Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
2015 01 сар 23
Сумынхаа 90 жилийн ойд очих гэж байраа барьцаанд тавьж Ланд-200 унаж очсон хурган даргын талаар онигоо ч гэмээр яриа гарч байж билээ. Тухайн үед иргэд инээдэм болгоод л өнгөрсөн ч нутгаасаа гараад олон жил болчихсон хүний нүдэнд ядуу зүдүү яваагаа харуулахгүй гэж бодсон олон хүн л энэ мэт байдлаар зээл тавиад ч болов унах унаатай ойдоо очсон нь тодорхой. Ийм байдлыг өдөөдөг нэг хүчин зүйл нь нутгийн зөвлөл гэх байгууллага.
Аль гайгүй мөнгөтэй хүмүүсийг багтаадаг нутгийн зөвлөл гэх сайн дурын байгууллага байх ёстой юм уу, үгүй юм уу гэдэгт хэн ч хариулт өгөхгүй. Энэ байгууллага уг нь сайн дураар нэгдсэн иргэд нутаг усныхаа талаар мэдээлэл авдаг, ганц нэг удаа нутагтаа бүтээн байгуулалт хийчихдэг байх зорилготой байгуулагдсан ч харамсалтай нь өнөөдөр үйл ажиллагаа нь эсрэгээрээ болчихоод байгаа юм.
Нутгийн иргэдээ хөрөнгө мөнгөөр нь ялгадаг, машинтай, машингүй, амьдралын боломж тааруухан нэгэн рүү тоож ч залгахгүй атлаа арай гайгүй албан тушаал хашч явааг нь дарга гэх сэтэр өгчихөөд “сааж” суудаг газар болчихсон. Цаашлаад нутаг нугаар нь хуваадаг, талцуулдаг ажлыг зөвлөл гэх хэдэн хүмүүс хийдэг гээд хэлчихвэл хэтийдэхгүй болов уу.
Сумдын нутгийн зөвлөл арай гайгүй байж мэдэх ч аймгийн нутгийн зөвлөлийн чиг үүрэг яг л ийм замаар явж байгаатай уншигч та санал нэгдэх биз. Ер нь наадам дөхөөд ирэхээр л нутгийн зөвлөл гэж байдгийг санадаг. Мөнгөтэй бизнесмэнүүд бөхчүүдэд байр, машин бэлэглэж нэг нэгэнтэйгээ бэл бэнчингээрээ өрсөлдөнө. Түүнээс биш нутгаасаа гарсан мэдлэг мэргэжилтэй боловсон хүчнийг дэмжих, оюутан залуусын сурч боловсроход нь дэмжлэг болчихдог, сум аймагтаа хамтраад нэг бүтээн байгуулалт хийчихдэг нутгийн зөвлөл нүдний гэм.
Морь бөх байлжээ, ой дээрээ очиж машин, мөнгө хоёроороо гайхуулжээ гэх сонсогдохоос тэр сумын тийм оюутанд тэтгэлэг өгөөд сургачихлаа гэж сонсогдож байсангүй. Гэтэл энэ байгууллагын чиг үүрэг орон бүхэнд өөр өөр байдаг гэнэ. Чиг үүрэг нь манайхтай адилхан бүтээн байгуулалт хийх зорилготой, тэр мужийн, хотын гэх байдлаар бизнесмэнүүд нь хамтарч ажилладаг байгууллага байдаг аж.
Манайхаар бол нутгийн зөвлөл. Тухайлбал, Канадын нийслэл Торонто хотод ажиллаж амьдардаг тус улсын харьяа хотуудын нутгийн зөвлөл жил бүхэн нийслэлдээ бүтээн байгуулалт хийдэг байна. Торонто хотод ажиллаж амьдарч, тэнд үйл ажиллагаа явуулж байгаагийнхаа татвар болгож жилдээ нэг бүтээн байгуулалт хийх үүрэг авдаг байна.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.