Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
11 цагийн өмнө

“Тогтвортой үргэлжлэх сайн сайхны төлөө үе хоорондын эв нэгдлийг бэхжүүлэхүй” уриан дор дэлхийн нийгмийн ажлын өдрийг “Нийгмийн ажилтнуудын нээлттэй индэр” хэлбэрээр Монгол улсын их сургууль (МУИС), Монгол улсын боловсролын их сургууль (МУБИС), Шинжлэх ухаан, технологийн их сургууль (ШУТИС), Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль (АШУҮИС), Нийгмийн ажлын багш сурагчдын холбоо (НАБСХ), Нэгдсэн үндэсний байгууллагын Хүүхдийн сан (НҮБХС) хамтран 2025 оны 3 сарын 18 өдөр зохион байгуулах гэж байна.
Жил бүрийн гуравдугаар сарын гурав дахь мягмар гарагт дэлхий даяарх нийгмийн ажилтнуудын нийгмийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг хүлээн зөвшөөрч, алдаршуулж, нийгмийн ажлын үйлчилгээ, үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах онцгой өдөр юм.
Нийгмийн ажлын олон улсын холбоо (International Federation of Social Workers-IFSW) нь энэхүү өдрийг анх санаачилж, 1983 оноос эхлэн нийгмийн ажилтнууд нийгмийн асуудлыг шийдвэрлэх, олон улсын түвшинд хамтран ажиллах, туршлага солилцох, хамтын шийдлийг санаачилан хэрэгжүүлж ирсэн.
2007 оноос эхлэн IFSW, Нийгмийн ажлын сургуулиудын олон улсын холбоо (International Association of Schools of Social Work-IASSW), Нийгмийн хөгжлийн олон улсын зөвлөл (International Council on Social Welfare-ICSW) зэрэг байгууллагууд дэмжиж, дэлхийн нийгмийн ажлын өдрийг албан ёсоор тэмдэглэх болсон.
Энэ өдрийг бид тэмдэглэн өнгөрүүлэхдээ нийгмийн янз бүрийн талбарт ажиллаж буй нийгмийн ажилтан бэлтгэдэг улсын их сургуулиудын нийгмийн ажил хөтөлбөрийн үе үеийн төгсөгчид, суралцагчдын төлөөллийг “Нийгмийн ажилтнуудын нээлттэй индэр”-т урин илтгэл хэлэлцүүлж, үе хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, мэргэжлийн нийгмийн ажлыг сурталчлах, улмаар нийгмийн ажлын эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр харилцан туршлага солилцох, хамтран ажиллах боломжийг бүрдүүлж байна.
1997 оноос нийгмийн ажил мэргэжлээр элсэлт авч эхэлсэн бөгөөд одоогоор 5000 мэргэжилтэн бэлтгэгдээд байна. Эдгээр нийгмийн ажилтнууд нийгмийн халамж, хүүхэд, гэр бүл, боловсрол, хүний эрх, эрүүл мэнд, хорихын нийгмийн ажлын чиглэлээр төрийн ба төрийн бус, олон улсын байгууллагад ажиллаж байна.
Нийгмийн ажил мэргэжил нь нийгэмд эрэлт хэрэгцээтэй байхаас гадна нэр хүндтэй, нийгэмд хүлээн зөвшөөрөгдөж байж ач тусаа өгдөг. Тухайлбал, 2023 онд нэн шаардлагатай байгаа эрэлттэй 34 мэргэжлийн 19-д багтаж, Засгийн газрын 2024 оны 12-р сарын 25-ны өдрийн хуралдаанаар сум, хороонд ажиллах Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтны орон тоог тогтоож, хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан 833 нийгмийн ажилтнууд мэргэшүүлэх сургалтад хамрагдаад байна.
Иймд дэлхийн нийгмийн ажлын өдрийг тэмдэглэж буй энэхүү үйл ажиллагаа нь нийгмийн ажлын бүхий л талбарт ажиллаж байгаа ажилтнууд, их, дээд сургуулийн багш нар, оюутан суралцагчид, бодлогын түвшний ажилтнууд тогтвортой үргэлжлэх сайн сайхан байдлыг бий болгоход үе хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, нийгмийн ажлын эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлно.
Огноо: 2025 оны 3-р сарын 18 ны өдрийн 09.00 цагаас 13 цаг хүртэл
Байршил: МУИС-ийн Багш Оюутны хөгжлийн төвийн давхарт 502 тоот хурлын өрөө
Холбогдох утас: 99177048 Т.Оюунбилэг
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.