Геологийн төв лабораториос Баруунсалаа руу салдаг уулзвар хүртэлх авто замыг шинэчлэх ажил энэ сард эхэлнэ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 11 цагийн өмнө

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Өнөр хорооллын арын 2.8 километр зам болон Баянхошуу буюу Үйлдвэрчний эвлэлийн гудамжны 5.5 километр авто замыг жишиг байдлаар шинэчлэхээр болжээ.

Тодруулбал Геологийн төв лабораториос Баянхошуу, Баруунсалааны салдаг уулзвар хүртэлх 5.6 километр авто замыг шинэчлэн тохижуулах ажлыг энэ сард багтаан эхлүүлэх юм байна.

Эдгээр замын зураг төслийг Финланд улсын "Финнок" компани Монгол Улсад анх удаа жишиг байдлаар гаргаж боловсруулжээ. Уг зургийн дагуу Өнөр хороолол, Баянхошуу орчмын тухайн бүс нь сургууль, цэцэрлэг олонтой тул замын хөдөлгөөнд оролцож байгаа иргэд, жолооч нарын аюулгүй байдлыг хангасан цогц, гудамж замын жишиг байдлаар шинэчлэх аж.

Өөрөөр хэлбэл нийтийн тээвэр, явган хүний зам, унадаг дугуйн зам, ногоон байгууламжийг авто замтай нь бүрэн шинэчилнэ.

Мөн явган хүний гүүрэн гарц, тэмдэг тэмдэглэгээ, хурд сааруулагч бүхий гарц зэрэг нэмэлт тоноглолууд, борооны ус зайлуулах системийг суурилуулах юм байна.

НЗДТГ болон Дэлхийн банк хамтран "Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр" төслийн хүрээнд дээрх хоёр байршлын замыг шинэчлэн тохижуулахаар болжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх