Ө.Шижир: Улаанбаатар хотын түүхэнд байгаагүй хамгийн их төсөвтэй дарга бол Х.Нямбаатар

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 7 цагийн өмнө

УИХ-ын өнөөдрийн чуулганы хуралдаанаар “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлсэн юм. Тогтоолын төсөлтэй холбогдуулан асууж байгаа гишүүдийн асуултад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Хотын дарга Х.Нямбаатар, Засгийн газрын гишүүд хариулж байна.

УИХ-ын гишүүн Ө.Шижир: Энэ бол Улаанбаатар хотын зургаа дахь төлөвлөлт. Хамгийн сүүлд 2006 онд баталсан ч хэрэгжилт 29 буюу хэрэгжүүлж чадаагүй. Тиймээс Х.Нямбаатар даргад маш их даалгавар ирж байна. Өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотын эрчим хүч, цахилгаан дулаан гээд дэд бүтцүүдийг шинэчлээгүй, байгаа дэд бүтэц дээрээ шамбааралдсаар байгаад өнөөдрийн Улаанбаатар бий болсон. Улаанбаатар хот бол төлөвлөлтгүй, зохион байгуулалтгүй, замбараагүй, томоос тос тосгон болж хувирсан. Үүнийг цэгцлэх юм байна гэж ойлгож байгаа. Яагаад гэхээр Улаанбаатар хотын түүхэн байгаагүй хамгийн их төсөв, мөнгөтэй дарга бол Х.Нямбаатар. 2012 онд Э.Бат-Үүл хотын дарга болж байхад 337 тэрбум төгрөгийн төсөвтэй байсан бол өнөөдөр 3 их наяд 800 тэрбум төгрөг нэмэх нь 500 сая бондын төсөвтэй байгаа.

Улаанбаатар хотод өөрийн гэсэн биеийн тамирын талбайтай сургууль цэцэрлэг, ногоон байгууламжтай эмнэлэг байхгүй. Үүнийг үе үеийн хотын дарга газрыг нь олгоод, барилга орон сууц болгосон. Үүнд ямар хариуцлага тооцох вэ.

Мөн Их тэнгэрийн амнаас бусад Богд уулын амыг байгаль орчны сайд нар аялал жуулчлалын нэрээр газрыг нь олгочихсон. Бүгд орон сууцны хороолол барьсан. Аялал жуулчлалын хэлбэрээр ашиглаагүй үүнд ямар хариуцлага тооцох вэ.

Нийслэл Эрдэнэс Баянбогд гэдэг нүүрсний ордтой. Уурхай дээрээ цахилгаан станц бий болгоод цахилгаанаар хангах боломж байгаа юу?

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Одоо байгаа Ерөнхий шүүгч Д.Ганзориг байгаа цагт нэг ч газрын наймаачинд хариуцлага тооцож чадахгүй. Яагаад гэхээр энэ бүх газрын цаана нууцаар байранд орсон, Сууц өмчлөгчдийн холбоотой хуйвалдсан нөхдүүд бүгд шүүгч. Удахгүй О.Алтангэрэл сайд шүүгч нарын асуудлыг оруулж ирэх байх. Үүн дээр сонсгол хийх ёстой.

Байгаль орчны яам газар олгох нь буруу гэж Ерөнхий сайдын хувьд үзэж байгаа. Отог гэдэг бол буулгаад авч явж болох аялал жуулчлалын бүсүүд. Харамсалтай нь Зайсанд баригдсан отгууд маань том хотууд болчихсон байна. Бид үүнийг шийдэхээс аргагүй. УИХ ажлын хэсэг гаргаад отгуудаа яах вэ гэдэг шийдвэр гаргах ёстой. Хариуцлага тооцохгүйгээр явбал бид отог байшин болдог асуудалтайгаа л байна.

Яг авлигатай тэмцээд эхлэхээр манай парламентын гишүүдээс хэлээд өрөвдөөд эхэлдэг шүү. Нэг мэдэхэд л нөгөө талд гарчихсан байдаг. Тиймээс авлигатай тэмцье гэж байгаа бол нэг талдаа гараад тэмцмээр байгаа юм. Боливол бүр больчихмоор байгаа юм. Хэрэг хаанаа гацаад байгааг бүгд мэдэж байгаа. Хэний байшин баригдаад байгаа нь тодорхой. Буулгая гэхээр хувийн өмчийг буулгасан болчихоод. Отог байшин болсон хотод ерөнхий төлөвлөгөө байх ямар ч боломжгүй.

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар: Эрдэнэс Баянбогд хүрэн нүүрсний орд. Үүн дээр төр хувийн түншлэлийн урилгыг байгууллагуудад хүргүүлсэн ч нийслэл 20-иос дээш хувийн урьдчилгаа амлаж байж цахилгаан станц барих боломжтой юм билээ. Үүний шийдвэл 300 мегабайтын цахилгаан станц баригдах боломжтой.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх