Автобусан дахь сэрэмжлүүлэг!!!

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2015 01 сар 25

Монголд хулгайч нар цөөнгүй. Тэднээс яагаад хулгай хийсэн талаар нь асуухад ихэвчлэн "ажил, мэргэжилгүй хоногийн хоолоо залгуулах" гээд хэмээн хариулдаг.

Өнгөрсөн онд 18, 19 настай хоёр залуу хаяг тогтоох төвөөсөө гараад жил гаруй нийтийн тээвэрт хулгай хийж явсан. Тэд хоёулаа хулгай хийж байх үедээ цагдаа нарт баригдаж байсан удаатай. Энэ мэтчлэн хулгай хийгчдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа. Нийтээрээ тэмдэглэдэг баяр, наадмын үеэр хулгайн гэмт хэрэг гаралтын тоо нэмэгддэг. Шинэ жилийн баяр дөхсөн өдрүүдэд нийтийн тээвэрт суухад кондуктор эгч "та бүхэн гар утас, түрүүвчээ сайн шалгаж сонор сэрэмжтэй яваарай. Баяр болох гээд хулгай их гарах болсон" гэж анхааруулна. Тэгвэл эл анхааруулга өдгөө Цагаан сарын баяр дөхсөн өдрүүдэд дахин зарлагдах болжээ.

Улсын хэмжээгээр 2014 онд 27318 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оныхоос 1956 хэрэг буюу 7.7 хувиар өсчээ. Хүүхэд оролцсон гэмт хэрэг 2014 онд өмнөх оныхоос 30 буюу 2.9 хувь, бүлэглэн үйлдэгдсэн хэрэг 236 буюу 9.6 хувь, согтуугаар үйлдэгдсэн хэрэг 280 буюу 4.4 хувь, эмэгтэй хүн оролцсон хэрэг 485 буюу 15.3 хувиар өссөн байна.

18 ба түүнээс дээш насны 10000 хүнд ногдох гэмт хэргийн тоо улсын дунджаар 2014 онд 142 болж, өмнөх оныхоос 7 буюу 5.2 хувиар нэмэгдсэн байна. Гэмт хэргийн улмаас 11281 хүн гэмтэж, 1078 хүн нас барсан нь өмнөх оныхоос гэмтсэн хүний тоо 1484 буюу 15.1 хувь, нас барсан хүний тоо 129 буюу 13.6 хувиар нэмэгдсэн байна.

Сүүлийн өдрүүдэд хүүхэд оролцсон гэмт хэрэг нэмэгдэх болсон талаар холбогдох байгууллагаас мэдээлэх болсон. Тодруулбал, "Эгчээ бохь авах уу?", "Сэтгүүл авах уу?", "Салфетик авах уу?" гэсэн хүүхдүүд бидэнтэй цөөнгүй тааралддаг. Тэгвэл тэд ийн асуух хоорондоо иргэдийн гар утас, хэтэвчийг аль хэдийнээ хулгайлчихдаг аж. Нийслэл хотын Цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид энэ төрлийн гэмт хэрэг үйлддэг 15 хүүхдүүдийг мөрдөн шалгаж эхэлжээ. Тэдний  нэг л гэхэд 20-50 гаруй утас хулгайлсан нь тогтоогдсон байна.

Энэ гэмт хэргийг үйлдсэн хүүхдүүд дийлэнх нь эцэг эхийн хараа хяналт сул, сургуульд сурдаггүй, аав ээж нь архидан согтуурдаг, гэр оронгүй болох нь шалгалтын явцад тогтоогджээ. Иймээс иргэд та баяр дөхөж буй өдрүүдэд бэлэн мөнгөө биедээ авч явах үедээ сонор сэрэмжтэй явахыг анхааруулья. 

Бусдын халаасанд зөвшөөрөлгүй хүрэгчдийн эгнээг хүүхэд тэлж байгаа нь харамсалтай. Хулгайч нар өөрсдийгөө баригддаггүй хэмээн оодордог байх гэхдээ олон хавар нэгэнтээ гэж үг бий. Нэг л өдөр хулгай хийж байхдаа заавал баригддаг гэдгийг одоо санаж явах хэрэгтэй. Хулгай хар мөртэй...

 

Х.Даваа


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх