Малчин залууст эхнэр хэрэгтэй байна!

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 10 цагийн өмнө

Монгол бол мал аж ахуйн орон. Тэр утгаараа малчид нүүдэлчин ахуй соёл, уламжлалаа өнөөг хүртэл үргэлжлүүлэн авч явж, нуруун дээрээ асар хүнд ачааг үүрч явдаг.   Гэвч сүүлийн үед хөдөөнөөс хот руу шилжих шилжилт хөдөлгөөн эрчимтэй нэмэгдэж, залуус хөдөөгөөс хот суурин газрыг зорих болсон нь өнөөгийн нийгмийн томоохон тулгамдсан асуудал болоод байна.

  Малчдын хүйсийн тэнцвэргүй байдал 2000 оноос хойш нэмэгдэж, эрэгтэйчүүд давамгайлахаас гадна ирээдүйд мал маллах залуу малчдын тоо буурсаар байгааг холбогдох байгууллагууд тогтоожээ.

 

Үүний зэрэгцээ өөр нэг гол тулгамдаж буй нэг асуудал нь залуу малчдын гэрлэлтийн асуудал бөгөөд малчин иргэдийн охид хот суурин газарт сургуульд сурах зорилгоор шилжиж, дийлэнх нь буцаж ирэлгүйгээр хотод суурьшсаар байна. 

 

Үүний улмаас хөдөөд гэрлэх насны залуу эмэгтэйчүүдийн тоо буурч, залуу малчин эрэгтэйчүүдийн гэрлэх боломж хумигдаж, малчин залуучууд гэрлэж чадахгүй байна. Гэвч төр засгаас энэ тал дээр өнөөг хүртэл ямар нэгэн тодорхой арга хэмжээ авалгүй өдийг хүрч энэ нь ирээдүйд Монголын хөдөө орон нутгийг ихээхэн бүрхэг байдалтай болгож байна. Жендэрийн үндэсний хорооноос зохион байгуулсан нэгэн судалгаагаар малчин иргэдийн 22.7 хувь нь хүүгээ малчин болгоно гэсэн бол ердөө 0.5 хувь нь охиноо малчин болгоно гэж хариулжээ. Энэ нь тодорхой учир шалтгаантай бөгөөд малчид хөдөөгийн нийгэм, соёл, эдийн засгийн орчин нөхцөл, мал аж ахуйн салбарын хүнд хөдөлмөрийн улмаас охидоо малчин болгох сонирхолгүй байдаг байна.   

 

Нөгөөтэйгүүр энэ нь Монголчууд эрэгтэй хүүхдийг өөрөө бие даан хар бор ажил хийгээд амьдарч дөнгөнө. Харин эмэгтэй хүүхдийг хүний дайтай, эрдэм боловсролтой болгож, хот хүрээ бараадуулсан нь дээр гэж зүтгэдэг сэтгэл зүйтэй холбоотой юм. 

 

Одоогоос гурван жилийн өмнө 2022 онд Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар “Алтайн залуус” хэмээх ганц бие залуусын чуулга уулзалтыг тус аймагт зохион байгуулж байв. Энэ нь тухайн үед тодорхой үр дүнгээ өгсөн бөгөөд гэвч иймэрхүү арга хэмжээг Монгол Улсын бүх аймаг, орон нутагт төр засгийн дэмжлэгтэйгээр зохион байгуулах шаардлагатай байна. Эндээс дүгнэж үзэхэд Монгол Улс өнгөрсөн 30 жилийн турш хүний эрүүл мэндээс гадна хувь хүний хөгжил дээр огт анхаараагүйн үр дагавар өнөөдөр гарч байна гэхэд хилс болохгүй. Мөн хөдөөд гэр бүл төлөвлөлтийн асуудал орхигдож, цус ойртолт ноцтой хэмжээнд хүрээд буйг төр засаг яаралтай анхааралдаа авах цаг нь болжээ. Үүний зэрэгцээ хөдөөнөөс хотод шилжин ирсэн охид эмэгтэйчүүдийн дийлэнх нь хотод амьдархийг илүүд үздэг тул сум, орон нутагтаа буцаж шилжин ирсэн эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 80 гаруй хувиар бага байна.  

 

Тиймээс төр засгаас бодлогоор дэмжиж охидыг малчин болгохгүй бол хөдөөд эхнэр хайсан ганц бие залуус улам олширсоор байна. Монголд уул уурхайн баялаг шавхагдах цагт мал аж ахуй л Монголын эдийн засгийн гол аврал болох нь дамжиггүй. Мөн бид мах, хоол хүнстэй байя гэвэл одооноос ирээдүйн малчдаа бэлтгэх хэрэгтэй юм. 

 

Тэр үүднээсээ төр засгаас малчин залуусын гэр бүл төлөвлөлтөд анхаарал хандуулж, хот руу "дүрвэх" охид бүсгүйчүүдийг хөдөө орон нутагт нь "үлдээх" бодлого нэн түрүүнд шаардагдаж байна. Ингэхгүй бол хүйсийн харьцаа хот, хөдөөд урвуу хамааралтай болж, монголчуудын нөхөн үржихүй, хүн амаа өсгөх бодлого алдагдах аюул аль хэдийнэ нүүрлээд байна. Монгол Улсын төр засаг өнгөрсөн хугацаанд улс төрийн элдэв хэрүүл тэмцэл, авлига хээл хахуультай тэмцэж ирсэн ч энэ асуудал дээр нүдэнд харагдах ажил бараг хийгээгүй. Улс төрчид хүний хөгжлийн бодлого гэхээр хэд гурван мөнгө тарааж, түүнийгээ хүний хөгжлийг дэмжих бодлого гэж тайлбарладаг. 

Мөн мал аж ахуйн орон мөртлөө малчдын залгамж халааг хэрхэн бэлдэх тал дээр олигтой анхаарал хандуулдаггүй. Тиймээс энэ талаар төрөөс яаралтай анхаарал хандуулах хэрэгтэй байна. Хэрвээ ингэхгүй бол Монгол шиг мал аж ахуйн оронд ихээхэн аюул дагуулах бөгөөд ирээдүйд манай улс малгүй, малчингүй болж мэдэх аюул тулгарч мэдэхээр байна.  

Ж.Эгшиглэн  

сонин.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх