Ерөнхий сайдын хүү, бэр хоёрынх нь тансаг хэрэглээтэй холбоотойгоор олон нийт эсэргүүцэл илэрхийлж, Төв талбай дээр Л.Оюун-Эрдэнийг огцрохыг шаардаж жагсаж байна. Энэ мөнгөний эх үүсвэр хаанаас вэ гэдгийг шалгах хэрэгтэй, шалгаж ч байгаа байх.

Одоогоор яг таг татвар төлөгчдийн мөнгө эсэх нь тогтоогдоогүй байгаа. “Огцрох амархан” жагсаалд оролцож байгаа иргэдийн ихэнх нь 20 гаруй настай залуучууд байна. Залуучууд улс төрийн тэмцэлд яагаад ингэж идэвхтэй оролцож байгаа нь адилхан насны бусдын хүүхдүүд эх үүсвэр нь тодорхой бус хөрөнгөөр тансаглаж, түүнийгээ сошиал сүлжээнд оруулж, бусдад гайхуулсантай холбоотой.

Өөрөөр хэлбэл, ардын хүүхэд татвараа төлөөд илүү гарсан мөнгөөрөө сургалтын төлбөр, хоол унд, хувцас хунартаа арай ядан хүргэж байхад ганц нэг дарга, сайд нарын хүүхэд дэлхийн баячуудын үр хүүхэдтэй адил аашилж, аяглаж байгаад нь дургүйцэхийн зэрэгцээ атаархал нь төрж байгаа юм. Атаархах нь зөв. Монгол Улс бол залуу хүн амтай орнуудын тоонд ордог. Яг энэ насны залуучууд Монголын нийт хүн амын 30 орчим хувийг бүрдүүлдэг. Энэ бол маш том бүлэг гэсэн үг. Энэ утгаараа энэхүү бүлгийн улс төрийн оролцоо төрөө байгуулах үйл хэрэгт асар том нөлөө үзүүлэх учиртай. Харамсалтай нь үе үеийн сонгуулийн ирц яг энэ насны залуучуудын идэвх хамгийн сул байдгаас болоод сонгуулийн үр дүн таамаглалаас байнга зөрдөг. Тиймээс залуучуудын улс төрийн оролцоог энэхүү атаархах сэдэл өдөөлөө гэсэн үг.

Залуучуудын улс төрийн оролцоо, идэвх нэмэгдчихвэл Монголын улс төр, эдийн засаг, нийгмийн хандлагууд өнөөдрийнхөөс тэс өөр болно. 20-30 насны залуучуудын оролцоо нэмэгдэж, улмаар сонгуульд энэ насны бүлгийн ирц 80-90 хувьд хүрч чадвал сонгуулийн үр дүн хэний ч таамаглаж байгаагүйгээр гарах нь тодорхой. Энэ утгаараа жагсаалд оролцож, улс төрийн оролцоогоо хангаж байгаа залуучууд та бүхэн улс орноо өөрчилж, бодлогын түвшинд зөв замд нь оруулж, өөр түвшинд хүргэхийг үнэхээр зорьж байгаа бол УИХ-ын сонгуулийг дахин явуулахыг шаардацгаа.

УИХ-ын сонгууль явагдаж байж л та бүхний бодож, хүсч байгаа тэр бүх өөрчлөлтүүд бодитой бий болно. Сонгууль явуулахгүйгээр өөрчлөгддөг зүйл гэж нэг ч байхгүй. Тэр дундаа улс төрийн түвшинд, бодлогын түвшинд сонгууль явуулахгүйгээр юу ч өөрчлөгдөхгүй гэдгийг та бүхэн мэдэж байгаа юу. Жагсаалын үеэр ярьж, хэлж байгаа та нарын нэгнээс нь энэ асуудлаар нэг ч үг дуугарсангүй. Дан ганц Л.Оюун-Эрдэнийг огцруулахыг шаардаж байна. Шаардах чинь ч зөв. Гэхдээ тэртээ 1992 оны Д.Бямбасүрэнгийн Засгийн газраас эхлээд өнөөгийн Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хүртэл хэдэн Засгийн газар огцорсныг та бүхэн мэддэг үү. Тухайлбал, 1998 оны М.Энхсайханы Засгийн газар парламентын дэмжлэг авч чадалгүй огцорсон, 1999 оны Ж.Наранцацралтын Засгийн газар мөн улс төрийн дэмжлэггүй болж, Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч байлаа. Үргэлжлээд Р.Амаржаргалын Засгийн газар УИХ-д олонхын дэмжлэггүй болсон, Н.Энхбаярын Засгийн газар сонгуулийн дараахь намын тохиролцооны дагуу солигдсон, М.Энхболдын Засгийн газар тухайн үеийн МАХН дотроосоо шахалт ирж, намын өөрчлөлтөөр солигдсон, С.Баярын Засгийн газар эрүүл мэндийн шалтгаанаар сайн дураараа огцорсон, Сү.Батболдын Засгийн газар сонгуулийн дараа эрх баригч нам солигдсон, Н.Алтанхуягийн Засгийн газар УИХ-д итгэл үзүүлэх санал авалгүй огцорсон, Ч.Сайханбилэгийн Засгийн газар сонгуулийн үр дүнд МАН олонх болж солигдсон, Ж.Эрдэнэбатын Засгийн газар МАН дотроосоо шахалт ирж, итгэл үзүүлэх санал авч чадалгүй огцорсон.

Харин Л.Оюун-Эрдэнийн өмнөх Засгийн газар буюу У.Хүрэлсүх “төрөх эмнэлгийн” гэх жүжгийн дараа огцорсон байдаг. Энэ олон Засгийн газар кабинетаараа огцрох бүртээ хүн нь солигдохоос өөр онцлох өөрчлөлт гаргаагүй. Хамгийн сүүлд У.Хүрэлсүхийн Засгийн газар тавчиктай ээжээс болоод огцорсон. Тэглээ гээд дараа нь эрүүл мэндийн салбар, эмнэлгийн үйл ажиллагаа, үйлчилгээ, чанар хүртээмж сайжирсан зүйл байгаа бил үү. Энэ мэт өнгөрсөн түүхээс харахад Засгийн газар өөрчлөгдөх, солигдох болгонд албан тушаал хаших хүн л өөрчлөгдөхөөс биш бодлого, үйл ажиллагаа, нийгэмд мэдрэгдэх өөрчлөлт нэг ч бий болоогүй байдгийг залуучууд сайн мэдэх хэрэгтэй. Товчхондоо эрх барьж байгаа намын хоёрдугаар ээлж хоолондоо орохоос өөр өөрчлөлт гардаггүй.

Яг энэ зарчмаар залуучууд та бүхний тэмцээд байгаа жагсаал цуглаан үр дүнд хүрч, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцорлоо гэхэд эрх баригч намын хоёрдугаар ээлж л хоолондоо орно. Түүнээс биш бодлого, чиглэл гээд бүх зүйл өөрчлөгдөхгүй, өнөөдрийн амьдрал маргаашдаа яг л хэвээрээ үргэлжилнэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Маргааш өөр нэг сайд, дарга нарын хүүхэд тансаглах хэрэглээнийхээ эх үүсвэрийг л олж авна. Энэ утгаараа шуудхан хэлэхэд, та бүхэн эрх баригч намын хоёрдугаар ээлжинд хоолыг нь бэлдэж өгч байна гэсэн үг. Үнэндээ төрийн бодлого, чиглэл, бүх зүйлийг өөрчлөх ганц боломж нь сонгууль. Өөрчлөлт бол цор ганц сонгуулиар явагддаг ажил. Монголчууд ардчилсан хувьсгалаас хойш төрөө байгуулах есөн удаагийн сонгууль явуулсан. Магадгүй эхний 2-3 дахь удаагийн сонгуулийн ач холбогдлыг мэдэхгүй байж болох ч бүхэл бүтэн есөн удаагийн сонгуулийн дараа өөрчлөлтийг хүн сольсноор хийж болно гэж сэтгэж байгаа бол үнэхээр том эмгэнэл шүү.

Одоо хүртэл Монголын ард түмэн өөрчлөлтийг сонгуулиар хийдэг гэдгийг мэдэхгүй байна гэдэгт итгэж чадахгүй байна. Магадгүй Засгийн газрыг огцруулах асуудал дан ганц цүнх, үнэтэй тансаг хэрэглээнээс ч болоогүй байж мэднэ. Магадгүй цаана нь том бизнес бүлэглэл, том улс төрийн бүлэглэл хоорондын зодоон ч явагдаж байхыг үгүйсгэхгүй. Хамгийн гол нь Засгийн газрыг огцрууллаа гээд үр дүн гарахгүй гэдгийг л бид ойлгох хэрэгтэй юм. Засаг огцорсноор ард түмэн огт хождоггүй, дандаа хохирогч болж ирсэн түүхтэй. Тиймээс залуучууд “Огцрох амархан” жагсаалаа “УИХ-ын сонгууль дахин явуул” гэж шаардах хэрэгтэй. УИХ-ын сонгууль явуулж байж л бүх зүйлийг өөрчилж чадна. Харин залуучууд жагссан шигээ сонгуульдаа идэвхтэй оролцож, ирцээ өндөр болгох хэрэгтэй. Магадгүй Л.Оюун-Эрдэнэ огцорлоо гэж бодъё. Дараагийн Засгийн газрыг толгойлоод, танхимаа бүрдүүлээд явах хүн эрх баригчдаас нэг, хоёроор ч тогтохгүй гарч ирнэ. Ингээд нэг нь толгойлоод явлаа гэж бодъё. Тэглээ гээд ард түмний амьдрал яаж өөрчлөгдөх юм. Өнөөдөр авдаг цалин ядаж л хоёр дахин нэмэгдэж чадах уу. Төлж байгаа татварууд ядаж л хоёр дахин багасах уу. Гарч байгаа хуулиуд нь амьдралд нийцтэй болох уу. Батлагдсан хууль нь Засгийн газар солигдсоны дараа бодитой хэрэгжээд явах уу. Энэ том төслүүдийг аваад явж чадах улс төрөө даах ямар улстөрч байгаа вэ. Том төсөл хөдөлбөл уул нь ард түмэн хэдэн цаастай болж амьтанд ад үзэгдэх нь багсах юм биш үү.

Эдгээр асуудлуудыг бид бодох л хэрэгтэй. Эцэст нь залуучууд та бүхэн өөрчлөлт, шинэчлэлтийг үнэхээр хүсч л байгаа бол УИХ-ын сонгууль явуулахыг шаардацгаа. Дараа нь сонгуульдаа идэвхтэй оролцож, саналаа өгцгөө. Тэгвэл бодитой шинэчлэлт, бодлогын өөрчлөлт ирнэ.

Э.МӨНХТҮВШИН