Төрийн банк ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2025 03 сар 06

Монгол Улсын өнцөг булан бүрд 500 гаруй салбар нэгжээрээ дамжуулан банкны цогц үйлчилгээг үзүүлдэг Төрийн банк сар шинийн баярыг тохиолдуулан 12 дахь жилдээ ахмад харилцагчдадаа зориулсан “Хүндэтгэлийн аян”-аа зарласан байна.

Энэ удаагийн “Хүндэтгэлийн аян”-аар Төрийн банкны салбар нэгжийн ажилтнууд үндэсний дээл, хувцсаар гоёж 2 дугаар сарын 24-ний өдрөөс 28-ны өдрийг дуустал үйлчлүүлсэн нийт ахмад настай харилцагчдад хүндэтгэл үзүүлжээ.

Мөн орон даяар хамгийн өндөр настай, банканд өөрийн биеэр хүрэлцэн ирж үйлчилгээ авах боломжгүй 700 орчим ахмад настнуудад явуулын банкны үйлчилгээг үзүүлж, эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран урьдчилсан сэргийлэх үзлэг, оношилгоо хийж, эмч мэргэжилтнүүд зөвлөгөө өгч байгаа гэдгээрээ онцлог юм.

Ногоон хөгжлийг дэмжигч Төрийн банк нь энэ мэт банкны бүх төрлийн үйлчилгээг иргэд, харилцагч бүрд тэгш хүртээмжтэй хүргэхэд анхаарал хандуулан ажиллаж байгаа нь Тогтвортой хөгжлийн зорилтыг хангаж буй нэгээхэн хэлбэр болохыг онцолж байлаа.

Үндэсний уламжлал болсон сар шинийн баярыг тохиолдуулан жил бүр энэхүү аяныг уламжлал болгон зохион байгуулж буй нь түүх соёл, дахин давтагдашгүй үнэт өвийг эрхэмлэн дээдэлж, хойч үедээ уламжлан өвлүүлэх олон талын чухал ач холбогдолтой билээ.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх