Нийгэм
・Нийтэлсэн:
Отгонхүү
・
4 цагийн өмнө
Тогтмолын Мөнхсайхан гэх реелчин сайдын эрүүл мэндийн салбарт хийсэн амжилтгүй томилгоонууд ар араасаа үргэлжилсээр. Хамгийн сүүлд гэхэд л өнгөрсөн долоо хоногт Хавдар судлалын үндэсний төвийн дарга Н.Эрдэнэхүүг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн хүн гэдгээр шалтаглан ажлаас чөлөөлсөн тухай Н.Эрдэнэхүү дарга мэдээлэл өгөхдөө онцлов.
Тэгвэл Монгол Улсын эрүүл мэндийн салбарын дараагийн нэг амжилтгүй томилгоо болж жишээ болон яригдаж буй ЭХЭМҮТ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Жүгдэрийн Отгонбаатарын тухай хууль бус, хуудуутай баримтууд ар араасаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж эхлэх нь тэр. Өнгөрөгч сараас эхлэн Ж.Отгонбаатарын тухай чих халууцуулсан мэдээллүүд цахим сайт хийгээд фэйж группуудээр цацагдаж эхэлсэн бөгөөд даргын албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж, хариуцсан газартаа хаан мэт аашилж буй тухай гомдол мэдээлэл манай сонины редакцид ч мөн ирлээ.
Түр орлогч даргын бүр мэт аашилж, дураар дургиж буй ноцтой баримтуудыг уншигч танд хүргэе.

БАРИМТ 1: Эх хүүхдийн эмнэлэгт стандарт мөрдөгдөөгүйгээс MRI аппарат эвдэрч, гурван ч хүн амиа алдах шахжээ
Эх хүүхдийн эрүүл мэндийг сахин хамгаалах учиртай байгууллагад халаа сэлгээ баруун зүүнгүй хийгдэж, үүрэг гүйцэтгэгч дарга нь ажилдаа бус албан тушаалаас хэнийг чөлөөлж, хэнийг хөөж явуулах вэ гэдэгт анхаарч байх зуур эрүүл мэндийн салбарт мөрдөгдөх учиртай наад захын стандарт алдагдаж, гурван ч хүн амиа алдах шахсан ноцтой хэрэг гарсныг ЭХЭМҮТ-ийн шинэхэн үүрэг гүйцэтгэгч дарга Ж.Отгонбаатар гэгч нууцлаад өнгөрснийг Т.Мөнхсайхан сайд та мэдэж байгаа юу. Тодруулбал, одоогоос сар гаруйн өмнө эмнэлгийн тусламж авч, сэхээн амьдруулах тасагт хүчилтөрөгчийн аппарат зүүсэн байсан нярайн өндгөвчинд буй үүсгэврийг харуулахаар нярай болон нярайн сувилагч, резидент эмч гурав MRI аппарат байрлах өрөө рүү орох үеэр үүдэнд байрлуулсан аюулгүйн санамжийг мөрдөөгүйгээс газын баллон маш хүчтэй сорогдон аппарат руу наалдаж, аппарат эвдэрсэн ноцтой осол ЭХЭМҮТ-д гарчээ. Газын баллон нярайн хамарт холбоотой байсан бөгөөд сувилагч азаар хүүхдийг овсгоо гарган чанга тэвэрч үлдээгүй бол аппарат руу хүүхэдтэй хамт очин наалдаж, хүүхэд газар дээрээ амиа алдаж, газын баллон сувилагч, эмч хоёрыг гэмтээх цаашлаад аминд нь хүрч болзошгүй нөхцөл байдал үүссэн байгаа юм. MRI аппарат руу орох үед биед ямар нэг төмөр эдлэл байлгахыг хатуу хориглодог. Бүхэл бүтэн таван литрийн газын баллон байтугай чихэндээ ээмэгтэй орох ч эрсдэлтэй гэж үздэг. Асар өндөр соронзон долгион амь насанд ч хүрч мэдэх эрсдэлтэйг мэдсээр байсан атлаа MRI аппарат ажиллуулж буй ажилтан, нялх үр тэврээд орж буй эмч, сувилагч ч энэ эрсдлийг тооцоолохгүйгээр ноцтой гэхэд дэндүү ноцтой алдаа гаргасныг нууцлаад өнгөрсөн нь аймшигтай. Хүний амь насанд хүрч мэдэх эрсдэл хөдөлмөрийн аюулгүй байдал зөрчигдсөний улмаас үүссэн байхад энэхүү алдааныхаа төлөө Ж.Отгонбаатар хариуцлага хүлээх учиртай байлаа. Гэтэл эцэг эхэд нь ч хэлэхгүй нууцлаад өнгөрчээ. Харин эмнэлгийн ажилтан нь хариуцлага хүлээгээд өнгөрсөн бөгөөд хэрэг явдал гарснаас хойш сар гаруйн хугацаа өнгөрчихөөд байхад өнөөдрийг хүртэл лавлагаа шатлалын хамгийн том эмнэлэг нь аппаратаа засаж чадаагүй, орон нутгаас ирсэн эхчүүд хувийн эмнэлгийн MRI горьдож, гадуур тэнэж яваа нь хариуцлага, сахилга бат гэж зүйл энэ байгууллагад үгүй болсны хамгийн том нотолгоо, жишээ мөнөөс мөн. Энэ үйлдлийнх нь төлөө Ж.Отгонбаатарт яагаад хариуцлага яригдахгүй байна вэ.

БАРИМТ 2: Христэд итгэгч байгууллагын америк эмч нар зөвшөөрөлгүй хагалгаа хийсэн үү
Одоогоос сар гаруйн өмнө буюу 2025 оны дөрөвдүгээр сарын 10-ны үед ийм мэдээлэл цахим сүлжээ хийгээд мэдээллийн сайтуудаар гарсан ч тэгсхийгээд дарагдаад өнгөрсөн. Тодруулбал, улсын онц чухал эмнэлгийн объектод “Христэд итгэгч шүдний эмч нарын холбоо”-ны хоёр америк эмч ирж ямар ч зөвшөөрөлгүй хагалгаа хийсэн тухай баримт сошиал орчинд цацагдсан. Өмнө нь Хэнтий аймгийн Биндэр суманд яг ийм асуудал үүссэн бөгөөд христэд итгэгч БНСУ-ын сайн дурын эмч нар ирж хагалгаа, үзлэг хийхдээ ариутгаагүй багаж ашигласан, нэг ашигласан эд зүйлсээ хаяхгүйгээр өөр бусдад ашиглаж байсан асуудлаар тус сумын шүдний эмч Х.Хонгорзул шүгэл үлээж, нийгэм даяар шуугиан тарьж байлаа. Энэ мэдээллийн дараа Эрүүл мэндийн яам арьсаа хамгаалж, “Тэдгээр эмч нарт хэн зөвшөөрөл өгснийг мэдэхгүй. Манай яамнаас зөвшөөрөл аваагүй” хэмээн булзааруулаад өнгөрч байв. Бид энэ мэдээллийн мөрөөр явах үедээ хэн гэгч зөвшөөрч, хаанаас ирсэн хүмүүс ямар хагалгаа хийснийг мэдэхийг хүссэн ч асуудлыг ихэд нууцалж, хав дараад өнгөрч байгаа нь тодорхой байна. Лицензийг нь зохих ёсоор шалгаагүй, зөвшөөрөлгүй эмч нараар хагалгаа хийлгэсэн асуудлыг харин Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дарга Б.Нарантуяа үүрч, үүрэгт ажлаа өгснөөр нууцлагдав. Гэтэл гол хариуцлага хүлээх хүн нь ЭХЭМҮТ-ийн дарга Ж.Отгонбаатар байх ёстой. Энэ мэдээллийг цацсанаас хойш Ж.Отгонбаатар гэгч тун ч сандрангуй “давхиж” яваа бөгөөд мэдээллийг гадагшаа цацахгүй байх үүднээс энэ тухай албан мэдээллийг ч өөрсдийн вэб сайтад оруулсангүй. Арга ч үгүй. Хувийн эмнэлэгт ч бус улсын хамгийн гол эмнэлгийн объектод шашны эмч нар ямар хагалгаа хийсэн нь мэдэгдэхгүй ирээд бүр буцчихсан байхад хариуцсан сайд нь хүртэл өнөө хүртэл хариуцлагын асуудал ярихгүй байгаа нь эргэлзээ дагуулж байна. Хэдийгээр сайн дурын үйл хэрэг байлаа ч Монгол Улсын иргэний амь нас, эрүүл мэндийг эмчлэх, хагалах эрхийг зөвшөөрөлтэй этгээдэд хариуцуулах нь зүйн хэрэг. Гэтэл тийм бичиг ч байхгүй шашны эмнэлгийн хоёр этгээд Эрүүл мэндийн сайдад ч мэдэгдэхгүйгээр эмчилгээ үйлчилгээ явуулсныг хэзээ шалгах вэ, Т.Мөнхсайхан сайд аа. Ерөөс энэ чиглэлд тун хатуу шалгуур, хяналт тавихгүй бол хэн дуртай нь Монгол Улсад орж ирж эмнэлэг нээдэг, эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг зах замбараагүй асуудал олон хүний амь насаар яригдаж буйг нуугаад яахав. Манай улсад хэн дуртай нь ирээд улсын мэдлийн эмнэлэгт хагалгаа хийгээд зогсож байхад салбарын яам байтугай тухайн эмнэлгийн Гадаад харилцаа хариуцсан захирал нь хүртэл мэдээгүй байсан нь хэрхэвч зүгээр өнгөрөх асуудал биш.
БАРИМТ 3: Ж.Отгонбаатар зөвлөх эмч нараа “хөөж” явуулсан уу
Эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах ариун үйлсэд нэгэн насаараа зүтгэсэн, товчхондоо энэ салбарын уураг тархи нь болсон зөвлөх эмч нарыгаа Ж.Отгонбаатар дарга болсон даруйдаа хөөж явуулаад энэ салбарт бараг “нялхаараа” гэж хэлж болох хүмүүсийг зөвлөхөөр томилсон асуудал дараагийн баримт. Тодруулбал, 21 аймгийн төрөх, эх барих эмнэлгүүдэд мэргэжил аргазүйн зөвлөгөө өгдөг, салбартаа 20-оос дээш жил ажилласан, мэргэжлийн зөвлөх эмч нарыг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлж, ердөө наймхан жилийн туршлагатай хүмүүсийг оронд нь томилсон баримт бидэнд ирэв. Эх нярайн салбар бол хэн дуртай эмчийн ажилладаг салбар биш. Хамгийн шилдгүүд энд ажиллаж, хүлээн зөвшөөрөгддөг.
Тодруулбал, Ж.Отгонбаатар гэгч нь,
-Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эх барих, эмэгтэйчүүдийн төрөлжсөн мэргэжлийн зөвлөх эмч, Анагаах ухааны доктор, клиникийн профессор Ч.Мөнхбаярыг ээлжийн амралттай байхад өөрт нь ч мэдэгдэхгүйгээр тушаал сэлгэн ажиллуулсан
-ЭХЭМҮТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээний зөвлөх эмч, Анагаах ухааны магистр, Клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч Ж.Энхтуяаг зөвлөхөөс буулгаж, тасаг сэлгэсэн
-Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэлтийн эмч, Анагаах ухааны магистр, Клиникийн профессор, Зөвлөх зэргийн эмч Б.Ганбилэгийг өөрт нь мэдэгдэхгүйгээр гэрээг нь тус тус цуцалжээ.
Өмнө хэлсэнчлэн, эдгээр гурван зөвлөх эмч бол хамгийн багадаа 20 жил дээшээгээ 30 хүртэл жил ажилласан нэг ёсондоо эх, нярайн салбартаа “уураг тархи” болсон зөвлөх эмч нар. Нүдээ аниад ч эхийн зовиур, нярайн биеийн байдлын оношийг хэлж чадах хэмжээнд бэлтгэгдсэн хүмүүс. Гэтэл ийм туршлагатай эмч нарыгаа наймхан жил салбартаа ажилласан хүмүүсээр сольсноос хойш улсын хэмжээнд лавлагаа, тусламж үзүүлдэг энэ байгууллагад эх, нярайн эндэгдэл эрчимжиж, ганцхан улиралд бүтэн нэг жил эсвэл хагас жилд гардаг байсан эндэгдэл гарах болсныг энэ байгууллагын төлөө сэтгэл зүрх нь шатаж яваа олон эмч нар халаглан ярьж байгааг эрхэм сайд Т.Мөнхсайхан та дуулав уу, дуулсан ч мэдэн будилж сууна уу. Цаашлаад, гурван асрагч, Ерөнхий нягтлан бодогч, Хүний нөөцийн албаны дарга гэх мэтээр халаа сэлгээг түр орлон гүйцэтгэгч дарга тань ёстой баруун, солгойгүй тэнд хийж, “сэлэм эргүүлж” байна.
БАРИМТ 4: Найзуудаа албан тушаалаар “шагнаж”, сайдаасаа давсан журам баталжээ
Нөгөөтээгүүр, Ж.Отгонбаатар гэгч нь сайдаасаа давсан журам баталж бүтцээ өөрчлөн алдаатай зурахаас гадна “Тэргүүн дэд”, “Эх барихын эмнэлгийн даргын зөвлөх” гэсэн цоо шинэ албан тушаал шинээр бий болгож, хоёр найзыгаа “эрхлүүлсэн” баримтыг мөн мэдээллийн хэд, хэдэн сайтууд онцлон тавьсныг энд баримт болгоё. Тухайлбал, Г.Баттулга буюу Ж.Отгонбаатарын гэр бүлийн найз нь Эх барих эмнэлгийн төвийн захирлын зөвлөх гэгч шинэ албанд очсон бөгөөд эрүүл мэндийн салбарын түүхэнд байхгүй өндөр цалин пүнлүү авч, “эрхэлж” яваа сурагтай. Мөн Ерөнхий захирлын энтэй хүлээн зөвшөөрөгдөх албан тушаал, туслах, зөвлөх, цалин пүнлүү эрх мэдлээр “зэвсэглэсэн” Тэргүүн дэд захирал гэх цоо шинэ албан тушаалыг Ж.Отгонбаатар сайдаараа батлуулж, оюутан цагийн найз Л.Ганбаярт “бэлэглэжээ”. Хаа, хаанаа төрийн хэмнэлтийн хууль хэрэгжиж, хаалга үүднээсээ эхлээд хагархай цоорхойгоо нааж чадахгүй байгаа эрүүл мэндийн салбарт зөвлөх, тэргүүн дэдийн албан тушаал багадаагүй байлтай. Төр нь хэмнэлтийн хууль хэрэгжүүлж, Дэд сайд нарыгаа хүртэл цөөлж байхад Ж.Отгонбаатар гэгчид харин энэ хууль хэрэгжээгүй бөгөөд шинээр албан тушаал бэлтгэж, найз нартаа бэлэглэх нь тэр. Эрхэм даргын тансаглал үүгээр дуусаагүй. Хаалга үүд нь онгорхой цоорхой, ажилчдынх нь нийгмийн даатгалын өр хэдэн тэрбумаар хуримтлагдчихсан, сайн дурын хандиваар л коридор, хаалгаа арайхийн засаж сэлбэж байгаа тус байгууллагын эрхэм дарга үүрэг гүйцэтгэгчээр ирснийхээ дараа албан тасалгаандаа урсгал засвар хийлгэж, дуу тусгаарлагч суулган “хааны ордон” аятай л гоёж гангалсан гэх. Бид энэ тухай мэдээллийг аваад урсгал засварт зарцуулсан шилэн дансны зардлыг хайж үзсэн ч эрхэм дарга энэ мэдээллээ өөрсдийн сайтад оруулаагүй нуугаад өнгөрсөн бололтой. Ажиллах хүчний хомсдол, орон тооны дутагдалтай атлаа ирсэн цагаасаа хойш 10 гаруй хүнийг халж ажлаас нь чөлөөлөн явуулж, эсрэгээрээ өөрийнхөө хүмүүсийг томилж дураар дургиж буй энэ хүний ард Баянхонгорын нэг нөлөө бүхий эрхэм байдаг сураг ч дуулдах нь тэр.
Тэгвэл эх нярайн тусламж үйлчилгээг орхигдуулж, эсрэгээрээ албан тушаалын томилгоо, халаа сэлгээнд ач холбогдол өгч, хариуцсан албанд нь хариуцлагагүйн зуд нүүрлэчихээд байхад хаацайлж нуусаар суугаа Ж.Отгонбаатар гэгчид хариуцлага тооцох асуудлыг Т.Мөнхсайхан та хөндөхгүй бол Засгийн газрын 11 11 төвд энэ тухай гомдол хэдэн зуугаараа очиж, хариуцлагын асуудал тань Ерөнхий сайдын хэмжээнд хүрч томрох вий дээ.
Б.ТОГТОХ
ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛЫН МЭДЭЭ СОНИН
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.