
Хавдартай хүүхдүүдийн эмчилгээний эм тариа тасарсны улмаас эмчилгээ нь зогссон гэх иргэний мэдээллийн дагуу бид холбогдох байгууллага болон гомдол мэдээлэл өгсөн иргэнээс нөхцөл байдлын талаар тодруулсан юм.
Сонгинохайрхан дүүргийн оршин суугч Ө “Хамаатны маань дүү жил орчим хугацаанд хавдрын эмчилгээ хийлгэж байна. Энэ хугацаанд тариа нь тасарснаас болоод 2-3 удаа эмчилгээ нь хойшилсон. Хавдар гэдэг чинь хурдан хугацаанд эмчлэгддэг өвчин биш болохоор олон давтамжтай эмчилгээ хийдэг. Эмчилгээ нь 2-3 жил үргэлжилдэг юм. Хүүхдийн хавдрын эмчилгээний эм тариаг нийгмийн даатгалаар улсын эмнэлгээс үнэгүй өгдөг. Хэрэв тариа нь тасарчихсан байвал тариагаа хүлээгээд эмчилгээ нь долоо хоногоор хойшилдог. Хэрэв тариа нь ирчихвэл хувийн эмнэлэг, эсвэл эмийн сангаас худалдаж аваад хийдэг. Уг нь схемээр, яг хугацаанд нь эмчилгээгээ хийх ёстой. Хүүхдийнхээ эмчилгээг тасалдуулахгүйн тулд аргагүйн эрхэнд л худалдаж авч байгаа шүү дээ.
Хавдрын эмчилгээ чинь ямар үнэтэй байдаг билээ. Нэг тариа нь гэхэд 40 мянган төгрөг.
Хавдрын эмүүдээ импортоор оруулж ирэхдээ эхлээд гэрээтэй эмийн сангууддаа өгчихдөг гэж сонссон. Эцэг эхчүүд эмийн сангаас тариагаа худалдаж авсны дараа эмнэлгүүддээ өгч байна гэсэн. Гэхдээ энэ зовлонг гэрт нь хавдартай хүн байдаг айлууд бүгд л мэднэ дээ. Хүүхэд гэлтгүй том хүний тариа ч гэсэн улсын хэмжээгээр тасарсан. Үүнээс болоод зарим эцэг, эхчүүд хавдрын эмчилгээ хийх явцдаа эм нь тасарчихдаг болохоор Монголдоо хийлгэх эмчилгээг гадагшаа явж хийлгээд байгаа. Яагаад гэвэл эм тарианы тасалдал байхгүй, найдвартай болохоор тэр. Түүнээс хийж байгаа эмчилгээ нь Турк, Солонгостой манайх адилхан шүү дээ” гэсэн юм.
Тухайн иргэний өгч буй мэдээллээр “Месна” нэртэй цагаан эс өсгөдөг тариа тасарсанаас болоод эмчилгээ зогсчээ. Энэ тариа яагаад тасарсан болон хэзээ импортоор оруулж ирэх талаар Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас тодруулсан юм. Тус байгууллагын мэргэжилтэн “Үйлдвэрлэгчээс тогтоосон хугацаанд нийлүүлэлт хийгдээгүй учраас тухайн эм тасарсан. “Азифарма” ХХК нь БНСУ-ын Chong Kun Dang Pharmaceutical Corp үйлдвэрлэгчийн ОУН- Микофенолат мофетил ХН- Майрепт 500 мг эмийг 2025.03.15-нд зах зээлд хэвийн нийлүүлнэ гэсэн мэдээлэл өгсөн.
Нийт 150 хайрцаг буюу 150,000 ширхэг эм бэлэн ирж байгаа. Манайхаас 2025.02.13-ны өдөр мэдээлэл авахад Азифарма ХХК 2025.02.28-нд бууна гэсэн мэдээлэл өгсөн боловч үйлдвэрлэлээс шалтгаалан хугацаа хоцорсон. “Месна” эмийг Цомбо ХХК нь импортолдог. Тухайн эм 2025.03.12-ны 10:25 цагт Инчеон Монголын онгоцоор манай улсад бууна” гэсэн мэдээлэл өглөө.
Г.БАЛГАРМАА