Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
13 цагийн өмнө
Монголын ууган их сургууль МУИС-ийн хувь заяа тун эгзэгтэй байдалд оржээ. Тодруулбал, 83 жилийн түүхтэй, төрийн эзэмшлийн МУИС-ийн бүх капитал 13 жилийн замналтай, хувийн МҮИС-д шилжих аюул нүүрлээд байна.
Энгийн логикоор ийм байх ямар ч боломжгүй л дээ. Гэвч үйл явдал өрнөж явсаар МУИС, МҮИС хоёр “…Өндөг тахиа хоёрын аль нь анхдагч вэ” гэдгээр маргаад явж байх юм. Хэрүүлийн алим нь “…Үндэсний” хэмээх тодотгол бөгөөд энэ үг МҮИС-д ашиг өгч, МУИС-д хор хүргэсээр өнөөдрийг хүрчээ. “…МУИС, МҮИС хоёрыг гадаадад ч, дотоодод ч андуурдаг” гээд л ярьдаг байлаа.
Одоогоос яг 10 жилийн өмнөх намар МУИС-ийн Сургалт хариуцсан дэд захирал О.Мөнхбат “…Элсэгчид МУИС-ийг МҮИС-тай андуурах зэргээр төөрч будилдаг асуудал зөвхөн өнгөрсөн жилээс хойш цөөнгүй тохиолдох болсон.
Учир нь зарим хувийн сургуулийн нэрний товчлол нь МУИС-тай андуурагдахаар болсон. Үүний зэрэгцээ бас зориудаар буруу мэдээлэл түгээж, элсэгчдийг төөрүүлдэг. Тиймийн тул зарим иргэд “…Хүүхдээ МУИС-д орууллаа гэсэн чинь хувийн нэг сургууль болж таарлаа. Бид хүүхдээ тэнд сургахгүй. МУИС-д сургахыг хүсч байна” гэж өргөдөл хүсэлт гаргадаг. Ер нь хууль журмынхаа үүднээс ч, академик ёс зүйн хувьд ч, хариуцлагатай байх зарчмын үүднээс ч тэр ийм байдал байж болохгүй. Алдартай брэндийг хуурамчаар үйлдэхдээ жишээ нь Sharp гэдгийг нэг үсгийн байр солиод Shapr гэж анхаарал болгоомжгүй хүнийг мэхэлдэг шиг увайгүй загнаж болохгүй биз дээ. Тэгээд ч “…Үндэсний, Монголын гэдэг нэрийг хувийн байгууллагад өгдөггүй, ийм явдал гарвал хууль зөрчсөн үйлдэл болдог” гэдгийг МИАТ компани болон “Монголиан айрлайнс” компанитай үүсгэсэн заргаас ч бид мэднэ шүү дээ. Тиймээс холбогдох газрууд нь энэ асуудлыг нэг мөр шийдтэл нийт эцэг эхчүүд, оюутан сурагчдаа МУИС бол Монголын Улсын их сургууль гэсэн, үндэсний тэргүүлэх их сургууль гэдгийг санаж анхааралтай хандаарай гэж хүсэх байна” гэж ярьж байсан юм.
Түүнчлэн наргиа, маазраа маягаар яригддаг захын нэг жишээ гэхэд л, нэгэн япон эрдэмтэн МУИС гэж андуурч ирээд МҮИС-д ажиллаж байгаад буцсан байдаг. Тэр байтугай хөдөөнөөс МУИС-д сурах гэж ирээд МҮИС-д ордог явдал зөндөө л дуулддаг. Ингэж МУИС-ийн нэр хүнд, үүх түүхийг үнэгүйдүүлэх явдал олон жил үргэлжилжээ.
Гэтэл Монголын үндэсний хамгийн том их сургууль бол МУИС байдаг. Хэн ч маргахгүй. Тус сургууль анх БНМАУ-ын Ардыг гэгээрүүлэх явдлын сайдын 1942 оны гуравдугаар сарын 3-ны “Улсын дээд сургуулийн бэлтгэл курс нээх ба захирлыг томилох тухай” тушаал гарч, мөн оны зургадугаар сарын 11-нд хичээлийн байртай болсон. Ингээд 1942 оны аравдугаар сарын 5-нд нээлтээ хийж, тус сургуулийн орлогч эрхлэгч Ш.Чимиддамба Эрдмийн зөвлөлийн анхдугаар хуралдааныг даргалан хуралдуулж, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг хэлэлцүүлэн батлуулжээ. Улмаар аравдугаар сарын 18-ны өдөр Ректорын №1 тоот тушаал гарч тоо-физикийн багшийн ангид 31, мал эмнэлэг, зоотехникийн факультетэд 27, хүн эмнэлгийн факультетэд 35, нийт 93 хүнийг оюутнаар элсүүлсэн. Тэд МУИС-ийн төдийгүй Монголдоо анхны оюутан хэмээх нэрийг хүртсэн хүмүүс болжээ. МУИС-ийн түүхийг цааш ярих гэвэл бүтэн сонин дүүрэн бичээд ч барахгүй их болно. Тийм том түүхтэй.
Харин МҮИС-ийн түүхийн тухайд “Монголын Үндэсний их сургууль” НҮТББ нь анх 1998 онд “Чандмань Эрдэнэ” коллеж нэртэй байгуулагдсанаас эхэлдэг. Цаашлаад, БСШУ-ы сайдын 2002 оны арванхоёрдугаар сарын 6-ны 34 дүгээр тушаалаар “Чандмань Эрдэнэ” коллеж нэрээ өөрчилж “Монголын Үндэсний коллеж” болсон.
Дараа нь БСШУ-ы сайдын 2004 оны долдугаар сарын 20-ны 238 дугаар тушаалаар “Дээд сургууль”-ийн ангилалд хамааруулсан. Ийнхүү 2004 оноос “Монголын Үндэсний дээд сургууль “нэрээр үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Ингэж байгаад БСШУ-ы сайдын 2012 оны наймдугаар сарын 6-ны А/454 дүгээр тушаалаар “…Монголын Үндэсний дээд сургуулийг 2012 оны наймдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Их сургуулийн ангилалд хамааруулсугай” гэж шийдвэрлэжээ. Ийм замналтай. Тэд анх 2020 онд барааны тэмдэгтийн маргаан буюу “…National University of Mongolia хэмээх нэршил хэнийх нь вэ” гэж маргасан. Шүүх 2023 онд эцэслэж шийдсэн. Ингэхдээ мэдээж “…Нэхэмжлэгч “Монголын Үндэсний их сургууль” НҮТББ-ын төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай” гэж шийдвэрлэсэн. Ингэснээр “Монголын Үндэсний их сургууль” нь МҮИС гэх нэрийг хэрэглэж болохгүй, мөн National University of Mongolia, NUM, MNU, MUIS, Mongolian National University гэх нэршил МУИС-ийн оюуны өмчөөр баталгаажиж үлдсэн.
Тэгвэл одоо асуудал улсын бүртгэлтэй холбоотойгоор үргэлжилж байна. БСШУ-ны сайдын 2012 оны тушаалаар “Монголын Үндэсний дээд сургууль”-ийг зөвхөн “их сургууль”-ийн ангилалд л хамааруулсан байгаа юм. Харин оноосон нэрийг нь огт өөрчлөөгүй байна. Тэгэх хууль зүйн үндэслэл ч байгаагүй аж.
Гэтэл 2013 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр “Монголын Үндэсний их сургууль” нэртэй ХХК-ийг шинээр үүсгэн байгуулах шийдвэрийг иргэн Л.Мөнхбат дангаараа гаргаж, хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлжээ. Ингэж боловсролын үйл ажиллагаа явуулдаг “Монголын Үндэсний дээд сургууль”, ашгийн төлөө үйл ажиллагаа явуулах “Монголын Үндэсний их сургууль” ХХК гэсэн бие даасан хоёр хуулийн этгээд Монгол Улсад улсад бий болжээ. Харамсалтай нь 2012 онд ингэж дээд боловсролын сургалтын байгууллагын захирал нь байгууллагынх нь ангилал өөрчлөгдөхөд зохих нэрийг авч, тогтоосон хугацаанд бүртгэлд бүртгүүлэх сайдын тушаалыг биелүүлээгүй байгаа юм. Гэсэн атлаа оронд нь нэг хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг өөр нэг хуулийн этгээддээ ашиглуулж, нийтийн ашиг сонирхолд харш үйл ажиллагаа явуулж ирсэн болж таараад байна. Энэ нь ч шүүхээр тогтоогджээ. Өөрөөр хэлбэл, улсын бүртгэгчийг төөрөгдүүлж, хууран мэхлэх замаар “Монголын үндэсний дээд сургууль”-ийн тусгай зөвшөөрлийг “Монголын үндэсний их сургууль” ХХК-д шилжүүлэн бүртгүүлжээ. Яг энэ талаар маргаан үүсээд явж байгаа аж.
Ер нь бол, манайхаас өөр улсад бол МУИС, МҮИС-ийн энэ явдал дээр анхнаасаа эрх зүйн маргаан үүсэхээргүй юм. Манай шүүх ч яг ийм том агуулгыг жижиг эрх ашгаар хөндөж буй гомдлыг буцаагаад шидэх хэрэгтэй байгаа юм.
Бүр эсрэгээрээ, улсын болоод хүний эрхийн үнэт зүйл, өв рүү шунан довтолбол хуулийн хатуу хариуцлага хүлээлгэдэг эрх зүй хэрэгтэй байгаа нь эндээс харагдаж байна. Яагаад гэхээр, аливаа улс оронд хөндөж болохгүй хүндлэл, өмчилж болохгүй нэр, авч болохгүй алдар гэж бий. Тэр тусмаа, соёлын өв, боловсролын түүх, энэ мэт нэгэнт тогтоогдсон үнэт зүйл, нэр хүнддээ халдах нь хориотой байдаг. Тэгж байж тэр улс орон, бүр нарийсгавал тухайн салбар чиглэл нь үнэ хүндтэй хэвээрээ удаан оршин тогтнодог. Ерөнхийдөө, аль ч улс орны Үндсэн хуулиар олгосон эрх бүр ямар нэг байдлаар дархлаатай байдаг учиртай. Үндсэн хуулийн 16.7-д “…Монгол Улсын иргэн сурч боловсрох эрхтэй” гэж заасан. Энэ эрхийг хангах баталгаа, дархлааны нэг нь МУИС гэсэн үг. Хэн үүнтэй маргах вэ.
Бас Үндсэн хуулийн Долдугаар зүйлд “…Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтад байна”, “…Иргэний туурвисан оюуны үнэт зүйл бол зохиогчийнх нь өмч, Монгол Улсын үндэсний баялаг мөн” гэсэн айхтар том заалт байдаг. Үүнд мөн л МУИС багтана.
Адаглаад л 83 жилийн түүх нь, энэ бүх хугацаанд Монгол Улсад “нийлүүлсэн” боловсон хүчнүүд, эрдэмтэн судлаачдынх нь бичгийн их өвүүд гээд тоймгүй, хэрнээ үнэлэмгүй баялгийг МУИС агуулж буй юм. Гэвч, төрийн хамгаалалт нь бараг алга. Хувийн сургуульд хамаг байдгаа булаалгаж дээрэлхүүлээд явж байдаг. Цаашлаад “…МУИС-ийг МҮИС дийллээ. Шүүх МҮИС-д ашигтай шийдвэр гаргалаа” гэхэд юу болох вэ. МУИС маш хүнд байдал руу явна. Юуных нь дэлхийн топ, тэрийг мөрөөдөөд ч хэрэггүй. Ерөөсөө л, МУИС-ийг МҮИС-д бэлэглэж байгаатай яг адилхан. Улмаар нэг нөхөр гарч ирээд “…Үндэсний Дээд шүүх” нэртэй ХХК, бас НҮТББ байгуулж болно. Яг ийм байдлаар “…Үндэсний УИХ”, “…Үндэсний Ерөнхийлөгч”, “…Үндэсний Засгийн газар”, “Үндэсний Цагдаагийн газар”, өөр юу байдаг юм, иймэрхүү нэртэй баахан ХХК, НҮТББ-ууд байгуулагдах үүд нээгдэнэ. Тийм шав л тавигдана даа.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.