Албан татварын нэр, төрөл, тоо, хэмжээг зөвхөн төр тогтоож, төр хурааж авах учиртай

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү уржигдар

Албан татварыг иргэдээс зөвхөн төр, засаг л авдаг. Энэ бол дэлхийн жишиг. Ард түмэн тэмцэж байгаад Хаадын албан татвар авах, тогтоох эрхийг болиулж, зөвхөн парламент л мөнхүү эрхийг эдлэх болгосон түүхтэй. Нийгмийн бүх давхраа, бүх бүлгийн төлөөлөгчид хуралдаж байж, зөвшилцөж байж албан татварын хувь, хэмжээг тогтоодог болсоор олон зуун жил өнгөрчээ. Энэ жишиг эдүгээ Монголд алдагдлаа!

 

Даатгалын компаниуд албан татвар хураагаад эхэллээ! Жолоочийн “албан журмын” даатгал, эзэд нь төрийн албаны томчууд! Дүрэм зөрчлөө, осол гаргалаа гэж замын цагдаа нар торгоно. Осол гаргаж болзошгүй гэж сэжиглээд даатгалын компаниуд албан татвар авна. Дээр нь машины татвар, замын татварыг төр авна.

 

Хотруу орлоо гээд, гарлаа гээд, бензин, тос гээд, засвар үйлчилгээ, сэлбэг гээд, өвөл зуны дугуй гээд, оношилгоо, угаалга гээд, граж, зогсоол гээд машинтай холбоотой төлбөр, зардал ер нь л их шүү дээ. Гэтэл бидний цалин, орлого, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ хэд билээ? Хотын дүрэм зөрчсөний төлөө торгуулийг бол харин нэмэх хэрэгтэй, төлөх хугацааг нь хатуу тогтоох хэрэгтэй. Согтуугаар машин жолоодсон бол машиныг нь бүтэн сараар журмын хашаанд хийж, өндөр төлбөр авах хэрэгтэй... Бүх насаараа осол гаргаагүй, гаргахгүй жолооч нар хэдэн зуун мянгаараа байсан, одоо ч байгаа, ирээдүйд ч байх болно. Тэд яахлаараа албан журмаар хариуцлагын гэгдэх “албан татвар” төлдөг билээ? Юмыг яаж мэдэх вэ гээд даатгуулж байгаа даатгал нь сайн дурын байх ёстой биз дээ? Та хальтарч унаад хөлөө хугалж болно. Иймээс албан журмаар хөлтэй байгаагийнхаа төлөө даатгалын татвар төл гэж хүн бүхнээс татвар авч болохгүй шүү дээ. Хүн өөрөө сайн дураараа даатгаж болно л доо...

 

Жишээ нь бүжигчид, бөхчүүд. Ингэхлээр осол аваар огт гаргадаггүй олон зуун мянган жолооч нарын “бүх насаараа төлөх энэхүү албан татварыг” яах вэ? Хэрэв төлөх нь зүйтэй бол хувь хүнд биш, улсын төсөвт, төрд, түмэн олны хэрэгцээнд зориулан төлөх нь зөв. Жолооч нараас толгой дараалан мөнгө татах луйврыг даруй зогсоох ёстой.

 

Үйлдвэрчний эвлэлүүд яагаад дуугүй байна вэ? Лоббид автчихсан уу?! Хөлний албан журмын даатгал, гарны албан журмын даатгал гэж төрөлжөөд гараад ирвэл даатгалын эзэд нэг жилийн дотор л тэрбумтан болно. Хэргээр шахам (осол гаргаж болзошгүй) олон зуун хуучин, тэгэхдээ буруу талдаа жолооны хүрдтэй (осол гаргах нь тодорхой) машинуудыг гаднаас аваад, тэр дор нь л албан журмын даатгал гэх “албан татварыг” буй болгоод, лоббидож байж хэмжээг нь олон дахин нэмээд, цөөн хэдэн шуналтан жилийн дотор л тэрбумтан болчихож байна шүү дээ. 700 мянган жолоочоос албан журмын даатгал нэрээр 700 мянган төгрөг хураах аваас жилийн дүн нь 490 тэрбум төгрөг шүү дээ. Жилдээ гардаг олон жижиг ослын төлбөр хэд байх вэ? Ихэнх осол даатгалаас төлбөр авч чаддаггүй. Энэ албан татварыг ядаж л 3-5 жилийн судалгаанд тулгуурлаж байж УИХ-аар хэлэлцэж шийдвэрлэх, хэрэв албан журмаар авах бол даатгалын компани нь төрийн өмчийнх байж, жилийн үлдэгдэл хөрөнгөөр нь ядаж л ганц хоёр нүхэн гарц, гүүр барьж байх нь зөв юм. Эс тэгвэл хүн бүрийн баруун болон зүүн хөлний албан журмын даатгалын компаниудыг хэн нэг нь санаачлан байгуулж мэднэ шүү! Албан татварын нэр төрөл, хэмжээг зөвхөн парламент тогтоодог, төр хурааж авдаг зарчим бол дэлхийн чухал жишиг. Энэнээс гажих нь луйвар, залилан мөн.

 

Хувь хүний халаасруу ихэнх нь орж байгаа мөнгийг “албан татвар болгож чадсан” нь хэн гээч ухаантан (шуналтан), хэн хэний оролцоотой бодож олсон зүйл юм бол доо. Даатгал бүхэн сайн дурынх байсан түүх ингээд дуусгавар болдог байжээ...

 

Цалин, орлого ихтэй улс орны нөхцөл, байдал өөр шүү дээ! Нийт иргэдээс, мөн нийт жолооч нараас албан журмын татварыг зөвхөн төр засаг хурааж, нийтийн хэрэгцээнд зориулан зарцуулж байх ёстой. Аливаа даатгал зөвхөн л сайн дурынх байх учиртай. Говьд амьдарч байгаа, ганц гэрээр нүүдэллэн аж төрж байгаа тэмээчин залуу жолоочийн хариуцлагын албан журмын даатгал нэртэй “албан татвар” төлөх нь зөв гэж үү? Ядахдаа л ингэж бодмоор... Иймэрдүү сонин хачин шийдэл, шийдвэр хаанаас л бол хаанаас гардаг болчихлоо. Жишээ нь энэ могой жилийн цагаан сар. Илүү сарыг өвлийн улирал дээр нэмж тооцож байсныг би ер мэдэхгүй юм. Хүйтэн, хөр цастай, хэцүү гэгдэх улирлыг нэг сараар сунгаж малчдын сэтгэл санааг зовоохгүйн тулд илүү сарыг намрын улиралд хамаатуулах нь зөв байдаг гэж олон хөгшдөөс сонсож явлаа. Наад зах нь л малчин айлуудын бууз хөлдөхгүй. Дээр нь 2-р сарын эцсээр, 3-р сарын эхээр бог мал төллөж эхэлбэл малчид маань бууз, цагаан сар, шинийн нэгэн, өргөн золголт... мэтийг хийж чадах уу? Аливаад бодитой хандах, амьдралын үнэнд захирагдах, “хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх”, “бусдаас онцгой байх, болох гэж хэтэрхий хичээхээс болгоомжлох” мэт нь угтаа бол монгол зан төрх байсан юмсан...

 

Дэлхий дээр маань дулаарлын процесс явагдаж байгаа энэ зуунд илүү сарыг намар, зуны сарууд дээр нэмж байх нь зөв юм. Дулаарах цаг үед өвлийн сар дөрөв болчихгүй шүү дээ. “Зурхайчид” маань байгалийн хувьслын бодит явцтай үл нийцсэн шийдэлд хүрэх нь дэлхий дахиныг инээлгэж л орхих байх даа...

 

Хоёр календарийн (нарны, сарны) хоорондох зөрүү болохоос биш нар ба дэлхийн байрлалаас болдог бодит шалтгаан биш шүү дээ. Юмсын наад, цаад учрыг, үр дагаврыг үл ойлгож, үл тооцож хандах нь Саарал ордон, Гандан хоёрт аль алинд нь эвгүй л юм даа. Ойролцоо тооцоогоор 1990 оноос хойш нэг мянга шахам том, дунд зиндааны дарга нар туршлага судлахаар татвар төлөгчдийн мөнгөөр гадаад орнуудаар явжээ. 30 гаруй жил туршлага судлаад ядаж л утаатай тэмцэж сурсангүй. Харин өөрсдөө бол хувь хувьдаа гадаадын туршлагаар баяжижээ. Жишээ нь жолоочийн албан журмын даатгалаар; Эзэд нь Т.Доржханд, Б.Ундармаа, Л.Болд, Ч.Ганхуяг, Б.Түвшин, О.Ганзориг, Ганбямба. Тэд өөрсөддөө л хэрэгтэй туршлагыг төрийн мөнгөөр судалж, хөрөнгөө нэмэгдүүлжээ. Лоббидож байгаад даатгалын мөнгийг ч суга өсгөжээ. Тэдэнд ичих нүүр, өрөвдөх сэтгэл, цадах ханах хэмжээ гэж байна уу?

 

Эд мөнгөнд шунах, эрх мэдэлд шунах, эрдмийн зэрэг, цолонд шунах – энэ гурав нэг хүн дээр цугларах аваас эзнээ хөнөөдөг сонин тохиолдол бас олширлоо. Үхлийн шалтгаан, онош нь инфаркт, инсульт л гэх юм. Нөхөд минь шуналаа, шуналаа гэхэд зөвхөн аль нэгэнд нь л ядаж шунаж байгаачээ! Аливаа бүхэнд хэмжээ гэж байна...

 

Зүрх судасны өвчин бол ихэнхдээ л тансаглал, дайллага, олон найр, том шагналын угаалга, өмнө дурдсан гурван шунал мэттэй томоор холбогддог ажээ. “Их шунал, хэт хомхойрол бол тамд хүрэх дөт зам” гэгддэг ч байжээ... Даатгалыг албан татвар болгоод, хэмжээг нь суга нэмнэ гэдэг ч дээ... Хачин л тохиолдол!

 

Судлаач, профессор Д.Чулуунжав


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх