Монгол гэрийг сайн дулаалчихвал хамгийн хүйтэн үед хийн түлшний сарын хэрэглээ ₮140,000 байх тооцоолол гарч байгаа юм

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 5 цагийн өмнө

Энэ оны наймдугаар сард Улаанбаатар хотын гэр хорооллын 10 мянган айлыг цахилгаан халаагуур, 20 мянган айлыг хийн халаагуурт шилжүүлж, 100,000 төгрөгийн урамшууллыг олгохоор болоод буй.

Утааг бууруулах уг ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нэгэн айлд хийн халаагуурыг өнгөрсөн долоо хоногт суурилуулж, туршжээ. Туршилтын үр дүнгийн талаар хотын дарга Х.Нямбаатар "Монгол гэрт зориулсан жижиг хэмжээний хийн халаагуурыг айлд суурилуулж, туршиж үзлээ. LPG нь тодорхой хэмжээний угаарын хий ялгаруулдаг тул янданг суурилуулсан. Хийн халаагуур дээр тухайн айл хоолоо хийчхэж байгаа юм. Ингээд долоо хоногт 15 килограмм LPG хэрэглэсэн байна.

Энэ нь -10 хэмийн үед хэрэглэсэн байдал. Хүйтэн байх тусам хийн түлшний хэрэглээ нэмэгдэнэ. Нэг килограмм LPG-ийн өртөг ойролцоогоор 3,300 төгрөг. Нэг баллон хийн түлш авахад 78,000 төгрөг болж байгаа нь бидний тооцоолсноос бага зардал гарч байна. Монгол гэрийг сайн дулаалчихвал хамгийн хүйтэн үед хийн түлшний сарын хэрэглээ 140,000 төгрөг байх тооцоолол гарч байгаа юм. Үүнээс 100,000 төгрөгийн татаасыг өгөхөөр иргэн 40,000 төгрөгийг төлнө. Нүүрсэнд сард 80,000 төгрөг зарцуулж байсан бол хийн түлшний хэрэглээнд шилжсэнээр 40,000 төгрөгийг хэмнэж байна. Хийн түлшний плитка суурилуулахад гэрээ сайн дулаалсан, пийшингээ гаргасан байх хоёр шаардлагыг тавьж байгаа юм. Нэг хашаанд гурван айл байлаа гэхэд дунд нь салаалагчтай нэг баллоныг газар доор суурилуулж, айл бүрийн хэрэглээг тусад нь гаргах зохицуулалттай" гэж танилцуулав.

Түүнчлэн агаарын температураас шалтгаалж LPG, LNG хэрэглээ тодорхойлогдох бөгөөд газны шилжилтийн хамгийн гол зүйл нь гэр, байшинг сайн дулаалах шаардлагатай аж.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх