Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
14 цагийн өмнө
Хүний бие болон сэтгэлийг хамгийн тунгалаг тольтой зүйрлэх нь аль ч тивд, аль ч улсад байжээ. Наад зах нь нэр, зартай яруу найрагчдын шүлгүүдээс энэнийг үзэж болно. Амьдарч байгаа орчноо, бүр байгалийг нь ч тэр, мөн нийгмийг нь ч тэр хүн, хүмүүс толь шиг л тусгаж, сайн болон муу нөлөөнд нь яалт ч үгүй автаж байдаг ажээ.
Ингэдгийн нь тод жишээ, баримт бол дэлхийн I ба II дайн, тэдгээрийн үлдээсэн гамшиг, зовлон юм. Олон арван сая хүн алагдаж, шархдаж, тахир дутуу болсныг л ихэнхдээ дурддаг. Харин олон арван сая эмэгтэйчүүд бэлэвсэрч, олон арван сая хүүхдүүд өнчирч, олон арван ахмад настан үр хүүхэдгүй болж, эмэгтэйчүүд, хүүхдүүд, өвгөд, хөгшид сэтгэл санаагаар унаж, гутарч, ганцаардалд автаж, тэднээс олон арван мянга нь сэтгэцийн гажиг олж, олон мянга нь галзуурч байсныг тун цөөн дурддаг юм.
Сэтгэлзүйн гажиг, сэтгэцийн өвчин! Энэ бол яаж ч бодсон аймшиг, гамшиг билээ. Бурхан минь! галзуурчихгүй л юмсан! Бурхан минь! намайг битгий л галзууруулчихаарай! гэх гуйлт хамгийн том гуйлт гэгддэг дээ...
Хүмүүст аюул, гамшиг авч ирдэг хүчин зүйлүүдийн эхэнд дурдагддаг, нэрлэгддэг үзэгдлүүдийг дэлхийн хэмжээний том дайн, самуун, өргөн олныг хамарсан зэвсэгт бослого, гэнэт дэгдсэн цар тахал, газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт, ер бусын хүчтэй хар салхи, цунами, хөрсний гулгалт, их үер ус мэт нь тэргүүлдэг ажээ. Тэдгээрийн араас төр засгийн буруу шийдвэр, дарангуйлал, хэлмэгдүүлэлт, ган, зуд мэт нь жагсдаг юм байна. Амь насаа алдсанаар үхэгсэд хохирдог бол ард нь үлдсэн хүмүүс тун ч олон талын хохирол хүлээдэг. Эд материалын хохирол, цалин орлогын хохирол, сэтгэл санааны хохирол, эрүүл мэндийн хохирол, харах, асрамжлах үр хүүхэдгүйн хохирол, үр удам тасарч байгаа... гээд л үргэлжилдэг. Байгалийн гамшиг ч хүнд олон янзаар тусдаг, нийгмийн гамшиг ч хүнд олон янзаар тусдаг, төр засгийн цагаа олоогүй, буруу шийдвэрүүд ч хүмүүст олон янзын сөрөг нөлөө авч ирдэг.
Өнгөрсөн 30 гаруй жилийн туршид монголчууд бид хот, хөдөөгүй, хөгшид залуугүй, эр эмгүй л нийгмийн гарвалтай бэрхшээл, гачигдлыг ч амслаа, мөн байгалийн гарвалтай бэрхшээл, гамшгийг ч тууллаа. Тэр бүхэн монголчууд бидний амьдралын бүхий л тал хэсэгт хүчтэй нөлөөллөө.
Энд бид хүмүүсийн сэтгэлзүй, сэтгэцэд хэрхэн нөлөөлснийг нь л товчхон авч үзье. Дээр, дооргүй л энэ талаар тунгаан бодог, бага ч болов сургамж аваг. Холбогдох байгууллагуудын 2024 онд хийсэн судалгааны материал, оны эцсээрх тайлан, тооцооны мэдээ, баримтаас иш татан өгүүлье. Манай хүн амын дундах сэтгэл гутрал олон улсын дунджаас дээгүүр гарчээ. Залуусын амиа хорлолт нь бүс нутгийн болон дэлхийн дунджаас өндөр гэгдэж байна. 15-30 насныхан дунд амиа хорлолт их, сурагчдын 30 хувь нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай, 4 хүүхэд бүрийн нэг нь амиа хорлох бодолтой, 10 хүүхдийн нэг нь амиа хорлох оролдлого хийж байсан гэх мэдээ тарлаа. Миний зүрх шимширч нүдийг минь нулимс бүрхлээ. Өөрийн эрхгүй л гунигт автлаа. 2013 оны судалгааны дүнг 1992 оныхтой харьцуулсан мэдээгээр бол Монголд маань стрессийн шалтгаантай сэтгэцийн эмгэг 10 дахин өссөн, хүн амын дунд сэтгэл түгшилт 18 хувь, архаг ядаргаа 16 хувь, нойргүйдэл 17 хувь болоод байжээ.
Энэ юу болж байна вэ? Энэний шалтгаан нь юу юу юм бэ? Ихэнх улс оронд өндөр настай хүмүүс л амиа хорломтхой гэгддэг бол Монголд маань хүүхэд, залуус!! Гэхдээ л энэ байдал илчлэгдэж, тогтоогдож байгаад нь онц ихээр олзуурхлаа.
Учирчихаад байгаа энэ аюулын эсрэг тэмцэх хүмүүнлэг сэтгэл, хүн хүч, хөрөнгө мөнгө байгаа гэж найдаж байна. Төрийн байгууллагууд, төрийн бус олон нийтийн байгууллагууд, сургууль соёлын газрууд, багш нар, нийгмийн ажилтнууд шинэ оны эхнээс л энэ аюултай ухрах эрхгүйгээр тулалдах хэрэгтэй болчихжээ. Монгол улсын үндсэн хуулийн Оршил хэсэгт “Хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлоон хөгжүүлэхийг”, нэгдүгээр бүлгийн 6-р зүйлийн хоёрт “Иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй” гэж онцлон заасан нь буй. Үндсэн хуулийн энэ заалт биелж байх нөхцөлийг төр, засаг бүх талаар хангаж ажиллах үүрэгтэй, эдгээр заалтууд баталгаатай хэрэгжиж байх ёстой.
2024 оны эцсийн байдлаар дэлхийн хэмжээнд шар арьстны эмэгтэйчүүд дунджаар 85 жил, эрэгтэйчүүд 80 жил, цагаан арьстны эмэгтэйчүүд 78 жил, эрэгтэйчүүд 75 жил, хар арьстны эмэгтэйчүүд 77 жил, эрэгтэйчүүд 73 жил болж өсчээ. Гэтэл Монголд хүний дундаж нас 71.5 жил, эрэгтэйчүүдийн дундаж нас эмэгтэйчүүдээсээ 9.2 жилээр богино байгаа юм байна.
Энэ юу өгүүлж, юуг илчилж, бидний ямар ямар сул талыг дэлхий нийтэд зарлаж, “Хүн нэрээ, тогос өдөө” гэх өвгөдийн маань сургаал, суртлыг бидэнд чичлэн сануулж байна вэ? Элэгний C, B, D вирус, ходоодны хеликобактери, дутуу эмчлэгдсэн архаг хууч өвчнүүд, архи, тамхины өргөн, өндөр хэрэглээ, давс, сахарын хэмжээ хэтэрсэн хэрэглээ, хөдөлгөөний дутагдал, таргалалт, мансууруулах бодисын донтуулалт, эрүүл, аюулгүй амьдрахад хэрэгтэй мэдлэг, боловсролын хомсдол, өнгө мөнгөнд жолоогоо алдсан шунал – энэ олон дайсантай хэрхэн, яаж тэмцэх вэ? Тэд л бидний насыг богиносгоод байгаа юм. Ингэж ч улс, үндэстнээрээ доройтох, уруудах гэж дээ!!
Судлаач, профессор Д.Чулуунжав
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.