Золиосны хүүхэд ба буруу гараар орсон өв соёл

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 5 цагийн өмнө

“Тавхан үгэндээ танигдаад байна аа” гэж ардын дуунд үгүүлдэгчлэн манай өнөөгийн нийгмийн “нүцгэн” төрхийг “Хаврын морин уралдаан”-ы талаар үүссэн маргаан тун тод харуулав.

Мууг өөгшүүлэхэд мунхагуудын оролцоо их гэдгийг харуулж “... өв соёлоо хөгжүүлж байна” гэх башир үгийг даган “зажилж”, шүлсээ үсэргэгчид ч мундахгүй олон болжээ. 

 

Монголын өв соёл, хэлбэрт биш агуулгадаа байдаг 

 

Монголчуудын өв соёлын нэг болох найр наадам, тэр тусмаа эрийн гурван наадам бол хийх ажилгүй уйдаж, цаг нөхцөөх гэсэндээ, эсвэл олны ойворгон дэвэргэн занг хөөргөж байгаад олз ашиг олох гэсэндээ, бие биедээ баярхаж, гайхуулах гэж цугладаг мөрийтэй тоглоомчдын цугларалт биш л дээ. Мал ахуйдаа эрхшээгдэн, нийтийг хамарсан үйл ажиллагаа хомс байсан цаг үеийн, ард иргэдээ баясгаж цэнгүүлэх монгол наадмын цаад үндсэн агуулга зорилго нь нийгмийн харилцаан дахь бие биенээ хүндэтгэх дэг журам, элэгсэг дулаан зөөлөн харилцаа, жудаг ёсыг нийтийн хүрээнд ойлгуулан таниулах, сургаж дадуулах, түүнчлэн өөрсдийн бие, оюуны чадамжаа сорьж тэнсэх, мал аж ахуйн арга ухааны мэдлэгээ хуваалцах, морь малынхаа шандас, чанар чансааг мэдэлцэх, харилцан суралцах, сэлгэн сайжруулах зэрэг нийгмийн харилцааны бусад хэрэгцээ, шаардлага /өнөөгийн үзэсгэлэн худалдаа гэх мэт шиг/, тэр бүхнээс жишиж харагдах сайн сайхан, онцгой авъяас чадварыг харж бахдах, баясан хүндлэх нийтэч зан суртахуун, сэтгэл оюуны төлөвшлийг бүрдүүлэхэд чиглэж ирсэн байдаг. 

 

Товчлон хураангуйлж хэлбэл монгол наадам бол сурган хүмүүжүүлэх ухааны өвөрмөц туршлага, төр ёс, дэг журмыг хүн арддаа эзэмшүүлэх, нийгмийн сэтгэл зүйг зөв төлөвшүүлэхэд чиглэсэн, үл анзаарагдах сургалтын арга хэлбэр, оюуны өндөр соёл байсан юм.

 

Тухайлбал морь уралдуулахад хүүхдээр унуулдаг байсан нь мал аж ахуйгаа эрхлэх, эдлэх арга чадварт бага балчраас нь хэрхэн сургаж дадуулж буйг харуулах, морь мал нь эзэнтэйгээ хэрхэн ээнэгшин дотносож чадсаныг илтгэх нэг үзүүлэлт байжээ. “Унаган адуу эзнээ орхидоггүй” гэж ярьдгийн учир ч тэр. Тэгэхдээ хүүхэд морь хоёр ижилдэж дассан төдийгөөр ч хүүхдээ уралдаанд оролцуулаад байсангүй.

 

Тухайн жил, улирал, сар, өдрийн тохироо, уралдах цаг, нарыг шинжиж тохируулж, орон газрын орших эзэд, лус савдгийг ч аргадан баясгаж, сахиус шүтээндээ ч даатгаж, хүүхдийнхээ сүлд хийморийг нь өргөх, амь насыг нь бөхлөх, болгоомж, сэрэмж, хайр энэрлийн “эервүү орон”-г бүтээдэг зан үйлийн соёлыг ч наадмын агуулгаас салгаж ойлгох аргагүй билээ. 

 

Гэтэл манай өнөөгийн маанагууд тэр бүх утга агуулгыг ойлгосонгүй. Өнөөгийн монголын хөдөөд морь унаж, малаа хариулдаг малчин ч ховордож, машин мотоциклоор малаа туудаг, эргүүлдэг болтлоо уламжлалт мал аж ахуйгаасаа холдсоор байна. Морь малаа уналга эдэлгээнд сургах, эмнэг догшиныг номхруулах чадвартай нь ч улам бүр цөөрсөөр байгаа. Өөрөөр хэлбэл хүүхэд битгий хэл томчууд нь ч нийтээрээ морь унахаасаа төсөөрчихөөд байна. Энэ хандлагыг өөрчлөхийн тулд ядахдаа эхлээд насанд хүрэгчиддээ үлгэр жишээ болж уяачид өөрсдөө уясан морио унаад уралдахгүй яасан юм бэ?!

 

“Алдарт уяач”, “Манлай уяач” гэх мэт элдэв алдар, цол гуншинг бие биедээ өгч, эрлийз хурлийз адууг энд тэндээс авчирч наймаалцдаг, /хоорондоо бас зөрчилддөг/ “... уяачдын холбоо” гэх нэр хаягийн дор бүгсэн, далд эдийн засгийн бүлэглэлүүдийн үйл ажиллагаа малчин уламжлалыг сэргээхэд өчүүхэн ч чиглээгүй, хүүхэд залуусыг мал аж ахуйн уламжлалт арга ухаанд сургаж дадуулахтай ямар ч холбоогүй явж ирснийг мориноосоо холдсон хөдөөгийн малчдын аж байдал тодорхой гэрчилнэ. Гэтэл өөрсдөө зугаацахын тулд хахир хүйтэн хаврын жаварт морь унаж уралдуул! гэж бусдын хүүхдийн амь насыг золиослохыг шаардах нь, зөөлрүүлж хэлэхэд дэндүү хуншгүй зан. Хувийн ашиг завшаан, алдар нэр горилогчдын цэвдэг сэтгэлийн энэ хандлага нь “өв соёл” тээж буй хэрэг биш, буруу гараар оруулан устгаж буй хэрэг билээ. Хот суурин газарт гэдсээ илэн хэвтэгсэд нь зонхилох “...уяачдын” гэх эдгээр бүлэглэл монголын нүүдлийн мал аж ахуйн өв соёлыг тээж түгээх ч гэж юу байх вэ дээ! Эдний үйл ажиллагаа зөвхөн адууг “морин уралдаан” гэх бооцоот тоглоомын хэрэгсэл, цаашлаад мөнгө угаах нэг хэрэгсэл болгон ашиглаж ирсэн гэсэн дүгнэлтийг юм ойлгодог хэн бүхэнд төрүүлдэг нь ч үнэн.

 

Тэрхүү “бооцоот тоглоом”-оо “монголын өв соёл” гэх нэрээр далдалж, хүүхэд ашиглаж, мөнгө олох гэсэн далд боолчлолын гэмт хэргийн шинжтэй энэ бусармаг сэдлээрээ нийгэмд хэрүүл маргаан үүсгэчихлээ. 

 

Бүр “монголоороо байя” гэх уриатай, “морьтой жагсаал” гэх жүжиг тавин, гал дээр тос нэмж донгиотов. Энэ нь “... Уяачдын холбоо” гэх бүлэглэлтэй өнөөгийн Засгийн Газрын тэргүүн болоод зарим гишүүд, УИХ-ын нэлээн хэдэн гишүүн ашиг сонирхол нэгтэй, нэр холбоотой улс төрийн өнгө аяс холилдсоныг “Ерөнхий сайд тэргүүтэй хурдан удмын адуутай Засгийн газрын гишүүд” ... гэх зэрэг мэдээллүүд илчлэв.  Өнөөгийн ЗГ, УИХ гэгчийн үнэн төрх нь энэ!        

 

Нийгмийн донгиорол

 

УИХ, ЗГ-ын гишүүдээсээ эхлээд нийтээрээ хэн нь төрийн ажил хийж, хаана юу ярьж байгаагаа мэдэхээ больчихсон манай өнөөгийн нийгмийн зан төлвийг, хуульчилсан “мангуурал” гэх үү, албан ёсны “донгиорол” гэх үү?!

 

УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан “Хүссэн, хүсээгүй 5-11 сарын хооронд л хурдан морины уралдаан зохион байгуулах

 

Засгийн газрын тогтоол өнөөдөр хүчингүй болж байна” гэж хэлж гэнэ.

 

Тогтоолын хугацааг сунгаж, үргэлжлүүлэх нь хэний хийх ёстой ажил юм бэ?!

 

Сайдын хэлж буй энэ үг угтаа “цаашид үргэлжлүүлэн хүчинтэй байлгахыг бид хүсэхгүй байна” гэсэнтэй утга нэг сонсогдож байгаа биз дээ! Засгийн газар ийнхүү хэрэгжүүлэх ёстой үүрэг хариуцлагаасаа татгалзаж “...хурдан морины уралдааныг хэзээ, хэрхэн зохион байгуулахыг аймаг, орон нутгийн удирдлагууд, мэргэжлийн холбоод шийдэх” боллоо гэнэ. Харин ЗГ-аас тэдэнд зөвлөмж хүргүүлэх гэнэ. Засаг төрийн үүрэг хариуцлага, эрх мэдэл гэдэг нь гар дамжуулан түгээх эд бараа, өөрсдөө олоод хүрт гээд дунд нь цацдаг өглөгийн идээ биш л дээ. Засгийн газар шийдвэр гаргаж чадахгүй байгаа бол огцрох ёстой. Гэтэл Төрийн ажлын үүрэг хариуцлага, шийдвэр, хяналт, гүйцэтгэлийн, эрэмбэ, ёс зүй, дэг журмыг зориуд үгүй хийж, хов хэрүүл, дуулиан шуугианаар олон нийтийг талцуулсан маргаан дэгдээж, асуудлыг шийдэлгүй, хариуцах эзэнгүй, хоосон яриа болгон үлдээдэг “төр эзэнгүйдүүлэх” зуршлыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хамгийн сурцтай гүйцэтгэж ирлээ. Үүний ойрын жишээг УДШ-ээс гаргасан 2025 оны 01 дүгээр сарын27-ны өдрийн мэдэгдлээс харж болно.

 

Тус мэдэгдэлд “...Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганы 2025 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн нэгдсэн хуралдаан дээр "Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр хууль бус газар олголтууд явагдсан, газрын наймааны ард шүүгч нар байна, ...” гэх зэргээр мэдэгдэл хийсэн.

 

Монгол Улсын хэмжээнд иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах,...холбогдох зөвшөөрлүүдийг Засгийн газрын харьяа агентлаг, яамны эрх мэдэл бүхий албан тушаалтнууд олгодог. ...Бүх шатны Засаг дарга болон сайдыг Монгол Улсын Ерөнхий сайд томилдог бөгөөд Засгийн газрын өөрийнх нь эрх мэдлийн асуудал. Захиргааны хэргийн шүүх нь “газрын наймаачдад хариуцлага тооцох” чиг үүргийг хуулиар хүлээдэггүй бөгөөд шүүн таслах ажиллагаа нь бүхэлдээ Улсын Их Хурлаас баталсан хуулийн дагуу явагддаг. “...захиргааны шүүхийн шүүгч нар авлигад байр авсан” гэх асуудал нь Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар зэрэг гүйцэтгэх эрх мэдлийн чиг үүргийн хүрээнд мөрдөн шалгах байгууллагуудаар шалгагдан тогтоогдох, хуульд заасан зохих журмаар шийдвэрлэгдэх бүрэн боломжтой. “...шүүгчтэй хуйвалдсан СӨХ”, “СӨХ-ны ард байгаа шүүгч” гэх зэргээр тодорхой нэр хаяггүй мэдэгдэл удаа дараа хийж, захиргааны хэргийн шүүхийн хууль ёсны үйл ажиллагааны эсрэг олон нийтийг турхирч байгааг эсэргүүцэж байна" гэжээ.

 

Тодруулж хэлбэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө томилж, ЗГ-ын байгууллагуудаа авлигач хулгайчдын үүр болгочихоод, түүнийгээ засахын оронд, гудамжны хов шиг юм яриад, ажлаа хийхгүй байна” гэж энэхүү мэдэгдэлд дүгнэжээ. 

 

Ийнхүү өнөөдөр улс нийгмийн амьдралыг шийддэг “эзэн” байхгүй, харин ая тал засдаг төсвийн байгууллага, үүрэггүй албан тушаалтан, хоосон хичээгсдээр Төр гэх данхар бүтэц дүүрч байгаа. Жишээ нь “Хаврын морин уралдаан”-ы асуудлаар монголын ХЭҮК-оос “...энэ тогтоолоо хүчингүй болгосноор хүүхэд нэг дүгээрт байх, хүүхдийн ашиг сонирхлыг дээдлэх зарчмаасаа ухралт хийж байна. ХЭҮК энэ шийдвэрт харамсаж байна. Иймд гаргасан шийдвэрээ эргэн харж, хүүхдэд ээлтэй шийдвэр гаргаасай гэж хүсэж байна” гээд л болоо. Гэтэл УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хөдөө орон нутгаар “126 гишүүнтэй, таван намын төлөөлөл бүхий шинэ парламент 30 жил гацсан мега төслүүдийн чөдрийг тайллаа” хэмээн “цаасан барилга”-аа магтаж явах жишээтэй.

 

Нийгмийн хэрүүлийг Төрийн ажил гэж ойлгодог болчихсон иргэд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлж буй Засгийн газар өмнөхүүдтэй нь харьцуулахад хамгийн сайн ажиллаж байгаа нь гэж зулгуйдна. 

 

Хулгайчийг хулгайчтай харьцуулж дүгнэдэг сэтгэхүйгээс хулгайгүй амьдрах арга ухаан төрөхгүй л дээ. Төрийн үүрэг хариуцлагыг сайн дурын ажил гэж ойлгодог болтлоо төр улсаа дампууруулж буй нийгмийн энэ эмгэг дэндүү ужгирлаа. Одоо болих цаг болсон юм биш үү! Эрүүл ухаанаар эргэцүүлж, эв нэгдлийг зүгшрүүлсэн, итгэл дүүрэн сайхан амьдрах, намгүй нийгмийн шинэ тогтолцоог, улс үндэстний эрх ашгийг дээдэлсэн, бурууг засаж, зөвийг тэтгэх, үүрэг хариуцлагтай Монгол Төрийг бүтээцгэе ээ! Энэ бүхэн та бидний нийтийн ухамсарт үйл хэрэг шүү дээ!

О.Лхагвадорж  


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх