Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ойн өдрөөр ЦЕГ-ынн Тусгай ажиллагааны газрын Сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа М.Баттүшиг Монгол Улсын Гавьяат тамирчин цолоор шагнууллаа.

Монгол Улсын тулааны спортоос төрсөн гурав дахь Гавьяат тамирчин болж байна.

Өргөсөн тангарагтаа үнэнчээр цагдаагийн албандаа тасралгүй 24 жил ажиллаж буй М.Баттүшиг нь тулааны спортоор мөн 24 жил хичээллэж буй. Тэрбээр гардан тулааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгөн медаль, “Дэлхийн цагдаа-галын тоглолт” олон улсын тэмцээний хошой мөнгөн медаль, Ази тивийн хошой аварга, Азийн цомын аварга, олон улсын киокушин каратэгийн Монгол Улсын 13 удаагийн аварга бөгөөд хар бүс, хоёр дантай, кикбокс, гардан тулааны Олон улсын хэмжээний мастер цолтой тамирчин юм.