүүрс түлээд гардаг утаа чинь бараг хоргүй. Урьдчилан тооцоод, сануулсан байсан ч бид нэг их ойшоохгүй байсан л даа. Яагаад гэвэл бид чинь машинд шал дэмий зүүгдээстэй яваа янданг сая төгрөг болгосон шүү дээ. Ашигтай л байвал бусад нь хамаагүй гэсэн бидний үндсэн сэтгэлгээ ердөө л энэ.
Бидний энэ ашиг хайсан үхээнц сэтгэлгээ, би л болж байвал гэсэн аминчхан бодлоос үүдэлтэй үүссэн утаа өнөөдөр биднийг үр удмаар нь хөнөөж байна. Хүүхдийн эмнэлгүүдэд ор олдохгүй шалан дээрээ хэвтэж, эхийнхээ хэвлийд ураг эндэж байгаа. Энэ бүхнийг мэдэхийн тулд элдэв тоо судалгаа хэрэггүй. Захаас аваад л ойр тойрны хүмүүст чинь ийм зүйл тохиолдож байгаа гэдэгт итгэлтэй байна. “Чадаж байгаа юманд арга байхгүй”, “Энэ чинь зах зээл” гэсэн үгээр өөрсдийгөө хаацайлах гэж оролдож мэдэх юм. Гэвч түүнээс чинь өмнө бид үндэстнээрээ сүйрэх, ирэйдүй хойч маань мунхаг мулгуу болох аюул тулчихаад байна. Юмыг зөвхөн мөнгөөр хэмжиж болдоггүй гэдгийг хатуу ухаарцгаая.
Тиймээс одоо хэдүүлээ өөрсдийнхөө бурууг хүлээн зөвшөөрье. Улс төр, бизнесийнхэнд олгосон шигээ ирээдүй хойчдоо боломж олгоё. Бид биш юм аа гэхэд тэд маань цэвэр агаартай, Үндсэн хуульд заасан эрүүл, аюулгүй орчинд амьдраг. Биднийг бодвол хүүхдүүд маань ухаалаг, хэрсүү болж өсөг. Ийм байлгахын тулд л хэдүүлээ одооноос буруутай бол түүнийгээ хүлээн зөвшөөрч, цаг алдалгүй түүнийгээ засахын төлөө хичээх хэрэгтэй. Тэгж байж хорт утаагүй, хоноцын сэтгэлгүй цаг үе бий болно. Утаагаар далимдуулж мөнгө идэх гэсэн хэнтэй ч хатуу тооцоо хийдэг болъё. Одоо болсон, нэг их юм хийж байгаа юм шиг жүжиглэж мөнгө иддэг гаруудад хатуу хяналт тавьж, шүүмжилж хийн түлшээ тавьж, утаатай яндангуудаа цөөлж, хүн шиг байцгаая. Хуучин монгол хэлээр хаа хаанаа голтой байцгаая.
Т.ДАРХАНХӨВСГӨЛ