Их хэмжээний торгуультай 120 гаруй иргэний жолоодох эрхийг НЭГ жилээр хасжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2025 01 сар 08

Энэхүү зохицуулалтын талаар Тээврийн Цагдаагийн Албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Д.Ганхуягаас тодруулснаар

Зөрчлийн тухай хуулийн 3.8.4 дүгээрт зааснаар олон удаагийн торгуультай болон замын хөдөлгөөний дүрмийг ноцтой зөрчсөн тохиолдолд жолоодох эрхийг хасах шийтгэлийг нэмж, оногдуулж байгаа юм байна. Энэ дагуу өнөөдрийн байдлаар буюу нэг сарын дотор 120 гаруй иргэн жолоодох эрхээ нэг жилээр хасуулжээ. Эдгээр жолоочийн торгуулийг төлүүлж, нэмэлтээр эрхийг хассан байна.

Жолооч хуулийн хугацаанд буюу 15 хоногийн дотор торгуулиа төлбөл 50%-аар хөнгөлөгддөг бол төлөөгүй тохиолдолд 16 дахь хоногоос торгуулийн хэмжээ 50 хүртэлх хувиар нэмэгддэг бөгөөд тухайн иргэний бүртгэлтэй гар утсанд болон И-Монголиа системээр энэ талаарх мэдээллийг хүргэдэг гэв.

Үүнээс гадна жолооч торгуулиа хугацаанд нь төлөөгүй тохиолдолд жолоодох эрхийн үнэмлэх нөхөж авах, ангилал даруулах, ангилал нэмүүлэх, тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийх, үзлэг, оношилгоонд орох зэрэг төрийн үйлчилгээг хязгаарлаж байгааг мэдээллээ.

Гудамж, замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийг цагдаагийн алба хаагч зогсоож шалгахад торгуулиа төлөөгүй байвал журмын хашаанд саатуулж, нэг хоногийн төлбөр 5,000 төгрөгийг буруутай этгээд бүрэн хариуцах хуулийн заалттай байна.

Торгуулийн хэмжээ 450,000 төгрөгөөс дээш гарсан жолоочийг албадан хөдөлмөр эрхлүүлж төлүүлэх журам 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлээд буй. Одоогоор уг шийтгэлийг оногдуулаагүй, тээврийн хэрэгслийн торгуулийн хэмжээ нь 450,000 төгрөг хүрсэн тохиолдолд шүүхэд шилжүүлж, шийдвэрлэх юм байна.

Нийслэлийн хэмжээнд 3-10 удаагийн торгуультай 300,000 орчим, 100-гаас дээш удаагийн торгуультай 500 гаруй тээврийн хэрэгсэл байгаа аж.

Жолооч нарын гаргаж байгаа нийтлэг зөрчлийн тухайд "Нийслэлд авто замын эгнээ байр буруу эзлэх, жолооны ард гар утас хэрэглэх, хамгаалах бүс, гэрлэн дохио зөрчих нь нийтлэг бол орон нутагт хурд хэтрүүлэх, бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодох, гэрэл, гэрэлтүүлэх хэрэгслийн зөрчил байдаг.

Жолооны ард гар утас хэрэглэж байгаа зөрчлийг камер болон цагдаагийн алба хаагчийн хяналт шалгалтаар илрүүлдэг. Зөрчлийн тухай хуульд заасны дагуу жолоо барих үедээ гар утас хэрэглэвэл 20 нэгж буюу 20,000 төгрөгөөр торгодог" болохыг тэрбээр санууллаа.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх