Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2015 01 сар 23
Өнгөрч буй долоо хоногийн үйл явдлыг "Тойм-7"-д онцоллоо.
Улс орон эдийн засгийн хүндрэлд байгаа энэ цаг үед улстөрчид ирэх сонгуулийнхаа талаар ярилцаж эхлэх нь тэр. 2016 онд болох сонгуулийн тухай яриа эхлүүлэх нь цаг үеэ олсон хэрэг мөн үү?
.
Гэтэл хэдэн сандал ширээний төлөө тулга тойрсон зүйлийн тэмцэлдээн ийнхүү эхэлж буй бололтой. Ажлаа сайн хийвэл ард түмэн бид та бүгдийг тэр сурталчилгаа, амлалтгүй аяндаа сонгоод үнэлгээг чинь хийгээд өгнө. Харин хий амлаж, хөлдөө хий оруулах хэрэг юунд байна. Ямартай ч ирэх сонгуулийн амлалт ийнхүү эхэллээ дээ. МАХН ирэх сонгуулиар таван асуудал танилцуулж байгаа юм байна. Үүнийг тоймлон хүргье.
МАХН-ын нарийн бичгийн дарга З.Батбаяр "Эхний ээлжинд малчдад төрөөс цалин олгодог болъё. Манай улс 51 сая малтай, 145 мянган малчин өрхтэй. Малчин өрх бүрт сарын 350-700 мянган төгрөгийн цалин олгох санал байна. Хэрэв үүнийг хэрэгжүүлбэл сард дунджаар 100 тэрбум төгрөгийн зардал гарна. Малчдад цалин олгосноор малчин өрхийн тоо нэмэгдэнэ. Хүн амын төвлөрөл багасах боломжтой. Мөн малаас гаралтай хүнсний бүтээгдэхүүнүүдийн үнийн дээд хязгаарыг тогтоох боломж бий. Үүгээр дамжуулан махны үнийн дээд хязгаарыг 5000 төгрөгөөр тогтооё гэсэн саналыг мөрийн хөтөлбөртөө дэвшүүллээ. Зөвхөн мах биш малын гаралтай бүх хүнсний бүтээгдэхүүн юм" гэлээ.
Мөн гэр хороололд амьдарч байгаа иргэдэд цалингийн 15 хувийн нэмэгдлийг олгох юм байна. Ямар салбарт ажиллаж байгаагаас үл хамааран дээрх нэмэгдлийг олгох гэнэ. Нийслэлийн хэмжээнд л гэхэд 1.9 сая хүн амьдарч байгаагаас 1.4 сая нь гэр хороололд амьдарч байгаа аж. Энэхүү нэмэгдлийг олгож эхэлснээр гэр хороололд амьдарч байгаа иргэдийн амьдралын нөхцлийг дээшлүүлэх, усан хангамж, ариун цэврийн байгууламж, гудамж талбайн нөхцлөө сайжруулахад бодит дэмжлэг болно гэж үзэж буйг гэнэ.
ТББ-уудыг дэмжих зорилгоор Хүн амын орлогын албан татварын санд хуримтлагдсан татварын нэг хувийг хуваарилахаар тусгажээ. Ингэж чадвал ТББ-ийн бие даасан үйл ажиллагаа сайжирч, иргэний нийгмийн байгууллагууд үүсч бэхжих нөхцлийг бүрдүүлж чадна гэж үзжээ. Улсын нийт төсөв 6.1 их наяд төгрөг байгаагаас хүн амын орлогын албан татвараас нэг их наяд төгрөгийн хуримтлал бий болдог байна. Үүний нэг хувь нь нэг тэрбум төгрөг юм.
Татварын өсөн нэмэгдэх шатлалыг бий болгохоор зорьж байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 113602 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаагийн 47 хувь нь буюу 50 мянга гаруй нь татварын орлогын 7 хувийг бүрдүүлдэг. Харин нийт компанийн нэг хувь буюу 1000 гаруй аж ахуйн нэгж нийт татварын орлогын 85 хувийг бүрдүүлж байгаа юм. Тиймээс татварын өсөн нэмэгдэх шатлалаар буюу нэг тэрбум хүртэлх орлоготой компаниас 5 хувь, 1-5 тэрбум орлоготой компаниас 15 хувь, таваас дээш тэрбумын орлоготой компаниас 30 хүртэлх хувийн татварыг авдаг байхаар тооцоолсон байна. Ингэснээр жижиг аж ахуйн нэгжүүдийн тогтвортой үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдэж, эдийн засгийн жигд өсөлт бий болж, хүн амын дундах ажилгүйдлийн тоо буурна гэж харж байгаа аж.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоодог системд өөрчлөлт оруулах тухай байв. Өнөөдөр мөрдөгдөж байгаа системээр бол Засгийн газар, Ажил олгогч эздийн холбоо, Үйлдвэрчний эвлэлийн гурван талт хэлэлцээрийн үндсэн дээр цалингийн үнэлэмж, доод хэмжээг тогтоож байгаа юм. Тэгвэл МАХН-аас дэвшүүлсэн саналын дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг Засгийн газар дангаараа тогтоодог болох юм. Одоогоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 мянган төгрөг, нэг цагийн хөдөлмөрийн үнэлэмж 1200 төгрөг байна. Системд өөрчлөлт орсноор нэг цагийн хөдөлмөрийн үнэлэмж 2000-3000 төгрөг болж, сарын цалингийн доод хэмжээ 320-480 мянган төгрөг болох тооцоо хийжээ.
Эдийн засгаа хөл дээр нь босгочихоод сонгуулиа хоёрдугаарт тавьчихаж болдоггүй юмдаг уу даа.
Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар 150 орчим Вьетнам засварын газар ажилладаг. Тэдгээр засварын газруудийн дийлэнх нь хөдөлмөр аюулгүй байдлыг хангадаггүй, харъяа дүүргийнхээ үйлдвэр үйлчилгээний хэлтэстэй гэрээ хийдэггүй, үнийн тарифгүй, үйлчилгээндээ баталгаа гаргаж өгдөггүй, ажлын байранд гэрэлтүүлэг муу, тоосжилт ихтэй, чийгшил хэвийн хэмжээнд байдаггүй, эмэгтэй жолооч нарыг татаж чангаадаг, дээрэлхэх хандлага байдаг. Энэ нь өнөөдөр бидэнд ил болсон гаж үйлдэл. Харин нүднээс далдуур ёс бус зан гаргаж байгааг харж болно.
Бичлэгт гарч байгаа машины эзэн уг нь машинаа засуулах гэж л “төлөг”-үүдэд хандсан байх. Өндөр үнэ төлсөн болохоор тухайн иргэн ингэж өөрийнх нь эд хөрөнгөд халдана чинээ санаагүй биз. Үүгээр ч зогсохгүй цагдаагийн машинтай зургаа өөрсдийнхөө цахим ертөнцөд байрлуулсан байгаа юм.
Монгол төрийг гутаан доромжилж байгаа энэ үйлдлээ гадаад нөхөр юман чинээ тоохгүй байгаа бололтой юм. Үүнд эх оронч залуус эгдүүцэж, яс маханд чинь мэдрүүлээд өгнөшүү барагтайхан байгаарай гэж анхааруулж байгаагаа мэдэгдээ авсан.
Үүнээс гадна та бидний машиныг засдаг газартаа улааны үйл хийж, нохой муур хуйхлан шарж, архидан согтуурч, садар самуун үйлээ хийдэг. Бохир зургууд нь өнөөдөр цахим ертөнцөд тархсан. Жишээ болгож цөөн бичлэг, зургуудыг эндээс үзээрэй.
Тэдний садар самуун бичлэг өнөөдөр цахим ертөнцөд цөөнгүй байгаа. Энд тэдний садар самуун явдлын талаарх бичлэг болон зургуудыг оруулсангүй өнгөрч байгаагаа онцлох нь зүйтэй болов уу. Ажлын байран дээрээ архидан согтуурч, улааны үйл хийж болно гэсэн дүрэм, хууль Монгол улсад байхгүй. Хэдийгээр хүн юу идэж уух нь тухайн хүмүүсийн асуудал ч усыг нь уувал ёсыг нь дага гэдэг. Тиймээс Монголчуудад хүндэтгэлтэй хандаж, ёс бус үйлдэл хийхгүй байхыг ойлгуулах шаардлагатай байна. Үүний тулд Гадаадын иргэн харъяатын газар, Цагдаагийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хамтран гэнэтийн хяналт шалтгалт хийх шаардлагатай байна. Гэнэтийн шалгалт хийж даварч байгаа Вьетнамчуудыг даруулга, төрийн төмөр нүүр ямар байдгийг харуулах шаардлагатай байгааг анхаарна бизээ.
“Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалан холбоо”-ноос тариаланчид ХХААЯ-аас 2015 оны 1 сарын 7-нд 20,000 тонн улаанбуудай импортлох импортын зөвшөөрөл олгосон.
Энэхүү шийдвэр нь тариаланчдын 2014 онд хураан авсан улаанбуудайн борлуулалтыг хаагаад зогсохгүй 2015 онд тариалалт хийх боломжгүй байдалд хүргэх юм. Уг нь манай улс гадаадаас улаан буудай импортлоод байхааргүй дотоодын хэрэгцээгээ хангадаг. Тариаланчдын тарьсан буудай нь чанартай бөгөөд үүнийг нь лаборториуд баталдаг байна. Ийм байхад ОХУ-аас улаанбуудай оруулж ирэх гэж байгаа нь хэн нэгний ашиг хонжоо харсан үйлдэл хэмээн үзэж энэ сарын 14-ний өдөр хэвлэлийн бага хурал хийж мэдэгдсэн. Тэгвэл өчигдөр тэд зөвлөгөөнөө хийж дараагийн шатны эсэргүүцлээ илэрхийлэх болсоноо энэ үеэр хэвлэлийнхэнд онцлон дуулгав.
Тариаланчдын төлөөлөл "Газар тариалан 2011,2012 онд уналтын байдалтай байсан үе. Харин 2013 онд тариа ургаж гурилын үйлдвэрүүд цавуулгагүй байна тариаланчдаас буудайг нь авахгүй гэх болсон тариаланч миний сэтгэл их гонсгор байна. Бидний тарьж буй буудай бол Монголын хөрсөнд ургаж байгаа цэвэр экологийн бүтээгдэхүүн, стартиагийн түүхий бүтээгдэхүүн, манайхаас бусад орон энэ бүтээгдэхүүнээ нөөцөлж гурван жилийн нөөцтэй байх ёстой. Гэтэл нондин манай санд байсан буудай шавхагдаад юу ч үгүй болсон. Одоо нэг жилийн нөөц битгий хэл гурван жилийн нөөц санд байхгүй гэж үзэж байна. Хоёрдугаарт, Хятадаас ирсэн хүмүүс манай Монгол гурилыг авдаг юм байна лээ. Харин манайхан эсрэгээрээ Хятад гурил их сайн гээд авдаг. Энэ бол тийм зохистой бүтээгдэхүүн биш л байх. Ер нь манайхан Хятад ногоог хүний ялгадасаар борддог гэдэг нь батлагддаг. Жишээлбэл, сонгиныг гялгар уутанд боогоод тавьчихаад үнэрлэхэд цэвэр хүний ялгадас үнэртэж байдаг. Ийм учраас манайх хүнсний аюулгүй байдал дээр анхаарах цаг нь болсон. Монголын ард түмний хамгийн их эмгэнэлттэй нь хүнснийхээ аюулгүй байдлаас болж манай улсууд сүүлийн үед хавдар их залуужиж байгаа. Манай оронд хамгийн их хэрэглэгддэг хүнс нь гурил, мах хоёр л бий. Энэ хоёрт бол хамгийн их анхаарах хэрэгтэй. Гэтэл хөдөө аж ахуйн яам чинь эх орондоо тарьдаг буудайгаа тоохгүй гаднаас оруулж ирнэ гээд байгаа нь хачирхалтай байна. Тариаланч биднийг хөдөө аж ахуйн яам дэмжих цагт нь дэмжиж, туслах үедээ гараа сунгаж, хэлэх үедээ хэлдэг л байх хэрэгтэй" хэмээн өөрийн байр сууриа илэрхийлсэн юм.
“Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалан холбоо”-ны Ерөнхийлөгч Л.Цандэлэг "Энэ засагт итгэл үзүүлэхгүй ээ. Итгэл алдаруулсан учраас Шийдлийн Засгийн газарт тариаланчид итгэхгүй байна. Яагаад гэхээр Ерөнхий сайд нь өөрөө тариаланчидтэй уулзсан. Тэгсэн мөртлөө Ч.Сайханбилэг 40 мянган тн уулаан буудайг импортлох зөвшөөрлийг "ХААН" банкны хувь эзэмшигч, Улаанбаатар гурил, Таван богд группийн н.Баатарсайханд өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Хоёрдугаар том асуудал бол Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Улаанбаатар ХХК-ний н.Баатарсайхан гурвыг тариаланчид халз мэтгэлзээнд дуудаж байна гэдгээ хэлье. Орон даяар энэ үйл ажиллагааг цацахад хэвлэлийнхнийг идэвхитэй ажиллахыг уриалья.
Улаанбаатар ХХК-ний н.Баатарсайхан, Од групп хоёр сүүлийн 2 жил дараалж тариаланчдаас авсан буудайгаа авчихаад энэ чанаргүй байна гэж Монгол орон даяар зарласан. Ийм учраас бид нар энэ хүмүүст нэг ч ширхэг буудай өгөхгүй авчихаад муу хэлээд суугаа хүмүүст өгч яах юм. Аваад бүтээгдэхүүнээ зарчихаад түүнийхээ араас биднийг муулдаг улс. Буудай хоёр янз байгаа. Нэгдүгээрт Монгол улсын стандартанд тэнцсэн хүнсний аюулгүй байдлыг хангасан, хүний эрүүл мэндэд аюулгүй байх ёстой тэгээд мэргэжлийн хяналтын шалгалтаар орсон байх хэрэгтэй байдаг. Үүнийхээ дагуу Монголын буудайны 50 хувийг хангадаг Сэлэнгэ аймгийн 370 аж ахуй, нэгж, иргэн 130 мянга 514 га талбайд тариалалт хийж авсан 234 мянган тн улаан буудайнд бүс бүсээр нь мэргэжлийн хяналт дүгнэлт гаргасан байгаа. Энэхүү шалгалтын дүнд улаан буудайны цавуулаг нь 25,7 хувьтай байна гэдгийг баталсан дүгнэлт бий. Мөн бид нар ОХУ-д шинжилгээнд улаан буудайны дээжээ өгөхөд хариу нь дээрх шинжилгээтэй таарсан. Түүнчлэн Солонгос улсад шинжилгээ өгсөн мөн л таардаг. Ийм байхад биднийг чанаргүй улаанбуудай нийлүүлдэг гэх гүтгэлгээ зогсоо. Тариаланчид Улаанбаатар ХХК-д буудайгаа нийлүүлэхгүй гэдгээ мэдэгдэж байна" гэлээ.
Монголын тариаланчид энэ сарын 29-нд "Чингисийн талбай дээр" жагсаал хийж тариалан эрхлэгчийн холбооныхон Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас зарим гурилын үйлдвэрт ОХУ-аас 20 мянган тонн улаан буудай импортоор оруулж ирэх квот өгснийг эсэргүүцэх юм.
Улаан буудай нийлүүлсэн мөнгөө ихэнх тариалангийн компаниуд аваагүй, тариалалтыг дэмжих сангаас олгох 21 тэрбум төгрөг нь гурилын үйлдвэрүүдэд зээл болж очоод байгаа нь ирэх хаврын тариалалтанд бүр ч хүндрэл учруулж байгаа гэдгийг энд онцлох нь зүйн хэрэг биз ээ.
Төр засаг импортын бараа бүтээгдэхүүнээс татгалзья гэх уриалгыг гаргах мөртлөө яагаад Монголынхоо улаан буудай тариалдаг ТАРИАЛАНЧИД-ыг ийнхүү хүнд байдалд оруулж байгаа нь тун сонин. Эдийн засаг хүндрэлтэй үед харин ч ЭХ ОРНЫХОО ХӨРСӨНД ургасан буудайгаа гурилын компаниуддаа өгч иргэдийн амжиргаагаа хүртэл бодох асуудал юмсан. Гэтэл цалингүй ядаж яваа иргэдийнхээ тоог нэмж тариаланчдыг хоолноос салгах арга сэдэж суугаа нь өрөвдөлтэй.
Хэдхэн хоногийн дараа Монголчуудын уламжлалт баяр болох цагаан сар болох гэж байгаа билээ. Гэтэл гадны валютаас хамааралтай улсын нэг дутагдал нь баярын үеэр мөнөөх ногооных нь ханш өсч эхэлдэг. Тэр жишгээрээ оны гарсаар ам.долларын ханш өссөөр зарим өдөр өдрөөр биш цагаар өсөх боллоо.
Монголбанкнаас зарласан гадаад валютын ханш 1944 төгрөг, юань 313 байна. Арилжааны банкуудад авах ханш 1930-1938, зарах үнэ нь 1944-1950 төгрөгөөр худалдаалагдаж буй. Хятадын юань 315-ийн ханштай байна.
Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүний гол хэрэглээ бол мах, гурил. Тэгвэл махны үнэ энэ сарын 21-ний байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 5780 төгрөг, үхрийн /ястай/ мах 7380 төгрөг, үхрийн цул мах 9185 төгрөг, адууны мах 5435 төгрөг, ямааны мах 4805 төгрөгийн үнэтэй байв. Өмнөх долоо хоногтой харьцуулахад ямааны махны үнэ 0.5 хувиар нэмэгджээ. Мөн төмс, лууван, манжин, байцааны үнэ өмнөх сарынхтай харьцуулахад өсчээ.
Сүүлийн саруудад наймаачид иргэдийн худалдан авах чадвар буурсан гэдгийг онцлох болсон. Үүнээс үүдэлтэй ч байж болох банкуудын чанаргүй зээлийн хэмжээ өссөн гэдгийг албаны хүмүүс мэдэгдэв. Аж ахуй нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2014 оны 12 дугаар сарын эцэст 12.5 их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх сарынхаас 145.8 тэрбум төгрөг буюу 1.2 хувь буурч, өмнөх оныхоос 1.7 их наяд төгрөг буюу 16.1 хувиар өссөн байна.
Үүнээс хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл өнгөрөгч оны 12 дугаар сарын эцэст 269.5 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 175.2 тэрбум төгрөг буюу 39.4 хувиар буурч, өмнөх оныхоос 151.1 тэрбум төгрөг буюу 2.3 дахин өсчээ. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл оны эцэст 625.7 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 5.7 тэрбум төгрөг буюу 0.9 хувь, өмнөх оныхоос 59.9 тэрбум төгрөг буюу 10.6 хувиар өсчээ.
Буцаан төлөлтөө хийхийн тулд наймаа эрхлэгчид бараа, бүтээгдэхүүнээ худалдан борлуулж байж мөнгөтэй болж түүгээрээ банкны зээлээ төлөх хэрэгтэй. Гэтэл амжиргаагаа арай хийн залгуулах болсон иргэд түрүүвчнийхээ хэмжээгээр худалдан авалт хийж байгаа. Эдийн засгийн хямрал биш хүндрэл нүүрлэсэн хэмээн эрх баригчид, эдийн засагчид нь хэлсэн. Гэхдээ тэд энэ хүндрэлээсээ хэрхэн гарах уу гэдгээ хэлэлцэж суугаа. Гэвч нэг л шийдэлд хүрэхгүй байх шиг. Улс орныхоо өр дээр өр нэмэх гарц үлдсэн бололтой.
Сэтгэл өвтгөм нэгэн зар гарчээ. Сонин дээр юм уу, мэдээллийн цахим хуудсанд биш.
Зарын самбарт наасан алгын чинээ цаасан дээр “Хүүхэд өргүүлнэ” гэсэн зар тавьчихаж. Алдаатай бичсэн энэ зарын дагуу утсаар асуутал Өргүүлчихсэн гэсэн хариу өглөө.
Яагаад өргүүлэх болов хэмээн асуутал утсаа тасалчихав. Ажлын байр, түрээсийн байр зарын дагуу гэж байснаас хүүхдээ өргөж үрчлүүлэх нь зарын дагуу байхыг харж сонссон анхны тохиолдол энэ боллоо. Хямрал нүүрлэлээ гээд зараар үрчлүүлчихэв үү гэж дүгнэхэд арай дулим болох болов уу.
Нийслэлд нэг булан тохой тойроод л эмнэлэг, эмийн сангууд байраа эзэлсэн. Өвчлөл их байгаад баярласан эмийн сан, эмнэлгээр дүүрсэн нийслэл гэвэл Улаанбаатарыг нэрлэж болох. Тэр ч утгаараа 100 мянган хүнд ногдох эмчийн тоогоор дэлхийд хоёрт жагсдаг эрэмбэтэй орон юм байх.
Болж өгвөл хүндхэн онош гаргаж, эмчилгээ болон эмийн зардал авах гэсэн эмнэлгүүдийн тухай гомдол ямар тасрах биш. Өндөр төлбөр, ялдам инээмсэглэлээс өөр юу ч үгүй хувийн хэвшлийн эмнэлэгт стандарт тогтоож, ангилал хийх цаг аль хэдийнээ болжээ. Эдгээрийн тэргүүн эгнээнд “Очирваань” хэмээх эмнэлэг явдгийг иргэд гомдоллох нь ихэслээ.
Саяхан нэг иргэн манайд хандаж, “Энэ Очирваань” эмнэлгийн төлбөр арай дэндүү өндөр юм. Өвдөхийн эрхэнд мөнгийг нь өгөөд эмчлүүллээ. Эмчлүүлж буй даруйдаа ч сайхан бие хөнгөрөөд өвчин илааршаад жигтэйхэн. Эмнэлгээс нь гараад хэдхэн хоноод л буцаад өвдөх юм. Эргэж эмчлэх гээд ийм дутуу эмчилгээ хийгээд байдаг юм болов уу. Хоёр ч удаа эмчлүүлээд нэмэр болсонгүй” хэмээсэн юм. Энэ мэт гомдол санал гаргасан өвчтөн маш олон байна.
Гэтэл манай нэртэй эмч, Хөдөлмөрийн баатар Хайрулла “Хувийн эмнэлэг байгуулсан эмч нар тангараг өргөсөн цагаан нөмрөгтнүүд мөнгөний төлөө ажилладаг луйварчингууд болж хувирсан. Өөрийг чинь орж ирэхээс өмнө үзүүлээд явсан өвчтөн “Очирваань” эмнэлэгт хоёр гурван сая төгрөгөө цацсан ч ямар ч үр дүн гарсангүй гэж орж ирж байна. Тэр эмнэлгийг орой бүр зурагтаар сурталчлаад байдаг шүү дээ” хэмээжээ. Үүнийг захын нэг нөхөр хэлээгүй нэгэн насыг энэ салбарт зориулсан Монголын бүү хэл дэлхийн анхааралд орсон нэрт эмч, эрдэмтэн хэлж байгаа хэрэг шүү дээ. Тэгэхээр уншигч та “Очирваань” гэх энэ мөнгө угаадаг газрыг зорих хэрэг байна уу.
Ядахад л “Очирваань” гэх энэ эмнэлэг Монголд хэрэглэх эмийн жагсаалтад ороогүй 100 гаруй нэр төрлийн эм бэлдмэлийг иргэдэд зарж, борлуулж байгаад баригдаад зогсохгүй эмнэлэгийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй хэрнээ иргэдийг хэвтүүлж, эмчилгээ хийх нэрээр хуурч мэхэлж, байсныг цагдаагийн ажилтнууд таслан зогсоож байсныг уншигч сайн санаж байгаа. Тэгэхээр уншигч та “Очирваань” эмнэлгийг яаран зорих хэрэг байна уу.
Иргэдийн дунд ийнхүү хятад эзэнтэй “Очирваань” эмнэлгийн таагүй яриа газар авсан. Тус эмнэлгээр үйлчлүүлсэн бүхэн л энэ мэт яриа дэгдэнэ. Ерөөсөө хувийн эмнэлэгт стандарт тогтоож, ангилах, шаардлагагүй нэгнийх нь үүдийг барих цаг болжээ. Салбар яам ч энэ тал дээр анхаарч, төрийн өмчийн гэх эмнэлгээ чанаржуулж, иргэдийнхээ эрүүл мэндэд анхаарахгүй бол сайхан инээмсэглэлийн цаана ийм л зүйл нуугдаж байгааг дуулгахад буруудах юун. Энэ ч утгаараа иргэдийн дунд “Осолдоё” гэвэл “Очирваань”-ийг хэмээх явган яриа ч газар авчээ.
Мөн нэрт эмч маань “Жигүүр гранд” компанийн “Гранд мед”-ийнхэн нуруу нугасны мэс засал хийдэг юм байна. Манайд энэ хагалгааг хийгээд дөч тавин жил болж байгаа шүү дээ. Тэнд солонгос эмчээр 15 сая төгрөгөөр мэс засал хийлгэсэн хүн надад үзүүлэх гээд хүрээд ирж байна. Тэгэхэд тэр хагалгааг хийхэд улсын эмнэлэг 1500 төгрөг ч авдаггүй шүү дээ. Энэ их хэцүү еэ. Ингэж манай хувийн эмнэлгүүд өвчтөнийг хохироож мөнгө угааж байна” гэсэн байна лээ.
Ч.Дорж /Эх сурвалж: www.unen.mn/
2014 онд нийслэл хотод 45 0000 гаруй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байгаа гэх судалгаа гарсан. Автомашины тоо 6 дахин өсчээ.
Жолооны ард суусан хурд хэтрүүлэгчид, согтууруулах ундаа хэрэглсэн үедээ жолоо барьсан, замын хөдөлгөөний дүрмийг мөрдөөгүй зэрэг шалтгаанаас болж гурван сая хүрэхгүй бид хоромхон зуурт нэгнийхээ халуун амийг үгүй хийж байна. Жил ирэх тусам зам тээврийн осол буурахгүй нэмэгдсээр байгаа нь харамсалтай. Ослын улмаас жолооч та гэмт хэрэгтэн болж хохирогчид буруутан болон үлдэж эрүүл мэндээрээ хохирч цаашлаад амь насаа алдаж байгаа нь ХЭЗЭЭ ухаарах улс вэ!!!
Холбогдох байгууллагуудаас нь сэрэмжлүүлэг мэдээг хүргэсээр байхад хэнэггүй зангаасаа болж гэмт хэрэг үйлдсээр л...
Энэ сарын 17, 18-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар нийт дуудлага мэдээлэл 687-г хүлээн авснаас зам тээврийн ослын 598 дуудлага бүртгэгдсэн, үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 18-г хүлээн авсан аж.
Алба хаагчид согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 135 жолоочийг илрүүлэн журамлаж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Зам тээврийн осол, хэргийн улмаас 3 хүн нас барж 31 хүн гэмтсэн байх бөгөөд осолд өртөгсдөөс 10 жолооч, 6 явган зорчигч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож явжээ. Үүнээс харахад явган зорчигч согтуу үедээ зам дээр явах үед бас гэмт хэрэгтэн болж, жолооч бас хохирогч болж үлдэх магадлалтай байдаг гэдгийг мөн л санах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, согтуу иргэн та замын хөдөлгөөнд оролцож буй машины урдуур гэнэт гарч ирэх, хурдтай яваа жолооч тоормолзож амжилгүй таны амь насыг хөнөөх эрсдэл өндөр.
Хамгийн сүүлд гарсан ослын талаар баримт болгон дурьдвал, Баянзүрх дүүргийн нутаг Улиастайн уулзварын зүүн замд амины Зил-130 маркийн автомашины жолооч Х нь Истана маркийн автомашинтай мөргөлдсөний улмаас 3 хүн нас барж 11 хүн хүнд, хөнгөн гэмтсэн ноцтой хэрэг гарсан юм.
Мөн нэгдүгээр сарын О1-13-ны байдлаар УБ хотын Замын цагдаагийн газрын мэдээлэл шуурхай удирдлага зохицуулалтын хэлтэст нийт дуудлага мэдээ мэдээлэл 3581 хүлээн авснаас зам тээврийн ослын дуудлага 2908 бүртгэгджээ. Үүнээс ХАБАЖЭГ Хэрэг 135 гарч 4 хүн нас барж , 150 хүн гэмтсэн. Нас барсан хүний хувьд хоёр том хүн, хоёр хүүхэд байжээ.
Түүнчлэн Хан уул дүүргийн нутаг Яармагийн замд өглөөний 08 цагийн үед 60-70 орчим насны эрэгтэй хүн авто машинд дайрагдаж амь насаа алдсан хэрэг гарсан. Өнгөрсөн онд гэхэд Яармаг, Нисэхийн зам дээр зам тээврийн ослын улмаас 20 хүн амь насаа алдсан байна.
Дээрх ослууд ихэвчлэн жолооч нар нь хурд хэтрүүлдэг, улаан гэрлээр ордог зөрчлийг их гаргадаг бол явган зорчигчид нь ойртон ирсэн тээврийн хэрэгслийн урдуур гүйх, гарц гарамгүй хэсгээр зам хөндлөн гарч яваад амь нас эрүүл мэндээрээ хохирдог ажээ.
Ийнхүү та согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолооны ард бүү суу. Иргэн та ч зам хөндлөн гарахдаа замын хөдөлгөөний дүрмээ баримтлах хэрэгтэй. Хэдхэн секундын дотор ТА гэмт хэрэгтэн буруутан болоход ойрхон байдаг гэдгийг санаж яваарай.
Тоймыг бэлтгэсэн: Х.Даваа
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.